| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Готовын Уламбаяр |
| Хэргийн индекс | 131/2018/00493/И |
| Дугаар | 213/МА2018/00034 |
| Огноо | 2018-08-28 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 213/МА2018/00034
Г.Амгаланбаатарын нэхэмжлэлтэй Баянхонгор сумын Засаг даргын
тамгын газарт холбогдох иргэний хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 131/ШШ2018/00650 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Галбадрахын Амгаланбаатарын нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох
Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нэг сарын цалин 446.857 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.Насанбаярын давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Амгаланбаатар, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.Насанбаяр, нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нар оролцов.
Нэхэмжлэгч Галбадрахын Амгаланбаатараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Би Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газарт 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс Баянхонгор сумын архитекторчоор ажилд орж, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл тасралтгүй 4 жил 9 сар ажиллахдаа өөрийн чиг үүргээ хангалттай биелүүлж ирсэн. Би өмнө нь сахилгын ямар нэгэн алдаа, зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Ц.Насанбаяр намайг өрөөндөө дуудаж, Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр чамайг ажлаас халж байгаа гэж хэлж, уг тушаалыг гардаж авсан. Иймд Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 68 тоот тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан албан тушаал болох Баянхонгор сумын Архитекторчийн албан тушаалд томилж, ажилгүй байсан хугацааны нэг сарын цалин 446.857 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г.Амгаланбаатар анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Манай байгууллагын бүтэц орон тоо оны эхээр батлагддаг. Энэ бүтэц орон тоог баталсан баримтыг манай байгууллага тэр жилдээ мөрдөх хууль гэж ойлгож байгаа. Гэтэл тухайн бүтэц орон тоог 4 сарын дараа өөрчлөөд миний ажлын байрыг байхгүй болгоод намайг ажлаас халсанд гомдолтой байна. Тэгээд ямар үндэслэлээр ажлаас халсан бэ гэж асуухад Мэргэжлийн хяналтын дүгнэлтээр ажлаас халсан гэсэн. Гэтэл би тухайн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлттэй танилцаагүй. Мөн надад нэг мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт танилцуулсан боловч тухайн дүгнэлтэд миний нэр албан тушаал байхгүй байсан. Иймд үндэслэлгүйгээр ажлаас халсан Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 68 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох Баянхонгор сумын архитекторчин албан тушаалд томилж, ажилгүй байсан хугацааны цалин олгож, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.Насанбаяр шүүхэд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.Уг ажлын байрыг 2013 онд сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоонд нэмж төсвийн хэмнэлт үүсгэн цалинжуулахдаа архитекторчийн ангилал, зэрэглэлээр цалинжаагүй байсан нь илүү орон тоо болохыг нотолдог. Би хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд бүтэц орон тооны өөрчлөлтийг хийж уг албан тушаалыг байх шаардлагагүй гэж үзсэн. Засгийн газрын 2017 оны 253 тоот тогтоолыг баримталж, хэрэгжүүлэх үүднээс уг орон тоог байлгах шаардлагагүй тул илүү орон тоог цалинжуулах боломжгүй, төрийн алба улс төрөөс хараат бус гэдгийг анхаарах нь зүйтэй гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.Насанбаяр анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Г.Амгаланбаатар нь архитекторчийн албан тушаалд томилогдон 4 жил болсон байдаг. Энэ хугацаанд Засгийн газраас тогтоосон архитекторчийн цалингийн шатлал зэрэглэлээр тогтоосон цалингаар цалинждаггүй, тухайн орон тоо Засаг даргын Тамгын газарт байх орон тоо биш, цалингийн хэмнэлтээр цалинжиж байсан. Өөрөөр хэлбэл ТҮ-5 дугаар зэрэглэл болох 446.857 төгрөгөөр цалинжиж байсан. Тийм учраас энэ албан тушаал нь манай байгууллагад байх орон тоо биш гэдэг нотлогддог.
Төсвийн шууд захирагч хуульд заагдсан эрх хэмжээнийхээ хүрээнд Засаг даргын Тамгын газарт байх шаардлагагүй албан тушаалуудыг цомготгосон. Мөн нэхэмжлэл дээрээ улсын төрийн шалтгаанаас болж халсан гэж ярьж байгаа боловч төрийн алба улс төрөөс ангид байдаг хууль тогтоомжтой учраас тийм асуудал байхгүй. Тийм учраас дээрх байдлуудыг үндэслэн шийдвэрээ гаргасан гэв.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Г.Амгаланбаатарыг Баянхонгор сумын архитекторчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Г.Амгаланбаатарын нэг сарын цалинтай тэнцэх олговрын 446.857 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Амгаланбаатар нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ЗДТГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулан төвлөрсөн төсвийн дансанд оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.Насанбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Г.Амгаланбаатарыг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 68 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсөн бөгөөд энэхүү тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гаргасан гэж үзэж байна. Учир нь Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын 2013 оноос хойш бүтэц орон тоонд нэмж төсвийн хэмнэлт үүсгэн Г.Амгаланбаатарыг цалинжуулж байсан ба архитехторчийн ангилал зэрэглэлээр цалинжуулаагүй байсан нь илүү орон тоо болохыг нотолдог юм.
Би хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд бүтэц орон тооны өөрчлөлтийг хийсэн болно. Г.Амгаланбаатарын хашиж байгаа албан тушаал нь төсвийн хэмнэлтээр цалинждаг билээ. Архитехторчийн цалингийн шатлал зэрэглэлээр тогтоосон цалингаар буюу ТҮ-7 дугаар зэрэглэлээр цалинжих байтал төсвийн хэмнэлтээр цалинжиж байгаа учраас энэ шийдвэрийг гаргасан. Мөн Засгийн газрын 2017 оны 253 тоот тогтоолыг баримталж хэрэгжүүлэх үүднээс илүү орон тоог цалинжуулах боломжгүй учраас бүтцийн өөрчлөлт хийх шаардлага гарсан.
Тиймээс Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Дугаар 131/ШШ2018/00650 шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Галбадрахын Амгаланбаатараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нэг сарын цалин 446.857 төгрөг гаргуулахаар шаардлага гаргажээ. Анхан шатны шүүх Г.Амгаланбаатарыг ажилд эгүүлэн тогтоож, нэг сарын цалинтай тэнцэх олговор 446.857 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Г.Амгаланбаатар нь 2013 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газарт архитекторчийн ажилд орж ажиллаж байгаад 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Засаг даргын Тамгын газрын 68 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар бүтэц орон тооны өөрчлөлт, цомхотгол гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгджээ.
Ажил олгогчоос бүтэц орон тооны өөрчлөлт хийсэн тухайгаа тайлбарлахдаа “…Г.Амгаланбаатар нь архитекторчийн албан тушаалд томилогдон 4 жил болсон байдаг. Уг ажлын байрыг 2013 онд сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоонд нэмж төсвийн хэмнэлт үүсгэн цалинжуулахдаа архитекторчийн ангилал, зэрэглэлээр цалинжаагүй байсан нь илүү орон тоо болохыг нотолдог. Иймд хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд бүтэц орон тооны өөрчлөлтийг хийж уг албан тушаалыг байх шаардлагагүй гэж үзээд цомхотгож ажлаас чөлөөлсөн...” гэжээ.
Тухайн байгууллагын бүтэц орон тоогоо оны эхээр батлагддаг, энэ бүтэц орон тоогоо оны эхээр баталсан тухай /хх-ийн 4-6 дугаар тал/ 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын 01 дугаар тушаал, хавсралтанд архитекторчийн албан тушаал батлагдсан байна.
Харин Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газраас бүтэц орон тооны өөрчлөлт хийсэн тухай 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр 66 дугаар тушаал гарчээ.
Ажил олгогчоос сумын Засаг даргын Тамгын газарт бүтэц орон тооны өөрчлөлт хийх тухай тушаал гарсан өдрөө буюу 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр 68 дугаар тушаал гаргаж, архитекторчин Г.Амгаланбаатарыг ажлаас нь чөлөөлжээ.
Тухайлбал ажил олгогч нь байгууллагадаа бүтэц орон тооны өөрчлөлт хийх тухай шийдвэр, архитекторчин Г.Амгаланбаатарыг ажлаас нь чөлөөлөх тухай шийдвэр нь нэг өдөр давхцаж гаргасан энэ үйлдэл нь ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар орон тоо хасагдсан үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчжээ.
Ажил олгогчоос сумын архитекторчийн орон тоог ямар шалтгаан, шалгуураар хасах болсон тухайгаа хамт олны хурлаар хэлэлцүүлээгүй, бүтэц орон тооны өөрчлөлт хийх болсон тухай ажилтанд албан ёсоор бичгээр мэдэгдээгүй, ажилтанд бичгээр мэдэгдэж, гарын үсэг зуруулсан тухай баримт хэрэгт авагдаагүй байна.
Архитекторчин Г.Амгаланбаатарыг ажлаас нь чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байх тул ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.
Анхан шатны шүүх Г.Амгаланбаатарыг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилтанд 2 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 893.714 төгрөгийг ажил олгогч байгууллага олгож шийдвэрлэсэн байна гэж үзээд нэхэмжлэгчээс нэг сарын цалинтай тэнцэх олговор 446.857 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.Насанбаярын давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагч Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 131/ШШ2018/00650 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.Насанбаярын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Н.ЭНХМАА
Г.УЛАМБАЯР