| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/01100/И |
| Дугаар | 318/ШШ2025/01084 |
| Огноо | 2025-11-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 318/ШШ2025/01084
| 2025 оны 11 сарын 28 өдөр | Дугаар 318/ШШ2025/01084 | Увс аймаг |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Д.Тийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Д.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Т шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1961 онд төрсөн. 64 настай. Би 1985-1988 онд цэргийн албанаас халагдаж ирээд 1988 оны 09-р сараас хотын худалдаа трестэд, 1989-1991 оны 02 сар хүртэл усны аж ахуй болон барилга угсралтын трестэд, 1991 оны 02 сарын 01-нд өрөм цооног цомхотголоос ажлаас чөлөөлөгдөж Увс Улаангом сумын Хот тохижуулах газрын даргын 1991 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 07 дугаар тушаалаар уг газарт мужаанаар ажилд ороод 1994 оны 12-р сарын 29-ны өдөр өөрийн хүсэлтээр хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Одоо тэтгэвэрт гарах нас болж бичиг баримт бүрдүүлэхэд хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч Улаангом сумын Хот тохижилтын газарт ажилд орсон, гарсан тушаал олдохгүй тул нийгмийн даатгалын хэлтсээс шүүхэд хандах шаардлагатай гэх зөвлөмжийг надад өгсөн. Иймд миний 1988-1994 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг дуустал ажилласан жилүүдийг тогтоож өгөхийг хүсэж байна. 1989.03.15-1990.05 сар хүртэл усны аж ахуйд Б.Ттай хамт ажиллаж байсан, 1990.05.18-1991.02 сар хүртэл барилга угсралтын трестэд Х.Бтэй хамт ажиллаж байсан. 1991-1994 онд хот тохижуулах газарт Д.Д, А.Ч нартай хамт ажиллаж байсан тул гэрчээр асууж өгнө үү” гэжээ.
Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын зөвлөмжийн хуудас, Увс аймгийн архивын хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 178 дугаартай тодорхойлолт, Улаангомын Худалдааны трестийн даргын 1988 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 204 тоот тушаал, Улаангом хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ажилд шилжүүлэх тухай 1990 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн мэдэгдэл, Усны аж ахуйн Барилга угсралтын трестийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 163 дугаартай тушаал, хавсралт, Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт Барилга трестийн даргын 1991 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 57 дугаартай тушаал, Д.Тийн иргэний үнэмлэхийн хуулбар, Д.Тийн 296670 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 08/230 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, гэрч Б.Тгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 76 дугаартай шийдвэр, гэрч Х.Бгийн иргэний үнэмлэхийн хуулбар, түүний 007603 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, А.Ч, Д.Дын нарын иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд,нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хүсэлт гаргагч Д.Тийн хүсэлтээр Д.Д, А.Ч, Х.Б, Б.Т нараас гэрчийн мэдүүлэг авав.
Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.Тийн ХААТР-1 маягт, Тийн Э, Тийн Б, Тийн Э нарын төрснийг бүртгэх анкетыг нотлох баримтаар бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.Тийн хүсэлтийг бүхэлд нь хангах үндэслэлтэй.
2. Хүсэлт гаргагч Д.Т нь шүүхэд хандаж 1988-1994 оны хооронд Увс аймгийн Улаангомын хотын худалдаа бэлтгэл трест, Усны аж ахуйн барилга угсралтын трест, Барилга угсралтын трест болон Улаангом хотын Хот тохижуулах газарт ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Иймд хүсэлт гаргагч Д.Тийн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.
3. Хүсэлт гаргагч Д.Т нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
Д.Т нь 1964 онд төрсөн. 1985-1988 онд цэргийн алба хааж ирээд 1988-1994 оны хооронд Увс аймгийн Улаангомын хотын худалдаа бэлтгэл трест, Усны аж ахуйн барилга угсралтын трест, Барилга угсралтын трест болон Улаангом хотын Хот тохижуулах газарт ажиллаж байсан.
Өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч, холбогдох баримтыг бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй байгаа тул шүүхийн журмаар ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтэй гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хүсэлт гаргагч Д.Төөс нотлох баримтаар гаргаж өгсөн 296670 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт
- “худалдааны трестийн даргын 1988 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 204 тоот тушаалаар 1988 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс махны зооринд ачигчаар томилоэ ажиллуулав,
- Улаангом хотын худалдааны трестийн даргын 1989 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 53 тоот тушаалаар гэрээт хугацаа дууссан тул 1989 оны 3 дугаар сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлж Увс аймгийн ХНХХ-ийн хэлтэст шилжүүлэв,
- Усны аж ахуйн барилга угсралтын трестийн даргын 1989 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 46 дугаар тушаалаар 1989 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Полегон цехэд нормчноор авч ажиллуулав,
- Усны аж ахуйн барилга угсралтын трестийн даргын 1990 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 61 дүгээр тушаалаар өөр газар шилжих болсон 1990 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ажлаас чөлөөлөв,
- Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1990 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 251 тоот тушаалаар мужааны бригадад мужаанаар авч ажиллуулав,
- Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1991 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 57 тоот тушалааар 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс орон тооны цомхотголд орсон тул мужааны үүрэгт ажлаас чөлөөлөв,
- Хот тохижуулах газрын даргын 1991 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 07 тоот тушаалаар 1991 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс Хот тохижуулах газар мужаанаар авч ажиллуулав,
- Хот тохижуулах газрын даргын 1994 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 30 тоот тушаалаар 1994 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс Хот тохижуулах газрын мужааны ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөв гэх бичилтүүд хийж, холбогдох байгууллагын тамга дарж баталгаажуулсан байна.
Хэдийгээр хүсэлт гаргагч Д.Тийн хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн түүний хөдөлмөрийн харилцааг зохицуулсан зарим тушаалын баримт Увс аймгийн Архивын хэлтсийн сан хөмрөгт хадгалагдаагүй боловч уг хөдөлмөрийн дэвтэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хүсэлт гаргагч Д.Тийн ажиллаж байсан байдлыг сэргээн тогтооход ач холбогдол бүхий мэдээллийг агуулсан байх тул хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудтай тал бүрээс нь харьцуулан шинжлэн судлаад хэрэгт хамааралтай бөгөөд нотолгооны ач холбогдолтой талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4.2. Увс аймгийн Архивын хэлтсийн хуулбар үнэн тэмдгээр баталгаажсан Улаангом хотын худалдааны трестийн даргын 1988 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 178 дугаартай тушаалаар Д.Тийг 9 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн 4 дүгээр дэлгүүрт грушикээр буюу туслах ажилтнаар, 1988 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 204 дугаартай тушаалаар Д.Тийг 9 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн грушикаар буюу туслах ажилтнаар ажиллуулахаар тус тус шийдвэрлэжээ.
Хүсэлт гаргагч Д.Тийг Улаангом хотын худалдааны трестийн грушикийн ажлаас чөлөөлсөн тушаалын баримт авагдаагүй боловч түүний хөдөлмөрийн дэвтэрт үндэслэн хүсэлт гаргагч Д.Тийг 1988 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Увс аймгийн Улаангом хотын Худалдааны трестэд туслах ажилтнаар ажиллаж байсан гэж дүгнэлээ.
4.3. Хүсэлт гаргагч Д.Тийн хөдөлмөрийн дэвтэрт “Усны аж ахуйн барилга угсралтын трестийн даргын 1989 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 46 дугаар тушаалаар 1989 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Полегон цехэд нормчноор авч ажиллуулав”, “Усны аж ахуйн барилга угсралтын трестийн даргын 1990 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 61 дүгээр тушаалаар өөр газар шилжих болсон 1990 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ажлаас чөлөөлөв” гэх бичилтүүд хийгдсэн байх бөгөөд дээрх бичилтүүд нь хэрэгт авагдсан Д.Тийн ХААТР-15 маягт, Усны аж ахуйн барилга угсралтын трестийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 163 дугаартай тушаал, Тийн Бийн төрснийг бүртгэх анкет, гэрч Б.Тгийн мэдүүлэг зэрэг баримтуудаар давхар нотлогдож байна.
Тодруулбал, 1989 оны 8 дугаар сарын 14-ний өдөр бүртгэсэн Д.Тийн гэрлэснийг бүртгэх анкетад түүнийг Усны аж ахуйн барилга угсралтын трестэд нормчин ажилтай гэж бүртгэсэн бол 1990 оны 3 дугаар сарын 13-ны өдөр бүртгэсэн Тийн Бийн төрснийг бүртгэх анкетад Д.Тийг Усны аж ахуйн барилга угсралтын трестэд нормчин ажилтай гэж бүртгэжээ.
Хэдийгээр Усны аж ахуйн барилга угсралтын трестийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 163 дугаартай тушаалаар хүсэлт гаргагч Д.Тийг 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсөн байх боловч 1990 оны 3 дугаар сарын 13-ны өдөр бүртгэсэн Тийн Бийн төрснийг бүртгэх анкетад Д.Тийг Усны аж ахуйн барилга угсралтын трестэд нормчин ажилтай гэж бүртгэсэн байна.
Иймд уг баримтад үндэслэн хүсэлт гаргагч Д.Тийг 1989 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Усны аж ахуйн барилга угсралтын трестэд нормчноор ажиллаж байсан гэж дүгнэлээ.
Түүнчлэн, гэрч Б.Т “...Д.Т нь намайг полегон цехэд ажиллаж байхад 1989 онд ажх ажилд орж, бид барилга дээр хамт ажилладаг байсан. 1990 онд би хүүхэд төрүүлээд чөлөөтэй байх үед ажиллаад үлдсэн...” гэж мэдүүлжээ.
