| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Нармандах |
| Хэргийн индекс | 181/2017/02167/И |
| Дугаар | 210/МА2017/02369 |
| Огноо | 2017-11-17 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2017/02369
| 2017 оны 11 сарын 17 өдөр | Дугаар 210/МА2017/02369 |
Б.Амарзаяагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Батзориг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/02294 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Б.Амарзаяагийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Оюу толгой ХХК-д холбогдох
Оюу толгой ХХК-ийн захирлын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай НК-2798/17 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбатын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Навчаа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Амарзаяа нь Оюу толгой ХХК-д 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг дуустал Үйл ажиллагаа, Хөрөнгө материалын менежментийн хэлтэст гагнуурчнаар ажиллаж байсан. 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Оюу толгой уурхайн талбар дахь Говь засварын байранд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа хамтран ажиллаж байсан бэлдэц гагнуурын суралцагч Р.Дорждэрэмтэй маргалдан дээрэлхэн улмаар түрэмгий загнаж зодолдсон тул хөдөлмөрийн гэрээг гүйцэтгэх захирлын 2017 оны 05 сарын 2-ны өдрийн тушаалаар цуцалсан. Уг тушаалд Хөдөлмөрийн тухай 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, 55 дугаа зүйлийн 55.1, Хөдөлмөрийн гэрээ-ний 8-ын Б болон В 10.2. 10.2.1-ын И, Кэмпийн дотоод журам ба ёс.зүйн дүрэм-ийн 2 дугаар зүйлийн 2.2.1, 2.2.2, 2.2.4-т Хөдөлмөр эрхлэлтийг тэгш боломжоор хангах бодлого-ын 2 дугаар зүйлийн 2.1.2, 2.4, 3.2 Бидний ажлын арга барилын хүндэтгэх бүлгийн 1.2.2 дугаар заалт болон Зөв сонголт хийх хэсэг зэргийг тус тус үндэслэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Кэмпийн дотоод журам ба ёс зүйн дүрэм-ийн 2.2-д ёс зүйн хориглох хэм хэмжээнд дараах зөрчлийг гаргасан тохиолдолд даруй сахилгын шийтгэл оногдуулах бөгөөд энэ нь Оюу толгой ХХК-ийн ажилтнуудыг хөдөлмөрийн гэрээг цуцлах бусад хүмүүсийн хувьд уурхайн талбараас албадан гаргах хүртэл арга хэмжээ авах болно гэж заасан. Ноцолдох даажигнах зэргээр хүний биед гэмтэл учруулах эд хөрөнгө сүйтгэх, бусдын болон бүлэг хүмүүсийг ганцаараа эсвэл бусадтай бүлэглэж айлган сүрдүүлэх дээрэлхэх заналхийлэх гэх үндэслэлээр ёс зүйд хориглох хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж ажлаас чөлөөлсөн. Б.Амарзаяа нь тухайн байгууллагад 5 жил гагнуурчнаар ажиллаж байгаа бөгөөд ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Р.Дорждэрэм гагнуур хийж түүнийг ахалж ажиллаж байсан учраас ажлаа цаг хугацаандаа хийх шаардлага тавьсан. Гэтэл Р.Дорждэрэм нь шаардлагыг хүлээн авахгүй эсэргүүцэж, хэл амаар доромжилж Б.Амарзаяагийн шанаа тус газарт цохиход нь түүнийг өөрөөсөө холдуулах гэж түлхэхэд хойш унасан байна. Гэтэл үнэнийг ололгүй, уулзаагүй. Б.Амарзаяа нь Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөрийн гэрээ, Кэмпийн дотоод ба ёс зүйн дүрэм-ийг зөрчөөгүй. Ахалж буй ажилтны хувьд шаардлага тавьсан. Шаардлагыг хүлээж аваагүй ажилтны буруутай үйлдлээс болж ажлаас халагдсанд гомдолтой байна. Хөдөлмөрийн гэрээний 10-т бусад гэдэг заалт ерөнхий заалт бөгөөд тус бүрд нь нэрлэж заагаагүй, нэрлэж заасан бол ноцтой зөрчил гэж үзэх боломж байдаг. Байгууллагын дүрэм журамд ноцтой зөрчил гэж заасан бүхнийг хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон ноцтой зөрчил гэж үзэх нь буруу. Тушаалын гол үндэслэл хэсэгт 10 и гэдэг заалт байгаа. Ноцтой зөрчлөөр ажлаас халсан гэж хариуцагч тал тайлбарлаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж байна. Б.Амарзаяагийн үйлдэл нь түрэмгий загнасан, зодолдсон, дээрэлхсэн гэсэн зөрчлүүдийн алинд нь хамаарч байгааг шалгаж тогтоогоогүй. Иймд Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирлын №НК 2798/17 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт нь бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Оюу толгой ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Навчаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Амарзаяагийн гаргасан үйлдэл нь компанийн холбогдох дүрэм журмын дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах үйлдэлд хамаарах тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон болно. Б.Амарзаяа нь 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Оюу толгой уурхайн талбар дахь Говь засварын байранд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа хамтран ажиллаж байсан төмөр бэлдэц, гагнуурын суралцагч Р.Дорждэрэмтэй маргалдан, улмаар түрэмгий загнаж зодолдсон тул түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-г хөдөлмөрийн гэрээ болон компанийн холбогдох дүрэм журам, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэсэн үндэслэлээр 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан. Ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй. Бид ажилтныг ажил болон хөдөлмөрийн аюулгүй байдалд ажиллах нөхцөл байдлаар нь хангадаг. Харилцан бие биенээ зодохгүй байх хэм хэмжээг дүрэм журамд тусгасан. Б.Амарзаяа нь ноцтой зөрчил гаргасан. Хөдөлмөрийн гэрээний 10.2.1-д ноцтой зөрчлүүд-ийг заасан. 10.2.1. и.-д компанид мөрдөгдөж байгаа дүрэм, журмыг нэрлэн тухайн дүрэм, журамд "ноцтой зөрчил" гэж тооцсон зөрчлийг тусгасан. Оюу толгой ХХК нь Б.Амарзаяаг зодолдсон, түрэмгий зан авир гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас халсан. Оюу толгой ХХК-ийг зодооны талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж шалгуулах ёстой байсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна. Оюу толгой ХХК-ийн хувьд хөдөлмөрийн харилцааны дотор гарсан асуудлыг өөрийн дүрэм журамд заасны дагуу л шийдвэрлэх эрхтэй. Түүнээс биш аливаа нэг хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх боломжгүй юм. Оюу толгой ХХК-ийн хувьд ажилтнууд бие биенээ зодох, дарамтлах, хүчирхийлэх нөхцөл байдал үүсгэхийг хатуу хориглодог. Тухайн нөхцөл байдал үүссэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болгосон. Иймд нэхэмжлэгч Б.Амарзаяагийн ажлаас үндэслэлгүй халагдсан гэх нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Амарзаяагийн Оюу толгой ХХК-д холбогдуулан гаргасан Оюу толгой ХХК-ийн захирлын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн "Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай" НК-2798/17 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Амарзаяаг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Ажил олгогч Оюу толгой ХХК нь ажилтан Б.Амарзаяа нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10.2.1-д Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлүүдийг нэрлэн заасан байх бөгөөд ...Компанийн дотоод журам, Кэмпийн дотоод журам, Ёс зүйн дүрэм, ...-д ноцтой зөрчил гэж тооцсон" гэжээ. Оюу толгой ХХК нь Б.Амарзаяатай 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1, 10.2.1 И-д заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлүүдийг нэрлэн заагаагүй бөгөөд тус гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1-ийн и дэх заалтад хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлүүдийг үйлдэл бүрийг нэрлэн заагаагүй. Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.4.2-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна. гэдэг бөгөөд Оюу толгой ХХК-ийн зүгээс Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа дээрх дүрэм журмууд мөн тус дүрэм журмуудад заасан ноцтой зөрчлүүдийг танилцуулаагүй. Оюу толгой ХХК нь Б.Амарзаяатай 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1-ийн и-д заасан хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасанаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл бөгөөд шүүхээс хүчин төгөлдөр бус хэлцлийн хэлбэрийг агуулсан эсэх талаар дүгнээгүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дах хэсэгт Ажил олгогч нь иргэнийг ажилд авахад болон хөдөлмөрийн харилцааны явцад ажил, үүргийн онцлог шаардлагын улмаас ажилтны эрх, эрх чөлөөг хязгаарласан бол энэ тухай үндэслэлээ нотлох үүрэгтэй гэж заасан бөгөөд тус гэрээний 10.2.1-ийн и-д заасан ноцтой зөрчил хуулиар олгосон хөдөлмөрийн харилцааны ноцтой зөрчлийг талууд харилцан тохиролцох эрхийг хязгаарласан, давуу байдал тогтоосон гэж үзэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын хөдөлмөрийн маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Б.Амарзаяа нь хариуцагч Оюу толгой ХХК-д холбогдуулан Оюу толгой ХХК-ийн захирлын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай" НК-2798/17 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай шаардсныг хариуцагч эс зөвшөөрч компанийн холбогдох дүрэм журамд заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд хамаарах ноцтой зөрчил гаргасан гэж маргажээ.
Б.Амарзаяа Оюу толгой ХХК-д 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг дуустал Үйл ажиллагаа, Хөрөнгө материалын менежментийн хэлтэст гагнуурчнаар ажиллаж байсан нь талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтэр, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон. /хх-5-10, 52-53/
Ажил олгогч Оюу толгой ХХК-ийн захирлын 2017 оны 05 дугаар сарын 02-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай НК-2798/17 тоот тушаалаар Б.Амарзаяаг Үйл ажиллагаа, Хөрөнгө материалын менежментийн хэлтсийн гагнуурчны ажил, албан тушаалаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцалжээ. /хх-19/
Нэхэмжлэгч Б.Амарзаяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан Оюу толгой ХХК-ийн захирлын 2017 оны 05 дугаар сарын 02-ний өдрийн "Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай" НК-2798/17 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, 55 дугаа зүйлийн 55.1, Хөдөлмөрийн гэрээ-ний 8-ын Б болон В, 10.2. 10.2.1-ын И, Кэмпийн дотоод журам ба ёс.зүйн дүрэм-ийн 2 дугаар зүйлийн 2.2.1, 2.2.2, 2.2.4 дүгээр хэсэг, Хөдөлмөр эрхлэлтийг тэгш боломжоор хангах бодлого-ын 2 дугаар зүйлийн 2.1.2, 2.4, 3.2, Бидний ажлын арга барил-ын Хүндэтгэл бүлгийн 1.2.2 дугаар заалт болон Зөв сонголт хийх хэсэг зэргийг үндэслэсэн ба ажилтан Б.Амарзаяа нь Хөдөлмөрийн гэрээний 10.2.1, 10.2.1. и.-д заасан буюу компанид мөрдөгдөж байгаа дүрэм, журамд "ноцтой зөрчил" гэж нэрлэсэн зөрчлийг гаргасан гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан зохигчдын хооронд байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1-д хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлүүдийг нэрлэн заасан байх бөгөөд 10 дугаар зүйлийн 10.2.1-ийн и Бусад дэх заалтад Компанийн аливаа бодлого, дүрэм, журам (үүнд: компанийн дотоод журам, кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм ...-д ноцтой зөрчил гэж тооцсон, эсхүл ажлаас халах арга хэмжээ авахаар, эсхүл зөрчил гаргасан даруй ажлын талбай, төслийн талбар болон тэдгээрт хамаарах нутаг дэвсгэрээс явуулахаар заасан зөрчлүүдийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлүүдэд тооцохоор тохиролцсон байна. /хх-5-16/ Кэмпийн дотоод журам ба ёс зүйн дүрэм-ийн 2, Ёс зүйн дүрмын 2.2-д заасан ёс зүйд зохисгүй хэм хэмжээ хэсэгт:
Хувиараа эсхүл бусадтай бүлэглэн түрэмгүй зан авир гаргах, бусад хүн бүлэг хүмүүсийн эсрэг хүч хэрэглэхээр сүрдүүлэх,
Ноцолдох даажигнах зэргээр хүний биед гэмтэл учруулах, эд хөрөнгө сүйтгэх,
Бусдын болон бүлэг хүсүүсийг ганцаараа эсвэл бусадтай бүлэглэж айлган сүрдүүлэх, дээрэлхэх, заналхийлэх зэрэг зөрчлийг ноцтой зөрчилд тооцно гэжээ. /хх-81-82/
Эдгээрээс дүгнэвэл талууд ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцох тухай хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан гэж үзэхээр байна. Б.Амарзаяа нь 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Оюу толгой уурхайн Говь засварын байранд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа хамтран ажиллаж байсан бэлдэц гагнуурын суралцагч Р.Дорждэрэмтэй маргалдан, дээрэлхэн, улмаар түрэмгий загнаж зодолдсон болох нь ажил олгогчийн зүгээс Б.Амарзаяа, Р.Дорждэрэм нартай хийсэн ярилцлагын тэмдэглэл, Б.Амарзаяа, Р.Дорждэрэм , Д.Нацагдорж нарын тайлбар, шалгалтын репорт зэрэг баримтаар тогтоогдсон болно.
Иймд анхан шатны шүүхээс Б.Амарзаяаг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.
Нэхэмжлэгчийн ажил олгогч хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд үйлдэл бүрийг тухайлан нэрлэн заагаагүй, шалгаж тогтоогоогүй ажлын төлөө тавьсан шаардлагыг хүлээж аваагүй ажилтны буруутай үйлдлээс болж ажлаас халагдсан гэх тайлбар, гомдол нь хэргийн 5-10, 73-74, 101-106 дугаар талд авагдсан баримтаар няцаагдсан тул үндэслэлгүй бөгөөд талууд хөдөлмөрийн гэрээгээр байгууллагын дотоод журам, дүрэмд заасан ноцтой зөрчлөөр тооцсон үйлдлийг зөрчвөл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор тохирсон, ажилтны зөрчлийг шалгасан шалгалтын репортод 2017 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 18:16 цагт СОС эмнэлгээс зодуулсан гэх хүн эмнэлгийн тусламж авч байна гэх мэдээлэл ирсэн. ... Р.Дорждэрэмийн биед шарх үүссэн байна гэж зааснаас үзэхэд дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.
Шүүх хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасанд нийцүүлэн маргааныг шийдвэрлэсэн гэж үзнэ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй болно.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/02294 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Б.НАРМАНДАХ