| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/00503/И |
| Дугаар | 318/ШШ2025/01020 |
| Огноо | 2025-11-19 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 318/ШШ2025/01020
| 2025 оны 11 сарын 19 өдөр | Дугаар 318/ШШ2025/01020 | Увс аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, шүүгч П.Болор, Л.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Эийн,
Хариуцагч: Х.Эд холбогдох,
Нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.Э,
Хариуцагч Х.Э,
Иргэдийн төлөөлөгч С.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2024 оны 8-р сарын 2-нд малчны хоршооны хөнгөлөлттэй 45,000,000 төгрөгийн зээлийг ГАЭС хоршоонд орж, Төрийн банкны Давст салбараас авсан. Гэхдээ зээл авахдаа 100% өөрийн гэр, хашаа, мал, нарны самбараа барьцаалж батлан даалтын сангаас 80% хөнгөлөлттэй нөхцөлөөр авсан байдаг юм. Гэвч ГАЭС хоршооны дарга Х.Э нь маш бүдүүлгээр худал ташаа мэдээлэл ах дүүдээ итгүүлснээр ах дүү, эгч, ээж нартай нийлж Эгийн байр барьцаалж зээл авсан мэтээр худал мэдээлэл олон нийтийн цахим сүлжээгээр тарааж, миний болон миний гэр бүлийн нэр хүндэд ноцтойгоор халдсанд маш их гомдолтой байна. Ганцхан өөрөө биш, гэр бүлийнхнээ доромжлуулсандаа би гомдолтой, сэтгэл санааны хохиролтой байна. Мөн Х.Э нь бусдыг турхирч, олон ах дүүгээрээ түрий барьж, цахим сүлжээнд хүн доромжилж байгаад гомдолтой учир шүүхэд хандаж байна. Хэрэгтэй гэж үзвэл Төрийн банкны төлөөллийг дуудаж хэний зээл юу юу барьцаалсан эсэхийг тодруулж өгнө үү. Би өөрийн хашаа, малыг барьцаалаад зээл авсан. Гэтэл хариуцагч ээжийнхээ хамт чамд ямар хөрөнгө байдаг юм бэ, миний хүүхдийн хөрөнгийг тавьсан биз дээ, тэр мөнгө та нарынх биш гэсэн. Би мал авах төсөл бичсэн байхад миний төсөл нэг мэдэхэд өөрчлөгдчихсөн байсан. Би миний төсөл яагаад өөрчлөгдсөн юм бэ гэсэн чинь зүгээр, зүгээр эгчийн дүү, дараа нь байр сав авахад амар, би 5 жилийн дотор та нарын мөнгийг өгчихнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ чинь болохгүй байна аа гэж хэлсэн чинь миний зээлийн мөнгийг хагасыг нь хийчхээд хагасыг нь өгөх ёсгүй гэснээс болж хэрүүл маргаан эхэлсэн. 2008 онд гэр бүл болсноос хойш би Төрийн банктай харилцаж байгаа. Зээл аваад эргэн төлөлтөө үргэлж хугацаанд нь хийдэг, хар дансанд орж байгаагүй. Миний худалдаж авсан гэх хашаа байшиндаа би нэг ч удаа очиж, орж байгаагүй, ядаж өвөл малын тэжээлээ хураах шаардлага гарсан ч хураалгадаггүй. Х.Э миний зээлийг миний өмнөөс авчихаад 5 жилийн дараа өгнө гэсэн. Худалдаж авсан гээд байгаа байраа би өөрөө харж үзээгүй. Намайг ах үү нарын групп чатад үгийн муухайгаар бичиж энэ муу яатуу манай бэр байх үндэслэлгүй, ална шүү, булна шүү гэж бичиж миний нэр төрд халдсан. Одоо уулзсан хүн бүр та нар тэр айлын байшин яагаад барьцаанд тавьчихсан юм бэ мөнгийг нь өгөөч гэж хэлж байгаа” гэв.
