| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2506000000737 |
| Дугаар | 2025/ДШМ/792 |
| Огноо | 2025-06-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Я.Амарзаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2025/ДШМ/792
Б.Д-ид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Я.Амарзаяа,
шүүгдэгч Б.Д-,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/1092 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.М-, шүүгдэгч Б.Д- нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Д-ид холбогдох 2506000000737 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
М овгийн Б-гийн Д, 1995 онд Дархан-Уул аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...);
Б.Д- нь 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн ... хороо, ... тоотын гадна байрлуулсан тээврийн хэрэгсэл дотор Б.М-тай “хүүхэд дээрээ ир” гэж хэлсэн шалтгааны улмаас маргалдан түүний биед халдаж, улмаар эрүүл мэндэд зүүн дээд, доод зовхи, зүүн хөмсөг, зүүн мөр, бугалгад цус хуралт, баруун зулайн хуйх, зүүн дээд, доод зовхи, зүүн хөмсөг, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газар: Б.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 460 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэжээ.
Хохирогч Б.М- давж заалдах гомдолдоо: “...Би тухайн цаг үед бидний хоорондын маргаанаас эхэлсэн жижиг асуудалд Б.Д-ид гомдол гаргасан. Гомдлын дагуу удаа дараагийн мэдүүлэгтээ ч мөн дурдсанаар би гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй. Шүүхийн шийдвэрт дурдсан “хүүхэдтэйгээ уулзаагүй” гэдэг нь миний өгөх гэсэн санаа биш юм. Б.Д- бид хоёр хүүгийнхээ өмнө болон хүүдээ нөлөөлөх, эрүүл саруул өсгөх, зөв шударга иргэн болон төлөвшихөд нь туслах, чиглүүлэх үүргээсээ татгалзаж байсан удаагүй. Б.Д- хүүдээ зориулах, хандах хандлага өмнө нь ч, одоо ч өөрчлөгдөж байгаагүй.
Тухайн нөхцөлд бид харилцааны таагүй байдал үүсгэн, зохисгүй үйлдэл гаргаснаа хүлээн зөвшөөрч, харилцан ярьж ойлголцон, харамсаж байгаа. Энэ алдаа дахин давтагдахгүй. Миний гаргасан гомдол ямар нэг байдлаар хүүгийн минь аавын цаашдын ажлын карьерт муугаар нөлөөлөхийг хүсэхгүй байгаа тул миний хүсэлтийг харгалзан Б.Д-ийн ял шийтгэлийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Б.Д- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би “Д” ХХК-д нярваар ажиллаж байгаад гэр хол, Морингийн даваанд ажилладаг байсан тул ажлаа солих зорилгоор 2025 оны 02 дугаар сард ажлаас гарсан. Миний бие гэр бүлийн хамаарал бүхий хүүгийн минь ээж Б.М-тай муудалцан, биед нь хүрсний улмаас хөнгөн гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Цаашид ажилд орж, үр хүүхдээ тэжээн тэтгэх, зээл төлөх шаардлагатай тул надад оногдуулсан ялыг өөрчилж өгнө үү. ...” гэв.
Прокурор Я.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Д-ийн үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг тохирсон гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Б.Д-ид холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхийн журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:
-хохирогч Б.М-ын: “...Машин дотор бид хоёр хоорондоо маргалдсан. Би хүүгээ хөхүүлээд сууж байхад Б.Д- машины арын суудлаас толгойн зүүн тал руу цохисон. Би машинаас буух гэтэл намайг хойш нь татаад суулгасан...” (хх 13-14),
-шүүгдэгч Б.Д-ийн яллагдагчаар өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр салсан эхнэр Б.М-тай салсан асуудлаас болж маргалдаад биеэ барьж чадалгүй гараараа толгой хэсэгт нь цохисон...” (хх 68-69) гэх мэдүүлгүүд,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ЕГ0725/3857 дугаар “...Б.М-ын биед тогтоогдсон зүүн дээд, доод зовхи, зүүн хөмсөг, зүүн мөр, бугалгад цус хуралт, баруун зулайн хуйх, зүүн дээд, доод зовхи, зүүн хөмсөг, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт (хх 26-27) зэргийг харьцуулан шинжлэн судлахад:
шүүгдэгч Б.Д- нь 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн ... хороо, ... тоотын гадна байрлуулсан тээврийн хэрэгсэл дотор Б.М-тай “хүүхэд дээрээ ир” гэж хэлсэн шалтгааны улмаас маргалдан түүний биед халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх аргаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна.
Өөрийн салсан эхнэр Б.М-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан шүүгдэгч Б.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч, хохирогч нарын зүгээс давж заалдах гомдолдоо гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн зорилгыг тус хуулийн 1.1 дүгээр зүйлд “Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино” гэж тодорхойлж, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаар хуульчилсан тул шүүхээс ял шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг сонгон оногдуулахдаа эдгээр нөхцөл байдлуудыг зайлшгүй харгалзан үзэх учиртай.
Гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээнээс сонгон хэрэглэх, мөн хуулийн ерөнхий ангид заасан хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх зэрэг шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалтыг хэрэглэх эсэх нь шүүхэд Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх билээ.
Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөөнд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор хуульчилсан.
Ял бол эрх зүйт ёсны зайлшгүй шаардлага, шүүхээс шударга ёсыг хангуулах хэрэгсэл болдог. Ялыг оноохдоо тухайн хэргийн хор аюул, хууль зөрчсөн гэмт этгээдийн засрах боломж болон нийгмийн шударга ёс сэргээгдсэн эсэхийг харгалзан үздэг.
Шүүгдэгч Б.Д- нь Б.М-ыг бага насны хүүхдээ тэврэн сууж байхад биед нь халдан зодсоноор эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн хувьд, хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулж, хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулдаг хор уршигтай.
Түүнчлэн түүний үйлдсэн гэмт хэрэг нь бага насны хүүхдийн дэргэд урьд гэр бүлийн харилцаатай байсан хүнийг хүчирхийлэх замаар эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд нь халдаж, хохирол учруулснаараа хор аюулын хэмжээ их байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...450-2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, 1-6 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан. Шүүгч өөрийн дотоод итгэлдээ тулгуурлан хэргийн хүрээнд харгалзвал зохих бүхий л нөхцөл байдалд дүгнэлт хийсний эцэст нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэсэн нь Б.Д-ийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн ёс суртахуун, үнэт зүйлийг зөрчсөн байдал болоод эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцсэн байх ба ялыг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэл тогтоогдсонгүй.
Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт этгээдийн аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой. Иймээс шүүх хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэн нэгний хүсэл зоригт нийцүүлэх шаардлагагүй болно.
Түүнчлэн шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлдэг талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул торгуулийн ял оногдуулах боломжгүй гэж үзлээ.
Иймд хохирогч Б.М-, шүүгдэгч Б.Д- нарын гаргасан “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Хохирогч Б.М-д шүүх хуралдааны тов мэдэгдэхээр түүний ... дугаарын утас руу удаа дараа залгасан боловч “орох ярианы эрх түр хаагдсан” гэх бөгөөд хэрэгт өөр болон гэр бүлийн гишүүдийн холбоо барих дугаар авагдаагүй тул шүүгдэгч Б.Д-оор дамжуулан тов мэдэгдүүлэхэд “хөдөө байгаа тул хуралд оролцохгүй” гэснээр шүүх хуралдааныг хохирогчийг оролцуулахгүйгээр явуулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/1092 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.М-, шүүгдэгч Б.Д- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН