Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 552

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

Улсын яллагч С.Эрдэнэтуяа,

Шүүгдэгч Н.Дэлгэрхангай /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Наранхишигийн Дэлгэрхангайд холбогдох эрүүгийн 1809026250651 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр ирүүлснийг хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Сод монгол” шатахуун түгээх станцад түгээгчээр ажилладаг,  ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, 63-35 тоотод түр оршин суух, /Архангай аймгийн Хангай сум, 3-р баг Арбаясгалантад оршин суух хаягийн бүртгэлтэй/ урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Наранхишигийн Дэлгэрхангай, /РД: АЙ92102512/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Н.Дэлгэрхангай нь 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамтран амьдрагч Б.Мөнхцэцэгтэй маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.Дэлгэрхангай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн…” гэв.

Эрүүгийн 1809026250651 дугаартай хэргээс:

   Шүүгдэгч Н.Дэлгэрхангай нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо тоосгоны эцэс орчимд би эхнэр Мөнхцэцэгтэй хадам дүүгийн хашаанд нүүж буух эсэхээс болж маргаж улмаар түүний толгой, нүүрэн тус газар буюу хамарт нь гараараа цохиж гэмтэл учруулсан. Би өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би гэмээ ойлгож ухамсарлан эхнэр Мөнхцэцэгтэй эвлэрсэн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Мөнхцэцэг нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2018 оны 5 сарын 30-ны өдөр манай нөхөр Дэлгэрхангай нь эрүүл байх үедээ хүүхдийн баярын талаар 58-р сургууль дээр хүүхдүүдээ оруулахын өмнө ярилцаж байхад “намайг тоосонгүй” гээд сургуулийн гадаа миний элэг рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд л хэрүүл хийж явсаар байгаад Сүхбаатар дүүргийн 16-р хороо тоосгоны эцэс дээр ирээд гэртээ орох замдаа гараараа нүүр, толгой руу нилээн хэдэн удаа цохисон. Тэгээд намайг зодчихоод зугтаачихсан. Иймд цагдаагийн байгууллагад хандаж байна…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹7131 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Б.Мөнхцэцэгийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…”/хх-ийн 17 дугаар хуудас/

 

Н.Дэлгэрхангайн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 24 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 35 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Н.Дэлгэрхангай нь 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамтран амьдрагч Б.Мөнхцэцэгтэй маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Н.Дэлгэрхангайн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Мөнхцэцэгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7131 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

 

Шүүгдэгч нь хамтран амьдрагч Б.Мөнхцэцэгтэй маргалдаж, улмаар түүний биед хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогч нь хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч өөрийг нь гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Н.Дэлгэрхангай, хохирогч Б.Мөнхцэцэг нар хоорондоо гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тэдгээрийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бусад баримтаар тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай,ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Дэлгэрхангайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Н.Дэлгэрхангайг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгч Н.Дэлгэрхангайд ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж эвлэрсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Н.Дэлгэрхангайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоов.

Хохирогч Б.Мөнхцэцэгээс “...миний бие нөхөр Дэлгэрхангайтай эвлэрсэн, гомдол саналгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 33/ гаргасан тул шүүгдэгчийн хохирогчтой эвлэрсэн түүнд төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Дэлгэрхангай нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.