| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2025/01007/И |
| Дугаар | 305/ШШ2026/00019 |
| Огноо | 2025-12-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 305/ШШ2026/00019
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би
нэхэмжлэгч: ХБХХЕГ-н нэхэмжлэлтэй
хариуцагч: ББГ ХХК-д холбогдох
Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн үлдэгдэл болон нотариатын төлбөр 8,509,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ХБХХЕГ нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ББГ ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангасан аж ахуйн нэгж, байгууллагад эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээний дагуу 10,000,000 (Арван сая) төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг авсан. Санхүүжилтээ авсан хугацаа:
1.1. 2019 оны 06 сарын 27-нд 7.000.000,0(Долоон сая) төгрөг буюу 70%
1.2. 2019 оны 12 сарын 06-нд 3.00.000,0 (Гурван сая)төгрөг буюу 30% тус тус авсан.
Нийт 10.000.000,0(Арван сая) төгрөг ББГ ХХК-ний **** банкан дахь ***** тоот дансанд ХБХХЕГ-аас шилжүүлэг хийсэн.
Эргэн төлөлт
2.1. 2019 оны 10 сарын 22-нд 350.000,0 (Гурван зуун тавин мянган) төгрөг
2.2. 2019 оны 11 сарын 22-нд 350.000,0 (Гурван зуун тавин мянган) төгрөг
2.3. 2023 оны 05 сарын 13-нд 500.000,0 (Таван зуун мянган) төгрөг
2.4. 2023 оны 12 сарын 17-нд 300.000,0 (Гурван зуун мянган) төгрөгийг гэрээнд заасан ХБХХЕГ-ын Төрийн сан **** дансанд тус тус төлж нийт эргэн төлөлт 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 1.500.000,0 (Нэг сая таван зуун мянган) төгрөг болсон. Одоо Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажпын байраар хангасан аж ахуйн нэгж, байгууллагад эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн үлдэгдэл төлбөр 8.500.000,00 (Найман сая таван зуун мянган) төгрөг байна. Гэрээнд бичигдсэн утасны дугааруудад холбогдох гэхэд байнга утсаа авахгүй эсвэл салгагдсан төлөвт байдаг. Иймд ХБХХЕГ 2019 онд олгосон эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн үлдэгдлийг мөнгө болон нотариатын төлбөр 9.000,0 (Есөн мянган) төгрөгийг ББГ ХХК-иар төлүүлэх хүсэлтийг хууль, журамд заасны дагуу шуурхай шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
2.1. Хариуцагч “ББГ” ХХК-ийн захирал Ү.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ****** аймгийн **** сум дахь “ББГ” ХХК нь 2019 оны 06 сарын 18-нд ХБХХЕГ-тай гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийн санхүүжилт авсан боловч цаг үеийн байдал болох коронавирусын хөл хориотой холбоотойгоор үйл ажиллагаа зогссон байсан болон 2022 онд ар гэрийн хүн өвдсөн /гэр бүлийн хүн элэгний хавдраар оношлогдож хагалгаа, эмчилгээ/ учир тодорхой хугацаагаар ажиллаагүйн улмаас уг зээлийн төлөлт удааширсан болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа ба төлбөрийг 2026 оны 03 сар хүртэл хугацаанд төлж барагдуулах саналтай байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. ББГ ХХК-иас ХБХХЕГ-н нэхэмжлэлийн дагуу төлөх төлбөрийн график: 2025 оны 12 сарын 25-нд 1,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 25-нд 2,500,000 төгрөг, 2026 оны 02 сарын 25-нд 2,500,000 төгрөг, 2026 оны 03 сарын 25-нд 2,509,000 төгрөг, нийт 8,509,000 төгрөг гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ХБХХЕГ-с 2019 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангасан аж ахуйн нэгж, байгууллагад эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг 10.000.000,0 (Арван сая ) төгрөг авсан боловч 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар эргэн төлөлт нь 8.509.000,0 (Найман сая таван зуун есөн мянган) төгрөгний үлдэгдэлтэй байгаа. ХБХХЕГ-с танай шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу ББГ ХХК-ийн захирал Ү.А-с нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч өөрийн эргэн төлөх бодит боломжийг харгалзан гаргаж өгсөн эргэн төлөлтийн хуваарийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. ХБХХЕГ-н нэхэмжлэлтэй, “ББГ” ХХК-д холбогдох эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн үлдэгдэл болон нотариатын төлбөр 8,509,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заажээ.
Зохигчид эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн үлдэгдэл болон нотариатын төлбөр 8,509,000 төгрөгийг 2025 оны 12 сарын 25-нд 1,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 25-нд 2,500,000 төгрөг, 2026 оны 02 сарын 25-нд 2,500,000 төгрөг, 2026 оны 03 сарын 25-нд 2,509,000 төгрөг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрчээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлөх хуваарийн хувьд зохигч харилцан эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь эрх зүйн үндэслэлтэй байна.
3. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 8,509,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 151,094 төгрөгийн тал хувь 75,547 төгрөгийг хариуцагч “ББГ” ХХК-иас гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ХБХХЕГ-н нэхэмжлэлтэй, “ББГ” ХХК-д холбогдох эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн үлдэгдэл болон нотариатын төлбөр 8,509,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 8,509,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 151,094 төгрөгийн тал хувь 75,547 төгрөгийг хариуцагч “ББГ” ХХК-иас гаргуулж улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА