Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 575

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

Улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,  

Өсвөр насны шүүгдэгч С.Энхболд түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Түвшинтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Содхүүгийн Энхболдод холбогдох эрүүгийн 1809001890672 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэнийг 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар төрсөн, 17 нас 11 сартай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 5 дугаар гудамжны 27 тоотод оршин суудаг, Боржигон овогт Содхүүгийн Энхболд, /РД:У300281234/

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Өсвөр насны шүүгдэгч С.Энхболд нь 2017 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 16 дугаар сургуулийн орчимд хохирогч Г.Эрдэнэболдын нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Өсвөр насны шүүгдэгч С.Энхболд нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2017 оны 12 дугаар сарын 27-ны шөнө  2 найзтайгаа pc-нд хонох гээд явж байсан. Тэгээд нэг ах манай 2 найзыг мөрлөөд гарсан. Тэгэхээр нь “та яагаад байгаа юм бэ” гэтэд “та нар муу сайн юмнууд бөгсөө ч арчиж чадахгүй байж хүн дээрлэхэх гээд байна уу” гэж хэлэхээр нь нүүрэн тус газар нь нэг удаа цохисон…” гэв.

Хууль ёсны төлөөлөгч Б.Түвшинтунгалаг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний хүү тэр өдөр шинэ жилийн арга хэмжээтэй байсан. Тэгээд 2 найзтайгаа “pc” тоглоё гэж гуйхаар нь зөвшөөрөөд явуулсан. Гэтэл шөнийн 03 цагийн үед цагдаа дээр байна гэж над руу залгасан. Миний хүү гадуур тэнэдэггүй. Эцэг эхийнхээ үгэнд сайн ордог. Би хүүгээ “хүнийг түрүүлж цохино” гэж бодоогүй…” гэв.

Эрүүгийн 1809001890672 дугаартай хэргээс:

Өсвөр насны шүүгдэгч С.Энхболд  нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Цамбад байдаг найз Ууганбаярынд очоод байж байхад Ууганбаярын ах Галцог нь Ууганбаяр, Лхагваням бид 3-г Гандигийн нэрэмжит сургуулийн урд машинаасаа буулгасан. Тэгээд бид 3 писи тоглоомын газар хайгаад монгол 3 дугаар сургуулийн зүүн талд Хангай хотхон руу ордог замд явж байхад өөдөөс нэг ах явж байгаад эхлээд Лхагванямыг мөрлөөд дараа нь Ууганбаярыг мөрлөөд намайг бөгсөө арчиж чадахгүй мангар бацаанууд минь та нар олуулаа гээд намайг дээрэлхэх гээд байна уу гэж хэлээд машин  зам руу гарсан. Тэгээд намайг мөр лүү түлхээд машин зам руу гаргахаар нь би тэр ахын зүүн шанаа руу нь эхлээд гараараа цохисон тэгтэл хажуу талаас нь Ууганбаяр тэр ахын гуя хавьд нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд тэр ах тонгойхоор нь би тэр ахыг дахиад нэг удаа гараараа зүүн шанаа хавьд нь цохисон. Тэгээд тэр ах өөрөө цаашаа зугтааж явж байгаад бүдэрч унаад орилоод байхаар нь би Ууганбаяр, Лхагваням нараас салж зугтаагаад өвөөгийндөө очсон..." гэсэн мэдүүлэг /хх-ийн  41 дугаар хуудас/,

Хохирогч Г.Эрдэнэболд нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2017 оны 12 дугаар сарын 27-ны 01 цаг 40 минутын үед хорооллын Жүр үрийн ар талаас нэг хүн Хангай хотхон руу хүргүүлсэн. Би хүргэж өгчихөөд ирж авах машинаа хүлээнгээ автоплаза  тал руугаа алхаад явж байсан чинь өөдөөс 3 залуу зөрөхдөө нэг нь намайг мөрлөөд зөрсөн... нэг нь араас ирээд яагаад байгаа юм бэ? гээд шууд нүүр хэсэг рүү цохиод авсан. Би нүүрээ бариад доошоо суусан чинь хоёр талаас ирээд өшиглөөд байсан. Миний баруун хөмсөг задарсан, зүүн талын нүдний хэсэг хавдсан. Миний гэдсэндээ өшиглүүлснээс болж учирсан гэмтэл шинжээчийн дүгнэлтэд байгаагүй тиймээс би гэдсэндээ өшиглүүлсэндээ гомдолгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-29 дүгээр хуудас/,

         Гэрч П.Лхагваням нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...манай найз Энхболд намайг харахад нүүр лүү нь нэг удаа цохиж байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/,

             

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹ 773 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Г.Эрдэнэболдын биед “баруун хөмсөгт шарх, зүүн нүдний гадна хэсэг, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой…” гэжээ /хх-ийн 32 дугаар хуудас/,

 

 С.Энхболдын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 58 дугаар хуудас/, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-ийн 59 дүгээр хуудас/, тээврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-ийн 60 дугаар хуудас/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 61 дүгээр хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дугаар хуудас/, бүрэн дунд боловсролын гэрчилгээ /хх-ийн 63 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Өсвөр насны шүүгдэгч С.Энхболд нь 2017 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 16 дугаар сургуулийн орчимд хохирогч Г.Эрдэнэболдтой зүй бус харьцаж маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “баруун хөмсөгт шарх, зүүн нүдний гадна хэсэг, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол  учруулсан болох нь өсвөр насны шүүгдэгч С.Энхболдын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Эрдэнэболорын мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч П.Лхагванямын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №773 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Өсвөр насны шүүгдэгч С.Энхболд нь хохирогч Г.Эрдэнэболорыг нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хохирол учруулсанаа өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогч, гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг цохиж гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь С.Энхболдод  цохиулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар өсвөр насны шүүгдэгч С.Энхболдын үйлдэл нь Эрүүгий хуульд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

            Иймд шүүх өсвөр насны шүүгдэгч С.Энхболдын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Дээрх гэмт хэрэг гарахад өсвөр насны шүүгдэгч, хохирогч нар нь нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.    

Өсвөр насны шүүгдэгч С.Энхболд нь 2000 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төрсөн ба гэмт хэрэг үйлдэх үедээ 17 насанд хүрсэн ба 18 насанд хүрээгүй байсан болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт зааснаар “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” журмыг баримтлан ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

Өсвөр насны шүүгдэгч С.Энхболдод ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Хохирогч Г.Эрдэнэболороос “…хохирлоо барагдуулж авсан гомдол саналгүй тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү…” /хх-97/ гэсэн хүсэлт гаргасан байх тул өсвөр насны шүүгдэгч С.Энхболдыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүх өсвөр насны шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд С.Энхболдыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 130 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Өсвөр насны шүүгдэгч С.Энхболдод оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан ба гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах болон бусад зорилгоор уг ялыг оногдуулав.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, С.Энхболд нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.