| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноопын Болормаа |
| Хэргийн индекс | 2219002070291 |
| Дугаар | 2025/ДШМ/43 |
| Огноо | 2025-06-27 |
| Зүйл хэсэг | 204.3., |
| Улсын яллагч | Ц.Цэрэндулам |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2025/ДШМ/43
Ч.Б.т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
прокурор: Ц.Ц.м,
шүүгдэгчийн өмгөөлөгч О.Д.л /зайнаас цахимаар/,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,
Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Г. даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/...дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Ц.Ц.н эсэргүүцэл, шүүгдэгчийн гомдолд үндэслэн, шүүгдэгч Ч.Б.т холбогдох ............. дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгч, ... ............................ оршин суух, урьд ял шийтгэлгүй,
2.Холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Ч.Б.г 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ..... аймгийн .....сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах .... гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж байгаль орчинд 669,810 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
3..... аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ц., шүүгдэгч Ч.Б.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлснийг, 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр шүүх хүлээн авч хянан хэлэлцжээ.
4.Анхан шатны шүүх: “…шүүгдэгч ... овогт Ч..н Б.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б.г 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б. нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
шүүгдэгч Ч.Б.т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
энэхүү гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Ч.Б.г нь 669,810 төгрөгийг төлснийг дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх Hyundai Robex 2900 LV-7 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 90,000,000 /ерэн сая/ төгрөг, Howo BZ5255 маркийн ачааны авто машины үнэ 60,000,000 /жаран сая/ төгрөг, ачааны чиргүүлийн үнэ 18,000,000 /арван найман сая/ төгрөг, нийт 171,000,000 төгрөгийг шүүгдэгч Ч.Б.с гаргуулж улсын төсвийн орлогод оруулж,
шүүгдэгч Ч.Б.г нь хохирол 669,810 төгрөгийг ... аймгийн ... сумын Засаг даргын тамгын газарт төлсөн болохыг дурдаж,
шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй ба эд мөрийн баримтаар хураагдсан 32,320,000 кг шороог улсын орлого болгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5.Шүүгдэгч давж заалдах гомдолдоо: “...шинжээч томилсон тогтоол байхгүй байхад үнэлгээ хийсвэрээр гаргасан. Мөн шүүх хуралдаан дээр уншиж танилцуулахдаа хэсэгчлэн төлөх талаар дурдаагүй байж шийтгэх тогтоол дээр бичигдсэн байсан. Иймд анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.
6.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ч.Б.н өмгөөлөгч О.Д.л гаргасан тайлбартаа: “...шүүгдэгчийн давж заалдсан гомдлын хувьд дэмжиж байгаа. Хэдийгээр шүүгдэгч гэм буруу дээрээ маргахгүй байгаа ч гэсэн мэргэжлийн хуульчид, шүүх энэ дээр дүгнэлт хийх ёстой. “Монголросцветмет” компани газрын хэвлийг ухаад шороо овоолоод гаргаад тавьсан байсан. Энэ овоолсон шороонд нөхөн сэргээлт хийх талаар 2012 онд шүүхийн шийдвэр гарсан байсан энэ нь биелэгдээгүй талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ч тэр хэрэгт авагдсан баримтаар ч тогтоогддог. Хуульд заасан нотлогдвол зохих байдал буюу гэмт хэргийн яаж үйлдсэн талаар огт тогтоогоогүй. Хэрэгт хохирогчоор Энхжин гэдэг хүнийг буюу .. аймгийн ... сумын Засаг даргын тамгын газрыг тогтоосон. Хэрэгт авагдсан баримтыг харахаар “..” компани энийг ашиглах эрхийн тусгай зөвшөөрөлтэй байдаг.
Чиргүүл дээр шинжээч томилсон тогтоол хэрэгт байхгүй. Шүүх шинжилгээний тухай хуульд заасан шаардлагыг хангагдаагүй баримт авагдсан. Тэгэхээр шинжээч томилсон тогтоол байхгүй байхад гаргасан үнэлгээг үнэлж шийдвэр гаргаад байгаа нь өөрөө бодитой биш байна. Нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг хурлын турш гаргахад огт шийдээгүй иймээс шүүхийн шийдвэр үндэслэлгүй болчихоод байгаа...” гэв.
7.Прокурор Ц.Ц. эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...хэрэгт хураан авсан эд мөрийн баримтгүй гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт эд мөрийн баримтаар хураан авсан 32,320,000 кг шороог улсын орлого болгохоор шийдвэрлэж, шийтгэх тогтоолын тодорхойлох, тогтоох хэсэн зөрүүтэй байдлаар бичигдсэн,
мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаар заалтыг 2 удаа бичиж дараалал давхардуулж 5, 6 дугаар заалтад хохирол төлөгдсөн шийдвэрийг 2 удаа бичсэн нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байх хуулийн шаардлага хангаагүй байна.
Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн зүгээс эсэргүүцэл бичив...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь
Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг эсэргүүцэл, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
1.Шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх хуульд заасны дагуу бодит байдлаар хянан үзэж тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоох ба шүүгдэж буй этгээдийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай эсэх болон хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар хууль зүйн дүгнэлт хийх үндэслэл бүрдэх бөгөөд шүүхээс гарч буй шийдвэр эргэлзээгүй, ойлгомжтой бичигдсэнээр хууль ёсны ба үндэслэл бүхий болох юм.
Тухайлбал шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй” гэсэн атлаа тогтоох хэсэгт “...эд мөрийн баримтаар хураагдсан 32,320,000 кг шороог улсын орлого болгосугай” гэж зөрүүтэй бичигдсэн.
Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “... торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосон”, шүүх хуралдааны тэмдэглэлд “...шүүгдэгч Ч.Б.т оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож” гэж зөрүүтэй бичигдсэн байх ба шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацааг тогтоосон талаар огт дурдаагүй байна.
Тиймээс дээр дурдсан зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8, 1.9 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох ноцтой зөрчилд шууд хамаарна.
Шийтгэх тогтоолын “тогтоох” хэсэг нь тогтоолын “удиртгал, тодорхойлох” хэсгийн үргэлжлэл учир тэдгээр нь харилцан уялдаа холбоотой, зөрүүгүй байх учиртай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ, хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээ, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, шинжээч томилно” гэж заасан.
Шүүгдэгч Ч.Б.н “...шинжээч томилсон тогтоол байхгүй байхад үнэлгээ хийсвэрээр гаргасан” гэх гомдол үндэслэлгүй. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх журамд заасны дагуу шинжээч томилсон тогтоолууд хэрэгт авагдсан /1хх-ийн 41х, 64х, 73х/ байна.
Түүнчлэн мөрдөгчийн зүгээс шинжээчийн дүгнэлтийг хэргийн оролцогчид танилцуулсан байх ба оролцогч дүгнэлттэй холбогдуулан ямар нэг хүсэлт гаргаагүй нь нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлоос “...шүүх хурал дээр уншиж танилцуулахдаа хэсэгчлэн төлөх талаар дурдаагүй, шийтгэх тогтоол дээр бичигдсэн байсан, шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэснийг тус тус ханган, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4, 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.8, 1.9, 39.9 дүгээр зүйлийн 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/... дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн гомдлыг тус тус хангасугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Ч.Б..т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧ Н.БОЛОРМАА
ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС