Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2025/ДШМ/794

 

П.Б-, Д.Г- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Дамбадаржаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Н-, түүний өмгөөлөгч А.Бүдханд,

яллагдагч П.Б-ын өмгөөлөгч М.Цэрэндэжид,

яллагдагч Д.Г-ын өмгөөлөгч С.Батнасан,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЗ/2886 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Дамбадаржаагийн бичсэн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаар эсэргүүцлээр П.Б-, Д.Г- нарт холбогдох 1909030210889 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

1.П овгийн П-ийн Б, 1973 онд Увс аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...),

2.С овгийн Д-ийн Г, 1968 онд Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...);

П.Б-, Д.Г- нар нь согтуугаар бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр, ... тоотод Ч.Х-тай маргалдаж, улмаар түүнийг гараар цохих, өшиглөх зэргээр зодож, биед нь хүзүү, төвөнх, гүрээний тараагуур судас, тэнэгч мэдрэлийн /nervus vagus/ орчмын булчингийн ширхэг багц хооронд өөхөн эд дэх тархмал цус хуралт, хүзүүний баруун урд доод хэсгийн булчин өөхлөг эд дэх голомтлог цус хуралт, хүзүүний баруун урд доод хэсгийн цус хуралт, дух хоёр нүдний зовхи, баруун хацар, бугалга, эрхий хуруу, зүүн шуу, хэвлий, баруун гуя, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт бүхий гэмтлийг учруулан алсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газар: П.Б-, Д.Г- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Яллагдагч П.Б-, Д.Г- нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЗ/1046 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ДШМ/817 дугаар магадлалаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хэргийг прокурорт буцааснаас хойш тус эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны туршилт болон Д.Д-ыг яллагдагчаар татсан зэргээс өөр ямар нэгэн ажиллагаа нэмж хийлгүйгээр, өөрөөр хэлбэл, шүүгчийн захирамж болон магадлалд дурдсан ажиллагааг хийж гүйцэтгэлгүйгээр хэргийг хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 1-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлнэ” гэж заасан.

Мөн яллагдагч П.Б-, Д.Г- нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг нотолж ирүүлээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах болон цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөлийг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заасныг анхаарах нь зүйтэй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Дамбадаржаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1.Шүүгчийн 2025/ШЗ/2886 дугаар захирамжид “...эрүүгийн 1909030210889 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв” гэж бичигдсэн нь энэ хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг явагдсан цаг хугацаа ойлгомжгүй байдалд хүргэж байна. Прокуророос 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн тул энэ хэрэгт өмнө бичигдсэн захирамжаас хуулбарлан бичиж, яллагдагчаар татсан үйлдлийн хүрээнд дахин нотлох баримтад үнэлэлт өгөөгүй гэж дүгнэхээр байна.

2.Яллагдагч П.Б-, Д.Г- нарт холбогдох хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЗ/1046 дугаар шүүгчийн захирамжаар прокурорт буцааж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 16- ны өдрийн 2024/ДШМ/817 дугаар магадлалаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэх үед яллагдагч Д.Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Прокурорын яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтэд тусгагдсанаар “2019 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр, ... тоотод иргэн Ч.Х-ыг алсан” гэх үйлдлийг дангаараа үйлдсэнийг “бүлэглэн үйлдсэн” гэж хууль зүйн дүгнэлт хийж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт орсон байдалтай ижил гэж шууд тодорхойлох нь үндэслэлгүй. Яллагдагч нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн, энэ гэмт хэргийг үйлдэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдлыг” тусган үйлдлийн арга, хэлбэр, сэдэлтийг өөрчлөн дүгнэснийг анхаарах шаардлагатай.

3.Нотолбол зохих байдлыг нотолж ирүүлээгүй гэх боловч яллагдагчдын өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлэг товлогдож, явагдсан. Өмгөөлөгч нараас мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу явагдсан гэж яригдсан ч чухам ямар үйл баримтыг ямар ажиллагаагаар нотолж тогтоох талаар нэг ч үндэслэл, санал гаргаагүй, улмаар шүүгчийн захирамжид ч мөн ямар ажиллагаа хийгдээгүй гэж дүгнэсэн нь тодорхойгүй, өмнө шүүхээс гарсан захирамж магадлалыг иш татаж байгаа нь ойлгомжгүй, улмаар нотолбол зохих ямар ажиллагааг хэрхэн биелүүлэх нь эргэлзээтэй байна.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр явагдсан байхад 2025/ШЗ/2886 дугаартай захирамжийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр прокурорт ирүүлж байгаа нь цаг хугацааны хувьд хууль ёсны байх нөхцөл алдагдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор үүргээ хэрэгжүүлэхдээ шаардлагатай оролцогч нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргаж, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлах аргаар шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөнөөс гадна хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн захирамжид заасан хэргийг прокурорт буцаах үндэслэл болсон нөхцөл байдал нь ойлгомжгүй, түүний дагуу хийж гүйцэтгэх мөрдөн шалгах ажиллагаа тодорхойгүй байх тул хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Н- тус шүүх хуралдаанд: “Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Бүдханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжтай санал нэг байна. Хэргийн материалтай танилцахад амь хохирогч тухайн үед байсан хоёр хэргийн холбогдогчийн хэний цохилтоос болж нас барсан болохыг хангалттай тогтоож чадаагүй. “Нэг  удаагийн цохилтоос болж үхэлд хүрсэн, бусад гэмтэл нь хөнгөн гэмтэл байна” гэж тогтоогдсон. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэн нь үхэлд хүргэх цохилт хийснийг тогтоогоогүй болох нь тодорхой болсон. Үүнийг шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй. Иймд хэргийг прокурорт буцаах нь үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

Яллагдагч П.Б-ын өмгөөлөгч М.Цэрэндэжид тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. Учир нь, өмнөх 2024 оны захирамж болон давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагааг бүрэн гүйцэт хийж ирүүлээгүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан. Хийсэн ажиллагаа нь яллагдагч П.Б-аас нэг мэдүүлэг авсан, мөн маршрут шалгасан ажиллагаа л хийгдсэн. Дахин хуульд заасан үндэслэлээр мэдүүлэг авахгүйгээр ялыг хүндрүүлэн зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь процесс ажиллагаа зөрчсөн. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Д.Г-ын өмгөөлөгч С.Батнасан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх яллагдагч Д.Г-, П.Б- нарт холбогдох хэргийг урьд нь хянан хэлэлцсэн. Уг шүүх хуралдаанд шаардлагатай шинжээч, гэрч нарыг оролцуулаад хэргийг тал бүрээс нь хянан хэлэлцээд нэг удаагийн хүчний үйлчлэлээр нас барсан гэж үзсэн. Мөн яллагдагч П.Б-, Д.Г- нар нь уг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Нотолбол зохих байдлууд буюу гэмт хэргийг хэн үйлдсэн талаар тогтоох ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан. Гэтэл прокуророос гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр дорвитой арга хэмжээ авалгүй эхлээд яллагдагч П.Б-ад холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон. Яллагдагч Д.Г-ын өмгөөлөгч нараас гомдол гаргаад эхлэхээр Д.Г-д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон. Гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр ажиллагаа хийгээгүй. Ингээд П.Б-ын өмгөөлөгч нараас мөн гомдол гаргаад ирэхээр хоёуланг нь дахин татсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг зайлшгүй биелүүлэх үүрэгтэй. Нотолбол зохих байдал буюу гэмт хэргийг хэн үйлдсэн болон сэдэлт зорилгыг хангалттай тогтоож чадаагүй. Прокуророос “шүүх ямар ажиллагаа хийхийг тодорхой заагаагүй” гэж байна. Гэмт хэргийг илрүүлэх, нотлох үүрэг нь мөрдөгч, прокурорт байгаа. Шүүх бүх ажиллагааг нэг бүрчлэн зааж, даалгах боломжгүй. Он, сар, өдрийг буруу бичсэн нь техникийн шинжтэй алдаа гэж үзэж байна. Миний бие ногоон автобусны гэх тодотголтой хэрэгт өмгөөлөгчөөр оролцож байснаас болж анхан шатны шүүх хуралдааныг 2 удаа хойшлуулсан. Яллагдагч нараас хамаарч шүүх хуралдаан хойшлогдоогүй. Иймд хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас П.Б-, Д.Г- нарыг бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр, ... тоотод Ч.Х-тай маргалдаж, улмаар түүнийг гараар цохих, өшиглөх зэргээр зодож алсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “...Хэргийг прокурорт буцааснаас хойш тус эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны туршилт болон Д.Гантулгыг яллагдагчаар татсан зэргээс өөр ямар нэгэн ажиллагаа нэмж хийлгүйгээр, өөрөөр хэлбэл, шүүгчийн захирамж болон магадлалд дурдсан ажиллагааг хийж гүйцэтгэлгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

Урьд яллагдагч П.Б-, Д.Г- нарт холбогдох хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 07 дугаар сарын 08, 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр тус тус хянан хэлэлцээд магадлал гаргаж байсан ба уг магадлалууд хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Тус магадлалуудаар “хэргийн талаар нотолбол зохих байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тухайлан заасан нөхцөл байдлуудыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосны эцэст яллагдагчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэх нь зүйтэй” гэсэн үндэслэлийг зааж, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус ажиллагааны зорилтыг “...гэмт хэргийг бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх...” гэж тодорхойлсон.

Дээрх зорилтын хүрээнд тус хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг хуульчилсан байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 668 дугаар, мөн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 817 дугаар магадлалуудад дурдагдсан хэрэгт нэмэлт ажиллагаа хийх асуудал нь хэргийн бодит байдлыг тогтооход чиглэгдсэн, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны мөрдөн шалгах, прокурорын хяналт тавих чиг үүргийн хүрээнд хамаарна.

Монгол Улсын эрүүгийн эрх зүйн тогтолцоонд эрүүгийн процесс нь мөрдөн байцаалтын (шүүхийн өмнөх үе), шүүн таслах ажиллагааны (шүүхийн шатны) гэсэн ялгаа зааг бүхий үе шаттай бөгөөд хэргийн бодит байдал нь бүрэн дүүрэн хийгдсэн мөрдөн байцаалт, прокурорын хяналтын үр дүнгээс шууд хамаардаг.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалаар шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагын улмаас тухайн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд мөрдөгч, прокурор захирамжид заасан ажиллагааг бүрэн дүүрэн хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд зайлшгүй шаардагдах нөхцөл байдлыг тогтоолгүйгээр хэргийг дахин шүүхэд шилжүүлсэн байх тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЗ/2886 дугаар захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Эрүүгийн шүүн таслах ажиллагаанд шүүх аливаа хэлбэрээр нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх арга замыг заах, ямар ажиллагаа явуулахыг даалгах зэрэг нь шүүхийн хараат бус, төвийг сахисан байх зарчимд харшлахаас гадна гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээдийн шударга шүүхээр шүүлгэх эрх зөрчигдөхөд хүрнэ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлэх, мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлэх үүрэгтэй болохыг дурдвал зохино.

Иймд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Дамбадаржаагийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЗ/2886 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Дамбадаржаагийн бичсэн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН