Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 318/ШШ2025/01027

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 318/ШШ2025/01027

Увс аймаг

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,

Нэхэмжлэгч: Ө.Цийн ,

Хариуцагч: Б.Бт холбогдох,

Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө 3 өрөө орон сууцнаас өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2024 оны 12 дугаар сарын 03-нд эхнэр Бээс шүүхээр албан ёсоор гэр бүл цуцлагдсан. Үүнээс хойш амьдрах газаргүй байгаа. Мөн 3 хүүхдийн тэтгэмж төлж байгаа болно. Миний бие одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй, тогтмол орлогогүй байгаа тул дундын эзэмшлийн үл хөдлөх хөрөнгөө хууль ёсны дагуу хувааж эзэмших хүсэлтэй байна. Энэхүү үл хөдлөх хөрөнгийг би анх өөрийн нэр дээр ипотекийн зээлээр 2017 онд авч байсан. Өнөөг хүртэл зээлийн төлөлтийг би өөрөө төлж байсан болно” гэжээ.

Нэхэмжлэгч Ө.Ц шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Ө овогтой Ц миний бие нь 2025 оны 9 дүгээр сард анхан шатны шүүхэд эд хөрөнгийн маргаанаар нэхэмжлэл өгсөн. Миний бие нь 77 м.кв орон сууцны маргаанаасаа түдгэлзэн, татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч Ө.Ц нь нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг бичгээр үйлдэн, гарын үсэг зурж баталгаажуулан 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд ирүүлжээ.

3. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгов.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Цийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд хэвээр үлдээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 35,100 төгрөг гаргуулж, Ө.Цид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Цийн, хариуцагч Б.Бт холбогдох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө 3 өрөө орон сууцнаас өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн нэхэмжлэгч Ө.Ц нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Цийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийн тал хувь болох 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд хэвээр үлдээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөг гаргуулж, Ө.Цид олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                                 Я.УРНАА