Хариуцагч Х.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Увс аймгийн Улаангом сумын иргэн Довдон овогтой Э нь намайг нэр төрд халдсан хэргээр шүүхэд хандсан байна. Би энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би Давст суманд "ГАЭС" хоршоо байгуулаад 12 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн 2024 онд Монгол Улсын Засгийн газраас "Шинэ хоршоо" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд манай хоршоо шаардлагаа хангасан тул хоршооны нэр дээр төсөл бичигдэж хоршооны гишүүд зээлэнд хамрагдсан. Манай хоршооны төсөл нь хоршооны гишүүд хамтарч хоршоогоо хөгжүүлэх, аж ахуйгаа өргөтгөх, шаардлага хангасан ажлын байртай болох, цаашлаад Увс аймгийн бренд бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл юм. Уг зээл нь журмын дагуу бол хувьдаа зарцуулагдах мөнгө биш хоршооны сүү цагаан идээ боловсруулах ажлын байр бий болгоход зарцуулагдахаар олгогдсон зээл юм. Өргөдөл гаргасан гишүүн Д.Э нь манай хоршооны гишүүн биш. Нөхөр Н нь "Шинэ хоршоо" хөтөлбөр хэрэгжихэд манай хоршоонд шинээр орсон юм. 2024 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Нын данс руу төслийн 45 сая төгрөг орсон өдрөөс Д.Э нь бүгдийг нь хувьдаа авах гэж хэл ам таталж эхэлсэн. Манай хоршооны зээл намар оройхон гарсан тул хоршооны гишүүдийн амьдралыг харж үзэж Нд 24,200,000 төгрөг өгөөд ирэх 2025 оны хавар төсөл хэрэгжиж эхлэхээр буцааж хоршоондоо өгөөд төслийн ажлаа хийхээр тохирсон. Гэтэл эхнэр Д.Э үлдэгдэл 20,800,000 төгрөгийг авна гэж над руу янз бүрийн чат бичиж, хэл амаар доромжилж эхэлсэн. Намайг доромжилж, миний нэр төрд халдаж, ах дүү нарын дунд хэл ам хийж байсан болохоор нь би 1 дүгээр сарын 28-ны өдөр уг зээл болох 45,000,000 төгрөгийн зээлийг 2 талаас нэг мөр хаагаад, миний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлж өгөхөөр тохиролцсон боловч Төрийн банкин дээр очоод надаар 15 сая төгрөгийг Нын данс руу хийлгэж аваад төслийн зээл хаах байтал банкнаас төлөхгүйгээр гараад зугатаачихсан. Ингээд энэ төсөл хэрэгжүүлэх 45,000,000 төгрөгөөс 39,200,000 төгрөг авчихсан. Зээлийн санхүүжилт нь хоршоологчдын дансанд орсон ч банк хувьдаа авч зарцуулах эрхгүй болгож барилт хийгээд тухайн төслийн дагуу худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэг хийгдэх журмын дагуу зээлийг гаргахын тулд өөрийн мөнгийг нь бүрэн төлөөд худалдаад авчихсан байсан боловч яг өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй байсан хашаа байшин болон газрын гэрчилгээгээ хоршооны гишүүн Н, О, О нарын нэр дээр худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлэн өгч зээл гарсан. Тухайн худалдан авах гэрээг хавсаргав. Тухайн газар, хашаа, байрыг би худалдаж авсан бөгөөд тухайн хүн рүү шилжүүлсэн мөнгөний баримтыг хуулгаар хавсаргав. 2025 оны 5 дугаар сард үлдэгдэл 5,800,000 төгрөгийг сарын 10%-ийн хүү тооцож 9278000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Шүүх 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Дугаар 318/1320225/01079 тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн Д.Э хоршоог төлөөлөх эрхгүй этгээд гэж үзсэн. Мөн шүүгч хоршоо хөгжүүлэх мөнгийг хувьд авч зарцуулж болохгүй эрүүгийн хэрэг гэж үзэхээр байна та нар сайн ойлголцох хэрэгтэй гэж зөвлөсөн боловч дахиад л ингээд яваад байна. 2025.02.12-нд УИХ-н дарга А Увс аймгийн хоршоологчдтой хийсэн уулзалтанд Д.Э нь босож микрофон барьж Давст сумын "ГАЭС" хоршооны дарга Э хоршооны нэр дээр гарсан зээлийг бидэнд өгөхгүй, хувьдаа ганцаараа авч идэж байна худал үгээр гүтгэж олон хүний өмнө ярьсан. Мөн Монгол Манк, аймгийн төрийн банк, сумын төрийн банкны удирдлага, сумын наториатруу удаа дараа утасдаж намайг хуурамч гарын үсэг зурсан, мөн манай нөхрийн нэр дээр гарсан төслийн зээлийг хувьдаа ашиглах гэхээр өгөхгүй байна гэж хоршооны зээлийн журмыг зөрчиж өнгөрсөн оны 9 сараас хойш сум, манай хоршооны болон миний нэр төрд удаа дараа халдаж байна. Төсөлд хамрагдсан хоршооны гишүүн бүр төсөл хэрэгжүүлэх хариуцлагын гэрээг хоршооны даргатай байгуулсан. Энэ гэрээ нь засгын газраас гаргасан гэрээ юм. Ийм гэрээтэй төслийн зээлийг хууль, журам зөрчиж хувьдаа авч зарцуулчихаад хэл ам хийгээд яваад байгаа. Тус зээл нь хувь хүний банкны зээл биш бичигдсэн төслийн дагуу зарцуулагдах зээл юм. Энэ мэтээр харин ч миний болон хоршооны нэр төр, үйл ажиллагаанд хохирол үзүүлж, нэр төрийг гутааж явж байна. Д.Эийн нөхөр Н бид 2 төрсөн ах дүүгийн хүүхдүүд юм. Би энэ хүний нэр төрд ерөөсөө халдаж хэл амаар доромжилсон удаа байхгүй. Д.Э нь намайг удаа дараа утасаар болон мессеж чатаар зальтан авгай гэж доромжилж байсан. Тухайн өдрийн чатанд бичсэнийг харахад миний эгч хамаатны чатанд "Зарим нэг ах дүү нар овоо юм гэж бодсон чин овоолсон баас байдаг юм байна" гэж бичэхэд доор нь Э өөр дээрээ тусган авч өөдөөс нь доромжилж хэрүүл хийж эхэлсэн байсан. Тухайн чатыг эргэж харахад ах дүүгийн хүүхдүүд мөнгөнөөс болж нэг нэгийгээ шүүхэд өгч аав ээж, ах дүүгийн болон миний дүүгийн нэр төрийг гутааж байна гэсэн агуулагтай байсан, түүнээс биш тийм ноцтойгоор доромжилсон юм байхгүй. Би болон миний эгч нар энэ хүний нэр төрд халдсан зүйл байхгүй. Ийм учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Facebook.com олон нийтийн сүлжээн дэх Төрөл садангууд групп чат, нэхэмжлэгчийн утсанд хадгалагдсан дууны бичлэгт үзлэг хийж, Увс аймгийн Давст сумын Төрийн банкны тооцооны төвийн эдийн засагч С.Батмөнхөөс гэрчийн мэдүүлэг авч, Төрийн банк ХК-с нэхэмжлэгч Д.Э, Х.Э нарын нэр дээр байгуулагдсан зээлийн хувийн хэргийг нотлох баримтаар бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч нь Д.Э нь хариуцагч Х.Эд холбогдох, нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
Миний бие Увс аймгийн Давст сум дахь Төрийн банкны салбараас 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хоршооны гишүүн малчин өрхийн зээл 45,000,000 төгрөг авсан. Ийнхүү зээл авахдаа 100% өөрийн гэр, хашаа, мал, нарны самбараа барьцаалж, батлан даалтын сангаас 80% хөнгөлөлттэй нөхцөлөөр авсан байдаг юм. Гэвч ГАЭС хоршооны дарга Х.Э нь маш бүдүүлгээр худал ташаа мэдээлэл ах дүүдээ итгүүлснээр ах дүү, эгч, ээж нартай нийлж Эгийн байр барьцаалж зээл авсан мэтээр худал мэдээлэл олон нийтийн цахим сүлжээгээр буюу Төрөл садангууд групп чатанд тарааж, намайг энэ муу манай бэр байх эрхгүй, ална шүү, булна шүү гэж бичиж миний нэр төрд халдсан. Одоо уулзсан хүн бүр та нар тэр айлын байшин яагаад барьцаанд тавьчихсан юм бэ мөнгийг нь өгөөч гэх зэргээр хэлжэ байна. Иймд миний болон миний гэр бүлийн нэр хүндэд ноцтойгоор халдсанд маш их гомдолтой байна гэв.
