Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 302/ШШ2025/01140

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: А . Хаяг: Б аймаг, Ө сум, 11 дүгээр багт оршин суух,

 

Хүсэлтийн шаардлага: Хүү Ахл нь 2003 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр тус аймгийн Д сумын 4 дүгээр багт гэрт нас барсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Ахл ,

Гэрч Б , Х ,С , Т ,

Гэрч Х /Д сумаас цахимаар/

Орчуулагч Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Хүсэлт гаргагч А ээс хүү Ахл нь 2003 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр тус аймгийн Д сумын 4 дүгээр багт гэрт нас барсан байдлаа тогтоолгохыг хүсэж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1 Хүсэлт гаргагч А миний бие 1999 оны 10 дугаар сарын 10-ны өдөр эхнэр М тай гэр бүл болсон. Одоо Д сумын 11 дүгээр багт эхнэр М болон хүүхдүүдийн хамт амьдардаг.

1.2 Бид хоёрын анхны хүүхэд болох 2000 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Ахл нь 3 настайдаа 2003 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зүрхний өвчний улмаас гэртээ нас барсан. Тухайн үед хүү маань нас барсны дараа Д сумын улсын бүртгэлийн мэргэжилтэнд мэдэгдсэн байсан. Хүүгээ тус багийн Б гэх газарт оршуулсан.

1.3 Гэтэл нас барсан хүүгийн нэр дээр цэргийн дуудах хуудас ирснээр түүний нэр улсын бүртгэлээс хасагдаагүй явж байгаа гэдгийг олж мэдсэн. Мөн эхнэр М нь өндөр насны тэтгэвэрт гарахад нас барсан хүүхдийн нас барсны гэрчилгээ шаардлагатай болсон. Тийм учраас нас барсан хүүгийн нас барсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан.

1.4 Иймд миний 2000 онд төрсөн хүү Ахл нь 2003 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Д сумын 4 дүгээр багт гэртээ нас барсан болохыг хуулийн дагуу тогтоож өгөхийг хүсье гэв.

2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүсэлт гаргагч А , М нарын Монгол улсын иргэний үнэмлэх, Д 4 дүгээр багийн эмч байсан гэх Х , С , Т , Х нарын тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тус сумын 11 дүгээр багын Засаг дарга Б ы тодорхойлолт, Ахлийн гэх шарилын зураг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр олгосон 00 дугаартай Ахлийн төрсний бүртгэлийн лавлагаа, мөн өдөр олгосон 00 дугаартай А , М нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Д сумын ЭМТ даргаС 11-р багийн эмч Т нарын 2025.10.20-ны өдрийн №87 дугаар албан бичгээр олгосон тодорхойлолт, Б аймгийн Д сумын 11-р багийн Засаг даргын 2025.10.20-ны өдрийн 32 дугаар албан бичгээр олгосон тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

3.Шүүхийн журмаар тус шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1149, 1150, 1157, 1158 дугаартай албан бичгүүдийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 12/1165 дугаартай албан бичгээр ирүүлсэн А , М нар болон тэдний хүүхдүүдийн, мөн Ахлын ХААТР маягтууд, Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1/766 дугаар албан бичиг, Х газрын даргын 2025.11.14-ний өдрийн 04/1919 дугаар албан бичиг, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын захирлын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 03/1197 дугаар албан бичгээр ирүүлсэн архивын лавлагаа хоёр хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт шүүх хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр 10 үндэслэл бүхий заасны 133.1.1 дэх хэсэгт эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох-оор заасан ба мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх заалтад тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал -ыг шүүх тогтоохоор хуульчилсан.

6.Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх заалтад Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус зааснаар хүсэлт гаргагчаас хүүгийн нас барсан байдлаар тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргасан байжээ.