Гэрч Б.Тг 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын трестийн полегон цехэд ажиллаж байсан болохыг Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 76 дугаартай шийдвэрээр тогтоосон байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4.4. Хүсэлт гаргагч Д.Тийн хөдөлмөрийн дэвтэрт “Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1990 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 251 тоот тушаалаар мужааны бригадад мужаанаар авч ажиллуулав”, “Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1991 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 57 тоот тушалааар 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс орон тооны цомхотголд орсон тул мужааны үүрэгт ажлаас чөлөөлөв” гэх бичилтүүд хийгдсэн бөгөөд дээрх бичилтүүд нь хэрэгт авагдсан Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт Барилга трестийн даргын 1991 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 57 дугаартай тушаал, гэрч Х.Б нарын мэдүүлгээр давхар нотлогдож байна.
Тодруулбал, Увс аймгийн Архивын хэлтсийн сан хөмрөгт хүсэлт гаргагч Д.Тийг 1990 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Барилга угсралтын трестэд мужаанаар томилсон тушаалын баримт хадгалагдаагүй боловч гэрч Х.Бгийн “...Д.Т нь 1989 онд барилга угсралтын трестэд мужааны бригадад анх мужаанаар ажилд орсон. Тэгээд 1991 он хүртэл ажиллаж байгаад цомхотголоор ажлаасаа гарсан” гэх мэдүүлэг,
Хүсэлт гаргагч Д.Тийг 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс тасалбар болгон мужааны ажлаас чөлөөлсөн Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт Барилга трестийн даргын 1991 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 57 дугаартай тушаалд үндэслэн хүсэлт гаргагч Д.Тийн 1990 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестэд мужаанаар ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
4.5. Хүсэлт гаргагч Д.Тийн хөдөлмөрийн дэвтэрт “Хот тохижуулах газрын даргын 1991 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 07 тоот тушаалаар 1991 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс Хот тохижуулах газар мужаанаар авч ажиллуулав”, “Хот тохижуулах газрын даргын 1994 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 30 тоот тушаалаар 1994 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс Хот тохижуулах газрын мужааны ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөв” гэх бичилтүүд хийгджээ.
Хэдийгээр хүсэлт гаргагч Д.Т нь 1991-1994 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Улаангом хотын Хот тохижуулах газарт мужаанаар ажиллаж байсныг нотлох тушаалын болон цалингийн баримт хэрэгт авагдаагүй боловч гэрч А.Ч, Д.Д нарын мэдүүлэгт үндэслэн хүсэлт гаргагч Д.Тийн ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох боломжтой байна.
Тодруулбал, Гэрч А.Ч “...Д.Т нь 1991 онд хот тохижуулах газарт хөрөө рам дээр анх ажилд орсон. Тэгээд 1994 он хүртэл хөрөө рам дээр ажиллаж байсан. Бага залуу л ажилладаг байсан. Надад өөр мэдэх зүйл алга байна” гэж мэдүүлсэн бөгөөд гэрч А.Ч нь 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны байдлаар Увс аймгийн Улаангом хотын тохижуулах газарт ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан гэрч А.Чы хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Гэрч Д.Д нь 1993 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Хот тохижуулах газарт цахилгаанчнаар ажилд орж, 2011 он хүртэл ажилласан болох нь хэрэгт авагдсан түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.
Хэдийгээр гэрч Д.Дын мэдүүлэг нь хүсэлт гаргагч Д.Т 1991 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Увс аймгийн Улаангом хотын Хот тохижуулах газарт мужаанаар ажиллаж эхэлсэн эсэх үйл баримтыг сэргээн тогтооход нотолгооны ач холбогдолгүй боловч хүсэлт гаргагч Д.Т нь тухайн байгууллагад 1994 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ажилласан эсэхийг сэргээн тогтооход нотолгооны ач холбогдолтой байна.
Иймд гэрч нарын мэдүүлэгт үндэслэн хүсэлт гаргагч Д.Тийг 1991 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 1994 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Улаангом хотын Хот тохижуулах газарт мужаанаар ажиллаж байсан гэж дүгнэлээ.
5. Иймд хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа дээрх үйл баримтад үндэслэн хүсэлт гаргагч Д.Тийн 1988 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Увс аймгийн Улаангом хотын Худалдаа трестэд туслах ажилтнаар, 1989 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Усны аж ахуйн барилга угсралтын трестэд нормчноор, 1990 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестэд мужаанаар, 1991 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 1994 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Улаангом хотын Хот тохижуулах газарт мужаанаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож шийдвэрлэлээ.
6. Хүсэлт гаргагч Д.Тийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг баримтлан Суян овогт овогт Дашийн Тийн 1988 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Увс аймгийн Улаангом хотын Худалдаа трестэд туслах ажилтнаар, 1989 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Усны аж ахуйн барилга угсралтын трестэд нормчноор, 1990 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестэд мужаанаар, 1991 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 1994 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Улаангом хотын Хот тохижуулах газарт мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Тийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА