| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2018/0259/э |
| Дугаар | 573 |
| Огноо | 2018-07-26 |
| Зүйл хэсэг | 230.1., |
| Улсын яллагч | Ш.Насанжаргал, |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 573
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
Улсын яллагч Ш.Насанжаргал,
Шүүгдэгч Д.Жаргалбаатар түүний өмгөөлөгч П.Отгонбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дамдинсүрэнгийн Жаргалбаатарт холбогдох эрүүгийн 201725021464 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эх, 2 ах, эгч нарын хамт Сүхбаатар дүүрэг 18 дугаар хороо, Бэлхийн 36 дугаар гудамжны 179 тоотод оршин суух хаягтай, урьд 1 удаа ял шийтгэгдэж байсан,
2001 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4, 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 6 дугаар сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Боржигон овогт Дамдинсүрэнгийн Жаргалбаатар, /РД:ДС82103016/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Д.Жаргалбаатар нь 2017 оны 6 дугаар сарын 09-ны шөнө 02 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, “Шөнийн гудамжинд”, архидан согтуурсан үедээ, эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаа Д.Лхагвацэндийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний зүүн шанаа тус газар цохиж хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Жаргалбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2018 оны 06 дугаар сарын 8-9-ний өдөр гэрэлт гудамжны нээлт болоод бид нар гарсан. Тэгээд би найзтайгаа бүжиглэх гээд зогсож байсан чинь энгийн хувцастай 2 залуу ирснээ намайг хүрээд дуудаад шалгая гэхэд би гайхаад асуухад дагаад намайг яв гэж хэлсэн. Тэгэхэд үед бид хоёр муудалцах үед гараагаа зохицсон байх. Тэгээд дараа нь хохирогчийг цагдаагийн ажилтан гэдгийг мэдсэн. Тэр үед цагдаагийн ажилтан гэж мэдэхгүй муудалцах үед хохирогчийг цохисон байх гэв. Тэр үед цагдаагийн ажилтан гэж мэдээгүй. Тэр үед хэлээр амаар доромжилсон зүйл байгаа. Харин гэмтэл учруулахаар зодож цохисон зүйл байхгүй…” гэв.
Эрүүгийн 201725021464 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Д.Жаргалбаатар нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Намайг шалгая гэхээр нь би бага зэрэг эсэргүүцсэн. Учир нь энгийн хувцастай цагдаа нар байсан. Тэгээд би үл ойлголцоод зууралдаж байх үедээ нэг цагдаагийнх нь зүүн шанаанд нэг удаа алгадсан. Тэгтэл намайг 3 талаас барьж аваад гавлаад аваад явсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр хуудас/,
Хохирогч Д.Лхагвацэнд нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 6 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө би хуваарийн дагуу Сүхбаатар дүүргийн үйл ажиллагаа явуулдаг шөнийн гудамжинд халаасны хулгайтай тэмцэх чиглэлээр үүрэг гүйцэтгэж байсан. Тэгтэл 02 цаг 30 минутын орчим Жадамба гэх халаасны хулгай хариуцсан төлөөлөгч болон Эрдэнэсүрэн төлөөлөгч нарын хамтаар явж байтал Наранбадрах, Жаргалбаатар гэх халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг этгээдүүдийн судалгаанд байдаг хоёр этгээд явж байсан. Тэгээд бид хулгайн гэмт хэргээс сэргийлэх зорилгоор шалгах гэтэл тэр хоёр бид гурвыг хэл амаар доромжлоод “та нар шиг бандааш нарыг дагаж явдаг хулгайчид биш” гээд байсан. Тэгээд Жаргалбаатарыг “би тэнд байрлах иргэдэд үйлчлэх төв рүү дагаад яв” гэхэд миний зүүн шанаа руу нэг удаа цохисон. Тэгээд би гомдол гаргаж байна…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Гэрч Б.Жадамба мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…2017 оны 6 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө би ажлын газрын Эрдэнэсүрэн, Төмөр замын цагдаагийн газрын цагдаа Лхагвацэнд нарын хамтаар халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Шөнийн гудамжинд ажиллаж байсан юм. Тэгээд Эрдэнэсүрэн манай хэлтсийн халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэгч гэсэн бүртгэлд байдаг Жаргалбаатар, Наранбадрах /би нэрийг нь сүүлд мэдсэн/ нар явж байна гэхээр нь бид нар очиж шалгах гэхэд “та нар яахаараа шалгадаг юм. Май шүү пизда нар минь” гээд догшин авирлаад байсан. Тэгээд намайг цааш явахад ард Лхагвацэнд Жаргалбаатар гэгчтэй нь барилдаад “намайг цохичихлоо” гээд зогсож байсан. Тэгээд бид нар тэр хоёрыг иргэдэд үйлчлэх төв рүү оруулаад үзлэг хийх гэтэл хийлгээгүй өөдөөс доромжилсоор байсан ба шаардлага биелүүлэхгүй байхаар нь машинт эргүүлийн чиглэлд өгөөд явуулсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,
Гэрч Т.Наранмандах мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр Жаргалбаатартай клаб 24 гэх газар таарсан. Тэгтэл Жаргалбаатар найз нь ОХУ-д шоронд сууж байгаад ирлээгэхээр нь цуг явж 1 шил архи авч өгсөн. Тэгтэл цагдаа нар гараад ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/, Д.Жаргалбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 15 дугаар хуудас/, гэрч Т.Наранбадрахын мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 дүгээр хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Жаргалбаатар нь согтуурсан үедээ 2017 оны 6 дугаар сарын 08-наас 2017 оны 6 дугаар сарын 09-нд шилжих шөнө 01-02 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, “Шөнийн гудамжинд”, эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаа Д.Лхагвацэндийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан шаардлага тавихад эсэргүүцэн хэл амаар доромжилон улмаар түүний зүүн шанаан тус газар нь цохиж хүч хэрэглэн эсэргүүцсэн болох нь шүүгдэгч Д.Жаргалбаатарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Лхагвацэндийн мэдүүлэг, гэрч Д.Жадамбаагын мэдүүлэг, гэрч Т.Наранмандахын мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул тэдгээрийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.
Шүүгдэгч нь цагдаагийн албан хаагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогч, гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн, биед нь хүч хэрэглэснийг гэрчилж мэдүүлсэн зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Жаргалбаатар нь 2017 оны 6 дугаар сарын 08-наас 2017 оны 6 дугаар сарын 09-нд шилжих шөнө гэмт хэрэг үйлдсэн нь 2002 оны Эрүүгийн хуулиар тодорхойлогдох үндэслэлтэй ба прокуророос шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүх хуралдаанд ялласан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэсэн хуулийн зохицуулалтын дагуу шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулж болох ялын доод хэмжээ бага боловч ялын дээд хэмжээ нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасан ялын дээд хэмжээнээс их байх тул шүүгдэгчийн хувьд 2002 оны Эрүүгийн хуулиар гэм буруутайд тооцох нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзнэ.
Иймд шүүх шүүгдэгч Жаргалбаатарыг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч согтуурсан үедээ нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж төрийн албан хаагчийн хууль ёсны шаадлагыг хүлээж авах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Д.Жаргалбаатарт ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэхь хэсэгт зааснаар Д.Жаргалбаатарыг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, түүний эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
2002 оны Эрүүгийн хуульд заасан хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн шүүгдэгч Д.Жаргалбаатарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хохирогчид төлөх төлбөргүй байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечилэн эдлүүлэх шаардлагагүй тэнсэх боломжтой гэж шүүх үзлээ.
Хохирогч Д.Лхагвацэндээс “…гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй…” гэсэн тул шүүгдэгч Д.Жаргалбаатарыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдлаа.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хорих хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.