| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2409011052102 |
| Дугаар | 2025/ДШМ/828 |
| Огноо | 2025-07-08 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Насанжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2025/ДШМ/828
Э.Э-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Насанжаргал,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/939 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Э.Энхбатын бичсэн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 18 дугаар эсэргүүцлээр Э.Э-т холбогдох 2409011052102 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
З овгийн Э-ын Э, 1995 онд Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Сүхбаатар дүүрэгт оршин суух, (РД:...), урьд:
-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1045 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 566 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан;
Э.Э- нь 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Ү” хүнсний дэлгүүрийн гаднаас хохирогч Л.Э-ын “Toyota Prius-30” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос дунд гарын хөөрөг, даалин, Хаан банкны виза карт зэргийг нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, шунахайн сэдэлтээр, хууль ёсны өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр хууль бусаар авсан,
мөн үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах бэлэн мөнгөний машинаас тус виза картыг ашиглан 125,000 төгрөгийг бэлнээр гарган авч, хохирогч Л.Э-т нийт 6,105,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газар: Э.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Э.Э-ийг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нийт 6,105,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд урьд оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 9 cap 3 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 9 cap 3 хоногийн хугацаагаар тогтоож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ээс 5,935,000 төгрөг, иргэний хариуцагч Б.Мөнх-Одоос 170,000 төгрөг тус тус гаргуулан хохирогч Л.Э-т олгож шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор Э.Энхбат бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүх шүүгдэгч Э.Э-ийг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байдлаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй.
Шүүх энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд урьд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн Э.Э-ийн нийт биечлэн эдлэх ялыг тогтоохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг давхар журамласан. Тус хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг нь хэд хэдэн төрлийн ял оногдуулсан тохиолдолд тухайн өөр төрлийн ялуудыг хооронд нь нэмж нэгтгэх, эсхүл, тусад нь эдлүүлэх асуудлыг шийдвэрлэсэн хэм хэмжээ юм. Харин шүүгдэгчид оногдуулсан ялыг нэмж нэгтгэх журмыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд шүүгдэгч Э.Э-т оногдуулсан нэг төрлийн буюу зорчих эрх хязгаарлах ялыг хооронд нэмж нэгтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарна.
Шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэв.
Прокурор Б.Насанжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг ноцтой зөрчиж, хуульд заасан шаардлагуудыг хангаагүй байна. Тодруулбал, шүүгдэгч Э.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гэм буруутайд тооцсон боловч түүнд мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг буруугаар хэрэглэсэнтэй холбоотой бөгөөд уг заалт нь ял нэгтгэхтэй холбоотой харилцааг зохицуулдаг ч нэг төрлийн ялыг нэмж нэгтгэхэд биш, харин өөр, өөр төрлийн ялыг нэгтгэх буюу тусад нь эдлүүлэхэд хэрэглэгдэх ёстой заалт юм. Мөн шүүгдэгч Э.Э-т хоёр удаа зорчих эрхийг хязгаарлах ял оноосон нь үндэслэлгүй бөгөөд тэрээр өмнө нь хулгайн гэмт хэргээр ял шийтгэгдэж байсан нөхцөлд дахин зорчих эрх хязгаарлах ял оноосон нь Эрүүгийн хуулийн зарчимд нийцэхгүй. Шийтгэх тогтоолд яагаад ийм төрлийн ял оноосныг хууль зүйн үндэслэл бүхий тайлбар, дүгнэлтээр хангаагүй. Иймд анхан шатны шүүхээс оноосон ял нь хөнгөн бөгөөд хуульд заасан зарчим, заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаа тул дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дээд шатны прокурор Э.Энхбатын бичсэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх Э.Э-т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зөрчил тогтоогдлоо.
1.Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан.
Аливаа хууль Үндсэн хуульд захирагдах, хүний жам ёсны эрх, эрх чөлөө, хууль зүйн тэгш байдлыг хүлээн зөвшөөрч хуулиар бэхжүүлэн хангах, хуулийг бүх нийтээр хүчин төгөлдөр дагаж мөрдөх, төрийн байгууллагууд хуулийг гуйвалтгүй, нэг мөр биелүүлэх, зөв хэрэглэх нь хууль дээдлэх зарчмын агуулга болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж хуульчилсан.
Эдгээр зохицуулалтуудаас дүгнэхэд, Монгол Улсад шүүх эрх мэдлийг дангаар хэрэгжүүлж буй шүүх байгууллага нь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх хүрээнд хуульд нийцсэн шийдвэр гаргахын тулд үйл ажиллагаандаа хууль дээдлэх зарчмыг хатуу удирдлага болгох үүрэгтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ба гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон хүнд тухайн гэмт хэрэгт оногдуулах Эрүүгийн хуулиар тогтоосон ялын хүрээнд тохирсон эрүүгийн хариуцлагыг оногдуулдаг.
Өөрөөр хэлбэл, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотроос сонгон хэрэглэнэ.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Э.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэгт ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарна.
2.Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч Э.Э-ийг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нийт 6,105,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийг нийгэмшүүлэх, цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байна.
Хэдийгээр Эрүүгийн хуулийн зүйл, хэсэгт заасан ял шийтгэлийг сонгон оногдуулах нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруугийн хэлбэр, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг зэргийг тал бүрээс нь харгалзан ялын зохистой харьцаа, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн оновчтой сонгон оногдуулах ёстой.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Э.Э- нь урьд 2 удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдохдоо зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн байтал анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэлгүйгээр дахин уг ялыг сонгон оногдуулахдаа хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байх тул дээд шатны прокурор Э.Энхбатын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Э.Э-т урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/939 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээд шатны прокурор Э.Энхбатын бичсэн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 18 дугаар эсэргүүцлийг хүлээн авсугай.
2.Шүүгдэгч Э.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН