| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Билгүүн |
| Хэргийн индекс | 181/2024/04167/И |
| Дугаар | 191/ШШ2025/11221 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 191/ШШ2025/11221
2025 12 01 191/ШШ2025/11221
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ..... хороо, ....... дугаар байр, ......... орц, хонгилд оршин байрлах Ш СӨХ-ны нэхэмжлэлтэй,
хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ..... хороо, ....... дугаар байр, ... оршин суух Э овогт Л.З /РД:...../,
хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ..... хороо, ....... дугаар байр, ....... оршин суух Ш овогт Ц.Б /РД:...../,
хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ..... хороо, ....... дугаар байр, .........оршин суух БовогтЦ.Б /РД:......./,
хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ..... хороо, ....... дугаар байр, ....... оршин суух Ш овогт Г.Ч /РД:........../,
хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ..... хороо, ....... дугаар байр, .........оршин суух Б овогт Р.Э /РД:......./,
хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ..... хороо, ....... дугаар байр, 4.....од оршин суух Б овогт Э.Х /РД:........../ нарт холбогдох,
нэхэмжлэлийн шаардлага: орцны хонгилыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, түүний өмгөөлөгч О.Б, хариуцагч Л.З , түүний өмгөөлөгч Б.Б, хариуцагч Ц.Б , Э.Х нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг тэмдэглэл хөтлөв.
/Хариуцагч Ц.Б н, Г.Ч, Р.Э нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу эзгүйд нь хэргийг хянан шийдвэрлэсэн болно/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1. 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн нэхэмжлэлдээ:
...Ш СӨХ нь 2002 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ..... хорооны 23, 24, ...... байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцдаг билээ.
Хариуцагч Л.З нь манай СӨХ-ны эрхлэн хариуцах ...... байрны ......... орцны хонгилыг бүхэлд нь хууль бусаар эзэмшиж, хувийн эд зүйлсээ хадгалах зориулалтаар 2011 оноос хойш ашиглан өнөөдрийг хүрч байна.
Түүний хувьд манай СӨХ-тай байгуулсан гэрээ, хэлцэл байхгүй, хонгилын түрээсийн төлбөр болон СӨХ-ны зардлыг огт төлдөггүй. Энэ талаар асууж тодруулж, орон сууцны хонгилыг чөлөөлөх талаар шаардлага тавихад үндэслэлгүйгээр татгалзаж үл тоодог.
Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар орон сууцны байшингийн доод хонгил нь сууц өмчлөгчдийн дундын сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаардаг байтал хариуцагч нь зөвхөн хувьдаа эзэмшиж, бусад өмчлөгч, оршин суугчдын эрх, ашиг сонирхлыг хохироож буйд туйлын ихээр гомдолтой байна.
Тодруулбал, дээрх ...... байрны ......... орцны хонгилд СӨХ-ны зүгээс тус орон сууцны хонгил дахь инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар, үйлчилгээний хэвийн байдлыг хангахад хүндрэлтэй байдаг. Энэ нь тус орон сууцны барилгын хэвийн үйл ажиллагаанд саад учруулж, орон сууцны барилга болон орчны газрын цэвэрлэгээ, үйлчилгээ, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалтад хэвийн хэмжээнээс илүүтэй нөлөөлж, даацыг хэтрүүлж, хувийн ашиг сонирхлоо бодож нийт өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хохироож байна.
Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу Сүхбаатар дүүргийн ..... хороо, ....... дугаар байрны ......... орцны хонгилыг бүхэлд нь Л.З гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү. ...,
1.2. 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрйин нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:
...хариуцагч Л.З гийн хариу тайлбар, тус шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн үзлэгээр Сүхбаатар дүүрэг, ..... хороо, ....... дугаар байр ......... орцны хонгилыг хариуцагч Л.З бүхэлд нь эзэмшдэггүй болох нь тогтоогдож байна.
Харин тус хонгилын 7 өрөөнөөс ... өрөөг Ш СӨХ, ... өрөөг Ц.Б , ... өрөөг Ц.Б н, .... өрөөг Г.Ч, ..... өрөөг Л.З , ......... өрөөг Р.Э , ....... өрөөг Э.Х эзэмшиж байгаа нь тогтоогдож байна. Үүнд:
| № | Овог нэр | Хаяг | Утасны дугаар |
| 1 | Ц.Б | Сүхбаатар дүүрэг, ..... хороо, ... байр байр, .. | ....... |
| 2 | Ц.Б | Сүхбаатар дүүрэг, ..... хороо, ... байр байр, .6......... | ....... |
| 3 | Г.Ч | Сүхбаатар дүүрэг, ..... хороо, ... байр байр, ........... | ........ |
| 4 | Р.Э | Сүхбаатар дүүрэг, ..... хороо, ... байр байр, . | ...... |
| 5 | Э.Х | Сүхбаатар дүүрэг, ..... хороо, ... байр байр, . | ......... |
Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар орон сууцны байшингийн доод хонгил нь сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаардаг бөгөөд дээрх хариуцагч нараас хонгилыг чөлөөлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл дээрх хариуцагч нар нь тус хонгилыг огт чөлөөлж өгөхгүй, үндэслэлгүйгээр татгалзаж, үл тоож байгаад туйлын ихээр гомдолтой байна.
Нэхэмжлэгчийн зүгээс 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдөр гаргасан Сүхбаатар дүүргийн ..... хороо, ....... дугаар байрны ......... орцны хонгилыг бүхэлд нь Л.З гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчилж байна. Үүнд:
| Хариуцагчийн овог нэр | Нэхэмжлэлийн шаардлага |
| Ц.Б | Сүхбаатар дүүргийн ..... хороо, ....... дугаар байрны ......... орцны хонгилын ... өрөөг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх |
| Ц.Б | Сүхбаатар дүүргийн ..... хороо, ....... дугаар байрны ......... орцны хонгилын ... өрөөг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх |
| Г.Ч | Сүхбаатар дүүргийн ..... хороо, ....... дугаар байрны ......... орцны хонгилын .... өрөөг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх |
| Л.З | Сүхбаатар дүүргийн ..... хороо, ....... дугаар байрны ......... орцны хонгилын ..... өрөөг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх |
| Р.Э | Сүхбаатар дүүргийн 1дүгээр хороо, ....... дугаар байрны ......... орцны хонгилын ......... өрөөг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх |
| Э.Х | Сүхбаатар дүүргийн ..... хороо, ....... дугаар байрны ......... орцны хонгилын ....... өрөөг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх |
... гэжээ.
2. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:
2.1. Хариуцагч Л.З гээс:
...миний бие Сүхбаатар дүүрэг, ..... хороо, ...... байр, ......... орц, ... 43 жил, ам бүл 7-лаа амьдарч байна. Уг байр нь 1966 онд ашиглалтад ороход түлээ, нүүрс, овор ихтэй эд хогшил, ахуйн хэрэгцээний эд зүйлээ хадгалах зориулалтаар айл, өрхүүдэд олгосон байдаг.
Нэхэмжлэгч талаас хариуцагч намайг ......... орцны хонгилыг бүхэлд нь эзэмшдэг гэснийг үгүйсгэж байна. Уг хонгил нь нийт 7 өрөөтэй, тус бүрийн 1 өрөөнүүдэд тус байрны оршин суугч нэр бүхий 5 иргэн надтай адил хувийн эд хогшлоо хадгалдаг ба 1 өрөө нь СӨХ-ны мэдэлд эзэмшдэг.