7.Хүсэлт гаргагчаас нар хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: ...эхнэр М бид хоёрын анхны хүүхэд болох 2000 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Ахл нь 3 настайдаа 2003 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зүрхний өвчний улмаас гэртэй нас барсан. Тухайн үед хүү маань нас барсны дараа Д сумын улсын бүртгэлийн мэргэжилтэнд мэдэгдсэн байсан. Гэтэл нас барсан хүүгийн нэр дээр цэргийн дуудах хуудас ирснээр улсын бүртгэлээс хасагдаагүй явж байгаа гэдгийг олж мэдсэн. Мөн эхнэр М нь өндөр насны тэтгэвэрт гарахад нас барсан хүүхдийн нас барсны гэрчилгээ шаардлагатай болсон учраас нас барсан хүүгийн нас барсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан гэж тодорхойлжээ.

8.Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:

8.1 Хүсэлт гаргагч А, М нар гэр бүл болж, гэрлэлтээ 1999 оны 10 дугаар сарын 10-ны өдөр эрх бүхий байгууллагад бүртгүүлж хууль ёсны эхнэр, нөхөр болох нь хэрэгт авагдсан 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас олгосон 00 дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.

8.2 Тэдний дундаас 00 регистрийн дугаартай 2000 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүү Ахл, 2002 оны 02 дугаар сарын 07-ны өдөр охин А , 2004 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүү А , 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ихэр хүү С, М нар төрсөн болох нь тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн тэдний төрсний бүртгэх анкет, 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас олгосон 0 дугаартай Ахлийн төрсний бүртгэлийн лавлагаа, Архивын Ерөнхий газар Үндэсний төв архивын захирлын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 03/1197 дугаар албан бичгээр ирүүлсэн 03-04/8019 дугаартай архивын лавлагаа, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдсон.

8.3 Тэдний дундаас 2000 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Ахлын нас баралт нь тус аймгийн Улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй болох нь Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 12/1165 тоот албан бичгээр,

8.4 Мөн Архивын Ерөнхий газар Үндэсний төв архивын захирлын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 03/1197 дугаар албан бичгээр ирүүлсэн 03-04/8018 дугаар болон 03-04/8019 дугаартай архивын лавлагаанд: Хүн ам, орон сууцны 2000 болон 2010 оны улсын тооллогод хүсэлт гаргагчийн 2003 онд нас барсан гэх 2000 онд төрсөн хүү Ахлийн нэр бүртгэгдээгүй, байхгүй болох нь тус тус тогтоогдсон.

8.5 Б аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1/766 дугаар албан бичигт хавсаргаж ирүүлсэн

Х газрын даргын 2025.11.14-ний өдрийн 04/1919 дугаар албан бичгээр 00 регистрийн дугаартай, 2000 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн Ахлийн нэрээр нийгмийн халамжийн ямар нэг үйлчилгээнд бүртгэгдэж хамаарагдаагүй болох нь нотлогдсон болно.

9.Дээрх үйл баримтаас үзэхэд хүсэлт гаргагч А , түүний эхнэр М нарын дундаас 2000 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Ахл 2003 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нас барсан эсэх нь тус аймгийн Улсын бүртгэлтийн хэлтсийн нас баралт мэдээллийн санд бүртгэгдээгүй, мөн хүүхэд Ахлийн нас барсан тухай болон хэвтэн эмчлүүлсэн бүртгэл мэдээлэл тус аймгийн Д сумын Эрүүл мэндийн төвд олдоогүй, байхгүй, мөн түүний нэрээр төрөөс олгодог хүүхдийн тэтгэмжийн мөнгө авч байгаагүй болох нь тус тус нотлогдон тогтоогдсон.

10.Харин хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хүсэлт гаргагчийн хүү Ахл 2003 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нас барсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

10.1 Б аймгийн Д сумын 11 дүгээр багийн эмч байсан асан Х гийн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: Миний бие тус багийн эмчээр 2025 оны 03-р сар хүртэл ажиллаж өндөр насны тэтгэвэрт гарсан. Д сумын 11 дүгээр баг нь урьд 4 дүгээр баг гэж яваад сүүлд хуваагдахад 11 дүгээр баг болсон. А ийн 2000 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр төрсөн хүү Ахл нь эцэг, эхийн гарт өсөж бойжиж байгаад өвчний улмаас 2003 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гэрт нас барсан үнэн. Тухайн үед багийн эмчийн хувьд надад хүүхэд өвдсөн гэж дуудлага өгч би очиж үзэхэд хүүхэд аль хэдийнээ нас барсан байсан. Би тус багийн эмч учраас оршуулгын ажиллагаанд оролцсон бөгөөд хоёр Б гэдэг газар байдаг оршуулгын газарт оршуулсан үнэн. Нас барсны гэрчилгээ багийн эмчийн хувьд олгодоггүй. Сумын Эрүүл мэндийн төвийн статистикийн эмчид бүртгүүлж тэндээс авах ёстой байсан. Гэтэл тухайн үед бүртгүүлээгүй байна гэх мэдүүлэг,

10.2 Мөн Д сумын Эрүүл мэндийн төвийн даргаС , тус сумын 11 дүгээр багийн эмч Т нарын тодорхойлолт болон шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: Миний биеС нь Д сумын ЭМТөвийн даргын үүргийг түр гүйцэтгэж байх үед энэхүү хэрэгт авагдсан тодорхойлолтыг олгосон маань үнэн. Уг тодорхойлолтыг олгохдоо Д сумын 11 дүгээр багийн эмч Х гийн бичсэн тодорхойлолтыг мөн түүнээс тухайн үед Ахл гэх хүүхэд нас барсан эсэхийг тодруулж байгаад тодорхойлолт олгосон. Дээрээс нь тухайн хүүхдийн шарилыг асуух үед шарил нь байгаа гэсэн. Миний хувьд шарил дээр нь очиж үзээгүй. Харин нас барсан хүүхэд тус сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж нас бараагүй, гэртээ нас барсан байна. Д сумын 11 дүгээр багийн эмчээр насаар ажилласан Х нь өндөр насны тэтгэвэрт гарч түүний оронд Т томилогдсон байсан. Манай сумын Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байгаад нас бараагүй тул тэр хүүхдийн нас барсны бүртгэл байхгүй гэх,

-Т миний бие Д сумын 11 дүгээр багийн эмч байсан Х ах өндөр насны тэтгэвэрт 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гарсны дараа тэр хүний оронд тус багийн эмчээр томилогдсон. Х ах тэр багийн эмчээр насаар ажиллаж өндөр насны тэтгэвэрт гарсан хүн байсан учраас тэр хүнээс 2003.11.08-ны өдөр Ахл нь нас барсан үнэн гэж тодорхойлолт олгосон учраас уг тэрийг үндэслэж тодорхойлолт олгосон. Мөн манай сумын ЗДТГазарт нас барсны гэрчилгээ аваагүй хүүхдүүдийн нэрсийн дотор Ахлийн нэр байсан. Миний хувьд хүүхдийн оршуулгын газрын зураг, багийн эмч байсан Х ахын тодорхойлолт зэргийг үндэслэн тодорхойлолт олгосон маань үнэн гэх,

10.3 Тус аймгийн Д сумын 11 дүгээр багийн Засаг дарга Б , хөрш Х , С , Т нарын тодорхойлолт болон Х , Б нарын шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэгт:

-Б миний бие Д сумын 11 дүгээр багийн Засаг даргаар 2022 онд томилогдоод одоо хүртэл ажиллаж байна. Манай багийн иргэн болох А нь 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр надад ирж нас барсан хүү Ахжөлд нас барсны гэрчилгээг тухайн үед аваагүй юм байна гэж хэлсэн. Би тус багийн Засаг даргын хувьд түүнд та яагаад нас барсан хүүхдийн нэр дээр нас барсны гэрчилгээ аваагүй юм вэ? гэж урьд нь бас хэлж байсан. Тус аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас албан бичиг ирсэн ба уг албан бичгийн хавсралтад бичигдсэн хүүхдийн нэрсийн дотор А ийн нас барсан хүүхэд нь болох Ахжөлийн нэр байсан. Тэгэхэд би Ахлийн нэр дээр төрөөс олгодог халамжийн мөнгө авсан эсэхийг халамжийн байгууллага, нийгмийн даатгалын газар, банкнаас шаалгаж шүүлгэж үзэхэд аваагүй байсан. Тэр хүүхдийн нас барсныг нөхөж бүртгүүлэхээр тус аймгийн Улсын бүртгэлээс тодруулахад нөхөж бүртгүүлэх боломжгүй шүүхээр нас барсан байдлыг тогтоолгоорой гэсний дагуу А нь шүүхэд хандсан. Шүүхэд хандахаас өмнө А ээс над руу залгаад та манай хүүгийн шарилын газар очиж зургийг татаж явуулж өгнө үү гэж утсаар ярихаар нь шарилын газарт очиж зургийг татаж би явуулсан. Тэр хүүхдийн оршуулгын газар нь Б гэх газарт байдаг. Чулуугаар хаягласан бөгөөд Ахл гэж хаягийг чулууд сийлж бичсэн байсан. Нас барсан огноо 2003 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гэж бичигдсэн бөгөөд татаж авсан зургаас нэр болон нас барсан огноо нь харагдахгүй байна. Хавтаст хэрэгт байгаа шарилын зураг нь миний очиж татаж явуулсан Ахжөлийн шарилын зураг мөн байна. А нь одоо 5 хүүхэдтэй бөгөөд нас барсан хүүхэдтэй нийлж 6 хүүхэдтэй гэх мэдүүлэг,

-Х миний бие А тэй нэг багийн иргэний хувьд танина. Тэрээр М тай 1999 онд гэр бүл болж 2000 онд хүүхэдтэй болсон. Тэр хүүхэд нь 2003 онд нас барсан. Тухайн үед хүүхэд нь өвчтэй байсан. Хүүхдийн оршуулгын үйл ажиллагаанд оролцсон. Б гэх газарт оршуулсан. Хэрэгт байгаа шарилын зураг нь А ийн хүүгийн оршуулсан газрын зураг мөн байна гэх мэдүүлэг,

-Т миний бие тус аймгийн Д сумын 11 дүгээр багт мал маллаж байгаад 2015 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. Одоо тус багт эхнэрийн хамт амьдардаг. Тус багийн иргэн А ийн Ахл гэдэг хүүхэд нь 2003 оны 11 дүгээр сард өвчнөөр нас барсан. Миний бие оршуулгын ажиллагаанд оролцсон үнэн гэх,

-С миний бие тус аймгийн Д сумын 11 дүгээр багийн оршин суугч мөн ба тус багт эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Миний бие насаараа мал маллаж тус багт амьдарсан. Миний дүү болох А ийн анхны хүүхэд нь болох Ахл 2003 оны 11 дүгээр сард нас барсан ба бид бүхэн оршуулгын ажиллагаанд оролцсон үнэн гэх тодорхойлолтууд,

10.4 Мөн хүсэлт гаргагчийн тайлбар болон шарилын зураг зэрэг бичгийн нотлох баримтаар хүсэлт гаргагчийн хүү Ахл нь нас барсан буюу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

11.Иймд дээрх үйл баримтыг үндэслэн хүсэлт гаргагч А ийн хүү Ахл нь 2003 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Д сумын 4 дүгээр багт гэртэй нас барсан болохыг тогтоож шийдвэрлэв.

12.Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан А ийн Ахл  нь 2003 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Б аймгийн Д сумын 04 дүгээр багт нас барсан болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