Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 318/ШШ2025/01035

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 318/ШШ2025/01035

Увс аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Н.Мын,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Н.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие Улаангом сумын 2 дугаар арван жилд 1975 онд 1 дүгээр ангид ороод 1983 онд 8 дугаар анги төгсөөд 1985 оноос 1988 оны хооронд 3 жилийн цэргийн алба хаасан. 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Нийтийн ахуй үйлчилгээнд жижүүрээр ажилд орж, 1990 оны 12 дугаар сарыг дуустал ажилласан. 1988-1990 оны халагдсан тушаал архиваас олдоогүй. Одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэвэрийн бичиг баримт бүрдүүлэхэд 1988.09.25-ны өдрөөс 1990 оныг дуустал ажилласан жилээ тогтоолгохын тулд шүүхэд хандаж байна. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан С.Нг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.

Хүсэлт гаргагчаас түүний иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт, Н.Мын иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 250 дугаартай зөвлөмжийн хуудас, Увс аймгийн архивын хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 168 дугаартай тодорхойлолт, Н.Мын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч С.Нгийн иргэний үнэмлэхийн хуулбар, түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 712 дугаартай шийдвэрийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хүсэлт гаргагч Н.Мын хүсэлтээр С.Нгаас гэрчийн мэдүүлэг авав.

Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Н.Мын ХААТР-1 маягтыг нотлох баримтаар бүрдүүлэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Н.Мын хүсэлтийг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

2. Хүсэлт гаргагч Н.М нь шүүхэд хандаж 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оныг дуустал Увс аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах

 газарт жижүүрээр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Иймд хүсэлт гаргагч Н.Мын хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.

3. Хүсэлт гаргагч Н.М нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

Н.М нь 1966 онд төрсөн. 1975 онд 1 дүгээр ангид элсэн суралцаж, 1983 онд 8 дугаар анги төгссөн. 1985-1988 онд цэргийн алба хааж ирээд Увс аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний газарт жижүүрээр ажилд орж, 1990 оныг дуустал хугацаанд ажилласан.

            Өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч, холбогдох баримтыг бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй байгаа тул шүүхийн журмаар ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтэй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Увс аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 168 дугаартай тодорхойлолтоор Увс аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын 1989-1990 оны тушаал, 1988-1990 оны цалингийн баримт тус архивт шилжиж ирээгүй тул Надмидын Мтай холбогдох баримтыг шүүн үзэх боломжгүй гэжээ.

Хэдийгээр хүсэлт гаргагч Н.Мыг ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаалын баримт, 1988-1990 оны хооронд Увс аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газарт ажиллаж байсныг нотлох цалингийн баримт Увс аймгийн Архивын хэлтсийн сан хөмрөгт хадгалагдаагүй боловч хэрэгт авагдсан хүсэлт гаргагч Н.Мын хөдөлмөрийн дэвтэр, ХААТР-1 маягт, гэрч С.Нгийн мэдүүлэгт үндэслэн түүний  ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох үндэслэлтэй байна.

Тодруулбал, хүсэлт гаргагч Н.Маас түүний 296238 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд тухайн хөдөлмөрийн дэвтэрт “1985 оны 6 дугаар сарын 20-ны өдөр өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан, 581736 дугаартай цэргийн батлахыг үндэслэн бичив”, “НААААҮУГазрын даргын 1988 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 168 тоот тушаалаар 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Увс аймгийн НАААҮУГазар дежураар авч ажиллуулав”, “НАААҮУГазрын даргын 1990 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн тушаалаар Ажлын байргүй болсон тул 1990 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлж, ХНХГ-т шилжүүлэв” гэх бичилт тус тус хийгджээ.

Хүсэлт гаргагч Н.Мын хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн тушаалын баримтууд Увс аймгийн Архивын хэлтсийн сан хөмрөгт хадгалагдаагүй боловч тухайн хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг байгууллагын тамга дарж баталгаажуулсан, засваргүй байх бөгөөд хэрэгт авагдсан Н.Мын ХААТР-1 маягт, гэрч С.Нгийн мэдүүлгээр давхар нотлогдож байх тул хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Мөн шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар бүрдүүлсэн Н.Мын ХААТР-1 маягтад түүнийг 1988 онд Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний хэлтэст ажилд орсон, дежур ажилтай гэж бүртгэжээ.

Гэрч С.Н хүсэлт гаргагч Н.Мын ажиллаж байсан байдлын талаар “Н.М нь Нийтийн ахуй үйлчилгээний комбинатад 1988 оноос үүдний жижүүр хийдэг байсан. Ажилд орохоосоо өмнө цэргийн алба хаасан байх. Би сайн мэдэхгүй байна. Тэгээд 1991 оныг хүртэл буюу үйлдвэр тарах хүртэл жижүүр хийж байсан” гэж мэдүүлжээ.

Гэрч С.Н нь хүсэлт гаргагч Н.Мын шүүхээр сэргээн тогтоолгохыг хүссэн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болсон цаг хугацаанд буюу 1988-1992 оны хооронд Увс аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний газарт ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 712 дугаартай шийдвэрээр тогтоогдож байна.

5. Иймд хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа дээрх үйл баримтад үндэслэн хүсэлт гаргагч Н.Мын 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газарт жижүүрээр ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

6. Хүсэлт гаргагч Н.Мын хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг баримтлан Ач буян овогт Надмидын Мын 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газарт жижүүрээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Н.Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Я.УРНАА