Тус байранд СӨХ байгуулагдсанаас хойш тасралтгүй СӨХ-ны төлбөрийг төлж ирсэн ба мэргэжлийн байгууллагын саналаар усны тоолуурын төлбөрийг төлж байрлуулан ОСНААУГ-ын дансанд усны суурь төлбөр болох 6,000 төгрөгийг дээрх байгууллагатай тохиролцон сар, улирлаар төлдөг. Учир нь ус, цахилгаан ашигладаггүй тул хэрэглээний төлбөр гардаггүй. Мөн энэ хугацаанд нэхэмжлэгч талаас төлбөрийн нэхэмжлэл, шаардах хуудас ирж байгаагүй ба биечлэн нэг ч удаа уулзаж байгаагүй. СӨХ-ны удирдах зөвлөлийн дарга гэх А-тай хонгилд тааралдаж СӨХ-ны захирал хэн байгаа эсэхийг суухад ...захирал хэн байх нь та нарт хамаагүй... гэсэн хариулт өгсөн. Энэ яриаг СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, оршин суугч Р.Э нар батлан гэрчилнэ.
Хариуцагч надад хандан оршин суугчдаас эрх ашиг, ашиг сонирхол нь хөндөгдөж хохирч байгаа талаар гомдол ирж байгаагүй. Иргэдийг хохироох, ашиг сонирхол нь хөндөгдөх шалтгаан нөхцөл байхгүй. Учир нь дуу чимээ гардаггүй бүгд цоожтой өрөөнүүд байдаг. Ш СӨХ-ны зүгээс ...... байрны хонгилд нэг ч удаа засвар үйлчилгээ хийгдэж байгаагүй. Хонгилын 3 өрөөг эзэмшдэг иргэдтэй хамтарч тухайн үеийн ханшаар 13,000,000 төгрөгийн хөрөнгө гарган, арьс боловсруулах цех ажиллуулж байсан овоолсон шороо, хог хаягдлыг тээвэрлэн зайлуулж засварын ажил хийж гүйцэтгэсэн. Мөн цаг агаарын таагүй нөхцөлөөс үүсдэг замын борооны ус халин орц, хонгил руу ордог тул хүн хүч хөлслөн усыг удаа дараа гадагшлуулан зөөж, цэвэрлэн барилгын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй орц, хонгилыг хамгаалдаг. Ийм үед СӨХ-оос нэг ч удаа туслалцаа, дэмжлэг үзүүлж байгаагүй. Орцны хонгилын 1 өрөөг зориулалтаар нь ашигладаг хариуцагч би бүтэн байрны барилгын даац, хэвийн үйл ажиллагаа, орцны цэвэрлэгээ үйлчилгээнд саад учруулж, оршин суугчдын эрх, ашиг сонирхлыг ямар байдлаар хохироосныг баримтаар нотлохыг нэхэмжлэгч талаас хүсэж байна.
Манай орцны хонгилын бүх түлхүүр бүгд Ш СӨХ-д байдаг тул хонгилд орох, гарахад ямар ч саад байхгүй. Уг байр нь 6 орцтой бөгөөд ......... орцны /бидний ашиглаж буй/ хонгил бусад 5 хонгилын өрөө бүрд айлууд оруулан түрээсэлж, ашиг олдог, эзэмшигчид нь жинхэнэ утгаараа барилгын тоног төхөөрөмжийн ашиглалт, цэвэрлэгээ үйлчилгээ, оршин суугчдын эрх ашиг, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчдөг. Байрны гадна фасадыг цөм цохиж хаалга гарган, даацын хануудыг нураан зоогийн газар, үсчин, ресторан, дэлгүүр ажиллуулан барилгын даацын хананд нөлөөлж барилга нурах аюултай байдлыг бий болгож, иргэд оршин суугчдын эрх, ашиг зөрчигдөж байна.
Дээрх зөрчил гаргагч байгууллагуудын гэм бурууг Л.З надад бүх зүйлийг тохож, буруутган худал үндэслэлгүй зүйлийг бичиж байгаа тул нэхэмжлэлийг үгүйсгэн энэхүү тайлбарыг шүүхэд гаргаж байна. ... гэжээ.
