Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 302/ШШ2025/01075

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М . Хаяг: Б аймаг, Ө сум, 10 дугаар багт оршин суух,

Хариуцагч: М Өрхийн эрүүл мэндийн төв . Хаяг: Б аймаг, Ө сум, 12 дугаар багт үйл ажиллагаа явуулах,

Нэхэмжлэлийн шаардлага: Тус өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/09 тоот тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч М ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М ,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Е ,

Хариуцагчийн өмгөөлөгч С ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч М нь хариуцагч М Өрхийн эрүүл мэндийн төвийн даргад холбогдуулан тус төвийн даргын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/09 тоот тушаалыг хүчингүй болгуулахыг хүсэж, нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1 Миний бие М тус Өрхийн Эрүүл Мэндийн төвд 2004 оноос эхлэн ажиллаж байсан ба тухайн үед М Өрхийн Эрүүл Мэндийн төвийг үүсгэн байгуулсан юм. Миний хувьд ажлаа гүйцэтгэх хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаагүй, хэвийн ажил үүргээ гүйцэтгэж байсан. Одоо хүртэл цалингаа хэвийн авч байгаа. Тус байгууллагын дарга Е ийн надад тавьсан хууль бус шаардлага, дарамт шахалтаас болж хэд хэдэн удаа хууль хяналтын байгууллагад хандаж байсан. Би тус төвийн их эмчээр ажиллаж байхдаа 2020 оны 04 дүгээр сард намайг ажлаас халсныг шүүхэд эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаснаар 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр шүүхийн журмаар тус байгууллагад өрхийн эмчээр эгүүлэн томилогдож одоо хүртэл ажиллаж байна. Би одоо тус байгууллагад 21 дэх жилдээ ажиллаж байна. Энэхүү хугацаандаа ажлаа гүйцэтгэж, ямар нэгэн зөрчил гаргаагүй, хэвийн ажил үүргээ гүйцэтгэж байсан.

1.2 Харин хамт олон маань хоёр хуваагдаж даргын албан тушаалд булаалцалдах асуудал мэр сэр гарч байсан. Тус өрхийн Эрүүл Мэндийн төвийн дарга 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр надад мэдэгдэхгүйгээр тушаал гаргаж, сануулах сахилгын арга хэмжээ авч, улмаар миний цалин болон урамшууллын мөнгөнүүдийг хассан байсан. Би ажил таслаагүй, иргэдээс ямар нэгэн гомдол ирээгүй байхад надаас сахилгын арга хэмжээ авсанд гомдолтой байна.

1.3 Манай байгууллагаас хүүхдүүдэд тарааж өгөх ёстой амин дэм болон витаминуудыг надад өгч байгаагүй. Саяны хүүхдийн өвчний шалтгаан нь хүүхдийн эцэг, эхийн хариуцлагагүй байдлаас болсон. Дээрээс нь тухайн үед хүүхдийн эх нь цус багадалттай, амин дэмийн дутагдалтай байсан. Удирдлагаас надад нэг ч удаа үүрэг даалгавар өгч байгаагүй. Ажил тасалж байгаагүй. Яагаад ийм тушаал гаргасныг мэдэхгүй байна. Хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс ажлын цагийн хуваарийг хэд, хэдэн удаа өөрчилсөн байдаг. Энэ талаар надад мэдэгдээгүй. Хариуцагч байгууллагын хууль хяналтын байгууллагад надад холбогдуулан гаргасан гомдлын дагуу намайг хэд, хэдэн удаа дуудаж байсан. Өөрийнхөө хууль бус үйлдлийн дагуу хууль хяналтын байгууллагад мэдэгдсэн учраас намайг байнга дарамталдаг.

1.4 Дараа нь надад мэдэгдэхгүйгээр сануулах арга хэмжээ авсан гэж тушаал гаргаж өгсөн. Миний хувьд хууль бус зүйл гаргаагүй, ажиллаж байх явцад ямар нэгэн зөрчил гаргаагүй байсан. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг надад мэдэгдээгүй. Би ажлаа цаг тухайд нь хийж байсан. Манай дарга заримдаа намайг явуулахгүй, уурлаж, намайг зодох хэмжээний хэд, хэдэн удаа миний өрөөнд ороод ирж байсан.

1.5 Иймд Б сумын М өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/09 тоот тушаалыг хүчингүйд тооцуулах хүсэлтэй байна гэв.

2.Хариуцагч М өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Е ийн хариу тайлбар, татгалзал:

2.1 Тус төвийн их эмч М нь Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний дагуу 2025 оны 01 дүгээр сард нийт 176 цаг ажиллах ёстой боловч ердөө 8 цаг ажиллаж, 168 цагийн ажил тасалсан, 02 дугаар сард нийт 176 цаг ажиллах ёстой боловч 72 цаг ажиллаж, 104 цагийн ажлыг тасалсан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан. Их эмч М дээрх байдлаар олон цагаар ажил тасалж, Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүрэг, эмнэлгийн удирдлагаас өгсөн ажил, үүргийг биелүүлээгүй тул Төвийн даргын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар ажилтан М ийн өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах арга хэмжээ авч, цаашид хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргахгүй ажиллахыг эмч М д хатуу сануулж хэлсэн.

2.2 Гэвч, их эмч М нь хөдөлмөрийн сахилгын зөрчилтэй байх хугацаанд дахин зөрчил гаргасан, өөрөөр хэлбэл сар бүр нийт 176 цаг ажиллах ёстойгоос 2025 оны 3 дугаар сард 36 цаг ажиллаж 140 цагийг ажил тасалсан, мөн оны 4 дүгээр сард 60 цаг ажиллаж 116 цагийн ажил тасалсан, мөн оны 5 дугаар сард 68 цаг ажиллаж 108 цагийн ажил тасалсан, мөн оны 6 дугаар сард 72 цаг ажиллаж 104 цагийн ажил тасалсан байдаг.

2.3 Их эмч М д удаа дараа ажил тасалж, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тул 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн М ӨЭМТөвийн ажилчдын хурлаар уг асуудлыг хэлэлцэж, улмаар тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэн байдал, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Төвийн даргын 2025 оны 5/09 дугаартай тушаалаар их эмч М д байгууллагын нийт ажилтан нарт зарлах хэлбэрээр сахилгын нээлттэй сануулах арга хэмжээ авч шийдвэрлэж, дахин энэ төрлийн зөрчлийг гаргасан тохиолдолд ажлаас халах хүртэл арга хэмжээ авагдах болохыг түүнд эцсийн удаа сануулж хэлсэн.

2.4 Гэтэл ажилтан М тус Төвд ажиллаж байсан хугацаанд ямар ч зөрчил гаргаж байгаагүй, төвийн ажилтнууд хоёр хуваагдаж даргын суудалд булаалцалдсантай холбоотой маргаан бүхий тушаал гарсан мэтээр илт худал зүйлийг нэхэмжлэлийн үндэслэлд бичсэнд харамсаж байна. Түүнчлэн, нэхэмжлэгч М нэхэмжлэлдээ: ...иргэдээс ямар нэгэн гомдол ирээгүй байхад надаас сахилгын арга хэмжээ авсан гэжээ. Их эмч М хариуцан ажиллах ёстой багт хүүхэд өвдөж хүндэрсэн асуудал гарсан. Энэхүү асуудал олон нийтийн цахим сүлжээ болох фейсбүүк платформд нийтлэгдсэнээр илэрсэн байдаг. Энэ нь их эмч М хариуцсан ажилдаа хайнга хандсан, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалтгүй хэрэгжүүлсний илрэл гэж үзэх үндэслэлтэй юм.

2.5 Иймд М ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б аймгийн Ө сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, Б аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ЕШЗ/15 дугаартай Шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хянан хэлэлцэх тухай захирамж, М өрхийн эрүүл мэндийн төв БГБХН-ийн гишүүдийн хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01 дугаартай тогтоол, тус төвийн даргын 2025.06.13-ны өдрийн Б/09 дугаартай Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал зэргийн нотариатаар батлуулсан хуулбарууд, өмгөөлөгч М ийн 2025.11.14-ний өдрийн 74 дугаартай албан бичгээр, мөн нэхэмжлэгчийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтүүд, 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны дуудах хуудас зэрэг нотлох баримтыг нэхэмжлэгчээс,

4.Хариуцагчаас 2025.10.29-ний 46 дугаартай албан бичгээр эрх зүйн туслалцаа авах тухай өмгөөлөгчөөр С ыг сонгож авсан тухай, Б аймгийн М өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2025.10.31-ний өдрийн 47 дугаартай албан бичгээр гаргасан хариу тайлбар, Өрхийн эрүүл мэндийн төвийн дотоод журам, тус төвийн даргын 2023.04.07-ны өдрийн М өрхийн эрүүл мэндийн төвийн дотоод журмыг шинэчлэн батлах тухай А/18 дугаартай тушаал, 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/18 дугаар тушаалын хавсралт буюу М өрхийн эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод журам, М өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн М өрхийн эрүүл мэндийн төвийн дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулан батлах тухай А/22 дугаартай тушаал, М өрхийн эрүүл мэндийн төвийн 1-6 сарын М ийн цагийн бүртгэл, 2025.02.18-ны өдрийн 10:32 цагт Засгийн газрын 1111-т 13-р багийн иргэн Ю гийн гаргасан гомдлын дагуу хуралдсан тэмдэглэл, 2025.06.10-ны өдрийн 16:10 цаг, 2025.06.12-ны 14:00цаг М өрхийн эрүүл мэндийн төв БГБХН-ийн болон ажилчдын хурлын тэмдэглэл, М өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн М ийг эгүүлэн ажилд томилох тухай б/23 дугаартай тушаал зэргийн нотариатаар батлуулсан хуулбарууд, 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Хөдөлмөрийн сахилын шийтгэл ногдуулах тухай Б/03 дугаартай тушаалын эх хувь, Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025.02.04-ний өдрийн 109 дугаартай албан бичгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар, Засгийн газрын 1111-т ирсэн гомдол хүлээн авсан хуудас, М өрхийн эрүүл мэндийн төвийн даргын баталсан 2025 оны амбулатори, эргэлт хийх хийх хуваарь, М өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2025.02.07-ны 12 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичиг, М өрхийн эрүүл мэндийн төвийн 0-5 насны хүүхдийн бүртгэлийн нотариатаар батлуулсан хуулбар, Ф мессенжерээр М тэй казах хэлээр харилцсан яриаг цаасанд буулгасан бичиг болон түүний монгол хэлээр орчуулсан орчуулга, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШШ2023/00378 дугаартай шийдвэр, Б аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 212/МА2023/00099 дугаартай магадлал зэргийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбарууд, Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/92 дугаартай шийтгэх тогтоолын нотариатаар батлуулсан хуулбар ийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

5.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

6.Нэхэмжлэгч М ээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... би тус төвийн их эмчээр ажиллаж байхдаа 2020 оны 04 дүгээр сард намайг ажлаас халсныг шүүхэд эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаснаар 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр шүүхийн журмаар тус байгууллагад өрхийн эмчээр эгүүлэн томилогдож одоо хүртэл ажиллаж байна. Миний бие энэхүү хугацаандаа ажлаа гүйцэтгэж,ямар нэгэн зөрчил гаргаагүй, хэвийн ажил үүргээ гүйцэтгэж байсан. Ажил олгогчоос надад сануулах арга хэмжээ авсан гэж тушаалыг гардуулж өгсөн бөгөөд энэ талаар надад мэдэгдээгүй болно. Удирдлагаас надад нэг ч удаа үүрэг даалгавар өгч байгаагүй. Ажил тасалж байгаагүй. Хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс ажлын цагийн хуваарийг хэд, хэдэн удаа өөрчилсөн байдаг. Энэ талаар надад мэдэгдээгүй. Хариуцагч байгууллагын хууль хяналтын байгууллагад надад холбогдуулан гаргасан гомдлын дагуу намайг хэд, хэдэн удаа дуудаж байцаалт авсан. Өөрийнхөө хууль бус үйлдлийн дагуу хууль хяналтын байгууллагад мэдэгдсэн учраас намайг байнга дарамталдаг. Тийм учраас надад ногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тодорхойлжээ.

7.Хариуцагч М өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Е нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... тус төвийн их эмч М нь Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний дагуу 2025 оны 01 дүгээр сард нийт 176 цаг ажиллах ёстой боловч ердөө 8 цаг ажиллаж, 168 цагийн ажил тасалсан, 02 дугаар сард нийт 176 цаг ажиллах ёстой боловч 72 цаг ажиллаж, 104 цагийн ажлыг тасалсан учраас Төвийн даргын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар ажилтан М ийн өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах арга хэмжээ авсан. Гэтэл их эмч М нь хөдөлмөрийн сахилгын зөрчилтэй байх хугацаанд дахин зөрчил гаргасан, өөрөөр хэлбэл сар бүр нийт 176 цаг ажиллах ёстойгоос 2025 оны 3 дугаар сард 36 цаг ажиллаж 140 цагийг ажил тасалсан, мөн оны 4 дүгээр сард 60 цаг ажиллаж 116 цагийн ажил тасалсан, мөн оны 5 дугаар сард 68 цаг ажиллаж 108 цагийн ажил тасалсан, мөн оны 6 дугаар сард 72 цаг ажиллаж 104 цагийн ажил тасалж, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тул 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн М өрхийн эрүүл мэндийн төвийн ажилчдын хурлаар уг асуудлыг хэлэлцэж, улмаар тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэн байдал, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Төвийн даргын 2025 оны 5/09 дугаартай тушаалаар их эмч М д байгууллагын нийт ажилтан нарт зарлах хэлбэрээр сахилгын нээлттэй сануулах арга хэмжээ авч шийдвэрлэж, дахин энэ төрлийн зөрчлийг гаргасан тохиолдолд ажлаас халах хүртэл арга хэмжээ авагдах болохыг түүнд эцсийн удаа сануулж хэлсэн. Нэхэмжлэгч М хэчнээн ажлаас тасалсан ч гэсэн цалингаа хасаагүй. Удаа дараа сануулсаар байхад хуралд ч гэсэн орж ирдэггүй. Сануулах арга хэмжээ авсан учраас ажлаа хугацаанд нь ирэх байх гэж бодсон ч ажлаа удаа дараа тасалж, миний үгийг тоодоггүй. Тийм учраас дараагийн арга хэмжээ авахаас өөр аргагүй болж, хурлаа хийсэн байгаа. М ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж эс зөвшөөрч маргажээ.

8.Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад ажил олгогч М өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажилтан М д сахилын арга хэмжээ авсан үндэслэлүүд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтуудаар тогтоогдов. Үүнд:

8.1 Ажил олгогч буюу М өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/23 дугаар тушаалаар Улсын дээд шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ/2021/00718 дугаар тогтоолыг үндэслэн ажилтан М ийг Ө сумын 2,12 дугаар багийн их эмчээр томилсон байна.

8.2 Хариуцагч буюу ажил олгогч М өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар ажилтан М д удаа дараа ажил тасалж, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан болон удирдлагаас өгсөн ажил үүргийг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр түүнд ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан ба түүнд нэхэмжлэгчээс маргаагүй байна.

8.3 Улмаар ажил олгогч буюу М өрхийн эрүүл мэндийн төвийн даргаас 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/09 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2 дахь заалт, М өрхийн эрүүл мэндийн төвийн дотоод журмын 5 дугаар хэсгийн 5.25.1, 5.25.7, 5.25.8 дахь заалтууд болон тус төвийн ажилчдын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хурлын шийдвэрүүдийг тус тус үндэслэн их эмч М удаа дараа ажил тасалж, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан болон удирдлагаас өгсөн ажил үүргийг биелүүлээгүй тул 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөөр сануулах арга хэмжээ авч, түүнд сахилгын шийтгэл ногдуулсан байжээ.

8.4 Уг тушаалыг нэхэмжлэгч М нь эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д зааснаар Б аймгийн Ө сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж, уг хорооноос 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр шийдвэрлэсний дараа мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан хугацаанд шүүхэд гомдол гаргасан байжээ.

8.5 Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж мөн хуулийн 123.2 дахь заалтад ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах, нийт ажилтанд нь зарлах хэлбэрээр нээлттэй сануулах, үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, албан тушаал бууруулах, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах зэрэг сахилгын шийтгэлийг ногдуулахаар хуульчилсан.

8.6 Мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д зааснаар ажил олгогчоос ажилтан М д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө түүнд мэдэгдэж улмаар 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ажилчдын хурал хийсэн боловч тэрээр оролцоогүй тул дараачийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хурлаар дахин хэлэлцэхээр болж хойшлуулсан байна.

Гэтэл 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуралд мөн оролцоогүй байх тул хамт олны хурлаар ажилтан М д сануулах сахилын арга хэмжээ авахаар шийдвэрлэж улмаар ажил олгогчийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

8.7 Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй бөгөөд ажил олгогч М өрхийн эрүүл мэндийн төвийн даргаас ажилтан М тэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, нэг хувийг түүний өөрт нь өгсөн гэж тайлбарладаг боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан үүргээ биелүүлж хариуцагчаас нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгч нотолж чадаагүй тул нэхэмжлэгч М тэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна гэж шүүхээс дүгнэлээ.

8.8 М өрхийн эрүүл мэндийн төвийн хурлын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/18 тоот тушаалын хавсралтаар баталсан Хөдөлмөрийн дотоод журмын 5.25 дугаар зүйлд Хөдөлмөрийн тухайн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад заасан ноцтой зөрчилд адилтган үзэж хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл заасны 5.25.1-д: Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэлгүй ажлын 2 өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан, эсхүл ажлын цагаас удаа дараа хоцорсон, эрт тарсан нь нийлбэр дүнгээр нэг сард 8 цаг болсон, 2 буюу түүнээс дээш удаа цахимаар болон ирц бүртгэх программд бусдаар дамжуулан ирцээ бүртгүүлсэн, 5.25.7-д: ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан болон удирдлагаас өгсөн ажил үүргийг биелүүлээгүй, 5.25.8-д: ажлын байранд танхайрах, хэрүүл маргаан үүсгэх, бусдыг өдөөн хоргоох, айлган сүрдүүлэх, цээртэй үгээр доромжлох үйлдэх гаргасан бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор заасан заалтуудыг нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан тушаалдаа баримталсан байна.

8.9 Нэхэмжлэгч М нь ажил олгогчийн тушаалдаа дурдсан сар бүр нийт 176 цаг ажиллах ёстойгоос 2025 оны 3 дугаар сард 36 цаг ажиллаж 140 цагийг ажил тасалсан, мөн оны 4 дүгээр сард 60 цаг ажиллаж 116 цагийн ажил тасалсан, мөн оны 5 дугаар сард 68 цаг ажиллаж 108 цагийн ажил тасалсан, мөн оны 6 дугаар сард 72 цаг ажиллаж 104 цагийн ажлыг удаа дараа тасалж тус төвийн Хөдөлмөрийн дотоод журмын 5.25.1 дэх заалтад заасан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан цагийн бүртгэлээр тогтоогдож байгаа боловч ажил олгогчоос мөн уг үндэслэлээр 2025 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн Б/03 дугаар тушаалаар түүнд ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байх бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.7-д заасан Сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй гэж заасан заалтыг зөрчиж сахилгын шийтгэл ногдуулсан байна гэж шүүх үзлээ.

8.10 Харин ажил олгогчоос ажилтан М нь удирдлагаас өгсөн ажил үүргийг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан байх боловч ямар үүрэг даалгавар өгч түүний биелүүлээгүй эсэх нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэгч М нь тус төвийн Хөдөлмөрийн дотоод журмын 5.25 дугаар зүйлийн 5.25.7, 5.25.8 дахь заалтуудад заасан сахилгын зөрчлийг гаргасан байна гэж шүүхээс дүгнэх хууль зүйн үндэслэлгүй болно.

9.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Б аймгийн М өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/09 дугаартай тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэв.

10.Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Б аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ЕШЗ/15 дугаартай Шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хянан хэлэлцэх тухай захирамж, М өрхийн эрүүл мэндийн төв БГБХН-ийн гишүүдийн хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01 дугаартай тогтоол, 2025.07.02-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны дуудах хуудас мөн хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн 2025.02.18-ны өдрийн 10:32 цагт Засгийн газрын 1111-т 13-р багийн иргэн Ю гийн гаргасан гомдлын дагуу хуралдсан тэмдэглэл, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШШ2023/00378 дугаартай шийдвэр, Б аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 212/МА2023/00099 дугаартай магадлал, Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/92 дугаартай шийтгэх тогтоол зэрэг бичгийн нотлох баримтууд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй бичгийн нотлох баримтууд байх тул шүүхээс шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 00 дугаартай данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсгийн 158.1.5 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Б аймгийн М өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/09 дугаартай тушаалыг хүчингүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 00 дугаартай данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч М д олгож, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч М өрхийн эрүүл мэндийн төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд,тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