| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Цэрэнпүрэв |
| Хэргийн индекс | 2526000000026 |
| Дугаар | 2025/ДШМ/40 |
| Огноо | 2025-07-22 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ц.Эрдэнэбат |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2025/ДШМ/40
2025 оны 7 сарын 22 2025/ДШМ/40
Б.Ц-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, шүүгч Л.Нямдорж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа,
Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяагийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/124 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор Б.Ц-д холбогдох эрүүгийн 2526000000125 дугаар хэргийг 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, *** мэргэжилтэй, *** *** ажилтай, ам бүл ***, Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн *** тоотод оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №20 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэсэн,
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №29 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох ялаар,
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/01 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, 2,700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, *** овгийн Б.Ц /РД: ***/.
Б.Ц нь 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жил 06 сарын хугацаагаар хасуулсан үедээ 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр багийн нутаг дэвсгэрт согтуугаар *** улсын дугаартай Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Б.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч *** овгийн Б.Ц-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** овгийн Б.Ц-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-ийн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ял болох 1 жил 1 сар 16 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялд нэмж нэгтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгчийн эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-г 1 жилийн хугацаанд Өвөрхангай аймгийн *** сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солих болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд ял оногдуулсан үеэс тоолж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс Б.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулсан боловч зорчих эрх хязгаарлах ялаас өөр төрлийн ял оногдуулах боломжтой байсан гэж үзэж байна.
Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж зорчих эрх хязгаарлах ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөн бусдад төлөх төлбөргүй байгаа.
Шүүгдэгч Б.Ц нь *** ажилтай буюу төрийн албан хаагч байгаа учраас зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан нь боломжгүй гэж үзэж байна. Учир нь зорчих эрх хязгаарлах ял нь шүүгдэгчийн хөдөлмөрлөх эрх давхар хязгаарлагдаж байна. Тиймээс өөр төрлийн ял оногдуулах боломжтой.
Иймд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/124 дүгээр шийтгэх тогтоолын 2 дахь заалтад өөрчлөлт оруулж зорчих эрх хязгаарлах ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяагийн гаргасан гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Б.Ц нь урьд 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жил 6 сарын хугацаагаар хасуулсан үедээ 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр багийн нутаг дэвсгэрт согтуугаар *** улсын дугаартай Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэрч Б.Элбэгжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Б.Ц нь *** улсын дугаартай Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгслийг ганцаараа жолоодож явсан. Драгер багаж үлээлгэх гэхэд шалгуулахгүй гээд зайлсхийсэн. Тухайн жолоочоос юу уусан талаар асуухад пиво уусан, 500 метр зайд тээврийн хэрэгсэл жолоодсон ... гэх мэдүүлэг /хх-ийн 11 хуудас/,
согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хх-ийн 4-5 хуудас/,
тээврийн хэрэгслийг түр саатуулсан тэмдэглэл /хх-ийн 6 хуудас/,
эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/01 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн32-40 хуудас/ болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ц-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Ц-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэж тус тус заасан бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-ийн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ял болох 1 жил 1 сар 16 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялд нэмж нэгтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгчийн эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг 3 жилийн хугацаагаар тогтоон шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа “...шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж зорчих эрх хязгаарлах ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хангах үндэслэлгүй байна.
Учир нь, шүүгдэгч Б.Ц согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/01 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдсэн үедээ 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр багийн нутаг дэвсгэрт согтуугаар *** улсын дугаартай Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгсэл жолоодож дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн байх тул 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, буруутгах дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/124 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/124 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.