| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 302/2025/01049/И |
| Дугаар | 302/ШШ2025/01145 |
| Огноо | 2025-12-19 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 302/ШШ2025/01145
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: В . Хаяг: Б аймаг, Ө сум, 8 дугаар багт оршин суух,
Хүсэлтийн шаардлага: М тай 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хамтран амьдарч байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч В ,
Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Б ,
Орчуулагч Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч В нь М тай 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хамтран амьдарч байснаа тогтоолгохыг хүсэж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.1 Миний бие М тай 2007 оноос хойш хамт амьдарсан. Энэхүү хугацаанаас хойш бид хоёр 4 хүүхэдтэй болсон. Нөхөр маань К улс руу ажил хийхээр явсан боловч тэндээс 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нас барсан. Би дөрвөн хүүхдийн хамт амьдарч байна.
1.2 Тус шүүхэд хүсэлт гаргаж байгаа учир нь нөхөр бид хоёрт гэр бүлийн баталгаа байгаагүй. Гэр бүлийн баталгаа авах гэж очсон боловч нөхөр маань өөр хүнтэй гэрлэлтийн гэрчилгээтэй байсан. Тухайн үед гэрлэлтээ цуцлуулаагүй байсан учраас гэрлэлтээ бүртгүүлж чадаагүй. Нөхөр маань нас барсан учраас 4 хүүхдэд тэтгэмж тогтоолгохоор хүсэлт гаргасан боловч нөхөртэй хамтын амьдралтай байснаа тогтоолгохыг зөвлөсөн.
1.3 Тус шүүхээс хүүхдийн эцэг, тогтоолгож, тэжээн тэтгүүлсэн шүүхийн шийдвэрийг тус аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст өгсөн. Гэтэл тус байгууллагаас тавьж байгаа шаардлага нь нас барсан нөхөртэй хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгох шаардлагатай гэсэн. Хэрвээ гэр бүлийн баталгаа байхгүй бол шүүхээр хамтын амьдралтай байснаа тогтоолгоорой гэж амаар хариу өгсөн учраас шүүхэд хандсан. Нэхэмжлэлдээ 4 хүүхдийн төрсний гэрчилгээг нотлох баримтаар гаргаж өгсөн. Харин 2022 онд хоорондоо таарамжгүй байсан учраас шүүхэд хандаж хүүхдүүдийн эцэг нь мөн болохыг тогтоолгосон.
1.4 Миний бие Т сумын иргэн Б гэдэг хүнтэй 2006 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болж, тухайн хүнтэй 8 сар хамт амьдарсан. Тэрнээс хойш тус тусдаа явсан байгаа. Дараа нь 2013 онд гэрлэлтээ захиргааны журмаар цуцалсан. Нөхрөөс тусдаа явснаас хойш 2007 онд М тай нэг гэрт түүний өмнөх эхнэрийн хүүхэд нь болох Б , БА нарын хамт амьдарсан. Нөхрийн өмнөх эхнэрээс төрсөн хүүхэд нь 2000 болон 2001 онд төрсөн хүүхэд байсан. Тэд 25 нас хүрээд хоёулаа К улсад гэр бүл зохиож явчихсан болно. Нөхөр нас барсны дараа тус аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс нөхөр М гаас төрүүлсэн 4 хүүхдэд тэтгэмж тогтоолгохоор хандсан боловч хамтын амьдралтай байсан байдлыг шүүхээр тогтоолгож ир гэж зөвлөсөн.
1.5 Нөхөр М гийн хувьд С гэдэг хүнтэй гэр бүл болсон байна. Нөхөр бид хоёр гэрлэлтээ батлуулах гэхэд өмнөх гэрлэлт нь дуусгавар болоогүй хүчин төгөлдөр байна гэдэг үүднээс гэрлэлтээ бүртгүүлээгүй болно. Тухайн үед С гэдэг хүнийг олох боломжгүй байсан. Шүүхийн бүрдүүлсэн баримтаас С нь Т суманд өөр хүнд нөхөрт гарч, хүүхэдтэй болсон гэдэг нь харагдаж байна.
1.6 Иймд шүүхээс хүсэх нь талийгаач нөхөр М тай 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хамтран амьдарч байсныг хуулийн дагуу тогтоож өгөхийг хүсье гэв.
2.Хүсэлт гаргагчаас Монгол улсын Иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, М гийн нас барсны №00 дугаартай гэрчилгээ, Б , А , П, А нарын төрсний гэрчилгээ зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ө сумын 3 дугаар багийн Засаг даргын 2025.10.17-ны өдрийн, тус аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн сургалтын менежерийн 2025.10.17-ны өдрийн, тус аймгийн Ө сумын ЕБ 4 дүгээр сургуулийн сургалтын менежерийн 2025.10.16-ны өдөр тус тус олгосон тодорхойлолт, К улсын эрүүл мэндийг хамгаалах яам Шүүхийн шинжилгээний салбараас 2025.10.01-ний өдөр орос хэлээр олгосон №215 дугаар нас барсны тухай эмнэлгийн гэрчилгээ, түүнийг монгол хэл дээр хөрвүүлж орчуулсан орчуулга, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Б тэй 2025.10.23-ны өдөр байгуулсан Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, өмгөөлөгчийн 2025.12.18-ны өдрийн Б/20 дугаар албан бичгээр шүүх хуралдааныг хойшлуулахыг хүссэн хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
3.Шүүхийн журмаар тус шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1151, 1152 дугаартай, мөн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1289, 1288 дугаартай албан бичгүүдийн дагуу Б аймгийн У хэлтсийн даргын 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 12/1167 дугаартай албан бичгээр ирүүлсэн В , М нарын ХААТР маягтууд болон гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа, мөн хэлтсийн даргын 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10/1277 дугаар албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн С ын ХААТР маягтууд, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын захирлын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 03/1198 дугаар албан бичгээр ирүүлсэн 2025.11.18-ны өдрийн 03-07/8020 дугаартай архивын лавлагаа, Гадаадын иргэн, харьяатын газрын Б аймаг дахь хэлтсийн даргын 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 17/170 дугаар албан бичиг, тус шүүхийн Тамгын газрын архиваас хуулбар авсан Б аймаг дахь сум дундын иргэний анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШШ2022/00205 дугаар шийдвэр зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлтийн шаардлагын зарим хэсэг болох хүсэлт гаргагч В нь М тай 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хамтран амьдарч байсан болохыг тогтоож, үлдсэн түүнтэй 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 20-ны хүртэл хамтран амьдарч байсан болохыг тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт шүүх хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр 10 үндэслэл бүхий заасны 133.1.1 дэх хэсэгт эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох-оор заасан ба мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх заалтад тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал-ыг шүүх тогтоохоор хуульчилсан.
6.Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх заалтад Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус зааснаар хүсэлт гаргагчаас М тай 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хамтран амьдарч байснаа тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргасан байжээ.
7.Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: ... М тай 2007 оноос хойш хамт амьдарсан. Энэхүү хугацаанаас хойш бид хоёр 4 хүүхэдтэй болсон. Нөхөр маань К улс руу ажил хийхээр явж байгаад 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэнэт нас барсан. Тус шүүхэд хүсэлт гаргаж байгаа учир нь нөхөр бид хоёрт гэр бүлийн баталгаа байгаагүй. Гэр бүлийн баталгаа авах гэж очсон боловч нөхөр маань өөр хүнтэй гэрлэлтийн гэрчилгээтэй байсан. Тухайн үед гэрлэлтээ цуцлуулаагүй байсан учраас гэрлэлтээ бүртгүүлж чадаагүй. Нөхөр маань нас барсан учраас 4 хүүхдэд тэтгэмж тогтоолгохоор хүсэлт гаргасан боловч тус аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээс гэр бүлийн баталгаа байхгүй бол шүүхээр хамтын амьдралтай байснаа тогтоолгох шаардлагатай гэж амаар хариу өгсөн учраас шүүхэд хандсан гэж тодорхойлжээ.
8.Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:
8.1 Хүсэлт гаргагч В нь Б тай 2006 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ эрх бүхий байгууллагад 2006 оны 05 дугаар сарын 28-ны өдөр бүртгүүлж 23 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ авч, хууль ёсны эхнэр нөхөр, мөн М нь 1996 оны 12 дугаар сарын 15-ны өдөр С тай гэр бүл болж, гэрлэлтээ эрх бүхий байгууллагад 1997 оны 08 дугаар сарын 14-ний өдөр бүртгүүлж 70 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ авч, хууль ёсны эхнэр, нөхөр болох нь тус аймгийн У хэлтсийн даргын албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн гэрлэлтийг бүртгэх анкет буюу ХААТР -15 (Б) маягтаар тус тус тогтоогдсон.
8.2 Хэдийгээр хүсэлт гаргагч В нь хууль ёсны нөхөр Б тай гэрлэлтээ 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр захиргааны журмаар дуусгавар болохоос өмнө, мөн М нь хууль ёсны эхнэр С тай гэрлэлтээ цуцлуулан дуусгавар болоогүй байхад тэд 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс хамтран амьдарч улмаар тэдний дундаас 2008 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүү М гийн Б, 2009 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр охин М гийн А, 2010 оны 08 дугаар сарын 17-ны өдөр охин П, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүү А нар төрсөн болох нь тэдний төрсний гэрчилгээгээр тус тус нотлогдож байна.
8.3 Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын захирлын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 03/1198 дугаар албан бичгээр ирүүлсэн 2025.11.18-ны өдрийн 03-07/8020 дугаартай архивын лавлагаагаар өрхийн тэргүүн М , эхнэр В нар болон тэд нарын дундаас төрсөн хүүхэд мөн талийгаач М гийн дагавар хүүхэд нь болох 2000 онд төрсөн Б , 2001 онд төрсөн Б нарын хамт 2010 оны хүн ам, орон сууцны тооллогод бүртгэгдсэн байжээ.
8.4 Хүсэлт гаргагч В гийн хамтран амьдарч байсан М гийн хууль ёсны эхнэр С нь Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар харьяатаас гаргаагүй, одоо тус аймгийн Т сумын 1-р багт Б гэх хүнээс гурван хүүхэд төрүүлж амьдарч байгаа болох нь тус аймгийн У хэлтсийн даргын 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10/1277 дугаар албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн С ын ХААТР маягтуудаар нотлогдож байна.
8.5 Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШШ2022/00205 дугаартай шийдвэрээр 2008 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн хүү Б , 2009 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин А , 2010 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин П, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү А нарын эцэг М мөн болохыг тогтоож, тэд нарыг эх нь болох В гийн асрамжид үлдээж, эцэг нь М тэжээн тэтгүүлж шийдвэрлэсэн байжээ.
8.6 Улмаар М нь 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Бүгд Найрам дахь К улсын П мужад нас барсан болох нь К улсын А хотын Монгол улсын Консулын У ажилтан Б 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр бүртгэж олгосон № дугаартай нас барсны гэрчилгээ, К улсын Э яам Ш олгосон 2025.10.01-ний Нас барсны тухай эмнэлгийн №215 дугаар гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
9.Дээрх үйл баримтаас үзэхэд хүсэлт гаргагч В болон талийгаач М нар өөр, өөр хүнтэй хууль ёсны эхнэр, нөхөр буюу өмнөх гэрлэлтүүдээ цуцлуулан дуусгавар болоогүй байхад бодит байдал дээр тэд 2007 оноос хойш хамтран амьдарч, улмаар Б , А , П, А гэсэн дөрвөн хүүхэдтэй болсон үйл баримт нотлогдон, тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан ба Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШШ2022/00205 дугаартай шийдвэрээр Б , А , П, А нарын эцэг М мөн болохыг тогтоож, тэд нарыг эх нь болох В гийн асрамжид үлдээж, эцэг нь М аар тэжээн тэтгүүлж шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байх ба харин тухайн цаг хугацаанаас хойш хамт амьдарч байсан үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
11.Иймд 1999 оны 06 дугаар сарын 11-ний өдөр баталсан Гэр бүлийн тухай хуульд хууль ёсны гэрлэлтийн баталгаатай гэрлэгч хэн нэгэнтэй хамтран амьдрахыг хориглоогүй байгаа тул шүүхээс хүсэлт гаргагч В нь талийгаач М тай 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс дээрх шүүхийн шийдвэр гарсан өдөр болох 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож, үлдсэн М тай 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байснаа тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
12.Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг дээрх үндэслэлээр зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан хүсэлт гаргагч В нь талийгаач Харахас овогт М тай 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож, үлдсэн талийгаач М тай 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 20-ны хүртэл хамтын амьдралтай байснаа тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