| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/04030/И |
| Дугаар | 191/ШШ2026/00266 |
| Огноо | 2026-01-02 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 191/ШШ2026/00266
2026 01 02 191/ШШ2026/00266
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, ******* ******* овогт Э******* Б******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: хаягт байрлах, ******* ******* ХХК /рд: *******/-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 69,160,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Б******* нь нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Э.Б******* миний бие "******* констракшн" ХХК-тай 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдөр ******* хаягт байрлах, 53,2 мкв 2өрөө орон сууцыг захиалан бариулах гэрээ байгуулж, захиалга өгсөн. Ингээд гэрээ байгуулагдсан өдөрт нь 100%-н төлөлт хийхэд 69,160,000 /жаран есөн сая нэг зуун жаран мянган/ төгрөг болсон.
Барилгын ажил явахгүй удаашралтай, барилгыг ашиглалтад оруулахгүй байсан тул 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гэрээ цуцлах хүсэлтээ "******* констракшн" ХХК-д өгснөөр мөн өдөр гэрээг цуцалж, акт үйлдсэн. Уг актанд төлбөрийг 30 хоногийн дотор шийдвэрлэнэ гэсэн боловч одоог хүртэл төлөөгүй байгаа тул "******* констракшн ХХК-иас байрны төлбөр болох 69,160,000 төгрөгийг, алдангийн хамт тооцож гаргуулж өгнө үү.
Алданги, хохирлын талаар тооцоолж гаргаад шүүхэд өгсөн зүйл байхгүй. Миний бие мөнгийг эргүүлэн төлөхөөр тогтоосон хугацаанд "******* констракшн" ХХК-тай очиж уулзаж удаа дараа шаардахад над руу дайрсан, уурласан шинжтэй хүлээж авах болсон.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
2а. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Э.Б*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, талуудын хооронд 2024.04.29-ний өдөр байгуулагдсан гэрээ цуцалсан актын хуулбар, Э.Б*******аас 2021.03.27-ны өдөр 69,160,000 төгрөгийг ******* констракшн ХХК-д шилжүүлсэн бак ХК-ийн дансны хуулга, төлбөрийн баримт /хх 1-4, 7-8/,
2б. Хариуцагчаас ирүүлсэн: ******* констракшн ХХК-иас 2025.05.30-ны өдөр Б.О, 2025.11.27-ны өдөр С.Н*******д тус тус олгосон итгэмжлэл, ******* констракшн ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.О иргэний үнэмлэхийн хуулбар, ******* констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025.12.10-ны өдрийн С.Н*******д 2025.12.11-2025.12.19-ний өдрийн хооронд ээлжийн амралт олгох тухай тушаал /хх 11-13,31-32, 39 / зэргийг бүхэлд нь шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Б******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 69,160,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Хариуцагч нь 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийг гардан авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй. /хх 14/
3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
4. Тус шүүх Э.Б*******ын, гэрээний үүрэгт 69,160,000 төгрөг гаргуулах тухай, ******* констракшн ХХК-д холбогдох нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр шүүгчийн дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийг гардуулан өгч, түүнд зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, хэрэгт авагдсан баримтуудтай танилцуулсан. /хх 5, 14-20/
4а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш уг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнээс хойш хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд ирүүлээгүй байхаас гадна тэрээр товлосон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болох нь тогтоогдож байна. /хх 14, 45-47/
4б. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т:Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, мөн хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж зааснаас үзэхэд хариуцагч ******* ******* ХХК нь хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлийг бий болгосон гэж үзэв.
4в. Хариуцагч ******* ******* ХХК-иас 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр С.Н*******д 2 /хоёр/ жилийн хугацаатай олгосон итгэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг олгосон. / хх 31-32/
5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг ....талуудын хооронд 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалгын тоот гэрээг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр цуцалж акт үйлдсэн, уг актын дагуу гэрээг цуцалснаас хойш 30 хоногийн дотор гэрээний төлбөр 69,160,000 төгрөгийг буцаан төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж тодорхойлсон.
