Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2025/ДШМ/829

 

Д.Ч-, Ч.Н- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Насанжаргал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-,

шүүгдэгч Д.Ч-ийн өмгөөлөгч Д.Ганбаатар,

шүүгдэгч Ч.Н-ийн өмгөөлөгч Ц.Дуламсүрэн,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/1245 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Б.Мөнгөншагайгийн бичсэн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 23 дугаар эсэргүүцэл болон шүүгдэгч Д.Ч-ийн өмгөөлөгч Д.Ганбаатар, шүүгдэгч Ч.Н-ийн өмгөөлөгч Ц.Дуламсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Ч-, Ч.Н- нарт холбогдох 2409000002096 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Б овгийн Д-ын Ч, 1973 онд Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 1, оршин суух тодорхой хаяггүй, (РД:...), урьд:

-Хан-Уул дүүргийн шүүхийн 1997 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 261 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, хорих ялын хөнгөн ялыг хүндэд багтаан 3 жил хорьж шийдвэрлэсэн,

-Хан-Уул дүүргийн шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 236 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар 25 жилийн хорих ялаар шийтгүүлсэн;

2.Х овгийн Ч-ы Н, 1980 онд Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, оршин суух тодорхой хаяггүй, ял шийтгэлгүй, (РД:...);

Д.Ч-, Ч.Н- нар нь бүлэглэн 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 15 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ...хотхоны подвалын давхарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.А-ыг “подвалд шээсэн” гэх шалтгаанаар зодож, түүний биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулахдаа бие махбодын шаналал, зовуурь үүсгэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газар: Д.Ч-, Ч.Н- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Д.Ч-, Ч.Н- нарыг бүлэглэж, бие махбодын зовуурь, шаналал үүсгэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар 3 жилийн хорих ял тус тус шийтгэж, уг ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 , 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч-, Ч.Н- нараас тус бүр 7,920,000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-д олгож шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Б.Мөнгөншагай бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг, “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 1.1-д зааснаар гэмт хэргийн улмаас хохирогч, эсхүл хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд учирсан сэтгэцийн хор уршгийг арилгуулна гэж заасан. Сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулах эрх эрүүгийн хэрэгт зөвхөн хохирогчоор тогтоогдсон этгээдэд, хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд байна. Хохирогч гэмт хэргийн улмаас нас барсан бол түүний гэр бүлийн гишүүн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд зааснаар хохирлыг шаардах эрх үүснэ.

Шүүх шүүгдэгч Д.Ч-, Ч.Н- нарыг “Бүлэглэж, бие махбодын зовуурь, шаналал үүсгэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар сэтгэцэд учирсан хор уршгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хүний эрүүл мэндэд учирсан хохирлын улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршиг гэж үзэхгүй. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад өөрчлөлт оруулахаар прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэв.

Прокурор Б.Насанжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцохдоо хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэл санааны хохирлыг нөхөн төлөх шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэл санааны хохирлыг олгох эрх нь хохирогч гэмт хэргийн улмаас нас барсан тохиолдолд үүсдэг. Харин энэхүү хэргийн хувьд хохирогч нас барсан нь тогтоогдоогүй бөгөөд түүний бие махбод, сэтгэцэд учирсан хор уршгийн шалтгааныг шүүгдэгч нарын үйлдэлтэй шууд холбоогүй гэж шүүх үзсэн байдаг. Иймд хэргийн зүйлчлэлийг “хүндэвтэр хохирол учруулсан” гэж үзэн Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, хэсгээр зүйлчилсэн. Тийм атал шүүхийн шийтгэх тогтоолд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрийг олгохоор шийдвэрлэсэн нь зөрчилтэй, үндэслэлгүй. Учир нь, шийтгэх тогтоолын дүгнэлт, зүйлчлэл нь уг нөхөн төлбөрийг олгох эрх зүйн үндэслэл бүрдүүлээгүй байна. Иймд дээд шатны прокуророос шүүхийн шийтгэх тогтоолын иргэний хэрэгтэй холбогдсон хэсэгт өөрчлөлт оруулах тухай эсэргүүцэл гаргасныг дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч Д.Ч-ийн өмгөөлөгч Д.Ганбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нар бүлэглэн хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан ба хохирогч спиртийн цочмог хордлогын улмаас олон эрхтний дутагдлаар нас барсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон.

Прокуророос хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-гийн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг 3 дугаар зэрэглэлээр тогтоосон 118 дугаар шинжээчийн дүгнэлтийг шүүхийн хэлэлцүүлгийн үе шат эхлэхийн өмнө гаргаж өгсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хохирогчийн нас барсан байдалд ихэд шаналж, зовж буй талаар хэлдэг. Тэрээр 118 дугаар шинжээчийн дүгнэлтийн талаар огт мэдээлэлгүй байсан нь түүнийг биечлэн шинжилгээнд хамрагдаагүй болохыг илтгэдэг. Прокурор шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжээчийн дүгнэлт гаргаж өгөх нь шүүгдэгчийн шинжээчийн дүгнэлт нэмэлт болон дахин хийлгэх, цаашлаад бүрэлдэхүүнтэй эсхүл мэргэжлийн шинжээчийн багаар анхдагч шинжилгээ хийлгэх эрхийг хязгаарласан эрхээ хамгаалуулах эрхийг зөрчсөн ноцтой алдаа юм.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн 10, 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана”, 2 дахь хэсгийн 1-д “хохирогч нь энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн хохирогч байх, эсхүл хохирогч нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүн байх”, 3-д “хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байх”, Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ”, 2.10 дахь хэсэгт “Энэ журмын 2.1.1-2.1.5-д зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтооно” гэж тус тус заасан.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 42 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шинжилгээ хийлгэх этгээд нь заавал биечлэн байхыг шаардсан. Гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоогоогүй, тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хэрэгсэхгүй болгон шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна.

Д.Ч-ийн хувьд олон жилийн ял эдэлж дуусаад нийгэмд гарахад багагүй хүндрэл учирсан. Нэгэнт нийгэмтэй зэрэгцэж чадаагүй учраас архинд орж, орон гэргүй гудамжаар хоноглох болсон. Анхан шатны шүүхээс 3 жилийн хорих ял онолдуулсныг багасгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ч.Н-ийн өмгөөлөгч Ц.Дуламсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 1.1-д зааснаар гэмт хэргийн улмаас хохирогч, эсхүл хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд учирсан сэтгэцийн хор уршгийг арилгуулна. Сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулах эрх эрүүгийн хэрэгт зөвхөн хохирогчоор тогтоогдсон этгээдэд, хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүд байна.

Хохирогч гэмт хэргийн улмаас нас барсан бол түүний гэр бүлийн гишүүн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд зааснаар хохирлыг шаардах эрх үүснэ. Шүүх шүүгдэгч Ч.Н-оос сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршиг гэж үзэхгүй.

Шүүгдэгч Ч.Н- нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруу дээрээ маргадаггүй, бусдад төлөх төлбөргүй байх тул түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан ялыг багасгаж өгнө үү. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд энэ хэрэгт сэтгэл санааны болоод эд материалын хохирол бодитоор учирсан. Би 01 дүгээр сарын 03-ны өдөр шүүх эмнэлгийн сэтгэцийн шинжилгээнд хамрагдсан. Ахыг минь зодож, биеийн бүх хэсгийг нь гэмтээж, амийг нь бүрэлгэсэн байдалд хүргэсэн нь бодит үнэн. Түүний нүүр, эрүү салсан, бүх бие нь хөх няц болтлоо зодуулсан байдалтай байсан. Ах маань амьд байхдаа “больё, болиоч” хэмээн гуйж байхад ч тэдгээр хүмүүс зодсоор байсан. Гэтэл одоо “ялыг багасгаж өгнө үү” хэмээн шүүхэд хандаж байгаа нь ойлгомжгүй, хүлээн зөвшөөрөхийн аргагүй байна. Хэрэв тэд тухайн үед жаахан ч гэсэн ухамсар, энэрэлтэй байсан бол хүний амийг авч үлдэж болох байсан. Ахын минь үхлийн шалтгааныг архины хордлого гэж дүгнэсэн байж болох ч би бодит үнэндээ тэр хоёр хүн л түүнийг алсан гэж үздэг. Архины үлдэгдэл нь байсан ч түүнийг амьд байхад нь тийм байдалд оруулсан хүмүүсийн үйлдэл ноцтой, шууд нөлөөтэй байсныг үгүйсгэх аргагүй. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шүүгдэгч нарт тохирсон гэж үзэж байна. Мөн би энэ хэрэгтэй холбоотойгоор прокурорт дахин хүсэлт гаргаж, уг хэргийг дахин үнэн зөвөөр, бодит байдалд нийцүүлэн шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Д.Ч-, Ч.Н- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг дээд шатны прокурор Б.Мөнгөншагайгийн бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч Д.Ч-ийн өмгөөлөгч Д.Ганбаатар, шүүгдэгч Ч.Н-ийн өмгөөлөгч Ц.Дуламсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй бөгөөд хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлжээ.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

-Д.Ч-ийн яллагдагчаар өгсөн: “...Ч.Н- нь талийгаачийг “яагаад шээж байгаа юм” гээд малгайны саравч дээр нь малгайгаараа цохиод байсан. Нэг мэдэхэд, би хана түшээд цээжин дээр нь дэвсэж, 2 бүдүүн гуя дээр нь гутлынхаа өсгийгөөр 7-8 удаа өсгийдөж байхад Э.Ч-“хоолой нь дуугараад байна, бөөлжих гээд байгаа юм биш үү” гэхээр нь бид гурав талийгаачийг орхин гарч, 4 дүгээр дэлгүүрийн орчим орцонд үлдсэн 1 шил архиа уугаад унтсан. Ч.Н- талийгаачийн ард гарчихсан толгойных нь дэргэд асаагуур асаасан, утаа гарч байсан...” (1хх 8-9),

-Ч.Н-ийн яллагдагчаар өгсөн: “...Босоод ирэхэд миний өмд нойтон болчихсон байхаар нь би талийгаачийг “чи яахаараа шээдэг юм, гараад шээчихгүй” гэж хэлсэн чинь “би шээгээгүй” гэсэн. Д.Ч- босож ирээд “шээчихсэн юм уу” гээд талийгаачтай маргалдсан, би зүүн хөлийн шагай хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөөд, тамхи олж татахаар гараад 30 орчим минут болж, буцаад ороход бүгдээрээ байсан...” (1хх 17-18),

-гэрч Э.Ч-ийн: “...Бид гурвыг тэнд ороод байж байхад С.А- нэлээн согтуу ирсэн. Тэгээд уг өрөөнд С.А- шээсэн. Ч.Н- “чи яагаад хонодог газраа шээж байгаа п* вэ” гээд С.А-ыг гараараа нэлээд олон удаа цохисон. Гэтэл С.А- хажуу тийшээ унаад газарт хэвтэж байхад Ч.Н- “чи наад бөөсөө арилга” гэж хэлээд үсийг нь асаагуураар шатаахад маналзаад гал гарсан. Ч.Н-, Д.Ч- нар үснийх нь галыг унтраасан. Тэгээд Ч.Н- нь С.А-ын дээрээс мод юм уу, нэг урт зүйлээр нүдээд байсан. Би “боль” гэж хэлтэл Ч.Н- болихгүй байсан, харин Д.Ч- намайг зодох гээд байсан тул айгаад гараад явсан...” (1хх 59-61),

-гэрч Б.Б-ын: “...Шатаар доош уруудах гэтэл 3 согтуу хүний арай хөгшин нь гарч ирсэн. Цаана нь хамт явж байсан эмэгтэй нь “ааваа” гээд орилоод байсан. Би “та нар наанаасаа гарцгаа, наадахыг чинь цэвэрлэж байгаа” гэж хэлээд цагдаад дуудлага өгсөн...” (1хх 55-57),

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-гийн: “...Би ахтайгаа хамгийн сүүлд 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн орчим уулзахад биеийн байдал зүгээр, архи уугаагүй, биед нь ил харагдах гэмтэл, шарх, хүнд цохиулсан зүйл байхгүй байсан...” (1хх 48-50) гэх мэдүүлгүүд,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 3699 дүгээр: “...С.А-ын цогцост тогтоогдсон баруун 3, 4 дүгээр хавиргын шууд хугарал, гялтангийн цус хуралт, хоншоор ясны баруун дээд 1 дүгээр шүдний түүшингийн хугарал, баруун дээд 1, 2, зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал, зулай, баруун дух, зүүн чамархайн хуйханд 1, 2 дугаар зэргийн түлэгдсэн шарх /биеийн нийт гадаргуун 3-4 хувийг хамарсан/, баруун зулайн хуйх, цох, хамар, дээд уруул, зүүн хөмсөг, дээд зовхи, шанаа, өвдөг, баруун хацар, хоёр сарвуунд няцарсан шарх, баруун гуя, өвдөгт хатгагдсан шарх, баруун шилбэнд няцарсан шарх, зулгаралт, зүүн хацарт цус хуралт, зулгаралт, цээж, зүүн шуу, сарвуу, хоёр гуя, өвдөг, шилбэнд цус хуралт /биеийн нийт гадаргуун 20-25 хувийг хамарсан/, эрүү, цээж, зүүн зовхи, хацар, гуя, хоёр шилбэнд зулгаралт гэмтэл нь өндөр хэм, мохоо болон ир, үзүүр, ирмэг бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь хэвтээ, босоо, суугаа ямар ч байрлалд үүсэх боломжтой. Тогтоогдсон баруун 3, 4 дүгээр хавирганы шууд хугарал, гялтангийн цус хуралт, түүшин ясны хугарал гэмтэл нь нийлээд болон тус тусдаа хохирлын хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна. Цээжний хүрэн шар өнгийн зулгаралт, зүүн гуяны зулгаралт нь нас барсны дараа, бусад гэмтэл нь амьд үед үүссэн шинэ гэмтэл байна. Цусанд 4.3 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Ходоодны шингэнд 6.4, цөсөнд 4.4, шээсэнд 4.0 промилли спиртийн агууламж илэрсэн. Талийгаач нь спиртийн цочмог хордлогын улмаас олон эрхтний дутагдлаар нас баржээ...” гэх дүгнэлт (1хх 64-73),

-шинжээч эмч Э.Баасанжавын: “...Тогтоогдсон гэмтлүүд нь үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй, цогцост хийсэн макро шинжилгээ болон эд эсийн шинжилгээнд илэрч буй өөрчлөлтүүд, мөн химийн шинжилгээгээр илэрсэн согтолтын хувь хэмжээнээс хамааран спиртийн цочмог хордлогын улмаас нас барсан болох нь тогтоогдож байна...” гэх мэдүүлэг (1хх 78-79),

-цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх 30-36) зэргийг харьцуулан шинжлэн судлахад:

шүүгдэгч Д.Ч-, Ч.Н- нар нь бүлэглэн 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 15 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... хотхоны суурийн давхарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.А-ыг “унтдаг газраа шээсэн” гэх шалтгаанаар зодож, түүний биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулахдаа бие махбодын шаналал, зовуурь үүсгэж үйлдсэн гэмт хэргийн үйл баримт нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Д.Ч-, Ч.Н- нарын хохирогч С.А-ыг зодож, эрүүл мэндэд нь олон тооны гэмтэл, шарх бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тус тус зүйлчилсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн, бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа төрийн цээрлэл нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Ч-, Ч.Н- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээр нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг зөрчиж үл болно гэдгийг мэдэж, ухамсарласан хэдий ч гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учруулахдаа олон тооны шарх, гэмтэл үүсгэж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур мэдрүүлсэн болон тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүнчлэн Д.Ч- нь урьд 2 удаа гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байсан боловч өөртөө дүгнэлт хийлгүйгээр дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн түүний хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүйн зэрэгцээ гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын эцсийн зорилгод нийцсэн гэж үзлээ.

Иймд эрүүгийн хариуцлагыг багасгуулахаар гаргасан давж заалдах гомдол, тайлбаруудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Харин дээд шатны прокурор Б.Мөнгөншагай, шүүгдэгч Д.Ч-ийн өмгөөлөгч Д.Ганбаатар, шүүгдэгч Ч.Н-ийн өмгөөлөгч Ц.Дуламсүрэн нараас “хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” хэмээж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгуулахаар тус тус эсэргүүцэл болон давж заалдах гомдол гаргасан.

Хуулиар тогтоосон албан тушаалтны эрх, үүрэг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж зааж,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор хуульчилжээ.

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Арван нэгдүгээр бүлэг (Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг)-т заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана”,

мөн зүйлийн 40.2 дахь хэсгийн 40.2.1-д “хохирогч нь энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн хохирогч байх, эсхүл хохирогч нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүн байх” гэж тус тус заасан.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл, хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг зөвхөн тухайн гэмт хэргийн хохирогчид, хэрэв хохирогч тухайн гэмт хэргээс шалтгаалан нас барсан тохиолдолд хохирогчийн гэр бүлийн гишүүнд олгохоор зохицуулжээ.

Шүүгдэгч Д.Ч-, Ч.Н- нар нь бүлэглэн хохирогч С.А-ыг зодсоны улмаас түүний биед учруулсан гэмтэл нь хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарахыг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 3699 дүгээр дүгнэлтээр тогтоосон.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг гэм буруутайд тооцох, улмаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахын тулд шүүгдэгчийн үйлдэл учруулсан хохирол, хор уршигтай шууд шалтгаант холбоотой байхыг шаарддаг.

С.А-ын амь хохирсон үйл баримт нь шүүгдэгч нарын үйлдлээс шалтгаалаагүй буюу тэрээр спиртийн цочмог хордлогын улмаас олон эрхтний дутагдлаар нас барсан явдал нь Д.Ч-, Ч.Н- нарын хууль бус үйлдэл үйлдэгдсэн эсэхээс үл хамааран бий болжээ.

Гэтэл хохирогч С.А- нь гэмт хэргийн улмаас амь насаа алдаагүй байхад анхан шатны шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-д төрсөн ахынхаа нас барсан явдалд илэрч буй сэтгэл санааны уй гашууд холбогдуулан сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг шүүгдэгч нараас гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

Иймд шийтгэх тогтоолын гэм хорын хохирол гаргуулсан хэсгийг хүчингүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О- нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх дээд шатны прокурор Б.Мөнгөншагайгийн бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Д.Ч-ийн өмгөөлөгч Д.Ганбаатар, шүүгдэгч Ч.Н-ийн өмгөөлөгч Ц.Дуламсүрэн нарын гаргасан “хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг гаргуулсан хэсгийг хүчингүй болгуулах” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг заасан.

Шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа гэм буруутай эсэхийг нь тогтоох этгээд болон түүний холбогдсон хэргийн хувьд шүүн таслах ажиллагаа явуулах ба прокуророос шүүхэд шилжүүлсэн “Д.Ч-, Ч.Н- нар нь бүлэглэн хохирогч С.А-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэнэ.

Тиймээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн дурдаж буй “Ахыг минь зодож, биеийн бүх хэсгийг нь гэмтээж, амийг нь бүрэлгэсэн байдалд хүргэсэн нь үнэн, миний ах бусдын гарт амь насаа алдсан” гэх агуулга бүхий тайлбар нь шүүхээр хэлэлцэгдэж буй хэргийн хувьд нотлогдоогүй, энэ хэрэгт хамааралгүй болно.

Шүүгдэгч Д.Ч-, Ч.Н- нар нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 56 хоног тус тус цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцов.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/1245 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 , 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Ч-, Ч.Н- нараас тус бүр 7,920,000 төгрөг буюу нийт 15,840,000 гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-д олгосугай.” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О- нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр, бусад зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.” гэж өөрчилсүгэй.

2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Б.Мөнгөншагайгийн бичсэн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 23 дугаар эсэргүүцлийг бүхэлд нь, шүүгдэгч Д.Ч-ийн өмгөөлөгч Д.Ганбаатар, шүүгдэгч Ч.Н-ийн өмгөөлөгч Ц.Дуламсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэсэгчлэн хангасугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч-, Ч.Н- нарын цагдан хоригдсон нийт 56 (тавин зургаа) хоногийг ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.

4.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ГАНБААТАР

                        ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН