| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/01102/И |
| Дугаар | 318/ШШ2025/01034 |
| Огноо | 2025-11-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 318/ШШ2025/01034
| 2025 оны 11 сарын 20 өдөр | Дугаар 318/ШШ2025/01034 | Увс аймаг |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ц.Б
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Ц.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие Ций Б 1962 оны 02 дугаар сарын 03-нд төрсөн юм. Одоо 63 настай. Би цэргээс халагдаж ирээд 1983 оны 07 сараас 1991 оныг дуустал Малчин нэгдэлд мал маллаж туувар тууж ирсэн юм. Ингээд 2020 онд гэр шатаж миний бичиг баримт бүгд шатсан юм. Одоо би өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхээр бичиг баримт шатсан учраас архивын материал шүүлгэхэд туувар тууж байсан цалингийн материал гарсан. Иймд энэ баримтыг үндэслэж 1988 оны 07 сараас 1991 оныг дуустал Малчин нэгдэлд малчнаар ажилласан жилийг минь тогтоож өгнө үү” гэжээ.
Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт, Ц.Б иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 261 дугаартай зөвлөмжийн хуудас, Увс аймгийн архивын хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181 дугаартай тодорхойлолт, Батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Увс аймгийн архивын хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 131 дугаартай цалингийн тодорхойлолт, хавсралт, Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1984 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаартай тодорхойлолт, хавсралтын хамт, Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1988 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 51 дугаартай тогтоол, тус зөвлөлийн 1988 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 70 дугаартай тогтоол, гэрч Х.Бгийн иргэний үнэмлэхийн хуулбар, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Д.Хгийн иргэний үнэмлэхийн хуулбар, түүний ХАА нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хүсэлт гаргагч Ц.Б хүсэлтээр Д.Х, Х.Б нараас гэрчийн мэдүүлэг авав.
Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ц.Б ХААТР-1 маягт, Хаягийн хуудас №7 баримтыг нотлох баримтаар бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Ц.Б хүсэлтийг бүхэлд нь хангах үндэслэлтэй.
2. Хүсэлт гаргагч Ц.Б нь шүүхэд хандаж 1983 оны 07 сараас 1991 оныг дуустал Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Иймд хүсэлт гаргагч Ц.Б хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.
3. Хүсэлт гаргагч Ц.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
Ц.Б миний бие нь 1963 онд төрсөн. 1983 онд цэргийн алба хааж ирээд Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдэлд тасралтгүй тууварчнаар ажилласан. 2000 онд гэр шатахад миний бичиг баримтууд бүгд шатсан.
Өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч, холбогдох баримтыг бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох цалингийн баримтаас өөр баримт байхгүй тул шүүхийн журмаар ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтэй гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Ц.Б нь Батлан хамгаалахын сайдын 1980 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн н/162 дугаар тушаалаар Увс аймгаас цэргийн албанд татагдаж, 1983 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 414311 дугаарын цэргийн батлахтай халагдсан болох нь хэрэгт авагдсан Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаагаар тогтоогдож байна.
4.2. Увс аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 131 дугаартай цалингийн тодорхойлолтоор Ц.Бд холбогдох 1984 оны 9, 1985 оны 5, 1986 оны 6,10, 1988 оны 11, 1989 оны 6,1990 оны 6,7,9,12, 1991 оны 5,12 дугаар сарын цалингийн баримтыг түүвэрлэн ирүүлжээ.
Энэхүү цалингийн баримтаар хүсэлт гаргагч Ц.Б нь дээрх цаг хугацаанд Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдэлд тууварчнаар ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.
Түүнчлэн, Увс аймгийн Архивын хэлтсээс хүсэлт гаргагч Ц.Бд холбогдох Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1984 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаартай тодорхойлолт, хавсралтын хамт, Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1988 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 51 дугаартай тогтоол, тус зөвлөлийн 1988 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 70 дугаартай тогтоол зэрэг тушаалын баримтыг түүвэрлэн олгосон байх бөгөөд дээрх тушаалын баримтууд нь хүсэлт гаргагч Ц.Б 1984-1989 оны хооронд Увс аймгийн Малчин нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг нотолж байна.
Мөн шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар бүрдүүлсэн Ц.Б ХААТР-1 маягтад түүнийг 1980 онд Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдэлд ажилд орсон, 1987 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр бүртгэсэн Хаягийн хуудас №7 баримтад түүнийг Увс аймгийн Малчин суманд тууварчин ажилтай гэж бүртгэжээ.
Гэрч Д.Х, Х.Б нар хүсэлт гаргагч Ц.Б ажиллаж байсан байдлын талаар “Ц.Б нь 1980-1983 онд цэргийн алба хааж ирээд Малчин нэгдэл тарах хүртэл мал маллаж, туувар тууж байсан” гэж мэдүүлжээ.
Гэрч нар нь хүсэлт гаргагч Ц.Б шүүхээр сэргээн тогтоолгохыг хүссэн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болсон цаг хугацаанд буюу 1980-1992 оны хооронд Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдэлд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан гэрч нарын хөдөлмөрийн дэвтрээр тогтоогдож байна.
5. Иймд хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа дээрх үйл баримтад үндэслэн хүсэлт гаргагч Ц.Б 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
6. Хүсэлт гаргагч Ц.Б хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг баримтлан Тайж овогт Ций Б 1983 оны7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ц.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА