| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2023/00598/И |
| Дугаар | 318/ШШ2025/01070 |
| Огноо | 2025-11-27 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 318/ШШ2025/01070
| 2025 оны 11 сарын 27 өдөр | Дугаар 318/ШШ2025/01070 |
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О.Дийн,
Увс аймаг, Ш.Эд холбогдох,
Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч О.Д, түүний өмгөөлөгч Б.Б,
Хариуцагч Ш.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүхэд гаргасан саналдаа: “Хариуцагчийн зүгээс хашаагаа яг одоо байгаа байдлаар тохиролцож эвлэрье гэх саналыг тавьсан юм байна. Нэхэмжлэгчийн зүгээс саналыг хүлээн зөвшөөрч жорлонгийн муу усны нүх хэсгийн 15,91 мкв газрыг тавих, нөгөө талаас амбаартай хэсгээр 8 мкв газар бие биеийнхээ хашаа руу орчихсон байгаа гэх үйл баримт байгаа. Ийм байдлаар хашаагаа тавихгүйгээр, хашаагаа яг одоо байгаа хэвээр нь үлдээж, кадастрын зургаа шинэчилж хийлгээд, нэхэмжлэгчийн зүгээс шинжээчийн дүгнэлт гаргахад төлсөн 2,300,000 төгрөгийг өөрийн хүсэлтээр хийлгэсэн ажиллагаа учраас уг зардлыг 100 хувь дангаараа хариуцах гэсэн нөхцөлөөр эвлэрэх боломжтой гэсэн байр суурьтай байна” гэв.
2. Нэхэмжлэгч О.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Өмгөөлөгчтэйгөө санал нэгтэй байна, эвлэрч байна” гэв.
3. Хариуцагч Ш.Э нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтдээ: “Санал нэг байна, зөвшөөрч байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч О.Д нь хариуцагч Ш.Эд холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч О.Д нь Увс аймгийн Улаангом сумын ** дугаар баг, **тоот хаягт байрлах 950.3 м.кв газрыг Увс аймгийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 2**-ны өдрийн 144 дугаартай захирамжийн дагуу өмчлөх эрхтэй бол хариуцагч Ш.Э нь Увс аймгийн Улаангом сумын ** дугаар баг **тоот хаягт байрлах 880.8 м.кв газрыг өмчлөх эрхтэй болох нь хэрэгт авагдсан газар өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2/3304 дугаартай албан бичгээр тус шүүхэд ирүүлсэн 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч О.Д нь хариуцагч Ш.Эын өмчлөлийн 881 м.кв талбай бүхий газраас 8.28 м.кв газрыг хашаалж авсан, хариуцагч Ш.Э нь нэхэмжлэгч О.Дийн өмчлөлийн 950.3 м.кв газраас 15.91 м.кв газрыг хашаалж авсан болохыг тогтоожээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт “Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно” гэж заасан.
Зохигчид одоо хашаалж авсан газрын хэмжээг өөрчлөхгүйгээр хөршийн хилийн заагийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч О.Д нь өөрийн өмчлөлийн нэгж талбарын ** дугаартай 950.3 м.кв талбай бүхий газраас 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр хариуцагч Ш.Эын эзэмшиж байгаа болох нь тогтоогдсон 15.91 м.кв талбай бүхий газрыг хариуцагч Ш.Эын өмчлөлд шилжүүлэх, хариуцагч Ш.Э нь өөрийн өмчлөлийн нэгж талбарын ** дугаартай 880.8 м.кв газраас шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч О.Д эзэмшиж байгаа болох нь тогтоогдсон 8.28 мкв талбайг нэхэмжлэгч О.Дийн өмчлөлд шилжүүлж, шинжээчийн зардал 2,552,264 төгрөгийг нэхэмжлэгч О.Д хариуцахаар харилцан тохиролцож, эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
3. Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Доос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **0,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Эаас 35,100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Дид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан зохигчид одоо хашаалж авсан газрын хэмжээг өөрчлөхгүйгээр хөршийн хилийн заагийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч О.Д нь өөрийн өмчлөлийн нэгж талбарын ** дугаартай 950.3 м.кв талбай бүхий газраас 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр хариуцагч Ш.Эын эзэмшиж байгаа болох нь тогтоогдсон 15.91 м.кв талбай бүхий газрыг хариуцагч Ш.Эын өмчлөлд шилжүүлэх, хариуцагч Ш.Э нь өөрийн өмчлөлийн нэгж талбарын **4 дугаартай 880.8 м.кв газраас шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч О.Д эзэмшиж байгаа болох нь тогтоогдсон 8.28 мкв талбай бүхий газрыг нэхэмжлэгч О.Дийн өмчлөлд шилжүүлж, шинжээчийн зардал 2,552,264 төгрөгийг нэхэмжлэгч О.Д хариуцахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Доос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **0,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Эаас 35,100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Дид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **5 дугаар зүйлийн **5.6 дахь хэсэгт зааснаар зохигчид энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол зохигч талын хүсэлтээр шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **4 дүгээр зүйлийн **4.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА