Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2017/02416

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2017/02416

 

 

 

Д.Давааням, Д.Даваадорж нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Мөнхзул, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2017/02555 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.Давааням, Д.Даваадорж нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ч.Батдэлгэрт холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 46 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Ч.Батдэлгэрийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Бадраа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюун-Эрдэнийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д.Давааням нь 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Чех улсаас Мерседес бенз Актросс 1835 маркын 2011 онд үйлдвэрлэгдсэн, улаан өнгөтэй, ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг Монгол Улсад оруулж ирсэн. Төрсөн дүү болох Д.Дамдинбазарт уг тээврийн хэрэгслийг бусдад худалдах болон шилжүүлэх, холбогдох гэрээ хэлцэлд төлөөлж гарын үсэг зурах, төлбөр хүлээн авах бүрэн эрхийг олгож итгэмжлэл олгосноор уг тээврийн хэрэгслийн гэрчилгээг Д.Даваанямын төрсөн ах Д.Даваадоржийн нэр дээр шилжүүлсэн. Улмаар Д.Даваадорж нь тээврийн хэрэгслийг Ч.Батдэлгэрт 46 000 000 төгрөгөөр зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж, тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн. Төлбөрийг 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор Д.Даваанямын Чех улс дахь данс руу шилжүүлэхээр тохиролцсон. Одоогоор тээврийн хэрэгслийн төлбөрийг Ч.Батдэлгэр төлөөгүй байгаа бөгөөд зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 46 0000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Батдэлгэр түүний өмгөөлөгч Б.Бадраа нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ч.Батдэлгэр миний бие 2015 онд ОХУ-аас шил зөөж оруулж ирэх шаардлагатай болсон. Д.Даваанямаас автомашин асуухад 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр улаан толгойтой бенз байна. Чиний шаардлагыг хангасан, ОХУ-руу явахад тохиромжтой даац сайтай автомашин гэж хэлсэн. Цагаан автомашины чиргүүлийг тавиад явчих гэхэд нь заавал ингэж чиргүүл салгаж ажил бололгүй цагаан автомашинтай яваад ирье гэсэн боловч улаан толгойтой автомашин сайн гэж хэлсэн учраас чиргүүлээ солиод явахаар болсон. Тэгтэл улаан толгойтой автомашинд эвдрэл байна, ах нь н.Батаа гэдэг хүнээр сайн харуулъя гэсэн. Гэтэл автомашин нь бөгсөндөө эвдрэлтэй байсан. Эвдрэлийг нь засч явах болоход авомашин зассан тэр хүн нь манай хамаатан байсан. Надад хандаж энэ автомашин жижиг асуудлуудтай байна шүү гэж сануулсан. Тухайн үед Д.Даваадоржид хандаж автомашиныг оношилгоонд оруулъя гэхэд би өөрөө оруулчихна. Чи мөнгөө зохицуул энэ тал дээр санаа зоволтгүй гэсэн. Д.Даваадорж энэ машиныг мэддэг хүнийг туслах жолоочоор авч явсан нь дээр гэж зөвлөсний дагуу Сэлэнгэ аймгаас н.Энхболд гэдэг хүнийг 1 300 000 цалинтай урьдчилгаа 1 000 000 төгрөгийг төлж, буцаж ирэхдээ үлдэгдэл 300 000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон. Буцаж ирээд цалин өгөх өдрийн өглөө н.Энхболд нь надад энэ машин тиймэрхүү байна, заавал энэ автомашиныг авах шаардлагагүй, энэ автомашинаас өөр сайн машин зөндөө байгаа шүү дээ гэж хэлсэн. Д.Даваадорж намайг дуудаад энэ хүн чинь чиний явуулсан бензин тосны мөнгөнөөс 300 000 төгрөгийг хэрэглээний мөнгөнд үрсэн. 300 000 төгрөгийг хасаж цалинг өгөөрэй гэсэн. Тухайн үед н.Энхболдод 300 000 төгрөгийг өгөөгүй. Автомашин нь зүгээр байсан гэж хэлснийг нь ойлгохгүй байна. Үүний дараа Улаан-Үүд рүү лууван ачих гээд Д.Даваадоржийг өөрийнхөө найзтай хамт явуулахаар болсон. Гэтэл манай найз автомашиныг үзээд та хоёр энэ машиныг өгч, авалцаж байгаа бол энэ ассан улаан гэрлүүдийг маш сайн үзэж оношлуулаарай. Яагаад гэвэл Герман тэрэг эвдрэх гэж байгаа буюу осолтой үедээ улаан гэрэл асаж алдаануудаа заадаг. Үүнийгээ сайн үзүүлж байж нэг нэгэндээ зараарай гэсэн. Тэгээд Улаан-Үүдээс ирснээс хойш замдаа Налайх дээр явж байгаад 2 цаг араандаа орохгүй зогссон. Арай гэж асаагаад хотод ирсэн. Ирэнгүүтээ Д.Даваадоржид би энэ автомашиныг авах боломжгүй болчихлоо. Нэгдүгээрт автомашин маш муу байна. Хоёрдугаарт миний ажлын санхүүжилт орохгүй байна, авах боломжгүй болчихлоо гэж хэлэхэд Д.Даваадорж за ойлголоо ах нь Замын-Үүд Улаанбаатар хот хоёрын хооронд тээвэрлэлт хийх гэж байгаа. Тэгээд Д.Даваанямд мөнгийг нь олж өгье гэсэн. Хоёрдугаар сараас хойш Замын-Үүд рүү 3 удаа тээвэрлэлтэд явж байгаад 3 дахь удаагийн тээвэрлэлт дээрээ надад туслах жолооч алга байна гэхэд нь өмнө манайд том автомашин барьдаг байсан н.Батзориг гэдэг залууг дуудаж, хамт явахаар болсон. Явахын өмнө Д.Даваадоржид н.Батзориг нь өмнө Орос ачааны машин унаж байсан, Герман машин бол мэдэхгүй сайн зааж өгч бариулаарай гэж сануулаад явуулсан. Гэтэл н.Батзоригоор хотоос шууд барьж явуулаад Налайхын цаад талд машин нь эвдэрчихсэн. Тэгээд би өөрийнхөө найз Я.Батбаяртай хамт чирж ирээд Я.Батбаярын хашаанд үлдээсэн. Надад автомашин өгсөн зүйл байхгүй. Д.Давааням, Ч.Батдэлгэр хоёрын хооронд хийсэн худалдах, худалдан авах гэрээ нь хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Д.Давааням нь уг автомашины төлбөрийг нэхэх эрхгүй этгээд, мөн нэхэмжлэгч Д.Даваадоржид автомашиныг бусдад худалдах эрхийг хуулиар олгоогүй байна. Хэрэг шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Давааням нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу хамтран нэхэмжлэгчээр Д.Даваадоржийг татах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хангасан. Гэтэл Д.Даваадорж нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асуугдсан дээрх маргаан бүхий автомашин нь Д.Даваанямын өмч, би энэ хэрэгт хамааралгүй гэж мэдүүлэг өгсөн атлаа хамтран нэхэмжлэгч болсны дараа Д.Даваадорж нь 46 000 000 төгрөгийг шаардаж байна. Энэ нь нэхэмжлэгчийн хүсэл зориг гэж ойлгон хүлээж авах боломгүй тул хамтран нэхэмжлэгчээр татсан нь хууль бус байна. Хэрэгт авагдсан баримтуудыг харахад талуудын хооронд байгуулагдсан гэх гэрээний дагуу Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан харилцаа үүсээгүй гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Давааням, Д.Даваадорж нар нь хариуцагч Ч.Батдэлгэрт биет байдлын болон эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй байсан. Гэвч нэхэмжлэгчийн шилжүүлсэн хөрөнгө нь Иргэний хуулийн 252.1 дэх хэсэгт заасан эрхийн зөрчилгүй, доголдолгүй хөрөнгийн шаардлагыг хангаагүй байсан байна. Өөрөөр хэлбэл дээрх автомашин нь Д.Даваанямын өмч биш Д.Дамдинбазарын өмч юм. Д.Даваанямын автомашин гэж үзэх юм бол Д.Даваанямаас хууль ёсоор итгэмжлэл аваагүй Д.Даваадорж нь зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан ч Ч.Батдэлгэрт энэ машиныг хүлээлгэж өгөөгүй байхын зэрэгцээ уг автомашиныг гэрч Я.Батбаярын хашаанд тавьж байснаа Д.Даваадорж авч явсан байдаг. Ч.Батдэлгэрийн эзэмшилд автомашин шилжээгүй байх тул талуудын хооронд зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй гэж үзэн талуудын дунд тооцоо дууссан учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Ч.Батдэлгэрээс 46 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн Д.Даваанямын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ч.Батдэлгэрээс 46 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Даваадоржид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Батдэлгэрээс 387 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Даваадоржид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ч.Батдэлгэрийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Миний бие нь Д.Даваадоржтой маргааны зүйл болоод байгаа 90-75 УБТ улсын дугаартай Бенз актрос маркийн автомашиныг зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан. Д.Даваадорж нь надад тээврийн хэрэгслийг шилжүүлж өгөөгүй, одоо ч надад байхгүй. Анх шүүхэд Д.Давааням нэхэмжлэл гаргасан. 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хамтран нэхэмжлэгчээр Д.Даваадоржийг татах хүсэлт гаргаж, шүүгчийн захирамж гаргуулсан. Д.Даваадорж тус шүүхэд он, cap, өдөргүй нэхэмжлэл гаргасан. Д.Даваадорж нь Д.Даваанямын өмнөөс төлөөлөн энэ нэхэмжлэлийг гаргах итгэмжлэлгүй, мөн Д.Даваадорж нь 46 000 000 төгрөгийг өөртөө авахаар нэхэмжлэл гаргаагүй байхад шүүх Д.Даваадоржид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн 46 000 000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамжийг Д.Даваадорж төлөөгүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хариуцагч надаас 46 000 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж Иргэний хуулийг буруу хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Д.Давааням, Д.Даваадорж нар нь хариуцагч Ч.Батдэлгэрт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 46 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, тээврийн хэрэгслийг зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлж аваагүй гэж ... маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлохоор Д.Даваанямаас Д.Дамдинбазарт олгосон итгэмжлэл, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч Д.Даваадоржийн хариуцагч Ч.Батдэлгэртэй байгуулсан тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г хэрэгт хавсаргасан байна. /хх-5, 7-9/

Хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтад маргааны зүйл болох автомашин Д.Даваадоржийн өмч болохыг нотолсон нотлох баримт байхгүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээ авагдаагүй, худалдах, худалдан авах гэрээнд хавсаргасан тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон дээрх итгэмжлэлийн хуулбар нь бүдэг, унших боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байна./хх-5,7/ Эдгээр нотлох баримтаар Д.Дамдинбазар, Д.Даваадорж нар уг автомашиныг захиран зарцуулах эрхтэй байсан болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар эргэлзээгүй үнэлэх, дүгнэх боломжгүй юм. Гэтэл шүүх Д.Даваанямаас Д.Дамдинбазарт олгосон итгэмжлэл байна гэж хэргийн 5 дугаар хуудасны нотлох баримтыг үнэлсэн. Хуулбарыг өгсөн үед хуулбар нь эргэлзээтэй уншигдахгүй, гаргагцгүй байгаа тохиолдол буюу шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Дээрх нотлох баримтууд нь нотлох баримт гаргах ба цуглуулах, бүрдүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөнөөс нотлох чадвараа алдсан байхад шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь буруу, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 38.9, 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасныг зөрчжээ.

Түүнчлэн хэрэг хянаж шийдвэрлэх явцад талууд тээврийн хэрэгслийг Ч.Батдэлгэрийн өмчлөлд шилжүүлсэн эсэхэд маргасан. Ч.Батдэлгэр нь уг автомашиныг хүлээн авч хэд хэдэн удаа тээвэр хийж ашиглаж байсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байхад хариуцагч ашиглах явцад доголдолтой байснаас автомашиныг буцаан өгч, Д.Даваадорж Замын-Үүд Улаанбаатарын хооронд тээвэр хийж байсан, одоо түүний эзэмшилд байгаа, Я.Батбаярын хашаанаас Д.Даваадорж зарахаар аваад явсан гэж мэдүүлжээ. Зохигч тээврийн хэрэгсэл хаана байгааг тогтоох хүсэлт гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгосон нь буруу байна. /хх-48/ Энэ тээврийн хэрэгсэл хэний өмчлөлд байгаа, 2015 оны 12 сарын 22-ны өдрийн хэлцлийн дагуу гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг Ч.Батдэлгэрийн эзэмшил, өмчлөх эрхэд шилжсэн эсэх, одоо Ч.Батдэлгэрт байгаа эсэх, хэлцлээс үүсэх үр дагавар хэнд байх зэрэг үйл баримтыг тогтоох нь зүйтэй.

Хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдохгүй, маргааны үйл баримтыг дүгнэхэд шаардлагатай баримтууд нь хуулийн шаардлага хангаагүй, эргэлзээтэй байгаа нөхцөлд давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагаануудыг нөхөн гүйцэтгэх, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж шийдвэрт өөрчлөлт оруулах, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй болно.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахдаа дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2017/02555 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Б.НАРМАНДАХ