3. Хариуцагч Х.Э нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр татгалзаж байна.
2024 онд Монгол Улсын Засгийн газраас "Шинэ хоршоо" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд манай хоршоо шаардлага хангасан тул хоршооны нэр дээр төсөл бичигдэж, хоршооны гишүүд зээлд хамрагдсан. Манай хоршооны төсөл нь хоршооны гишүүд хамтарч хоршоогоо хөгжүүлэх, аж ахуйгаа өргөтгөх, шаардлага хангасан ажлын байртай болох, цаашлаад Увс аймгийн бренд бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл юм. Уг зээл нь журмын дагуу бол хувьдаа зарцуулагдах мөнгө биш хоршооны сүү цагаан идээ боловсруулах ажлын байр бий болгоход зарцуулагдахаар олгогдсон зээл юм. Нэхэмжлэгч Д.Э нь өөрөө ГЭАС хоршооны гишүүн биш, түүний нөхөр Ю.Н нь манай хоршооны гишүүн. Д.Эийн нөхөр Н бид 2 төрсөн ах дүүгийн хүүхдүүд юм. Би энэ хүний нэр төрд ерөөсөө халдаж хэл амаар доромжилсон удаа байхгүй. Д.Э нь намайг удаа дараа утсаар болон мессеж чатаар зальтан авгай гэж доромжилж байсан. Тухайн өдрийн чатанд бичсэнийг харахад миний эгч хамаатны чатанд "Зарим нэг ах дүү нар овоо юм гэж бодсон чин овоолсон баас байдаг юм байна" гэж бичэхэд доор нь Д.Э өөр дээрээ тусган авч өөдөөс нь доромжилж, хэрүүл хийж эхэлсэн байсан. Тухайн чатыг эргэж харахад ах дүүгийн хүүхдүүд мөнгөнөөс болж нэг нэгийгээ шүүхэд өгч аав, ээж, ах дүүгийн болон миний дүүгийн нэр төрийг гутааж байна гэсэн агуулагтай байсан. Түүнээс биш тийм ноцтойгоор доромжилсон юм байхгүй. Би болон миний эгч нар энэ хүний нэр төрд халдсан зүйл байхгүй. Ийм учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлээс үзвэл Facebook.com олон нийтийн сүлжээн дэх “Төрөл садангууд” нэртэй, 42 гишүүнтэй групп чатанд нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Х.Э нар гишүүнчлэлтэй бөгөөд нэхэмжлэгч Д.Эийн Enhee Eegii гэх хаягнаас, хариуцагч Х.Эгийн Х гэх хаягнаас тус тус чат буюу цахим зурвас илгээжээ.
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж заасан.
Үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлсэн цахим зурвасын агуулгаас үзвэл нэхэмжлэгч болон хариуцагч нарын хэн аль нь зохисгүй үг хэллэг ашиглан хэрүүл маргаан үүсгэсэн байх бөгөөд хариуцагч Х.Эгийн бичсэн цахим зурвас нь нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан шинжтэй гэж дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.
4.2. Түүнчлэн нэхэмжлэгч Д.Э нь “би Төрийн банкнаас 45,000,000 төгрөгийн зээл авахдаа өөрийн өмчлөлийн хөрөнгийг барьцаалсан. Хариуцагч Х.Э нь түүний өмчлөлийн хөрөнгийг барьцаалсан мэтээр төрөл садангууд гэх групп чатанд бичиж, олон нийтэд буруу ойлголт төрүүлж, миний нэр төрд халдсан” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан.
Хариуцагч талаас “...нэхэмжлэгч Д.Эийн нөхөр Ю.Н нь ГАЭС хоршоонд гишүүнээр элсэж, ГАЭС хоршооны сүү, махны чиглэлийн үхрийн аж ахуй эрхлэх, сүү цагаан идээний үйлдвэрлэл хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 45,000,000 төгрөгийн зээлийг авч, хамтран төслийг хэрэгжүүлэх зорилготой байсан. Төрийн банк нь зээлдэгч Ю.Н, хамтран зээлдэгч Х.Э нарийн нэр дээр гарсан зээлийг барилт хийж, зөвхөн зээлийн гэрээнд заасан зориулалтын дагуу буюу хоршооны сүүний цехийн байр худалдан авахад зарцуулах шаардлага тавьсан тул өөрийн худалдаж авсан байсан газар, үл хөдлөх хөрөнгийг Ю.Нын нэр дээр шилжүүлж, 45,000,000 төгрөгийг Төрийн банкнаас авсан. Нэхэмжлэгч Д.Э нь зээл гарснаас хойш мөнгө нэхсэн тул одоогийн байдлаар нийт 39,200,000 төгрөгийг Д.Эт өгсөн...” гэх тайлбар гаргасан.
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт “бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс бусдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол энэ хуулийн 21.2-т заасан журмаар няцаах үүрэг хүлээнэ” гэж заажээ.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Д.Э, Ю.Н нарын зээлийн хувийн хэргээс үзвэл нэхэмжлэгч Д.Эийн нөхөр Ю.Н нь ГАЭС хоршооны гишүүн бөгөөд 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 02 дугаартай “Сүү махны чиглэлийн үхрийн аж ахуй эрхлэх, сүү, цагаан идээний үйлдвэрлэл хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэх хариуцлагын гэрээг нэг талаас Ю.Н, нөгөө талаас ГАЭС хоршооны дарга Х.Э нар байгуулжээ.
Уг гэрээний 2.2.1 дэх хэсэгт зааснаар хоршооны гишүүн нь банкнаас зээл авах, тухайн зээлийн санхүүжилтийг хоршооны бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зарцуулах үүрэгтэй бол 2.1.3 дахь хэсэгт зааснаар хоршоо нь зээлийн санхүүжилтээр бий болсон хөрөнгийг зээлийн батлан даалтын санд барьцаалах үүргийг тус тус хүлээсэн буюу ГАЭС хоршоо нь нэхэмжлэгч Д.Э болон Ю.Н нарын Төрийн банкны зээлийн эх үүсвэрээр худалдан авсан сүүний цехийн байрыг Зээлийн батлан даалтын санд барьцаалах үүргийг хүлээсэн байна.
Улмаар ГАЭС хоршооны гишүүн Ю.Н, хамтран зээлдэгч Д.Э нар нь 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Төрийн банкны Увс Давст тооцооны төвтэй хоршооны гишүүн малчны зээлийн гэрээ байгуулж, 45,000,000 төгрөгийг жилийн 6 хувийн хүүтэй, сүү боловсруулах цехийн байр худалдан авах зориулалтаар авчээ.
Талууд 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн ** дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн 20 хувийг хангуулахаар 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр ** дугаартай барьцааны гэрээг байгуулж, нэхэмжлэгч Д.Эийн өмчлөлийн Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, шинэ үе гудамж, 2312 тоот хаягт байрлах 1,400 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Д.Э, Ю.Н нарын өмчлөлийн 52 толгой мал, 6 ханатай гэр, нарын самбар, аккумлятор зэрэг эд хөрөнгийг барьцаалжээ.
Мөн 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр нэг талаас Зээлийн батлан даалтын сан, нөгөө талаас Увс аймгийн Давст сум дахь Төрийн банкны тооцооны төвийн захирал С.Батмөнх, нэхэмжлэгч Д.Э, Ю.Н, ГАЭС хоршоог төлөөлж Х.Э нар ** дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн 80 хувийг хангуулахаар батлан даалтын гэрээг байгуулсан байна.
Нэгтгэн дүгнэвэл, ГАЭС хоршооны гишүүн Ю.Н нь хоршооны сүү, махны чиглэлийн үхрийн аж ахуй эрхлэх, сүү цагаан идээний үйлдвэрлэл хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай сүүний цехийн байр худалдан авах зориулалтаар Төрийн банк ХК-тай зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний 20 хувийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч Д.Эийн болон өөрийн өмчлөлийн үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан, зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг зориулалтын дагуу буюу сүүний цехийн байр худалдан авахаас бусдаар захиран зарцуулах боломжгүй тул зээлийг зориулалтын дагуу зарцуулсан мэт гадаад илэрхийлэл бий болгохын тулд хариуцагч ГАЭС хоршооны дарга Х.Э нь өөрийн урьд худалдан авсан байсан үл хөдлөх эд хөрөнгийг О.О, О.О, Ю.Н нарын нэр дээр шилжүүлэх замаар Төрийн банкны зээлийн эх үүсвэрээр бүрдүүлсэн 45,000,000 төгрөгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан, нэхэмжлэгч Д.Этэй үүсгэсэн маргааны улмаас 39,200,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч Х.Э Facebook.com олон нийтийн сүлжээн дэх Төрөл садангууд нэртэй групп чатанд өөрийн “Х” гэх хаягаас зээлийн гэрээ болон барьцаа хөрөнгийн талаар:
“Өчигдөр Давстад байдаг манай ангийн охин ирээд чи ямар шүүх болоод байна хүмүүс хүүндэж байна гэнэ гэхээр яс хавтайлаа... Аав, ах 2ын минь нэр гарах нь дээ гэж бодоод өөрсдийн группэд нэлээн нэрэвтээ бичсэн. Ёстой хэл амаар доромжилж чат мессежээр булна шүү. Тэр шүүхээс нь айсангүй. Бүх зүйл тохиролцсон хуулийн дагуу... Хэл амнаас нь айгаад аав, ахынхаа болон өөрийнхөө нэр төрөө бодоод өнөөдөр 20 сая төгрөгийн зээлээ хаачихлаа. Маргааш Намсрайн нэр дээр итгэмжилж шилжүүлээд барьцаалсан 2 давхар объектоо буцааж өөрийн нэр дээр шилжүүлгэж авна даа, Надад хотойх юм алга... Уг нь хэн хэндээ тустай хүү багатай гээл хөрөнгөө Намсрайн нэр дээр шилжүүлээд хамрагдаад хувааж авсан зээл” гэх,
“Чамд энэ зээл авахад гаргах хөрөнгө түй ч байгаагүй. Нэг хашааны гэрчилгээтэй тэр нь 5 саяын барьцаа хангаж бгаамдаа” гэх цахим зурвасыг тус тус бичжээ.
Хэрэгт авагдсан дээрх баримтын хүрээнд хариуцагч Х.Э нь зээлийн гэрээ, барьцааны гэрээтэй холбоотой бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс нэхэмжлэгч Д.Эийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж буруутгах үндэслэл хангалттай тогтоогдсонгүй.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
5. Иргэдийн төлөөлөгч С.Аы “Хариуцагчийг гэм буруугүй гэж үзэж байна” гэх дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн үндэслэл бүхий гэж дүгнэлээ.
6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Эийн, хариуцагч Х.Эд холбогдох, нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Эийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА
ШҮҮГЧ П.БОЛОР
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