| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/01086/И |
| Дугаар | 318/ШШ2025/00966 |
| Огноо | 2025-11-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 318/ШШ2025/00966
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Х.Оын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Х.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Х.О шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1971 онд төрсөн. 54 настай. Би 1989 оны 6 сарын 16-нд Улаангом сумын 1-р 10 жилд 10-р анги төгсөж, 1989 оны 7-р сарын 27-нд Барилга угсралтын трестийн конторт үйлчлэгчийн ажилд орж, 1991 оны 9-сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байгаад, МУБИС-ийн СӨБ-ийн сургуульд явж суралцах болсон учраас ажлаас чөлөөлөгдсөн. Одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох, хөдөлмөрийн дэвтэр өөрт байна. Аймгийн архиваас орсон тушаал орсон тушаал нь түр), гарсан тушаал, 1989-1990 оны цалингийн тодорхойлолт гарч ирсэн, бөгөөд орсон тушаал нь түр, 1991 оны цалингийн тодорхойлолт гарч ирээгүй учраас шүүхэд хандаж байна. Иймд Барилга угсралтын трестийн конторт 1989 оны 7-р сарын 27-ны өдрөөс 1991 оны 9-р сарын 25 өдрийг дуустал хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан, Н.П (утас-***), Д.Ц (утас-****) нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.
Хүсэлт гаргагчаас түүний иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Х.Оын иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 258 дугаартай зөвлөмжийн хуудас, түүний 345557 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн архивын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 172 дугаартай тодорхойлолт, Увс аймаг дахь Алтан гадас одонт Барилга угсралтын трестийн даргын 1989 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 382 дугаартай тушаал, 1991 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 175 дугаартай тушаал, Увс аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 122 дугаартай цалингийн тодорхойлолт, гэрч Н.Пийн иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Д.Ций иргэний үнэмлэхийн хуулбар, гэрэл зургийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хүсэлт гаргагч Х.Оын хүсэлтээр Д.Ц, Н.П нараас гэрчийн мэдүүлэг авав.
Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Х.Оын ХААТР-1 маягтыг нотлох баримтаар бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс Х.Оын хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Хүсэлт гаргагч Х.О нь шүүхэд хандаж 1989 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестийн конторт үйлчлэгчээр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. Иймд хүсэлт гаргагч Х.Оын хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135.2.6 дахь заалтад тус тус заасныг баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.
3. Хүсэлт гаргагч Х.О нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
Х.О миний бие 1971 онд төрсөн. 1989 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Барилга угсралтын трестийн конторт үйлчлэгчээр ажилд орж, 1991 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл ажиллаад сургуульд сурах болж, ажлаас гарсан.
Өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор холбогдох баримт бичгийг бүрдүүлэхэд 1989-1991 оны хооронд Увс аймгийн Барилга угсралтын трестэд ажиллаж байсан байдал нотлогдохгүй байгаа тул дээрх хугацааны ажиллаж байсан байдлыг шүүхийн журмаар тогтоолгох хүсэлтэй гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Увс аймгийн Архивын хэлтсийн хуулбар үнэн тэмдгээр баталгаажсан Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн даргын 1989 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 382 дугаартай тушаалаар Хэнзхарын Оыг 1989 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн конторын үйлчлэгчээр түр ажиллуулахаар томилжээ.
Хэдийгээр хүсэлт гаргагч Х.О нь барилга трестийн конторын үйлчлэгчийн ажлын байранд түр томилогдсон байх боловч 1989 оны 8-12 дугаар сар, 1990 оны 01-12 дугаар сарыг дуустал хугацаанд тус конторт үйлчлэгчээр ажиллаж цалин хөлс авч байсан болох нь хэрэгт авагдсан Увс аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 122 дугаартай цалингийн тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Х.Оыг 1989 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 1990 оныг дуустал хугацаанд Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн конторт үйлчлэгчээр ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
4.2. Түүнчлэн Увс аймгийн Архивын хэлтсээс Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн даргын 1991 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 175 дугаартай тушаалыг хуулбарлан ирүүлсэн ба тус тушаалын 1 дэх заалтад “Үйлчлэгч Х.Оыг хувийн хүсэлтийг харгалзан 1991 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн үйлчлэгчийн ажлаас чөлөөлсүгэй” гэжээ.
Хэдийгээр Увс аймгийн Архивын хэлтэст хүсэлт гаргагч Х.Од холбогдох 1991 оны цалингийн баримт хадгалагдаагүй байх боловч хэрэгт авагдсан Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн даргын 1991 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 175 дугаартай тушаал болон гэрч нарын мэдүүлэгт үндэслэн хүсэлт гаргагч Х.Оын ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох үндэслэлтэй байна.
Тодруулбал, гэрч Н.П, Д.Ц нар нь хүсэлт гаргагч Х.Оын шүүхээр сэргээн тогтоолгохыг хүссэн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болсон цаг хугацаанд буюу 1989-1991 оны хооронд Увс аймгийн Барилга угсралтын трестэд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан гэрч нарын хөдөлмөрийн дэвтрээр тогтоогдож байна.
Иймд гэрч Н.Пийн “...Х.О нь намайг Барилга угсралтын трестэд анх ажилд ороход ажиллаж байсан. Дөнгөж орж байна гэж хэлж байсан, тэгэхээр 1989 оны 7 сард л ажилд орсон байх. Тэгээд бид 2 найзууд болсон. 1991 оны 9 дүгээр сард сургалтад яваад ажлаас гарсан” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Цийн “...Х.Оын аав Хэнкхар нь Барилга угсралтын трестэд жолооч хийдэг байсан. Хэнзхарын охин гээд О нь 1989 оноос 1991 он хүртэл байх миний удирдлаганд барилга угсралтын трестэд үйлчлэгч хийдэг байсан. Тухайн үед эмч нар үйлчлэгч нарыг хариуцдаг байсан учраас би сайн санаж байна” гэх мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
5. Ийнхүү хэрэгт авагдсан баримтын хүрээнд хүсэлт гаргагч Х.Оын 1989 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестэд үйлчлэгчээр ажиллаж байсан үйл баримтыг сэргээн тогтоох үндэслэлтэй байна.
6. Шүүхээс хүсэлт гаргагч Х.Оын хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч Сийгт овогт Хэнзхарын Оын 1989 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестэд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагч Х.Оын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА