| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2026/00075/И |
| Дугаар | 305/ШШ2026/00056 |
| Огноо | 2026-01-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 305/ШШ2026/00056
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би
нэхэмжлэгч: А.О-н нэхэмжлэлтэй
хариуцагч: Б.М,
хариуцагч: Б.М нарт холбогдох
байрны урьдчилгаа 25,000,000 төгрөг, зээлийн хүү 2,062,500 төгрөг, нийт 27,062,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.О нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Б.М нь 2025 оны 04 сард байраа зарахаар тохиролцон өөрийн төрсөн дүү Б.М-ийн данс руу урьдчилгаа болох 25,000,000 төгрөг авсан. Анх ярихдаа миний ипотекийн зээл бүтэхээр гэрээ хийхээр тохирсон. 2025 оны 09 сарын 07-ны өдөр ипотекийн зээл шийдвэрлэгдэж ирээд байр авахаар ярихад зарах боломжгүй гэсэн. Өгсөн урьдчилгаа мөнгөө авъя гэхэд 2025.10.01-нд өгнө гэсэн боловч өдийг хүртэл удаа дараа хойшлуулж байна. Тухайн үед урьдчилгаа өгөхдөө банкнаас зээл авч өгсөн. Энэ тухайгаа Б.М-д хэлсэн. Банкнаас авсан зээл 1 жилийн 16.5%-ийн хүүтэй. Би зээлийн хүүд 2,062,500 төгрөг төлсөн. Нийт 27,062,500 төгрөгийг Б.М, Б.М нараас гаргуулж өгнө үү гэжээ.
2.1. Хариуцагч Б.М, Б.М нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.М нь А.О-с байрны урьдчилгаа мөнгө 25,000,000 төгрөг 4 сард авсан. А.О-н нэхэмжилсэн мөнгөн дүнгээс 2 сая төгрөг 11 сард шилжүүлсэн. Байрны урьдчилгаа гэж 2025.04.17-нд Б.М миний **** дансанд 25,000,000 төгрөг орж ирсэн. Орж ирсэн мөнгөн дүнг ах Б.М надад байрны урьдчилгаа авсан юмаа гэж хэлсэн. Тэгээд **** данс руу шилжүүлсэн болно. Байрны урьдчилгаа 23,000,000 төгрөг, зээлийн хүү 2,062,500 төгрөг, нийт 25,062,500 төгрөгийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
2.2. Нэхэмжлэгч А.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие хариуцагчийн гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагчаас 2025.10.22 өдөр 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Иймд 2,000,000 төгрөгийг хасаж 25,062,500 төгрөг гаргуулахаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. А.О-ын нэхэмжлэлтэй, Б.М, Б.М нарт холбогдох байрны урьдчилгаа 25,000,000 төгрөг, зээлийн хүү 2,062,500 төгрөг, нийт 27,062,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заажээ.
Зохигчид байрны урьдчилгаа 25,000,000 төгрөг, зээлийн хүү 2,062,500 төгрөг, нийт 27,062,500 төгрөг гаргуулахаас нэхэмжлэгч нь хариуцагчийн 2025.10.22-ны өдөр шилжүүлсэн 2,000,000 төгрөгийг хасч, хариуцагч нар нь нийт 25,062,500 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрчээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгийг хасч, хариуцагч үлдэх төлбөрийг төлөхөөр зөвшөөрч зохигч харилцан тохиролцож эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь эрх зүйн үндэслэлтэй байна.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293,262 төгрөгийн 146,631 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 146,631 төгрөгийг, хариуцагч Б.М, Б.М нараас 146,631 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.О-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. А.О-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.М, Б.М нарт холбогдох байрны урьдчилгаа 25,000,000 төгрөг, зээлийн хүү 2,062,500 төгрөг, нийт 27,062,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагчийн 2025.10.22-ны өдөр шилжүүлсэн 2,000,000 төгрөгийг хасч, хариуцагч нар нь нийт 25,062,500 төгрөгийг төлж барагдуулахаар зохигчид харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293,262 төгрөгийн 146,631 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 146,631 төгрөгийг, хариуцагч Б.М, Б.М нараас 146,631 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.О-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА