| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2503000940317 |
| Дугаар | 2025/ДШМ/804 |
| Огноо | 2025-07-01 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2025/ДШМ/804
Э.Т-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Нандин-Эрдэнэ,
шүүгдэгч Э.Т-, түүний өмгөөлөгч Г.Батболд, Ц.Гансүх,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/1412 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батболдын гаргасан давж заалдах гомдлоор Э.Т-т холбогдох 2503000940317 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овгийн Э-гийн Т, 1986 онд Ховд аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютер дизайн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...);
Э.Т- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Янмал үйлдвэрийн зүүн талын замд “Toyota Corolla Fielder” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газар: Э.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Э.Т-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс 3 жил хүртэл хугацаагаар хасаж, 2,700-14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл мөн хугацаагаар хорих ял шийтгэнэ”,
мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан.
Э.Т-ийн хувьд, гэмт хэргийн зүйлчлэлийн хувьд анхнаасаа маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, цэцэрлэг болон сургуулийн насны 3 хүүхэдтэй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эрхэлсэн тодорхой ажилтай гэх мэт эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэн үзэх нөхцөл байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасан нөхцөл шаардлагыг хангаж байгаа болно.
Эдгээрийг харгалзан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж., Э.Т-т оногдуулсан 1 жилийн хорих ялыг багасгах, эсхүл хорихоос өөр төрлийн ял оногдуулахаас аль тохирохыг хэрэглэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нь 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 1 сар 5 хоног цагдан хоригдсон. Тодорхой хэмжээний шийтгэлээ хүртсэн гэж бодож байх тул давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.
Шүүгдэгч Э.Т- тус шүүх хуралдаанд: “Хэлэх тайлбар байхгүй.” гэв.
Прокурор Г.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд тусгайлан хэлэх зүйлгүй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Э.Т-т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:
-иргэний нэхэмжлэгч Т.О-ын: “...Ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй өөрийн эзэмшлийн “Toyota Prius-41” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байхад урдаас хойш чиглэлтэй “Toyota Corolla” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөж, зам тээврийн осол гаргасан. Тухайн үед миний машиныг мөргөсөн жолоочтой тохиролцон 600,000 төгрөгийг Хаан банкны дансаар хүлээж авсан. Би гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” (хх 13),
-Э.Т-ийн яллагдагчаар өгсөн: “...Найзтайгаа “экс” нэртэй 500 грамм цагаан архи хувааж уусан. Тэгээд 13 цагийн үед ажлаас гараад өөрийн эзэмшлийн “Toyota Corolla” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Янмал оймсны үйлдвэрийн урд уулзвар дээр явж байгаад тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Жолоочтой нь ярилцаад “би тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байгаа, хоёулаа хоорондоо тохиролцоод салъя” гэж хэлсэн ба нөгөө жолооч “би даатгалаа дуудна” гээд байж байхад зам дээр явж байсан цагдаа ирсэн. Би согтуурал шалгах багаж үлээхэд 3.73 хувьтай гарсан...” (хх 52) гэх мэдүүлгүүд,
-шүүгдэгч Э.Т-ийн жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх 16),
-жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан талаарх тэмдэглэл, Э.Т- нь 3.73 хувийн согтолттой байсан талаарх драйгер багажийн үр дүнг илтгэсэн хэвлэмэл хуудас (хх 3-4, 5),
-зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх 6-9),
-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ЗШ/1716 дугаар шийтгэврийн хуулбар (хх 42-44),
-АСАП сангийн лавлагаа (хх 24-29) зэргийг харьцуулан шинжлэн судлахад:
шүүгдэгч Э.Т- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Янмал үйлдвэрийн зүүн талын замд “Toyota Corolla Fielder” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодсон гэмт хэргийн үйл баримт нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батболдоос “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.
Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас зөрчлийн арга хэмжээ авахуулж, жолоодох эрхээ хасуулсан байх үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох нь бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой аюул заналхийлэхээс гадна хэн нэгний амьд явах эрхийг зөрчих хүртэлх хэмжээний хор уршиг ихтэй хууль бус үйлдэл юм.
Хууль тогтоогчоос дээрх нийгмийн аюулыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг гэмт хэрэгт тооцож, Эрүүгийн хуулиар ял шийтгэл оногдуулахаар зохицуулсан.
Шүүгдэгч Э.Т- нь урьд 2.51 хувийн согтолттойгоор тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 1716 дугаар шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан байтал дахин 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр согтолтын зэрэг 3.73 хувь байхад автомашин жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон байна.
Тэрээр өмнөх хууль бус, нийгэмд аюул заналхийлж буй үйлдэлдээ дүгнэлт хийж ухамсарлаагүй, дахин энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил гаргахгүй байхаар хүмүүжил олоогүй байх ба түүний 3.73 хувь буюу өндөр зэргийн согтолттойгоор (урьд зөрчлийн арга хэмжээ авагдахдаа 2.51 хувь байсан) тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлд оногдуулсан 1 жилийн хорих ял нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчим, үйлдсэн гэмт хэргийн шинжид бүрэн нийцсэн байна.
Хэдийгээр шүүгдэгч Э.Т- нь гэм буруу дээр маргаагүй, бусдад төлөх төлбөргүй, эрхэлсэн тодорхой ажилтай, бага насны 2 хүүхэдтэй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх хэдий ч эдгээр нь шүүгдэгч өөрийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэлийг биеэр эдлэхэд саад болохгүйн зэрэгцээ түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
Түүнчлэн Э.Т- нь урьд олон удаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдсэн болох нь хэрэгт авагдсан АСАП сангийн лавлагаагаар нотлогдох ба уг хууль бус үйлдэлдээ дүгнэлт хийлгүй, давтан зөрчил гаргасаар байсан түүний хувийн байдал нь оногдуулсан ялыг хөнгөрүүлэх эсэхэд харгалзах нэг нөхцөлд хамаарсан болно.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн “Б-ийн Э нь ... АТ 2 дугаар зэргийн эрсдэл өндөр өвчний оноштой нь үнэн болно” гэсэн комиссын шийдвэр гаргаж өгсөн боловч тухайн хүнд байнгын асаргаа сувилгаа шаардлагатай эсэх, хэрэв шаардлагатай бол хэний асаргаанд байдаг зэргийг нотолсон баримт байхгүй тул дүгнэлт хийх боломжгүй байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхээс Э.Т-т оногдуулсан 1 жилийн хорих ялыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Т- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2025 оны 05 дугаар сарын сарын 26-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 36 хоног цагдан хоригдсон байгааг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/1412 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-ийн цагдан хоригдсон нийт 36 (гучин зургаа) хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН