Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2017/00339

 

Б.Бүрэнманлайгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2016/00787 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 139 дүгээр магадлалтай,

         Б.Бүрэнманлайгийн нэхэмжлэлтэй,

         Г.Цэндмаад холбогдох           

         Гэм хорын хохиролд 595.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алимаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

        Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алимаа, хариуцагчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “2015 оны 6 дугаар сарын 23-ны орой манай таазан дээрээс их хэмжээний ус гоожиж коридорын өрөөний тааз, хана даган ус алдсан. Хувин сав тосоод дээд айлдаа хэлэхээр очтол хүн байгаагүй тул слесарь дуудаж эгнээний 9 айлын усыг хаалгасан. Маргааш өглөө нь хорооноос утасны дугаар олж 67 тоотод мэдэгдсэн. Дээд айлын эзэд гэх 2 эмэгтэйг дуудан ирүүлж ус алдсан байдлыг харуулсан. Слесарь н.Мөнхбат, н.Энхбат нар ирж усыг нээсэн байсан. Энэ өдөр цахилгаанчин ирж үзлэг хийгээд гал тогооны өрөөний гэрлийг 7-9 хоног, ТҮ-г 7 хоног асаахгүй байлгахыг зөвлөсөн. 24-ний орой дахин ус алдаж үйл явдал давтагдсан. Тэр орой слесарь н.Мөнхбат, н.Энхбат нарт хандсан 67 тоотын хүн байдлыг нүдээрээ харсан. Энэ үеэс 67 тоот байрандаа засвар хийж эхэлсэн бөгөөд 29-ний орой дахин ус алдсан. 7 дугаар сарын 31-ний орой 67 тоотын эздэд хохирлыг барагдуулж өгөхийг шаардахад зөвшөөрөөгүй тул шүүхэд хандахад хүрсэн. Манайх засвар хийхэд 1 300 000 төгрөгөөс 1 500 000 төгрөг шаардагдах тул бидэнд 400 000 төгрөгийг Г.Цэндмаагаас гаргуулж өгнө үү. Энэ хэрэг хүчингүй болж, дахин шийдвэрлүүлэхээр ирсний дараа нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлсэн. Хэрэгт шинжээч томилж үнэлгээний “Лэндс” компани хана, таазанд учирсан хохирлыг 547 000 төгрөг гэж үнэлсэн. Үнэлгээ хийлгэхийн тулд би урьдчилгаа болгон “Лэндс” компанид 40 000 төгрөг төлсөн, байрны гэрчилгээг нотариатаар батлуулахад 2 500 төгрөг,  итгэмжлэл хийлгэхэд 6 000 төгрөг төлсөн. Би 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 400 000 төгрөг дээр эвлэрэх санал гаргахад хариуцагч зөвшөөрөөгүй. Би Хаан даатгалаас 109 750 төгрөг авсан нь үнэн. Өмнө нь 2012 онд даатгалаас авсан 90 660 төгрөг нь өнөөдрийн энэ асуудалтай огт хамааралгүй юм. Иймд 67 тоот байрыг засварлахад шинжээчийн үнэлгээгээр тогтоогдсон 547 000 төгрөг, шинжээчийн зардалд төлсөн 40 000 төгрөг, нотариатын зардалд төлсөн 8 500 төгрөг нийт 595 500 төгрөгийг гаргуулан өгнө үү.” гэжээ.

          Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Миний бие энэ байрыг 1 жилийн өмнө худалдан авсан. Миний өмнөх айл удаа дараа ус алдаж байсан гэсэн. Тэр үеийн хохирлыг би хариуцахгүй. Намайг эзгүй байхад 1 удаа ус алдсан байсан. Би байрандаа 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр засвар хийж эхэлсэн, засвар хийж байх үед галын өрөөнөөс ус алдсан нь үнэн. Слесарь дуудаад янзлаад явсан даруйд нь ахин ус алдсан. Слесарь ажлаа дутуу хийснээс нэг газраас ахин ахин ус алдаж байсан. Б.Алимаа бүтэн байрны засвар гэж мөнгө нэхэмжилсэн байна. Ус алдсанаас засах шаардлагатай болсон газрынх нь хэмжээг гаргаад нэхэмжилж болно шүү дээ. Нэхэмжлэгч даатгалаас 2012 онд 90 660 төгрөг, 2015 онд 109 750 төгрөг авчхаад түүгээрээ байраа засахгүй яагаад дахин надаас нэхэмжлээд байгаа юм. Би даатгалд мөнгө төлдөг. Шинжээч хэт өндөр үнэлсэн байна. Ус алдахад коридор болон том өрөөний обой солих шаардлагагүй, нэхэмжлэгч даатгалаас мөнгө аваад дахин мөнгө нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Би 250 000 төгрөг дээр эвлэрэх санал тавьсан боловч нэхэмжлэгч 400 000 төгрөг дээр эвлэрэх боломжтой гэснийг зөвшөөрөхгүй. Шинжээчийн гаргасан засварчдын ажлын хөлс, материалын зардал нь өндөр байгаа нь шинжээчдийг нэг талд үйлчилсэн гэж үзэж байна. Айлд үнэлгээ хийхдээ үнэлгээний компаниуд 25 000 төгрөгөөр хийдэг байхад “Лэндс” компани 99 000 төгрөгөөр үнэлснийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч байраа 595 500 төгрөгөөр засварлана гэж байгаа нь байраа бүхэлд нь засах мөнгө байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

         Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2016/00787 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Г.Цэндмаагаас 428 750 төгрөг гаргуулж Б.Бүрэнманлайд олгож, нэхэмжлэлээс 126 750 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1., 54.1.2. дахь хэсэгт зааснаар шинжээчийн ажлын хөлс 99 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж 59 000 төгрөгийг нь “Лэндс” ХХК-д, 40 000 төгрөгийг нь нэхэмжлэгчид тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 740 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Цэндмаагаас улсын тэмдэгтийн хураамжид 13 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бүрэнманлайд олгож шийдвэрлэжээ.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 139 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2016/00787 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “428 750 төгрөг” гэснийг “252 014 төгрөг” гэж, ”126 750 төгрөгийн” гэснийг “343 486 төгрөгийн” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.2 дахь хэсэгт зааснаар шинжээчийн ажлын хөлсний үлдэгдэл 59 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж “Лэндс” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алимаагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “... Ус гал тогооноос алдсанаас ... хойд ханатай холбоотой том өрөөний хана, ... урд ханатай холбоотой жижиг өрөөний хойд хана, ... зүүн ханатай холбоотой коридорын ханыг хамарсан нь үнэн билээ. 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 29-ний өдрийн хооронд 3 удаа ус алдахад хариуцагч, слесарь н. Энхбат, н.Мөнхбат, цахилгаанчин н.Дамдинсүрэн нар байсан, үнэлгээний “Лэндс” ХХК-ийн мэргэжилтнүүд хариуцагч болон нэхэмжлэгч нарыг байлцуулан хэмжилт хийж, зураг аван ус алдсан хэсгийг хамааруулж буйгаа үйлдлээрээ харуулсныг хариуцагч зөвшөөрч гарын үсгээ зурсан. 2012 ...жижиг засвар хийсэн. Гэтэл хариуцагч “нэхэмжлэгч урдны гэмтлийг манайхаас болсон мэт дээрх байгууллагад тайлбарлан дүгнэлт гаргуулж, мөнгө авч үнэлгээ хийлгэлээ” гэж ор үндэсгүй хэлсэн. Хариуцагч энэ байрыг 2014 онд худалдан авч, харин ус алдсан 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр бие биенээ харсан юм. Ус алдалтыг нотолсон ... хангалттай нотлох баримтууд хэргийн материалд авагдсан. /ус доошоо 7, 6, 5 давхар хүртэл алдсан/. 595.500 төгрөг нь хоёр өрөөг бүхэлд нь засах үнэ бус анх нэхэмжилсэн 400.000 төгрөг дээр баримт материал баталгаажуулахад засварласан зардал, үнэлгээний 147.000 төгрөгийг нэмж нэхэмжилсэн мөнгө юм. 2015 онд 2 өрөө байрны капитал засвар 1.500.000 төгрөг байсан билээ. Энэ хэргийн улмаас ... гэх мэт баримтгүй зардалд 25.000 орчим төгрөг зарцуулсан байна. ... нарын гарын үсэг бүхий 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлтэнд: Том, жижиг өрөө, коридорын шохой, эмульс, тааз, ханын цаас хуулран шарлах зэргээр гэмтсэнийг нотлох баримтууд бий. Үл хөдлөх хөрөнгийн газрын гэрчилгээг 2.500 төгрөг болсон. Итгэмжлэл хийлгэхэд төлсөн нотариатын баримтыг хуулийн дагуу зөвшөөрч шүүх хуралдаан явагдсан. Гэтэл хоёр шатны шүүх үүнийг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэн хассаныг буруу гэж үзэж байна. Хариуцагчийн буруугаас уг хэрэгт баримт бичиг батлуулах, нотлох, тэмдэгтийн хураамж зэрэгт 67.000 төгрөг зарцуулсан. /хавтаст хэрэгт авагдсан/ ...Давж заалдах шатны шүүх байгууллагуудын дүгнэлт болон бусад нотлох баримтыг нягтлан үзэлгүй том, жижиг өрөөний гэмтлийг хэргийн хамаарлаас хасч, зөвхөн коридор, гал тогооны хохирлыг үнэлсэн үнэлгээ гарсныг хянан үзэж хэргийг газар дээр нь нотлох баримтжуулж үнэлэх үүрэгтэй “Лэндс” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэн тогтоосон засварт шаардлагатай 595.500 төгрөг, тэмдэгтийн хураамж 18.500 төгрөг, нийт 614.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж биднийг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна. 

  Нэхэмжлэгч Б.Бүрэнманлай нь Г.Цэндмаад холбогдуулан гэм хорын хохиролд 595.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ус алдсан нь үнэн боловч нэхэмжилж буй 595 500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

          Анхан шатны шүүх Б.Бүрэнманлай, Г.Цэндмаа нарын хооронд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д заасан бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсанаас үүссэн хохирол гэж дүгнэж, нэхэмжлэгчийн шаардах эрхийг тодорхойлсон нь хууль хэрэглээний хувьд зөв юм.

         Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр, 29-ний өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 18 дугаар байрны 8 дугаар давхрын 67 тоот орон сууцны гал зуухны өрөөнөөс ус алдсан үйл баримт тогтоогдсон ба энэ талаар талууд маргаагүй байна.

Хариуцагчийн байрнаас ус алдсанаас болж 7 дугаар давхрын 63 тоот орон сууцны гал зуухны өрөө, том жижиг өрөө, коридорын тааз болон хана хэсэг нь норж, обой нь шарлаж, хууларсан, шохой нь хуурч унасан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар “хэрэглэгчдэд үйлчлэх төв-8”-ийн Ус алдалтаас үүссэн гэмтлийн шалтгааныг тогтоосон дүгнэлт, тус компанийн рапортын дэвтэрт бичигдсэн тэмдэглэл, дуудлагаар төлбөртэй үйлчлэх хуудас, “Хаан даатгал” ХХК-иас 109 750 төгрөгийг Б.Алимаа /Б.Бүрэнманлай/-д шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл, дээрх орон сууцанд ус алдсаны улмаас учирсан хохирлыг арилгахад шаардагдах зардлын хэмжээ тогтоосон тухай “Лэндс” ХХК-ийн гаргасан дүгнэлт гэсэн баримтууд хэрэгт авагдсан байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 428 750 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. 40.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. /хх-3,16, 19-24/

Анхан шатны шүүх нэхэмжлэгчид учирсан хохирол нийт 595.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас, нотариатын зардал төлсөн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэж 8.500 төгрөг, нэхэмжлэгчийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Хаан даатгал” ХХК-иас авсан 109.750 төгрөгийг тус тус хасаж, үлдэх 428.750 төгрөгийг, шинжээчийн ажлын хөлсний хамт хариуцагчаас гаргуулсан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д нийцжээ.

         Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргааныг Иргэний хуульд заасан гэрээний бус үүргийн эрх зүйн зохицуулалтыг зөв хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалтыг зөрчөөгүй тул хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв. 

            “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-8”-ийн гаргасан 2015 оны 06 сарын 24-ний өдөр “Ус алдалтаас үүссэн гэмтлийн шалтгааныг тогтоох” дүгнэлт нь ус алдсан өдрийн дараагийн өдөрт гарсан, дүгнэлтэд комиссын дарга, хэсгийн инженер, борлуулалтын менежер, байцаагч гэсэн нэр бүхий хүмүүс гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан байна. 

Харин 2015 оны 09 сарын 08-ны өдрийн “Ус алдалтаас үүссэн гэмтлийн шалтгааныг тогтоох” тухай “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-8”-ийн хоёр дахь баримт хэрэгт авагдсан, үүнд хэсгийн инженер л гарын үсэг зурсан байх бөгөөд давж заалдах шатны шүүх ус алдсанаас хойш 3 сарын дараа гаргасан энэ баримтыг үнэлж, “галын өрөө, коридорын өрөөг сэргээн засварлахад шаардагдах зардлыг хариуцагчаас гаргуулах”-аар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзнэ. 

          Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алимаагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 139 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2016/00787 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18.500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.АМАРСАЙХАН

                                             ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН