Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 305/ШШ2026/00041

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: **** аймгийн **** сумын ЗДТГ-н нэхэмжлэлтэй

хариуцагч: Я.Б-д холбогдох

50 бог малын үнэ 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.У, хариуцагч Я.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Оюумаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч **** аймгийн **** сумын ЗДТГ нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Тус сумын ЗДТГ-с **** сум, орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж амьдарч байгаа цөөн малтай малчин өрхийг малжуулж, амьжиргааны эх үүсвэрийг дэмжих зорилгоор 50 толгой малаар малжуулах гэрээ байгуулан 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 25 хонь, 25 ямаа нийт 50 толгой малыг **** багийн малчин Я.Б-д шилжүүлэн өгсөн. Гэвч гэрээнд зааснаар 3 жилийн хугацаанд дараагийн малчинд шилжүүлэн өгөх ёстой боловч өнөөдрийн байдлаар дараагийн малчинд шилжүүлж өгөөгүй байна. Тиймээс тус иргэнээс гэрээний үүргийн дагуу 50 бог малын үнэ болох 1,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Зохигчид шүүх хуралдаанд эвлэрэн хэлэлцэхдээ: **** аймгийн **** сумын ЗДТГ-н нэхэмжлэлтэй, **** сумын **** багийн малчин Я.Б-д холбогдох 50 бог малын үнэ 1,500,000 төгрөгийг 2026 оны 03, 04, 05 сард бүрэн төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав. 03 дугаар сард 500,000 төгрөг, 04 дүгээр сард 500,000 төгрөг, 05 дугаар сард 500,000 төгрөг гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч **** аймгийн **** сумын ЗДТГ нь Я.Б-д холбогдуулан малжуулах гэрээний дагуу шилжүүлсэн 50 бог малын үнэ 1,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

2. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож эвлэрсэн болох нь тэдний шүүх хуралдаанд гаргасан “...50 бог малын үнэ 1,500,000 төгрөгийг 2026 оны 03, 04, 05 сард бүрэн төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав. 03 дугаар сард 500,000 төгрөг, 04 дүгээр сард 500,000 төгрөг, 05 дугаар сард 500,000 төгрөг…” гэх эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлөх хуваарийн хувьд зохигч харилцан эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь эрх зүйн үндэслэлтэй байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг ... зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана гэжээ.

Иймд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар 1,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 38,950 төгрөгийн тал хувь 19,475 төгрөгийг хариуцагч Я.Б-с гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. **** аймгийн **** сумын ЗДТГ-н нэхэмжлэлтэй, Я.Б-д холбогдох 50 бог малын үнэ 1,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Я.Б нь 1,500,000 төгрөгийг 2026 оны 03 дугаар сард 500,000 төгрөг, 04 дүгээр сард 500,000 төгрөг, 05 дугаар сард 500,000 төгрөг төлж барагдуулахаар зохигчид харилцан тохиролцож эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар 1,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 38,950 төгрөгийн тал хувь 19,475 төгрөгийг хариуцагч Я.Б-с гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                        

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА