Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2020/01595

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2020/01595

 

 

 

Г.Г -нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/01205 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Г , Н.Ц нарын хариуцагч П.М , Б.Б нарт холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 3 073 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчБ.Ц , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Г , Н.Ц нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.М,   Б.Б нар бидний өмчлөлтэй газарт 2010 оны 8 дугаар сард дур мэдэн бууснаас болж газрын маргаанаа шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан бөгөөд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 1365 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 895 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор уг хашааны газар нь бидний өмчлөлийн газар болох нь тогтоогдож, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 9 дүгээр сарын 06-ны 155/01 дугаартай шийдвэрээр уг газрыг албадан чөлөөлүүлж бид газраа авч хашаагаа барьсан. П.М гийн 2 айлын газар эзэмшсэн байсан бөгөөд тэдний гэрийг манай хашаанаас хамар хашаанд шилжүүлсэн. Энэ үед иргэн П.М гийн хашаандаа хаалга хийгээгүй байсан бөгөөд бид хаалгаа хийтэл манай хашааны хаалгаар орж гарч байж болохыг зөвшөөрсөн. Хэд хоноод бид хашаандаа орох гэсэн боловч оруулахгүй байсан учир контейнераа гудамжинд буулгасан. Ингээд контейнераа тавих өөр газар хайж байгаад 2013 оны 9 дүгээр сараас Дамбадаржаагийн Ойчдын гудамжинд айлын хашаанд түрээсээр тавиулсан. Бид энэ талаар мөн шүүхэд хандсан бөгөөд мөн анхан шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2320/с дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 377 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 344 тогтоолоор контейнер зөөсөн зардлаа П.М гийн гэр бүлээс гаргуулан авсан. Ингээд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд удаа дараа өргөдөл гаргасны үндсэн дээр 2014 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн 155/76 шийдвэрээр уг газрыг дахин чөлөөлүүлсэн юм. Ингээд бид хашаагаа чөлөөлүүлсний дараа дахин нэмэлт зардал гаргаж хашааны хамраа босгох мөн даруй контейнераа зөөж авчирч тавих шаардлага гарсан зардлыг П.М гээс гаргуулахаар нэхэмжилж байна. Контейнер айлын хашаанд түрээсээр тавиулсан хөлс 14cap х 30 000=420 000 төгрөг, шинээр 15 м хашаа барих материалын үнэ 223 000 төгрөг, уг материалыг Цайз захаас Дамбадаржаад хүргүүлсний хөлс 30 000 төгрөг, контейнер айлын хашаанаас авчирч буулгасны хөлс 200 000 төгрөг, нийт 873 000 төгрөг нэхэмжилж байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0783 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 221/ША2019/0213 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 251 дугаартай тогтоолоор уг газрыг бидний өмчийн газар болохыг дахин тогтоож өгсөн бөгөөд үүнтэй холбоотойгоор гарсан зардлуудыг гаргуулахаар нэхэмжилж байна. Энэ бүх хугацаанд өмгөөлөгч авч ажиллуулсан хөлс 1 200 000 төгрөг, 2011 оны 9 дүгээр сараас 2019 оны 9 дүгээр cap хүртэлх 8 жилийн сэтгэл санаа, цаг хугацаа, биеийн хүчнийг зарцуулсан хөлс 1 000 000 төгрөг нийт 3 073 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.М , Б.Б нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх бөгөөд Иргэний хуульд зааснаар сэтгэл санааны ямар хохирол хэдийн хугацаанд ямар шалтгааны улмаас хохирсон эсэх нь нотлогдохгүй, тийм баримт хэрэгт байхгүй, мөн өмгөөллийн хөлсийг нэхэмжлэх бөгөөд аливаа хүн, хуулийн этгээд өмгөөлүүлэх нь хүний эрх бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлэх нь зайлшгүй гарах зардал биш тул үндэслэл ба бусад зардлыг баримтаар нотлоогүй. Сэтгэл санааны хохирол 1 000 000 төгрөг нэхэмжилсэн боловч ямар шалтгааны улмаас сэтгэл санаа нь хохирсон түүнийг нотлох баримт байхгүй. Хэрэгт 2013 оны хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байсан. Аливаа хүн, хуулийн этгээдийг өмгөөлөх хөлс зайлшгүй шаардлагатай зардал биш гэж үзэж байна. Тухайн гарган өгч буй баримтаар ямар нэгэн зүйлийг нотолсон зүйл байхгүй. 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөр 420 000 төгрөг болж байна гэж бичсэн. Нэхэмжлэгч тайлбартаа газрын маргаантай холбоотой асуудлыг дурдаж байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэр нь нэхэмжлэлийн шаардлагыг хангасан гол үндэслэл болж байгаа. Гэвч он сарын хувьд зөрүүтэй байна. Мөн шинээр хашаа байшин барьсан зардал 223 000 төгрөг гэсэн баримт хэрэгт авагдсан байсан. Тухайн баримтад зурагдсан гарын үсэг нь зөвхөн хүлээлгэн өгсөн хүний гарын үсэг байгаа. Хүлээн авсан хүний гарын үсэг байхгүй. Санхүүгийн баримт байхгүй байсан бол тухайн этгээдийг гэрчээр асуугаад нэхэмжлэлийн шаардлагаа нотлох ёстой байсан. Мөн хавтаст хэрэгт дахин зөөсөн гэсэн 200 000 төгрөгийн баримт байгаа. Энэ баримт өмнөх санхүүгийн баримтаас ялгаагүй. Тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч мөн эсэх нь тодорхойгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.М , Б.Б нараас нийт 873 000/найман зуун далан гурван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Г , Н.Ц нарт олгож, үлдсэн 2 200 000/хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Г.Г , Н.Ц нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64 118 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.М , Б.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 25 502 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Г , Н.Ц нарт олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчБ.Ц давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч П.М , Б.Б нараас тус бүр хэдэн төгрөг гаргуулах талаар тодорхой тусгаагүй байна.

Хэрэгт 230/с дугаар шийдвэр болон 344 дугаар тогтоолын үндэслэх хэсэгт бичигдэж нэхэмжлэлийн шаардлага хангах үндэслэл болсон 2013 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн контейнер ачиж буулгуулсны хөлсөнд 200 000 төгрөг төлсөн талаарх баримт авагдсан байна. Өөрөөр хэлбэл 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 420 000 төгрөгийн баримт нь дээрх шийдвэр, тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хэргийг эцэслэн шийдвэрлэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж дуусгавар болсон өмнөх хэргийн үйл баримттай давхцаж байна. Үйл баримт тогтоогдохгүй байхад 2 удаа төлбөр гаргуулах нь үндэслэлгүй.

Түүнчлэн шинээр хашаа барьсан зардалд 223 000 төгрөгийг нэхэмжлэх боловч нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн баримтад зөвхөн хүлээлгэн өгсөн хүний гарын үсэг зурагдсан байх ба тухайн гарын үсэг зурсан этгээд хэн болох нь тодорхойгүй нөхцөл байдал харагдаж байхад нэхэмжлэгч нь гэрчийн мэдүүлэг болон санхүүгийн анхан шатны баримт зэрэг нотлох баримтуудыг цуглуулж өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч нотлох баримт үнэлэх хуульд заасан журмын дагуу үнэлээгүйг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн, өөрчлөх боломжтой байна.

Нэхэмжлэгч Г.Г , Н.Ц нар хариуцагч П.М , Б.Б нарт холбогдуулан гэм хорын хохиролд 3 073 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 31-1 дүгээр гудамжны 38 тоотод байрлах газрын өмчлөгч нь Г.Г , Н.Ц нар мөн болох, тэрээр хууль ёсны өмчлөгч нарын эд хөрөнгөө эзэмшиж, ашиглахад хариуцагч П.М , Б.Б нар саад учруулсны улмаас нэхэмжлэгч нарт эд хөрөнгийн хохирол учирсан үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн зөв тогтоосон байна. /хх-7-15/

Энэ талаар зохигчид маргаангүй, хохирлын хэмжээ бодитой эсэх, хохирол шаардаж буй нотлох баримтууд хуульд заасан шаардлага хангасан эсэх талаар маргажээ.

Нэхэмжлэгч нар өмчлөлийн газарт барьсан хамар хашааг хариуцагч нар нураасны улмаас шинээр хашаа барьсан материалын болон тээврийн зардалд 253 000 төгрөг тэдгээрээс нэхэмжилсэн. Хариуцагч тал хашаа нураасан үйлдлээ үгүйсгээгүйн гадна хохирлын хэмжээг татгалзаж буй үндэслэлээ баримтаар нотлоогүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг үнэлж, уг зардлыг хариуцагч нараас гаргуулахаар дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна. /хх-12-13/

Нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан өөрийн өмчлөлийн зүйлийг чөлөөтэй эзэмших, ашиглах эрхэд хариуцагч хууль бусаар саад учруулсаны улмаас нэхэмжлэгчид нэмэлт зардал гарсан тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас сэтгэл санааны хохирол 1 000 000 төгрөг, өмгөөллийн хөлс 1 200 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт нийцсэн байна.

Харин нэхэмжлэгчийн, чингэлэг тээвэрлэсэн зардал 200 000 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ шүүх Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарласан хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч П.М гээс чингэлэг ачих, буулгах зардалд 420 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд хэрэгт авагдсан байна. /хх-78-88/

Иргэний хуулийн 510 дугаар зүйлд эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгах аргын талаар, мөн хуулийн 229 дүгээр зүйлээр эд хөрөнгөд учруулсан бодит хохирлыг нөхөн төлөхөөр заасан. Бодит хохирол гэдэг нь тухайн этгээдээс гарах ёсгүй байсан зардлыг ойлгох бөгөөд нэхэмжлэгч Г.Г ын хувьд өөрийн өмчлөлийн газар дээрээ чингэлэг буулгахаар машин хөлсөлсөн нь түүнээс огт гарах ёсгүй зардал гэж үзэхгүй юм. Чингэлэгийг нэхэмжлэгчийн хашаанд зөөж авчирсан, буцаасан зардлыг хохиролд тооцон шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр өмнө гарсан байна. Иймээс 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр чингэлэг буулгаж, ачуулсан хөлсөд төлсөн гэх 200 000 төгрөгийг хариуцагч нарын буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, нэхэмжлэгчид учирсан бодит хохиролд тооцох боломжгүй тул энэ шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/01205 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 873 000 гэснийг 673 000 гэж, 2 200 000 гэснийг 2 400 000 гэж, 2 дахь заалтын 25 502 гэснийг 20 702 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25 502 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ч.ЦЭНД