6. Нэхэмжлэгчээс ирүүлсэн, 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцалсан акт, гэрээний үүрэгт 69,160,000 төгрөг шилжүүлсэн банк ХК-ийн төлбөрийн баримт зэргээс үзэхэд талуудын хооронд 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр № тоот Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр ******* констракшн ХХК нь ******* орон сууцыг барьж ашиглалтад хүлээлгэн өгөх, Э.Б******* нь 69,160,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байх ба энэхүү гэрээг захиалагчийн санаачилгаар цуцалсан болох нь тогтоогдож байна. /хх 4/
6а. Зохигч гэрээ байгуулах үед орон сууцны барилга баригдаагүй байсан талаар маргаагүй тул тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.
6б. Нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт гэрээ байгуулагдсан өдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 69,160,000 төгрөгийг хариуцагч Мар ******* ХХК-д төлсөн болох нь банк ХК-ийн төлбөрийн баримт, дансны хуулгаар тогтоогдсон. /хх 7-8/
7. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан ба гэрээнд заасан орон сууцыг тохиролцсон хугацаанд багтаан захиалагчид хүлээлгэж өгөх үүргээ гүйцэтгэгч биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулагдсан гэрээг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр захиалагчийн санаачилгаар цуцалж, талууд гэрээ цуцалсан талаарх акт үйлджээ. /хх 4/
7а. Дээрх актад гэрээг цуцлах үндэслэл нь захиалагчийн санаачилгаар, гэрээний 5.13 дахь хэсэгт Гэрээг захиалагчийн санаачилгаар эсвэл захиалагч үүргээ биелүүлээгүйн улмаас гүйцэтгэгчийн санаачилгаар цуцалсан тохиолдолд гүйцэтгэгч нь тухайн орон сууцыг худалдан борлуулж захиалагч талын нийт төлсөн төлбөрөөс 20 хувийг гэрээ цуцалсан торгуульд суутган үлдэгдэл төлбөрийг шилжүүлнэ гэж заасны дагуу суутгахгүйгээр,
гэрээний 6.2.6 дахь хэсэгт Хэрэв гэрээ цуцалснаас хойш энэхүү гэрээнд заасан орон сууцыг өөр этгээд захиалаагүй тохиолдолд дээр дурдсан төлбөрийг түүнээс хойш 180 хоногийн дотор олгоно гэж заасныг тус тус үндэслэн 69,160,000 /жаран есөн сая нэг зуун жаран мянган/ төгрөгийг 30 хоногийн дотор банкны тоот дансанд буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.
7б. Уг Үүнээс үзэхэд талуудын хооронд 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалгын гэрээг захиалагчийн санаачилгаар 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр цуцалж талууд энэ талаар акт үйлдсэн, уг актаар гүйцэтгэгч нь гэрээний төлбөр 69,160,000 төгрөгийг 30 хоногийн дотор захиалагчид буцаан шилжүүлэхээр тохиролцсон болох нь тогтоогдож байна.
8. Хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан, үүнтэй холбоотой гэрээний үр дагавар болох 69,160,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байх ба тэрээр энэхүү байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
9. Иймд нэхэмжлэгч нь гэрээ цуцалснаас гэрээний үүрэгт төлсөн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэх тул хариуцагч ******* констракшн ХХК-иас гэрээний үүрэгт 69,160,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Б*******д олгож шийдвэрлэв.
9а. Нэхэмжлэгч нь 69,160,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, алданги тооцож өгөхийг хүссэн боловч алдангийн хэмжээг тодорхойлоогүй, ийнхүү алдангийн хэмжээг тодорхойлсны үндсэн дээр уг үнийн дүнгийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг төлж ирүүлээгүй тул түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
10. Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-тХариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасныг баримталсан болохыг дурдах нь зүйтэй.
11. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч ******* констракшн ХХК нь хариуцах үүрэгтэй тул улсын тэмдэгтийн хураамжид 503,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 503,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116,118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч ******* констракшн ХХК-иас 69,160,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Б*******д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч ******* констракшн ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 503,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Б*******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 503,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