| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 191/2025/10520/И |
| Дугаар | 191/ШШ2026/00380 |
| Огноо | 2026-01-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2026/00380
| 2026 оны 01 сарын 06 өдөр | Дугаар 191/ШШ2026/00380 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан уул дүүрэг, 18 дугаар хороо, Стадион оргил, ******* ******* *******, ******* *******, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт******* ******* -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Цайз 16, дугаар , *******, тоот хаягт оршин суух, овогт Санжааханд -д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 16,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие АНУ-д 16 жил сурч, ажиллаж, амьдарсан бөгөөд гэр бүлээрээ монголдоо буцаж ирсэн. Манай таньдаг эгч байдаг. Тэр эгчээрээ дамжуулж тай танилцсан. Тэр эгч маань үл хөдлөх хөрөнгө зуучлалын ремакс гэх газар ажилладаг бөгөөд намайг гадаадад байхад янз бүрийн газар санал болгож, боломжийн үнээр үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авах санал тавьдаг байсан. Тухайн үед хол байсан тул мөнгө шилжүүлэх итгэл байгаагүй, Монголд ирээд тэр эгчтэй уулзаж, Монголд газартай болж, байшин барьж амьдрах сонирхолтой байсан учир эгчтэй уулзахад хариуцагчтай танилцуулж өгсөн.
Газраа очиж үзээд таалагдсан тул урьдчилгаа төлбөр болгож мөнгө өгч, зээлийн гэрээ байгуулъя гээд зээлийн гэрээ байгуулсан. Хэдэн сар хүлээчих тэгээд газар нь бэлэн болно гэсэн. Үргэлжлүүлээд мөнгөө төлөөрэй гэсэн. Ингээд тэр хүн нь 1 жил гаран худлаа яриад алга болсон. Таньдаг эгчтэйгээ холбогдоход зээлийн гэрээ байгуулсан хүнтэйгээ холбогдож учраа ол гэсэн.
Хариуцагч надад худлаа хэлсэн тул би газраа авахаа болиод мөнгөө авъя гэхэд мөнгө өгөөгүй алга болсон. Утсаар холбогдох гэхээр миний утасны дугаар, фейсбүүкийг блок хийсэн байсан.
Зээлийн гэрээнд бичсэн хаягаар нэхэмжлэл гаргасан боловч хаягт байхгүй гэсэн тул эрэн сурвалжлуулж Сонгинохайрхан дүүргийн Цагдаагйин газар хаягийг олж өгсөн. Миний бие хариуцагчид 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 4,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлдүүлэх зээлийн гэрээ, 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 7,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлдүүлэх зээлийн гэрээ тус тус байгуулсан. Хүсэл зориг бол газар худалдаж авах зорилготой байсан бөгөөд энэ харилцаан дээрээ мөнгө шилжүүлэхдээ зээлийн гэрээ байгуулсан Иймд хариуцагч аас үндсэн зээл 11,000,000 төгрөг, алданги 5,500,000 төгрөг, нийт 16,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд,
нэхэмжлэгчээс, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Зээлийн гэрээ, 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Зээлийн гэрээ, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаартай албан бичиг, Б.*******гийн эзэмшлийн Голомт банк ХК-ийн дансны хуулга, ХААН банк ХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ад холбогдуулан, зээлийн гэрээний үүрэг, алдангид нийт 16,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1818 дугаартай Зээлийн гэрээ, 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 0881 дугаартай Зээлийн гэрээ-г үндэслэн үндсэн зээл 11,000,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 16,500,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарласан.
3.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүдэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил тоо чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Хэрэгт талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1818 дугаартай Зээлийн гэрээ, 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 0881 дугаартай Зээлийн гэрээ авагдсан байна.
Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд ...хариуцагч аас газар худалдаж авах зорилгоор 7,000,000 төгрөгийг, харин өөрийн эзэмшлийн газрын газар эзэмших эрхийг сунгуулах зорилгоор 4,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн бөгөөд тухайн үед мөнгө шилжүүлэхдээ зээлийн гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байна.
Талуудын хооронд байгуулагдсан аливаа гэрээ, хэлцэл нь тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний агуулгаар тодорхойлогдох бөгөөд хэдийгээр талууд зээлийн гэрээ байгуулсан байх хэдий ч зээлийн гэрээний шинж болох зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шижлүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл тоо, чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан авах хүсэл зоригийг илэрхийлээгүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч нь шилжүүлсэн 7,000,000 төгрөгийн хариу төлбөрт газар худалдаж авах хүсэл зоригтой байсан талаар тайлбарлаж байх бөгөөд энэ тайлбараас үзвэл талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, харин худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэхээр байна.
4.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
Хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар нэхэмжлэгчээс хариуцагчид 7,000,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4.-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан.
Нэхэмжлэгчийн тайлбараар хариуцагч газар шилжүүлэх өгөх үүргээ биелүүлээгүй үйл баримт тогтоогдож байх бөгөөд хариуцагчаас хариу тайлбараа ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан.
Иймд нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт төлсөн 7,000,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
5.Нэхэмжлэгчээс өөрийн эзэмшлийн газар эзэмших эрхийг сунгуулах зорилгоор хариуцагчид 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарлаж байх бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй тул мөнгийг буцаан гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарласан.
Хариуцагчаас нэхэмжлэгчийн дээрх шаардлагад хариу тайлбар ирүүлээгүй.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж, 492.1.1.-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол гэж заасан.
Хариуцагч нь газар эзэмших эрхийг сунгах эрх бүхий этгээд биш байх бөгөөд нэхэмжлэгчийн тайлбараар энэ үүргээ биелүүлээгүй үйл баримт тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан өөрийн эзэмшлийн Голомт банк ХК-ийн дансны хуулга баримтаар нэхэмжлэгчээс хариуцагчид 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэх тайлбар нь нотлогдож байна
Иймд хариуцагчаас 4,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
5.Нэхэмжлэгчээс алдангид 5,500,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3.-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан.
Шүүхээс нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн бөгөөд энэ гэрээ нь амаар байгуулагдсан байх тул хуульд заасны дагуу анз буюу алданги шаардах эрхгүй байна.
Иймд алдангид 5,500,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 492 дугаар зүйлийн 492.1.1., 232 дугаар зүйлийн 232.6. дахь хэсэгт зааснаар хариуцагч аас 11,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3. дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 492 дугаар зүйлийн 492.1.1., 232 дугаар зүйлийн 232.6. дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч аас 11,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, 5,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжид 190,850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА