Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2025/ДШМ/793

 

А.У, О.Э-, Б.Н- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Отгонбаатар,

хохирогч Б.Т-ын өмгөөлөгч С.Болорчулуун,

шүүгдэгч А.У, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн,

шүүгдэгч О.Э-, түүний өмгөөлөгч Б.Сэмжидмаа, М.Мягмартуяа,

шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/871 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг, шүүгдэгч А.У, О.Э- нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудаар А.У, О.Э-, Б.Н- нарт холбогдох 2209031880612 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Б овгийн А-ийн У, 1986 онд Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Баянзүрх дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй (РД:...),

2.Б овгийн О-ын Э, 1972 онд Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Баянгол дүүрэгт оршин суух, (РД:...), урьд:

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар,

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 532 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн;

3.Б овгийн Б-ын Н, 1985 онд Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэл хийдэг ажилтай, ам бүл 10, нөхөр, 8 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй (РД:...);

А.У нь ганцаараа 2022 оны 02 дугаар сараас 2023 оны 03 дугаар сар хүртэл хугацаанд үргэлжилсэн 10 удаагийн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдэж 116,425,301 төгрөгийн, бусадтай бүлэглэн 2022 оны 10 дугаар сараас 2023 оны 03 дугаар сар хүртэл хугацаанд үргэлжилсэн 15 удаагийн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдэж 174,553,000 төгрөгийн, нийт 290,978,301 хохирол учруулсан, 

О.Э- нь бусадтай бүлэглэн үргэлжилсэн 15 удаагийн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдэж нийт 174,553,000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Н- нь 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Toyota Prius-30” загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан, бодит байдлыг нуух замаар Б.Т-ыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон итгүүлж, түүнтэй “Тээврийн хэрэгсэл барьцаалсан зээлийн гэрээ” байгуулан 8,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газар: А.У, О.Э- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар,

Б.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Н-ийг “Баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан”, мөн хамтран оролцох хэлбэрээр бусадтай бүлэглэн “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар тус тус зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, уг ялуудыг нэмж нэгтгэн нийт 8 сарын хугацаагаар “Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож,

шүүгдэгч А.У, О.Э- нарыг үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад, бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар А.У-д 4 жил 6 сарын хорих ял, О.Э-т 4 жилийн хорих ял тус тус оногдуулан, уг ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Н-ээс 300,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Т-ад,

шүүгдэгч А.У-гоос 59,025,301 төгрөгийг гаргуулж, хохирогч Ё.Э-т 8,500,000 төгрөг, хохирогч Ц.Ц-д 14,000,000 төгрөг, хохирогч П.А-д 28,525,301 төгрөг, хохирогч Т.Ж-д 8,000,000 төгрөг,

шүүгдэгч А.У, О.Э- нараас 81,200,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч А.Э-д 6,000,000 төгрөг, хохирогч Б.Г-т 20,000,000 төгрөг, хохирогч Г.А-од 10,000,000 төгрөг, хохирогч Н.Г-ад 8,000,000 төгрөг, хохирогч Г.М-д 18,000,000 төгрөг, хохирогч Б.Т-ад 19,200,000 төгрөг тус тус олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн гэм бурууг ухамсарлан гэмшиж, миний буруутай үйлдлээс үүссэн хохирол төлбөр болох 290,978,301 төгрөгөөс 150,748,000 төгрөгийг төлж барагдуулсан, цаашид үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж байна. Холбогдогч, хохирогч нарын мэдүүлэг илт зөрүүтэйн улмаас хохирол тооцооны зөрүүтэй болсон.

Хохирогч Б.Т- нь удаа дараа мэдүүлгээ өөрчлөн завшиж байна. 5 дугаар хавтаст хэргийн 223-224 дэх талд “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн атлаа 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн мэдүүлэгтээ 18,000,000 төгрөг нэхэмжилсэн. 12 дугаар сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “А.Б-ээс 10,000,000 төгрөг, Б.Н-ээс 8,000,000 төгрөг, А.У, О.Э- нараас 3,000,000 төгрөг, нийт 21,000,000 төгрөг” нэхэмжилсэн, 7 дугаар хавтаст хэргийн 3-5 дахь талд 11,000,000 төгрөг нэхэмжилсэн. 7 дугаар хавтаст хэргийн 9, 15 дахь талд “хохирогч З.Б-тээврийн хэрэгслээ өөрөө, эсхүл А.У, О.Э- нар авч явсан” гэж мэдүүлсний улмаас хохирлыг 19,500,000 төгрөгөөр тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй.

Хохирогч А.Э- “А.Б- гэх хүний 5028767255 дугаарын данс руу 6,000,000 төгрөгийг хийсэн” гэж мэдүүлсэн. Иймд А.Б-ийг шалгуулах хүсэлтэй байна. Хохирол 6,000,000 төгрөгийг надаас нэхэмжилсэнд гомдолтой.

Хохирогч Ц.Ц- өөрийн нэр дээрх “Ү” ББСБ-ын зээлээр авсан “Prius-20” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг үргэлжлүүлэн төлөх нөхцөлөөр итгэлцлийн гэрээ хийж надад худалдсан. Одоогийн байдлаар би 4,950,000 төгрөгийг Ц.Ц-гийн ... дугаарын данс руу (3хх 40-47), ББСБ-ын төлөлтөд 2,450,000 төгрөгийг (4хх 216-220) тус тус шилжүүлж, нийт 7,400,000 төгрөгийг төлсөн. Иймд хохирлыг 14,000,000 төгрөгөөр тогтоосонд гомдолтой байх тул зөв тогтоож өгнө үү.

Хохирогч П.А- 8,900 евро болох 28,525,301 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. П.А- нь 18,000 евро буюу 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ханшаар 57,803,940 төгрөгтэй байсан тухайн мөнгөний 48,300,000 төгрөг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн (3хх 78-80), шүүгчийн захирамж нь 3 дугаар хавтаст хэргийн 107-108 дахь талд байгаа. 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлүүлэн миний бие П.А-гийн Хаан банкны .. дугаарын данс руу өөрийн данснаас нийт 7 удаагийн гүйлгээгээр 25,100,000 төгрөгийг шилжүүлсэн (3хх 98-101). Иймд надаас дахин 8,900 еврог нэхэмжилж байгааг гайхаж байна. Миний түүнд өгсөн 25,100,000 төгрөгийг иргэний шүүхээр орсон 48,300,000 төгрөгөөс хасаж тооцоогүй.

Би өөрийн гэм буруугаа ухамсарлаж, хохирол төлбөрийг цаашид төлж барагдуулах хүсэлтэй байгаа бөгөөд 2011 оноос 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хувиараа хөдөлмөр эрхэлж, хохирол төлбөрөө төлж байсан. Миний хийсэн гэм буруутай үйлдлийн улмаас сэтгэл санаа, мөнгө санхүү, цаг хугацаагаараа хохирсон хохирогчдоос уучлалт гуйж байна. Би өрх толгойлон, өндөр настай эх болон 2 хүүхдийн хамт амьдардаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг минь харгалзаж хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, хохирлын тооцоо болон хэргийн бодит байдлыг тогтоож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Угийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч А.У нь гэм буруу болон зүйлчлэл дээр маргадаггүй. Давж заалдах шатны шүүхэд “анхан шатны шүүх хохирлыг буруу тооцсон тул хохирлыг зөв тооцож өгнө үү” гэх гомдол гаргасныг дэмжиж байна. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж заасны дагуу өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч А.Угийн ял шийтгэлийг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2014 оноос хувиараа хоолны чиглэлээр үйл ажиллагаа тасралтгүй явуулж байгаа, 3 хүүхэдтэй, өрх толгойлсон эх юм. Миний бие уушги, зүрхний хавсарсан өвчтэй, зүрх томорсон, уушги бүтэн наалдацтай, хагалгаанд орох заалттай (үндсэн онош: 118.9 иневмони, тодорхойгүй, дагалдах онош:142.0 тэлэгдлийн кардиомионати).

Хавтаст хэрэгтэй танилцахад, мөрдөн шалгах ажиллагааг дутуу явуулсан бөгөөд би яллагдагчаар дахин мэдүүлэг өгөхдөө хэргээ хүлээн зөвшөөрч, үйлдсэн 3 үйлдлээ хэлсэн, хохирлоо төлсөн боловч хохирлын тооцооллыг гаргасан баримтыг шүүх үнэлээгүй. Миний холбогдолгүй болон дансаар гүйлгээ хийгдээгүй мөнгөн дүнг, мөн төлсөн мөнгийг хасаагүй, Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн шийдвэрийг хамаатуулан шийдсэн. Үүнд:

1.А.Э- 6,000,000 төгрөгийг А.Б-ийн дансанд 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлсэн гэдгээ мэдүүлсэн байтал түүнийг шалгаж, мэдүүлэг аваагүй.

2.Б.Б-ын тээврийн хэрэгслийг, хохирогч, зээлдэгч нарын машиныг болон мөнгийг би аваагүй, тэдгээр хүмүүсийг танихгүй байхад шүүхээс надад хамаатай гэж үзсэн. Би Б.Г-т хохирол төлбөр төлсөн боловч хохирлын баримтыг мөрдөгч хүлээж аваагүй.

3.М.Б-ыг би танихгүй, надад хамааралгүй. А.Б- нь иргэний хэргийн шүүхээр орж, 16,170,000 төгрөгөөс 8,000,000 төгрөгийг төлсөн.

4.З.Б-гийн машиныг Б.Т-ад 8,000,000 төгрөгөөр тавьсан. Гэтэл Б.Т- 8,000,000 төгрөг аваагүй, энэ 2 хүнийг танихгүй гэж эхний мэдүүлэгт нүүрэлдүүлсэн. Тухайн уед хохирол, гомдолгүй гэж байсан. Гэтэл дараа нь “энэ хоёр нэг машин болон Г.А-ыг аваад явсан, харин З.Б-гэх хүн өөрөө машинаа аваад явсан” гэж худал мэдүүлсэн.

З.Б-нь бодит байдал дээр машинаа аваагүй. Мөрдөгчид удаа дараа машины байршлыг хэлж өгсөн боловч шалгаагүй. Б.Т- машиныг буцааж өгөөгүй байж үндэслэлгүйгээр 7,500,000 төгрөг нэхэмжилж байгаа, З.Б-гийн машинтай адил 7,500,000 төлөөгүй. Б.Т-аас барьцаанд тавьсан 2 машин буцааж аваагүй.

5.Б.Г-т урьд нь өөрийн нэр дээр байсан ... УНИ гэх машиныг тавьж 8,000,000 төгрөг авсан. Би Б.Г-той уулзаж, төлбөрийг төлөх эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд 600,000 төгрөг төлж, мөн бууз чимхэж өгч байсан.

6.Г.А-ын машиныг Б.Т-ад А.У барьцаанд тавьж 7,500,000 төгрөг авсан. Уг асуудалд би ямар ч хамааралгүй.

7.Г.М-д хохирлын мөнгө нийт 7,400,000 төгрөг төлсөн талаар тэрээр мэдүүлсэн. Мөн түүний банк бусын данс руу 2 удаагийн гүйлгээгээр 500,000 төгрөг шилжүүлж байсан. Энэ бүгдийг хасаж тооцоогүй.

8.Г.Г-ын 7,500,000 төгрөг төлсөн. Энэ мөнгийг А.Угийн хүү н.Ч-ий дансаар шилжүүлсэн.

Иймд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.Э-ийн өмгөөлөгч Б.Сэмжидмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч О.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож чадаагүй. Учир нь, О.Э-, А.У нар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Б.Т-ад барьцаалсан хоёр тээврийн хэрэгслийн байршлыг тогтоолгох хүсэлтийг удаа дараа гаргахад тээврийн хэрэгслүүдийг олж тогтоогоогүй гэдгийг дурдаж байсан. Түүнчлэн хохирогч болон иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Б.Т- нь өөрөө мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа мэдүүлэг өгсөн. Хохирогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Гэтэл эргэлзээ бүхий нөхцөл байдлыг удаа дараа гаргасан. “Шүүгдэгч О.Э-, А.У нараас би 11,000,000 төгрөг авах ёстой”, “нэхэмжлэх зүйлгүй”, “4,200,000 төгрөгийг авсан” гэж мэдүүлэг өгөх болгондоо эргэлзээтэй мэдүүлэг өгдөг. Хохирогч Г.А-ын тээврийн хэрэгслийг олж тогтоогоогүй. Зөвхөн зах зээлийн үнэлгээгээр үнэлсэн. Гэтэл хохирогч Б.Г-т 8,000,000 төгрөг өгөх ёстой гэсэн боловч шүүхээс 20,000,000 төгрөг гэж шийдвэрлэсэн. Б.Г- мэдүүлэхдээ “би 8,000,000 төгрөгийн авлагатай” гэсэн байдаг. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр шүүгдэгч О.Э- нь эвлэрлийн гэрээ байгуулсан хүчин төгөлдөр захирамж байгаа. Үүнийг хохирлоос хасаж тооцоогүй. 4 дүгээр хавтаст хэргийн 24 дэх талд шүүгдэгч О.Э-т хавтас хэрэг танилцуулсан гэсэн боловч гарын үсгийг нь хэн нэгэн дуурайж зурсан байсан. Хэрэг танилцуулаагүй асуудлыг анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлсэн. Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 165 дахь талд О.Э-ээс өмгөөлөгчгүй мэдүүлэг авсан. Өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эсэхийг асуусан боловч хариултыг нь баталгаажуулаагүй процесс алдаа гаргасан. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Э- нь өөрийнхөө нөхцөл байдлуудыг бүрэн дурдаагүй боловч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад машиныг олж тогтооход хийвэл зохих ажиллагаануудыг хэлж, зааж өгсөн. Гэтэл анхан шатны шүүхээс өөрөө хэргээ илчилж ирсэн буюу хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзсэн. Шүүгдэгч О.Э- нь өмгөөлөгч Цэрэнпунцагийг сонгон аваад Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гомдол гаргасан. Шүүгдэгч О.Э- нь гомдлыг гаргаснаас хойш дахин гэмт хэрэг, зөрчил үйлдээгүй. Харин мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүднээс шалгавал зохих ажиллагаануудыг дурдаж, хүсэлтүүдийг удаа дараа гаргаж байсан. Хохирогч Г.М-д О.Э-, А.У нар 7,200,000 төгрөг төлсөн байтал анхан шатны шүүхээс 18,000,000 төгрөгийн хохирол төлнө гэж шийдвэрлэсэн. Хохирлын тооцоог шүүх дахин хянаж өгнө үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ. Гэтэл хохирогч Б.Т- нь машиныг барьцаалаад мөнгө өгсөн нь үнэн. Гэхдээ тээврийн хэрэгслүүдийг буцааж эзэнд нь өгөөгүй. Б.Т- гэх хүн хохирол нэхэмжлэх эрхгүй харагдаад байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.Э-ийн өмгөөлөгч М.Мягмартуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч О.Э-ийн гаргасан давж заалдах гомдол, өмгөөлөгч Б.Сэмжидмаагийн гаргасан тайлбарыг дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.Н- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүрэгт ажиллаж байгаа тул энэ нөхцөлийг минь харгалзаж үзнэ үү. Би барилгын дотор заслын ажил хийдэг тул энд тэнд очиж ажиллах шаардлага үүсдэг. Надад торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Н-ийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч гэм буруугийн асуудал дээр маргаж оролцсон боловч шүүгдэгчийн зүгээс өөрийн үйлдлийн талаар тодорхой мэдүүлдэг.

Б.Н- нь ам бүл 10, 1-19 насны 8 хүүхэдтэй, нөхөр нь хүнд хагалгааны улмаас одоогоор хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа учраас тэрээр хувиараа барилгын дотоод заслын ажил хийдэг ба одоо Хан-Уул дүүрэгт байрлах Яармагийн барилгад заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж байгаа. Шүүхээс Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь түүний ажил хөдөлмөр эрхлэн гэр бүлээ тэжээн тэтгэхэд хүндрэлтэй байгаа учир зорчих эрх хязгаарлах ялыг өөрчлөн торгуулийн ял оногдуулж өгнө үү.

Шинээр гаргаж өгсөн 24 хуудас баримтад бага 4 хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, Голомт банкны дансны хуулга байгаа. Энэ нь ажил хийж байгаа байдлыг нотолно. ...” гэв.

Хохирогч Б.Т-ын өмгөөлөгч С.Болорчулуун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, мөн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үйл баримт тогтоогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор П.Отгонбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Н-т бага насны олон хүүхэдтэй болон ажил хөдөлмөр эрхэлдэг байдлыг харгалзаад зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан. Бүсчлэлийг Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоосон бөгөөд уг ял нь шүүгдэгч Б.Н-ийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул хэвээр үлдээх саналтай байна. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хохирлын тооцоог нягталж, нэг бүрчлэн тулгасан. 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр шүүгдэгч А.У, О.Э- нар Б.Аээр дамжуулан хохирогч А.Э-тай уулзан, түүнд хохирогч Б.Б-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг 6,000,000 төгрөгийн барьцаанд тавьж, уг мөнгийг А.Б-ийн дансаар шилжүүлэн авсан бөгөөд тухайн үед А.Б- байгаагүй. Энэ нь Б.Алтанцэцэг, А.Э- нарын мэдүүлгээр эргэлзээгүй тогтоогддог ба дээрх үйлдэлд А.Б-ийг хамтран оролцсон гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй. Мөн яллагдагчаар А.У мэдүүлэг өгөхдөө хохирогч А.Э-д хохирол төлбөр төлөөгүй талаар дурдсан, хохирол төлсөн баримт байхгүй. Иймд шүүгдэгч нараас 6,000,000 төгрөг гаргуулж хохирогч А.Э-д олгуулахаар шийдвэрлэсэн. А.Б- нь өөрийн зээлдүүлсэн мөнгийг авахаар А.Уо, О.Э- нартай уулзахад М.Б-ы тээврийн хэрэгслийг банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байдаг миний тээврийн хэрэгсэл мэтээр ойлгуулж, уг тээврийн хэрэгслийг бусдын барьцаанд тавьж өгөх юм бол зээлийн үлдэгдэл болох 500,000 төгрөгийг чинь өгье гэсний дагуу А.Б- нь М.Б-ы тээврийн хэрэгслийг Б.Г-т 8,000,000 төгрөгийн барьцаанд тавьж, өөрийн эзэмшлийн дансаар мөнгийг авч, 7,500,000 төгрөгийг А.Угийн хүүхдийн данс руу шилжүүлсэн. Шүүгдэгч О.Э-, А.У нар мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа хүсэлт гаргаж байсныг прокурорын зүгээс хангаж, холбогдох мөрдөн шалгах ажиллагаануудыг явуулж байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналтын шатанд А.Б-ийг шалгуулах талаар хүсэлт гаргаж байгаагүй. Давж заалдах гомдолдоо А.Б-ийг уг хэрэгт холбоотой, шалгуулах талаар дурдаж байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах, өөрийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх гэсэн хожуу үеийн санаа зорилго агуулж байх тул дээрх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. Шүүгдэгч нараас мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналтын шатанд гаргасан гомдлын дагуу хохирогч З.Б-гийн тээврийн хэрэгслийг олж тогтоох талаар боломжит бүхий л арга хэмжээг авсан боловч олдоогүй. АСАП санд эрэн сурвалжилж байгаа талаар зарлаж мэдээлэл оруулсан. Ямар нэгэн байдлаар замын хөдөлгөөнд оролцож хяналтын камерын бичлэгт өртвөл Замын цагдаагийн газраас уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа мөрдөгчид нэн даруй мэдэгдэх бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг саатуулах боломжтой. Гэтэл өнөөдрийг хүртэл тухайн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоогүй. Хохирогч Б.Б-ын эзэмшлийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч нар Б.Г-т 12,000,000 төгрөгийн барьцаанд тавьж тухайн мөнгийг шүүгдэгч А.Угийн хүү болох Б-ий эзэмшлийн дансаар шилжүүлэн авсан. Шүүгдэгч А.Угийн зүгээс “уг мөнгийг би аваагүй” гэж байгаа нь Б.Г-ийн эзэмшлийн данснаас Б-ий эзэмшлийн данс руу мөнгө шилжүүлсэн баримтуудаар үгүйсгэгдэнэ. А.У, О.Э- нар удаа дараа харилцаа холбооны хэрэгслийг ашиглаж Г.А-той холбогдон тээврийн хэрэгслийг түрээслэхээр авч явсан бөгөөд дээрх гэмт хэргийг А.У, О.Э- нар бүлэглэж үйлдсэн гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Хохирогч Г.М-, Ц.Ц- нарын эзэмшлийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч нар нь “зээлийн үлдэгдлийг нь төлж барагдуулаад худалдан авна” гэх байдлаар бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж шилжүүлэн авч тухайн өдрөө тухайн тээврийн хэрэгслүүдийг бусдын барьцаанд тавьсан. Улмаар зээлийн үлдэгдлийг төлж байгаа мэтээр дүр үзүүлэн эхний 2-3 сарын хугацааны зээлийг төлсөн бөгөөд уг үйлдлийг анхан шатны шүүх хохирлоос хасаж тооцоогүй нь үндэслэлтэй. Учир нь, шүүгдэгч нарын хасуулах гээд байгаа мөнгийг залилах гэмт хэргийг үйлдэх арга хэрэгсэл гэж үзсэн. Хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч Н.Г-ад хохирол төлсөн гэх баримт авагдаагүй. Хохирогч П.А- нь цагдаагийн байгууллагад гомдол гаргахдаа зөвхөн бэлнээр өгсөн 8,900 еврогийн хувьд гомдол гаргасны дагуу яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Харин Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр орсон гэх асуудал нь хохирогч П.А-гээс шүүгдэгч А.Уд бэлнээр өгсөн еврогоос хойш дансаар өгсөн мөнгөний хувьд иргэний шүүхээр орж шийдвэрлүүлсэн бөгөөд одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Иймд хохирогч П.А-г залилсан гэж үзсэн. Мөн тухайн үйлдэлтэй холбоотой шүүгдэгч А.У 28,000,000 төгрөгийг П.А-д төлсөн гэдэг боловч ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй тул хохирлоос хасаж тооцоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх А.У, О.Э-, Б.Н- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн:

Шүүгдэгч А.Угийн ганцаараа үйлдсэн залилах гэмт хэрэг:

1.“А.Уд удаа дараа мөнгө зээлүүлсэн ба одоо 8,900 еврог төлөөгүй байгаа” гэх агуулга бүхий хохирогч П.А-гийн мэдүүлэг (3хх 78-80, 83-84),

-2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “...А.У миний бие 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр П.А-гээс 8,900 евро бэлнээр авсан нь үнэн болно...” гэх шүүгдэгч А.Угийн үйлдсэн бичиг (3хх 93),

-хохирогч П.А-гийн Монгол Улсын хилээр нийт 514,500.00 кронтой орж ирсэн талаарх баримт (3хх 96),

-шүүгдэгч, хохирогч нарын эзэмшлийн Хаан банкны дансны хуулганууд (3хх 94, 98-101),

-2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн бичлэгт үзлэг хийсэн “...2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Монгол банкнаас гаргасан еврогийн ханш монгол төгрөгөөр 3211.33 төгрөг болж байв...” гэх тэмдэглэл (7хх 28-29) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.У нь 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хохирогч П.А-г “хашаа байшин чөлөөлөөд мөнгийг чинь өгье” гэж хуурч, 8,900 евро буюу 28,525,301 төгрөгийг шилжүүлэн авсан,

2.“Hi Pay аппликейшны зээл чөлүүлнэ гэж 6,000,000 төгрөгийг А.Уд шилжүүлж өгсөн” талаарх хохирогч Х.М-ын (1хх 58-61, 5хх 218),

-Hi Pay аппликейшны үйл ажиллагааг эрхлэн явуулдаг “Sendly.mn” ХХК-ийн салбарын захирал Э.Э болон тус аппликейшнээс зээл авч А.Уд өгсөн талаарх Г.Н нарын гэрчээр өгсөн (1хх 69-70, 72),

-гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч А.Угийн (1хх 89-90) мэдүүлгүүд,

-Х.М-, А.У, М.Ч- нарын эзэмшлийн Хаан банкны дансны хуулганууд (1хх 16-17, 104-107, 108),

-А.У, Х.М- нарын, О.Э-, Х.М- нарын тус тус хоорондоо харилцсан фейсбүүк чатны хуулбарууд (1хх 24-49, 50-54) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.У нь 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Х.М-ыг “Hi pay аппликейшны зээл төлүүлж, эргүүлэн өгнө” гэж хуурч, 6,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

3.“Ү” ХХК-ийн зээлтэй “Toyota Prius-20” загварын ... УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг А.Уд зарахаар тохиролцож, автомашинаа шилжүүлсэн өгсөн боловч уг тээврийн хэрэгслийн зээлийг төлөөгүй талаарх хохирогч Ц.Ц-гийн (3хх 29-30),

-тухайн автомашиныг А.Угоос 6,000,000 төгрөгөөр худалдан авч, задаргаанд оруулж зарсан талаарх А.Л-гийн гэрчээр өгсөн (7хх 38-39) мэдүүлгүүд,

-хохирогч Ц.Ц-гийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга (3хх 41-47),

-2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2100130010000413 дугаар Ц.Ц-, “Ү” ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний хуулбар (3хх 33-38),

-Ц.Ц-, А.У нарын хооронд байгуулсан итгэлцлийн гэрээний хуулбар (3хх 48),

-тус тээврийн хэрэгслийн зах зээлийн дундаж үнэлгээг 14,000,000 төгрөгөөр тодорхойлсон “Ашид Б-” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 325 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан (1хх 76) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.У нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Ц.Ц-гээс “...“Toyota Prius-20” загварын ... УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг “Ү” ХХК-д төлөх үлдэгдэл зээлийг төлөн худалдаж авна” гэж хууран, өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, 14,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

4.Б.Х-ы эзэмшлийн “Toyota Prius-20” загварын ... УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг А.У түрээслэхээр авч, улмаар автомашиныг Б.А-т 3,500,000 төгрөгийн барьцаанд тавьсан талаарх хохирогч Б.Х, Б.А нарын (2хх 74-75, 79-80, 7хх 21),

-хийсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа илэрхийлсэн А.Угийн (2хх 90) мэдүүлгүүд,

-тус тээврийн хэрэгслийн зах зээлийн дундаж үнэлгээг 13,000,000 төгрөгөөр тодорхойлсон “Ашид Б-” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 324 дүгээр хөрөнгийн үнэлгээний тайлан (1хх 78),

-У.Б-ий эзэмшлийн Хаан банкны дансны хуулга (2хх 94) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.У нь 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч Б.Х-ы эзэмшлийн “Toyota Prius-20” загварын ... УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг “1 сарын хугацаагаар түрээслэе” гэж хууран, өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, улмаар 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Б.А-т тус тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан барьцаанд тавьж, хохирогч Б.Х-д 13,000,000 төгрөгийн, хохирогч Б.А-т 3,500,000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан,

5.“Зээл чөлөөлүүлээд буцаагаад өгнө гэсэн тул 8,900,000 төгрөгийг А.Уд өгсөн” талаарх хохирогч Т.Ж-гийн мэдүүлэг (3хх 188-189),

-хохирогч Т.Ж-гийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга (3хх 194),

-А.Угоос Т.Ж-д 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 500,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 300,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 100,000 төгрөгийг тус тус дансаар төлсөн баримт (4хх 238) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.У нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Т.Ж-г “дүүгийнхээ цалингийн зээлийг чөлөөлж, 10 минутын дотор 5 хувийн хүүтэйгээр эргүүлэн өгнө” гэж хуурч, 8,900,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

6.Ё.Э-ын эзэмшлийн “Toyota Prius-20” загварын ... УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг А.У түрээслэхээр авч, улмаар автомашиныг Х.Н-т 8,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан талаарх хохирогч Ё.Э-, Х.Н- нарын (2хх 20-22, 41-42),

-гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн А.Угийн мэдүүлэг (2хх 51-52),

-А.Угийн үйлдсэн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Ё.Э-аас автомашиныг нь түрээсэлж авсан” талаарх бичиг (4хх 209),

-У.Б-ий эзэмшлийн Хаан банкны дансны хуулга (2хх 47-48),

-2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 14020224 дүгээр “А” ХХК болон хохирогч Ё.Э- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ (4хх 210-213),

- тус тээврийн хэрэгслийн зах зээлийн дундаж үнэлгээг 8,500,000 төгрөгөөр тодорхойлсон “Ашид Б-” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 348 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан (6хх 13) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.У нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Ё.Э-ын эзэмшлийн “Toyota Prius-20” загварын ... УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг “өдрийн 80,000 төгрөгөөр түрээсэлнэ” гэж хууран, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, 8,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

7.Н.Э-ын эзэмшлийн “Toyota Prius-30” загварын ... УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг А.У түрээслэхээр авч, улмаар автомашиныг Б.Т-ад 8,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан талаарх хохирогч Н.Э-, Б.Т- нарын мэдүүлгүүд (5хх 100-101, 107-109),

-тус тээврийн хэрэгслийн зах зээлийн дундаж үнэлгээг 19,500,000 төгрөгөөр тодорхойлсон “Ашид Б-” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 345 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (6хх 5-6),

-тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл (5хх 120-122),

-хохирогч Н.Э-д тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (5хх 123) зэрэг нотлох баримтуудаар 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Н.Э-ын эзэмшлийн “Toyota Prius-30” загварын ... УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг “түрээсэлнэ” гэж хууран, өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, улмаар 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хохирогч Б.Т-ад өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл гэж хуурч, барьцаанд тавин, хохирогч Н.Э-д 19,500,000 төгрөгийн, хохирогч Б.Т-ад 8,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

8.Э.Д-ий эзэмшлийн “Toyota Prius-30” загварын ... УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг А.У түрээслэхээр авч, улмаар автомашиныг Э.Б-од 6,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан талаарх хохирогч Э.Д-, Э.Б- нарын мэдүүлгүүд (3хх 219-221, 7хх 34-35),

-шүүгдэгч А.Угийн хохирогч Э.Б-оос мөнгө авсан талаарх бичиг (3хх 223),

-У.Б-ий эзэмшлийн Хаан банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (3хх 224-226),

-хохирогч Э.Б-ын эзэмшлийн данс руу 2,000,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга (4хх 215),

-тус тээврийн хэрэгслийн зах зээлийн дундаж үнэлгээг 13,000,000 төгрөгөөр тодорхойлсон “Ашид Б-” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 323 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан (1хх 77) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.У нь 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Э.Д-ий эзэмшлийн “Toyota Prius-30” загварын ... УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг “өдрийн 80,000 төгрөгөөр түрээсэлнэ” гэж хуурч, өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, улмаар 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хохирогч Э.Б-од өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл гэж хуурч, барьцаанд тавин, хохирогч Э.Д-д 13,000,000 төгрөгийн, хохирогч Э.Б-од 6,000,000 төгрөгийн хохирол учруулсан;

Шүүгдэгч А.У, О.Э- нарын бүлэглэн үйлдсэн залилах гэмт хэрэг:

1.Г.М-гийн эзэмшлийн “Toyota Prius-30” загварын ... УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг А.У, О.Э- нар худалдаж авахаар хуурч, өөрсдийн эзэмшилд шилжүүлэн авч, улмаар өөр хүнд өгч, тээврийн хэрэгсэл олдох боломжгүй болсон талаарх хохирогч Г.М-, гэрч Б.М нарын мэдүүлгүүд (5хх 26-27, 7хх 41-43),

-Г.М-, О.Э- нарын хоорондох “Toyota Prius-30” загварын ... УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлж өгөх талаарх бичиг (5хх 21-22),

-“Ү” ХХК болон Г.М- нарын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний хуулбар (5хх 53-57),

-хохирогч Г.М-гийн эзэмшлийн данс руу 2,300,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга (4 дүгээр хавтаст хэргийн 221-222 дугаар хуудас),

-Д.Б, Г.М- нарын хооронд байгуулсан 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1055 дугаар “тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах” гэрээний хуулбар (5хх 58-60),

-тус тээврийн хэрэгслийн зах зээлийн дундаж үнэлгээг 18,000,000 төгрөгөөр тодорхойлсон “Дамно” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн СБ2-23-599 дүгээр хөрөнгийн үнэлгээний тайлан (5хх 42-45) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.У, О.Э- нар бүлэглэн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хохирогч Г.М-гийн эзэмшлийн “Toyota Prius-30” загварын ... УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг “үлдэгдэл зээлийг нь төлөн худалдаж авна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өөрсдийн эзэмшилд шилжүүлэн авч, улмаар өөрсдийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл гэж хуурч, бусдад барьцаанд тавин, хохирогч Г.М-д 18,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

2.З.Б-н эзэмшлийн “Toyota Prius-20” загварын ... УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг түрээслэхээр авч, улмаар автомашиныг Б.Т-ад 8,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан талаарх хохирогч З.Б-гийн (3хх 136-138),

-хохирогч Б.Т-ын А.У, О.Э- нартай нүүрэлдэж өгсөн (7хх 3-5, 13-15) мэдүүлгүүд,

-тус тээврийн хэрэгслийн зах зээлийн дундаж үнэлгээг 8,037,000 төгрөгөөр тодорхойлсон “Дамно” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн СБ1-23-806 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан (3хх 147-148),

-хохирогч З.Б-гомдол, саналгүй болсон талаарх түүний бичиг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.У, О.Э- нар бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хохирогч З.Б-н эзэмшлийн “Toyota Prius-20” загварын ... УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг “өдрийн 80,000 төгрөгөөр түрээсэлнэ” гэж хуурч, өөрсдийн эзэмшилд шилжүүлэн авч, улмаар 2022 оны 12 дугаар сард хохирогч Б.Т-ад өөрсдийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж барьцаанд тавин, хохирогч З.Б-д 8,037,000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Т-ад 8,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

3.Г.А-ын эзэмшлийн “Toyota Prius-20” загварын ... ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг түрээслэхээр авч, улмаар автомашиныг Б.Т-ад 7,500,000 төгрөгийн барьцаанд тавьсан талаарх хохирогч Г.А-, Б.Т- нарын мэдүүлгүүд (4хх 67-68, 5хх 227-228),

-М.Ч-ий эзэмшлийн Хаан банкны дансны хуулга (4хх 83-84),

-хохирогч Г.А-ын 5866166272 дугаарын данс руу 670,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга (4хх 227-229),

-тус тээврийн хэрэгслийн зах зээлийн дундаж үнэлгээг 10,000,000 төгрөгөөр тодорхойлсон “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Ц-300 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан (4хх 74-76) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.У, О.Э- нар бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч Г.А-ын эзэмшлийн “Toyota Prius-20” загварын ... ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг “өдрийн 100,000 төгрөгөөр түрээсэлнэ” гэж хуурч, өөрсдийн эзэмшилд шилжүүлэн авч, улмаар 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хохирогч Б.Т-ад өөрсдийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж барьцаанд тавин, хохирогч Г.А-од 10,000,000 төгрөгийн, хохирогч Б.Т-ад 7,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

4.Д.Б-ын эзэмшлийн “Toyota Prius-30” загварын ... УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг түрээслэхээр авч, улмаар автомашиныг Н.Г-ад 8,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан талаарх хохирогч Д.Б-, Н.Г- нарын мэдүүлгүүд (4хх 119, 5хх 122-123),

-У.Б-ий эзэмшлийн Хаан банкны дансны хуулга (5хх 151-153),

-тус тээврийн хэрэгслийн зах зээлийн дундаж үнэлгээг 17,500,000 төгрөгөөр тодорхойлсон “Хөрөнгө Эстимейт” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 01/26 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан (4хх 128) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.У, О.Э- нар бүлэглэн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Д.Б-ын эзэмшлийн “Toyota Prius-30” загварын ... УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг “өдрийн 80,000 төгрөгөөр түрээсэлнэ” гэж хуурч, өөрсдийн эзэмшилд шилжүүлэн авч, улмаар 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Н.Г-ад өөрсдийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, барьцаанд тавьж, хохирогч Д.Б-од 17,500,000 төгрөгийн, хохирогч Н.Г-ад 8,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

5.Б.Б-ын эзэмшлийн “Toyota Prius-30” загварын ... УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг түрээслэхээр авч, улмаар автомашиныг Б.Г-т 12,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан талаарх хохирогч Б.Б-, Б.Г- нарын мэдүүлгүүд (2хх 112, 115, 210),

-У.Б-ий эзэмшлийн Хаан банкны дансны хуулга (2хх 138-141),

-тус тээврийн хэрэгслийн зах зээлийн дундаж үнэлгээг 17,346,000 төгрөгөөр тодорхойлсон “Дамно” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 531-23-542 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан (2хх 129-132),

-хохирогч Б.Б-ын тээврийн хэрэгслийг биет байдлаар хүлээн авсан бичиг (2хх 143) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.У, О.Э- нар бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Б.Б-ын эзэмшлийн “Toyota Prius-30” загварын ... УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг “өдрийн 80,000 төгрөгөөр түрээсэлнэ” гэж хуурч, өөрсдийн эзэмшилд шилжүүлэн авч, улмаар 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Б.Г-т “манай нөхөр Б.Б-ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл” зохиомол байдлыг зориудаар бий болгон, барьцаанд тавьж, хохирогч Б.Б-д 17,346,000 төгрөгийн, хохирогч Б.Г-т 12,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

6.М.Б-ы эзэмшлийн “Toyota Prius-30” загварын ... УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг түрээслэхээр авч, улмаар автомашиныг Б.Г-т 8,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан талаарх хохирогч М.Б-ы (7хх 24),

-А.У, О.Э- нарын хэлсний дагуу тээврийн хэрэгслийг Б.Г-т 8,000,000 төгрөгийн барьцаанд тавьж, өөрийн авах ёстой өмнөх өр 500,000 төгрөгийг авч, 7,500,000 төгрөгийг шүүгдэгч нарт өгсөн талаарх гэрч А.Б-ийн (2хх 221-222) мэдүүлгүүд,

-М.Б-, А.У нарын хооронд байгуулсан тээврийн хэрэгслийн түрээсийн гэрээ (2хх 203-204),

-2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б.Г-, А.Б- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хуулбар (2хх 198),

-хохирогч Б.Г-, гэрч А.Б- нарын эзэмшлийн Хаан банкны дансны хуулганууд (2хх 201, 224-225, 4хх 179),

-тус тээврийн хэрэгслийн зах зээлийн дундаж үнэлгээг 16,170,000 төгрөгөөр тодорхойлсон “Дамно” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 531-23-543 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан (2хх 231-234),

-хохирогч М.Б- өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг биет байдлаар хүлээн авсан тухай бичиг (2хх 206) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.У, О.Э- нар бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хохирогч М.Б-ы эзэмшлийн “Toyota Prius-30” загварын ... УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг “өдрийн 100,000 төгрөгөөр түрээсэлнэ” гэж хуурч, өөрсдийн эзэмшилд шилжүүлэн авч, улмаар 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Б.Г-т өөрсдийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, барьцаанд тавин, хохирогч М.Б-д 16,170,000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Г-т 8,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

7.Б.Е-ийн эзэмшлийн “Toyota Prius-20” загварын ... УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг түрээслэхээр авч, улмаар автомашиныг Б.Г-т 8,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан талаарх хохирогч Б.Г-, гэрч Э.М, Ч.Б нарын мэдүүлгүүд (2хх 115, 4хх 10, 13-14, 52-53, 16),

-У.Б-, Э.М нарын эзэмшлийн Хаан банкны дансны хуулганууд (2хх 138-140, 4хх 54) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.У, О.Э- нар бүлэглэн хохирогч Б.Е-ийн эзэмшлийн “Toyota Prius-30” загварын ... УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг О.Э-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл гэж 4244626 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг ашиглан, хохирогч Б.Г-ийг хуурч, 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 8,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

8.Б.Б-ийн эзэмшлийн “Toyota Prius-30” загварын ... УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг түрээслэхээр авч, улмаар автомашиныг А.Э-д 6,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан талаарх хохирогч Б.Б-, А.Э-, гэрч Г.А нарын (1хх 150, 159-160, 155),

-А.Угийн яллагдагчаар өгсөн (5хх 242-244, 6хх 122-124, 7хх 98),

-О.Э-ийн яллагдагчаар өгсөн (6хх 2-3, 207-208, 7хх 89-90, 105) мэдүүлгүүд,

-хохирогч Б.Б-, шүүгдэгч А.У нарын хоорондоо байгуулсан автомашин түрээслэх гэрээний хуулбар (1хх 185),

-6,000,000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга (1хх 199),

-эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх 170-173),

-тус тээврийн хэрэгслийн зах зээлийн дундаж үнэлгээг 22,000,000 төгрөгөөр тодорхойлсон “Ашид Б-” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1001354 дүгээр хөрөнгийн үнэлгээний тайлан (1хх 175-176),

-2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн талаарх тэмдэглэл (1хх 169) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.У, О.Э- нар бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хохирогч Б.Б-ийн эзэмшлийн “Toyota Prius-30” загварын ... УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг “түрээсэлнэ” гэж хуурч, өөрсдийн эзэмшилд шилжүүлэн авч, улмаар 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хохирогч А.Э-д “О.Э-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, барьцаанд тавьж, хохирогч Б.Б-т 22,000,000 төгрөгийн, хохирогч А.Э-д 6,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч А.У, О.Э-, Б.Н- нарын бүлэглэн үйлдсэн залилах гэмт хэрэг:

1.Б.Т-ад “Toyota Prius-30” загварын ... УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б.Н-ийн эзэмшлийнх мэтээр хуурамч тээврийн хэрэгслийн гэрчилгээ ашиглаж, барьцаанд тавьсан талаарх хохирогч Б.Т-, шүүгдэгч Б.Н- нарын мэдүүлэг (5хх 107-109, 223-224, 227-228, 5хх 187-189),

-Б.Т-, Б.Билэгт, У.Б- нарын эзэмшлийн Хаан банкны дансны хуулганууд (5хх 142-143, 150, 151-153),

-Б.Н-, Б.Т- нарын хооронд байгуулсан автомашин барьцаалсан зээлийн гэрээ (5хх 145),

-хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Toyota Prius-30” загварын ... УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн хуурамч гэрчилгээ (5хх 147) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.У, О.Э-, Б.Н- нар бүлэглэн хохирогч Н.Э-ын эзэмшлийн “Toyota Prius-30” загварын ... УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б.Н-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл мэтээр хуурамч тээврийн хэрэгслийн гэрчилгээ ашиглаж хохирогч Б.Т-ад барьцаанд тавин хуурч, 8,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэргийн үйл баримт тус тус тогтоогдсон талаар анхан шатны шүүх тодорхой, эргэлзээгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн:

шүүгдэгч А.Угийн ганцаараа болон бүлэглэн их хэмжээний хохирол учруулж бусдыг залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар,

шүүгдэгч О.Э-ийн бүлэглэн их хэмжээний хохирол учруулж бусдыг залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар,

шүүгдэгч Б.Н-ийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, мөн бусдыг залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Шүүгдэгч А.Угийн гаргасан давж заалдах гомдлын тухайд:

1.Шүүгдэгч А.У, О.Э- нар бүлэглэн:

-Г.А-ын эзэмшлийн “Toyota Prius-20” загварын ... ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б.Т-ад 7,500,000 төгрөгийн барьцаанд тавьсан,

-З.Б-гийн эзэмшлийн “Toyota Prius-20” загварын ... УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б.Т-ад 8,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан,

шүүгдэгч А.У, О.Э-, Б.Н- нар бүлэглэн:

-Н.Э-ын эзэмшлийн “Toyota Prius-30” загварын ... УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б.Т-ад 8,000,000 төгрөгийн барьцаанд тавьж, Б.Н- 300,000 төгрөгийг авч, үлдсэнийг А.У, О.Э- нарт өгсөн талаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Т-, шүүгдэгч А.У, О.Э-, Б.Н- нар мэдүүлжээ.

Дээрх мэдүүлгүүд нь Б.Т- нийт 19,500,000 төгрөгийг хэний данс руу шилжүүлсэн, улмаар тухайн мөнгийг хэн, хэрхэн захиран зарцуулсныг нотолсон дансны хуулгуудаар давхар нотлогдож байна.

Иймд хохирогч Б.Т- нь 3 удаагийн үйлдлээр А.У, О.Э-, Б.Н- нарт нийт 19,500,000 төгрөг шилжүүлэн өгсөн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдох ба тус хохирлоос 300,000 төгрөгийг Б.Н-ээс, үлдэх 19,200,000 төгрөгийг А.У, О.Э- нараас хувь тэнцүүлж гаргуулан Б.Т-ад олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

2.А.Э- 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр иргэний нэхэмжлэгчээр: “А.У “энэ машин надтай хамт явж байгаа тогооч эгч О.Э-ийн машин, банк бусын нэр дээр байдаг” гэж хэлсэн. Манай найз Б.А-тэй хамт явж байсан болохоор би итгэсэн. Тэгээд машиныг авч, 6,000,000 төгрөгийг А.Б- гэх хүний 5028767255 дугаарын данс руу шилжүүлсэн. Тухайн үед Б.Алтанцэцэг, А.У, О.Э- бид 4 байсан” (1хх 159-160),

Б.А гэрчээр: “А.У над руу залгаад 6,000,000 төгрөг зээлээч гэсэн тул А.Э-тай уулзуулж өгсөн” (1хх 115) гэх агуулгаар тус тус мэдүүлжээ.  

Түүнчлэн А.У, О.Э- нар “Б.Б-ийн эзэмшлийн “Toyota Prius-30” загварын ... УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг А.Э-д 6,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан” гэдгээ хүлээн зөвшөөрч, уг хохирол төлөгдөөгүй байгаа талаар мэдүүлсэн.

Иймд зөвхөн хохирогч А.Э- 6,000,000 төгрөгийг А.Б- гэх хүний данс руу шилжүүлсэн үйл баримтыг үндэслэн А.Б- нь тус мөнгийг хохирогчийг хуурч, залилж авсан хэмээн өнгөц дүгнэх боломжгүй бөгөөд хэргийн хүрээнд нотлох баримтуудад үндэслэн тогтоосон үйл баримтаар А.Э-д учирсан 6,000,000 төгрөгийн хохирол нь шүүгдэгч А.У, О.Э- нарын үйлдэлтэй шалтгаант холбоотой байх ба улмаар тус мөнгийг нэр дурдсан шүүгдэгч нар өөрсдийн хэрэгцээнд захиран зарцуулсан болох нь тогтоогдсон байна.

3.Шүүгдэгч А.У нь хохирогч Ц.Ц-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, түүний эзэмшлийн “Toyota Prius-20” загварын ... УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөртөө шилжүүлэн авахын тулд худалдан авах зорилготой мэтээр 4,950,000 төгрөгийг хуваан шилжүүлжээ. Иймд анхан шатны шүүхээс А.Угийн Ц.Ц-д шилжүүлсэн тус мөнгийг залилах гэмт хэргээ төгс үйлдэх нэг арга хэлбэр гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй.

Улмаар А. нь хохирогч Ц.Ц-гийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг А.Угоос худалдан авч, задаргаанд оруулж зарсан талаараа гэрчээр мэдүүлсэн (7хх 38-39).

Иймээс хохирогчийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 14,000,000 төгрөгийг шүүгдэгч А.Угоос гаргуулан Ц.Ц-д олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

4.Прокуророос “А.У нь П.А-г “хашаа байшин чөлөөлөөд өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 8,900 евро буюу 28,525,301 төгрөгийн хохирол учруулсан” хэмээн яллаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүгдэгч А.У нь гэмт хэрэг үйлдэх замаар буюу хохирогч П.А-г хуурч, 8,900 еврог өөртөө шилжүүлэн авсан болох нь хэргийн хүрээнд цугларсан бүхий л нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин А.Угоос “Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хэрэгт авагдсан, тус захирамжийн хүрээнд П.А-д мөнгө төлсөн” гэх агуулгаар маргаж буй нь үндэслэлгүй юм.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.

Хэрэгт авагдсан Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжууд нь прокуророос А.Уд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтийн хэмжээ хязгаарт үл хамаарах буюу П.А-г залилан мэхэлж авсан 8,900 еврогоос тусдаа үйл баримт байна.

5.Шүүгдэгч А.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, харамсаж, гэмшиж байгаагаа илэрхийлж, ялын доод хэмжээг оногдуулж өгөхийг хүсжээ.

Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нь дан ганц шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бөгөөд шүүгдэгчид хорих ялын доод хэмжээг оногдуулах хангалттай үндэслэл болж чадахгүйн зэрэгцээ А.У нь олон тооны хохирогчийг хууран мэхэлж, залилсан, улмаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт маргаж, бүрэн төлж барагдуулаагүй зэрэг нөхцөл байдал байгааг дурдах нь зүйтэй.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхэд, хорих ялын хамгийн доод хэмжээг оногдуулах хангалттай үндэслэл бүрдээгүй байх тул шүүгдэгч А.Угийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Э-ийн гаргасан давж заалдах гомдлын тухайд:

-Шүүгдэгч А.У, О.Э- нар бүлэглэн хохирогч Г.М-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, түүний эзэмшлийн “Toyota Prius-30” загварын ... УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөртөө шилжүүлэн авахын тулд худалдан авах зорилготой мэтээр тодорхой хэмжээний мөнгө өгч байсан нь залилах гэмт хэргийг үйлдэх нэг арга хэрэгсэл юм.

Улмаар Б.М нь хохирогч Г.М-гийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч нараас худалдан авч, цааш үл таних хүнд худалдан борлуулсан талаараа гэрчээр мэдүүлсэн (7хх 41-43).

Иймээс хохирогч өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг биет байдлаар хүлээн авах боломжгүй болсон тул автомашины үнэлгээ болох 18,000,000 төгрөгийг шүүгдэгч А.У, О.Э- нараас хувь тэнцүүлэн гаргуулж, Г.М-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий ба хохирлын дүнг хасаж тооцох нөхцөл байдал тогтоогдсонгүй.

-Хэрэгт тогтоогдсон үйл баримтуудаар шүүгдэгч А.У, О.Э- нар бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Б.Б-ын эзэмшлийн “Toyota Prius-30” загварын ... УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг түрээслэхээр авч, Б.Г-т 12,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан, мөн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр М.Б-ы эзэмшлийн “Toyota Prius-30” загварын ... УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг түрээслэх нэрээр авч, Б.Г-т 8,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан гэмт хэргийн үйл баримт тус бүр нотлогдон тогтоогдсон байна.

Харин давж заалдах гомдолд дурдаж буй А.Б- гэх хүн нь А.У, О.Э- нараас авах ёстой төлбөрөө авахын тулд тэдгээрийн хэлсний дагуу М.Б-ы эзэмшлийн тээврийн хэрэгслийг Б.Г-т 8,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан нь залилах гэмт хэргийн шинжийг хангахгүй бөгөөд шүүгдэгч О.Э-ээс “эдгээр үйлдлүүдэд оролцоогүй” гэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэнэ.

-Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэх гэм буруугийн зарчим үйлчилдэг.

Иймд А.Б- иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Б.Г-той эвлэрсэн гэх үйл баримт нь энэ эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулах, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж, аливаа зөрчигдсөн эрхийг сэргээх зорилго бүхий ажиллагаанд саад болох учиргүй тул шүүгдэгч О.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

Түүнчлэн шүүгдэгч О.Э-ийн өмгөөлөгч Б.Сэмжидмаагаас “...Б.Т-ад барьцаалсан 2 тээврийн хэрэгслийн байршлыг олж тогтоогоогүй, хохирогч зөрүүтэй мэдүүлсэн, хэргийн материал танилцуулаагүй, өмгөөлөгчгүй мэдүүлэг авсан, өөрөө хэргээ илчилж ирсэн...” гэх тайлбар гаргасан.

Энэ эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хангалттай явуулж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд шаардагдах нөхцөл байдлуудыг бүрэн дүүрэн тогтоосон байх ба хэргийн хүрээнд тогтоогдсон үйл баримтаар хохирогч Б.Т-ад нийт 23,500,000 төгрөгийн хохирол учирснаас 4,000,000 төгрөг нөхөн төлөгдсөн, үлдэх 19,500,000 төгрөгийг шүүгдэгч А.У, О.Э-, Б.Н- нараас хуваан гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна.

Шүүх хэрэг маргааныг гагцхүү хуульд заасан үндэслэл, журмын хүрээнд, нотлох баримтад тулгуурлан үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэх үүрэгтэй. Өмгөөлөгчийн дурдаж буй 4 дүгээр хавтаст хэргийн 22 дахь талд хэргийн материал танилцуулсан баримт байхгүй ба харин 7 дугаар хавтаст хэргийн 66 дахь талд хэргийг шүүхэд шилжүүлэхийн өмнө шүүгдэгч О.Э- нь хэргийн материалтай танилцсан гэдгээ илэрхийлж гарын үсэг зурсан байна. Хэрэв тус баримтад өөр хэн нэгэн хуурамч гарын үсэг зурсан гэж үзэж байгаа бол энэ талаар тусад нь гомдол гаргаж шалгуулах эрх нь нээлттэй болно.

1 дүгээр хавтаст хэргийн 165 дахь талд авагдсан 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр О.Э-ээс сэжигтнээр авсан мэдүүлэгт “Та өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх үү” гэж асуусан боловч хариултыг тусгаагүй ба О.Э- “А.У бид хоёрын хэрэг Мөрдөн байцаах албаны Цэвээндорж гэх хүн дээр нэгтгэгдэн шалгагдаж байгаа, нэгдсэн журмаар мэдүүлэг өгнө” гэж хариулжээ.

Түүнээс хойших цаг хугацаанд авсан мэдүүлгүүдэд О.Э-ээс өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эсэх талаар асуухад тэрээр өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөө илэрхийлж байснаас гадна өмнө өгсөн мэдүүлэгтэй адил “хэргүүд нэгтгэгдсэний дараа нэгтгэж мэдүүлэг өгнө” гэх байдлаар мэдүүлж байснаас дүгнэвэл, түүнийг өмгөөлөгч авч, өмгөөлөгчтэй хамт мэдүүлэг өгөх хүсэлтэй байхад уг эрхийг нь ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Хохирогч Х.М- анх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл гаргаснаар энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж эхэлсэн бөгөөд О.Э- нь шалгагдах үедээ өөр бусад үйлдсэн гэмт хэргүүд байгаагаа илчилж байсан хэдий ч тэрээр бусадтай бүлэглэн 15 удаагийн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдэж, нийт 174,553,000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч нарын зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй зэрэг нөхцөл байдалд түүнд оногдуулсан ял тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч нарын гаргасан “зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар солиулах” агуулга бүхий давж заалдах гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Аливаа гэмт хэрэг нь хүний аюулгүй байдал, эрх, эрх чөлөө нийгмийн аюулгүй байдал, хэв журам, эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах зэрэг нийгмийн амин чухал эрх ашигт халдаж хохирол учруулдаг тул Эрүүгийн хуулиар зохицуулж, хариуцлага хүлээлгэдэг. 

Эрүүгийн хуулийн зорилгыг тус хуулийн 1.1 дүгээр зүйлд “Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино” гэж тодорхойлж, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаар хуульчилсан тул шүүхээс ял шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг сонгон оногдуулахдаа эдгээр нөхцөл байдлуудыг зайлшгүй харгалзан үзэх учиртай.

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор хуульчилсан.

Хохирогчийг хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч буй залилах гэмт хэрэг нь хүн хүндээ итгэх итгэл болон нийгэм дэх итгэлцлийг ямар нэгэн хэмжээгээр алдагдуулдаг хортой үр дагавартай.

Баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж буй нь баримт бичиг хөтлөх үйл ажиллагааг төрийн зохицуулалтын дор явуулах нөхцөлийг зөрчиж, тус баримт бичгийн хууль зүйн чадамжийг сулруулах хор уршигтай.

Шүүгдэгч Б.Н- нь хэдийгээр бага насны хүүхдүүдтэй, ажил хөдөлмөр эрхэлж байгаагаа нотолсон гэх дансны хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн боловч тэрээр хуурамч тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр хохирогчийг хуурч, залилан мэхэлж буй хууль бус үйлдлээ бүрэн ухамсарласан, түүний гэм буруутай үйлдлийн улмаас бусад хүн хэрхэн хохирч болохыг мэдсээр байж, хүсэж хор уршиг учруулсан байна.

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын төрлүүдээс шүүгдэгч Б.Н-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, нийгэмд үзүүлэх сөрөг үр дагавар, гэмт үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдээгүй нөхцөл байдал зэрэгт тохируулан зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон оногдуулсан нь үндэслэлтэй болжээ.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн ар гэр, бага насны хүүхдүүд зэрэг хувийн байдлыг харгалзан үзэх боловч түүнээс илүү ял шийтгэл хүлээж буй хүн аливаа гэмт хэрэг, зөрчил үйлдэхгүй байх, бусад хүний эрхийг хүндэтгэх ёстой гэдгийг ухамсарлаж, нийгэм болоод бусдад хохирол учруулахгүй байх нь чухал юм.

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт этгээдийн аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой.

Иймээс шүүх хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэн нэгний хүсэл зоригт нийцүүлэх шаардлагагүй бөгөөд шүүгдэгч Б.Н- зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэхэд түүний бага насны хүүхдүүдийн эрх ашиг зөрчигдөхөөргүй байх тул түүнд оногдуулсан ялыг торгох ял болгож хөнгөрүүлэн өөрчлөх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.У, О.Э- нар нь шийтгэх тогтоол гарсан 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нийт 90 хоног тус тус цагдан хоригдсон байгааг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/871 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг, шүүгдэгч А.У, О.Э- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.У, О.Э- нарын цагдан хоригдсон 90 (ер) хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН