| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2018/0259/Э |
| Дугаар | 565 |
| Огноо | 2018-07-25 |
| Зүйл хэсэг | 11.2.1., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнсүх, |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 565
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүгч З.Болдбаатар нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
Иргэдийн төлөөлөгч Н.Сэр-Од
Улсын яллагч Н.Мөнгөнсүх,
Шүүгдэгч Н.Оюунчимэг түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Нямцэрэнгийн Оюунчимэгт холбогдох эрүүгийн 1709017870295 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1965 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хэвлэгч, зураач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөлмөрийн чадварын 90%-ийн алдалттай, ам бүл 3 хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 4-41 тоотод оршин суух, /Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 3-41 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй/ урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Нямцэрэнгийн Оюунчимэг /РД:ЧТ65030167/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Н.Оюунчимэг нь 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Сэлбийн 4-41 тоотод нөхөр Б.Буянзаяатай маргалдаж улмаар түүний эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Оюунчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн…” гэв.
Эрүүгийн 1709017870295 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Н.Оюунчимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр би гэртээ ганцаараа байж байхад 19 цаг өнгөрч байхад нөхөр Буянзаяа гаднаас согтуу орж ирсэн. Тэгээд согтуурхаад агсам тавиад байсан. Би түүнд “өдөр шөнөгүй архи ууж байх юм” гэж уурлахад “чамд ямар хамаатай юм” гээд намайг цохиод байсан. Тэгээд надад агсраад уурлаад байсан. Би тухайн үед хоол хийгээд махаа хэрчээд зогсож байсан. Буянзаяаг ойртоод ирэхээр нь айлгах санаатай хутгаа харуулаад “би чамайг ингээд агсраад намайг зодоод байх юм бол хутгалчихна шүү” гэхэд “чи чадах уу” гээд байсан. Тэгээд би санаандгүй хутгаараа чичихэд хэвлийд нь хутгалчихсан байсан. Тухайн үед би хутгалсан гэж мэдээгүй. Тэгтэл Буянзаяа “чи намайг хутгалчихлаа ш дээ” гэсэн. Буянзаяа зузаан хувцастай өвөл байсан болохоор цус гарч байгаа нь мэдэгдээгүй. Буянзаяа “миний хэвлийгээр хүйт оргиод байна чи намайг хутгалчихлаа ш дээ” гэхэд нь цамцыг нь сөхөөд харахад цус гарч байсан. Тэгээд би шууд 103 руу залгаж дуудлага өгсөн ба удалгүй хүрч ирээд Буянзаяаг аваад явсан. Би маргааш өглөө нь эмнэлэгт хэвтэж хагалгаанд орох ёстой байсан тул хамт явж чадаагүй. Буянзаяа эмнэлэгт очиж хагалгаа хийлгэн 2 хоног эмнэлэгт хэвтээд гарсан ба би маргааш нь сайд нарын 2 дугаар эмнэлэгт хэвтэж ходоодны судас боолгох хагалгаанд орсон. Намайг эмнэлэгт хэвтэж байх хооронд Буянзаяа эмнэлгээс гарсан байсан. Би өөрөө 90 хувийн группт байдаг. Элэгний хатуурал өвчний улмаас байнга эмчилгээ хийлгэж байдаг…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,
Хохирогч Б.Буянзаяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "…Би 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өөрийн гэр болох Сүхбаатар дүүргийн 11-р хороо зүүн сэлбийн 4-41 тоот гэртээ байж байгаад өглөөнөөс хойш Ганбаа, Эрдэнэчимэг, эхнэр Оюунчимэг нарын хамт гэртээ архи ууцгаасан юм. Тэгээд архинаас болоод эхнэр Оюунчимэгтэй маргалдсан чинь манай эхнэр Оюунчимэг нь гэрт намайг хутгалсан юм. Тэгээд манай эхнэр 103 түргэн тусламж дуудсан юм …" гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Буяндэлгэр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Надад одоо гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. Оюунчимэг өөрөө маш их бие муутай хүн одоо ч гэсэн эмнэлэгт хэвтэж байгаа. Буянзаяа нь архи ууж явж байгаад нас барсан. Хэргийг хэрэгсэхгүй болгож хааж өгнө үү…. “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд:
-“…Хэрэг болсон гэх газар нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 4-41 тоот гадуураа бнзан хашаатай...саарал өнгийн 1 давхар байшин байх... шүүгээг онгойлгоход бариул хэсэг нь 10 см, ажлын хэсэг нь 9 см урттай хар өнгийн хуванцар бариултай хутга байсныг эд мөрийн баримтаар хураан авав. Өрөөний шалан дээр хэсэг газар цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авч, цус мэт зүйлээр бохирлогдсон ариун цэврийн цаасыг түр хураан авав…” гэжээ /хх-ийн 10-14 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹4614 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Дүгнэлт:
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэлд:
“...Яллагдагч Н.Оюунчимэг нь 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо зүүн сэлбийн 4-41 тоотод нөхөр Буянзаяаг хутгалсан гэх 18 см урттай, 1.5 см өргөнтэй, хар өнгийн иштэй хутгыг эд мөрийн баримтаар хураан авахаар тогтов...гэжээ” /хх-ийн 64 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тогтоолд:
-“…18 см урттай, 1.5 см өргөнтэй хар өнгийн иштэй хутгыг эд мөрийн баримтаар тооцов…” гэжээ /хх-ийн 65 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ ¹901
Н.Оюунчимэгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 60 дугаар хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 61 дүгээр хуудас/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-ийн 63 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Прокуророос шүүгдэгч Н.Оюунчимэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь шүүгдэгчийн нөхөр болох хохирогч Б.Буянзаяа нь гэртээ архидан согтуурч, энэхүү үйлдлээ удтал үргэлжлүүлэн улмаар шүүгдэгч Н.Оюунчимэгийн амгалан тайван байдлыг алдагдуулан хэрүүл маргаан хийж, цохих зэргээр согтуурхсан үйлдэл гаргасан нөхцөл байдал тогтоогдсон болох нь хохирогч Б.Буянзаяа, шүүгдэгч Н.Оюунчимэг нарын мэдүүлгээр нотлогдох ба шүүгдэгчийн зүгээс хохирогчийн сэтгэл санаанд дарамт учруулах, гэр бүлийн тэгш бус харилцааг үүсгэх зорилгоор бус хохирогчийн зүй бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор гэмт хэрэг үйлдсэн нь “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн шинжийг агуулаагүй гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч Н.Оюунчимэг нь 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Сэлбийн 4-41 тоот гэртээ нөхөр Б.Буянзаяаг “согтууруулах ундааны зүйл хэрэглэж, амгалан тайван байдал алдагдууллаа” хэмээн маргалдаж улмаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж түүний хэвлий тус газар нь хутгалсаны улмаас Б.Буянзаяагийн эрүүл мэндэд “хэвлий хөндий нэвтэрч элэг гэмтээсэн шарх” бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Н.Оюунчимэгийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Буянзаяагийн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Буяндэлгэр мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №4614 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй хутга, эд зүйл хураан авсан тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Н.Оюунчимэг нь нөхөр болох хохирогч Б.Буянзаяагийн биед хутгаар хүч хэрэглэн гэмтэл учруулсан үйлдлээ өөрөө мэдүүлсэн, хохирогчоос хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон өөрийг нь хутгалж гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлийн улмаас амь насанд нь аюултай хүнд хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн хутгыг эд мөрийн баримтаар хураан авч, тэмдэглэл үйлдсэн зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг зэвсэг, хэрэглэн үйлдсэн” гэсэн гэмт хэргийн шинжийг агуулжээ.
Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч Н.Оюунчимэгийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг, хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Дээрх гэмт хэрэг гарахад хохирогчоос нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж гэр бүлийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулсан зүй бус үйлдэл, шүүгдэгч хохирогчтой зүй зохистой харьцах талаар зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.
Шүүгдэгч Н.Оюунчимэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Буяндэлгэрээс “...миний бие нь гомдолгүй, шүүх хуралд оролцохгүй …” гэсэн тул шүүгдэгч Н.Оюунчимэг нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь дүгнэж, шүүгдэгч Н.Оюунчимэг нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй зэрэг нөхцлийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хэмжээгээр ял оногдуулах боломжтой гэж үзэн түүнд 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэлээ.
Мөн шүүгдэгч Н.Оюунчимэг хөдөлмөрийн чадвараа 90 хувиар алдсан эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 18 см урттай, 1.5 см өргөнтэй, хар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.
Шүүгдэгч Н.Оюунчимэг нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.