2.2. Хариуцагч Э.Х аас:
...миний бие Сүхбаатар дүүрэг, ..... хороо, ...... байр, 4.....од оршин суудаг. Ш СӨХ-ноос өмнө нь хэн ч надтай холбогдож бас биечлэн уулзаж энэ талаар ярилцаж байгаагүй болно. Гэнэт шүүхээс нэхэмжлэл авсандаа маш ихээр цочирдсон. Тиймээс үндэслэлгүйгээр татгалзаж үл тоосон гэдэг нь ор үндэсгүй байна.
Зоорийн давхар нь анхнаасаа оршин суугчдын хэрэгцээнд агуулахын зориулалтаар ашиглахаар баригдсан байдаг. Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.2-т дундын өмчлөлийн зүйлсийг зориулалтын дагуу ашиглах гэж заасны дагуу зориулалтаар нь ашиглаж байгаа минь үнэн. Ш СӨХ-д 3 байрны 18 орц харьяалагддаг. Эндээс цор ганц манай орц зориулалтын дагуу ашиглагдаж байгаа. Миний бие ...... байрны ......... орцонд амьдардаг болохоор өөрийнхөө орцны зоорийн давхрыг хэрэгцээндээ зориулж агуулахын зориулалтаар ашигладаг бөгөөд үүнээс ашиг олдоггүй. СӨХ-ны үйл ажиллагаанд саад болсон зүйл байхгүй.
Ш СӨХ нь манай орцны зоорийн давхарт өрөөтэй мөртлөө ямар ч цэвэрлэгээ засвар хийдэггүй. Борооны ус авто замаас хальж орж ирэхэд оршин суугчид бид өөрсдөө усыг нь шавхаж зайлуулдаг. Миний бие СӨХ-ны төлбөрөө тогтмол төлдөг боловч цэвэрлэгээ үйлчилгээ авч байгаагүй. Бусад байр орцны зоорийн давхрыг зориулалтын дагуу агуулахын зорилгоор ашиглуулах ёстой байтал зориулалтаар нь ашиглаж байгаа иргэдийг шүүхэд өгч, тав тух алдуулж байгаа нь ёс суртахуунгүй, хууль бус гэж үзэж байна.
СӨХ-ны үйлчилгээ үзүүлэхээр тохиролцсон төлбөр хураамжаа төлөхгүй байгаа оршин суугчдаас төлбөрөө төлөх нэхэмжлэх гаргах болохоос зориулалтын дагуу ашиглаж байгаа оршин суугчдаас агуулах өрөөг нь авах зорилгоор шүүхэд өгөх, тэднийхээ эсрэг ашиглана гэдэг нь ёс зүйгүй үйлдэл юм. Тийм болохоор дээрх тайлбарыг харгалзан үзэж Ш СӨХ-ны удирдлагуудаас гаргасан энэхүү нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ... гэжээ.
2.3. Хариуцагч Ц.Б гаас:
...миний бие Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.2-т дундын өмчийн зүйлийг зориулалтын дагуу ашиглах гэж заасны дагуу хонгилын давхрыг агуулахын зориулалтаар ашиглаж ирсэн. Манайх тагтгүй бөгөөд өөр зориулалтаар ашиглаж ашиг олоогүй зөвхөн агуулахын зориулалтаар ашиглаж байгаа нь үнэн болно.
СӨХ-ны даргыг нэг ч удаа хараагүй, хонгилын давхар ашиглалтын талаар уулзаж ярилцаж санал солилцоогүй байж сар бүр СӨХ-ны төлбөрөө төлж ая тухтай сайхан орчинд амьдрах хүсэлтэй байдаг шударга иргэн миний хувьд шууд шүүхэд дуудагдсандаа гомдолтой байна.
Ш СӨХ нь харьяа байрнуудын орц, гадаад талбайн цэвэрлэгээ, засвар үйлчилгээг огт хийхгүй байгаа болно. Тус СӨХ-ны гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна. ... гэжээ.
2.4. Хариуцагч Р.Э оос:
...нэхэмжлэхийн шаардлагад дээрх хариуцагч нар нь тус хонгилыг огт чөлөөлж өгөхгүй, үндэслэлгүйгээр татгалзаж, үл тоож байгаад туйлын ихээр гомдолтой байна гэжээ. Гэтэл миний бие өмнө нь ийм шаардлага хүлээж аваагүй бөгөөд энэ талаар шүүхийн нэхэмжлэл авсан өдөр л мэдсэн. Тиймээс үндэслэлгүйгээр татгалзаж, үл тоосон гэдэг нь ор үндэсгүй байна.
Нөгөө талаар зоорийн давхар нь анхнаасаа оршин суугчдын хэрэгцээнд агуулахын зориулалтаар ашиглахаар баригдсан байдаг. Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.2-т дундын өмчлөлийн зүйлсийг зориулалтын дагуу ашиглах гэсэн заалтын дагуу зориулалтаар нь ашиглаж байгаа нь үнэн. Манай СӨХ-д нийт 3 байрны 18 орц харъяалагддаг. Үүнээс цор ганц манай орц зориулалтын дагуу ашиглагдаж байгаа. Би энэ байранд оршин суудаг, амьдардаг гэсэн үүднээс өөрийн хэрэгцээнд зориулж агуулахын зорилгоор ашигладагаас биш үүнээс ашиг олдоггүй.
СӨХ-ны үйл ажиллагаанд саад болсон зүйл байхгүй. СӨХ нь манай орцны зоорийн давхарт өрөөтэй бөгөөд өөрсдөө ашигласан зүйл байхгүй, ямар ч үйлчилгээ үзүүлдэггүй, зуны улиралд борооны ус авто замаас хальж орж ирэхэд бид өөрсдөө усыг нь шавхаж зайлуулдаг.
СӨХ нь өөрийн үүргийн дагуу дундын өмчлөлтэй хэсгүүдэд засвар үйлчилгээ явуулж үйлчилгээний төлбөр авдаг. Иргэн миний хувьд СӨХ-ийн төлбөрийн өр байхгүй. Харин ч оршин суугчид өөрсдийн дундын өмчийг зориулалтын дагуу агуулахын зориулалтаар ашиглахад саналаа өгч энэ байранд оршин суудаг давуу эрхийнхээ хувьд бусад орцнуудын агуулахуудаа авах нь зөв байх.
СӨХ нь үйлчилгээ үзүүлэхээр тохиролцсон, төлбөр хураамжаа төлөхгүй байгаа оршин суугчдаас төлбөрөө төлөх нэхэмжлэл гаргах болохоос зориулалтын дагуу ашиглаж байгаа оршин суугчдаа шүүхэд өгөх тэднийхээ эсрэг ажиллана гэдэг нь ёс зүйгүй үйлдэл юм.
Түүний оронд нийт оршин суугчдын тав тух, эрх ашгийг бодолцон нийт оршин суугчдад агуулахын зориулалтаар ашиглуулж тохирсон хэмжээний үйлчилгээний төлбөр авах зэрэг ажлыг зохион байгуулах хэрэгтэй.
Дээрх бүхнээс үүдэн Ш СӨХ-ны удирдлагуудаас гаргасан энэхүү нэхэмжлэхийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ... гэжээ.
2.5. Хариуцагч Г.Чгээс:
...миний бие ...... байрны ...........од оршин суудаг. Тус байранд 1967 оноос одоог хүртэл амьдарч байгаа бөгөөд голын хаалгатай айл тагтгүй байдаг. Оршин сууж эхэлсэн цагаас бүх айлд доод хонгилын жижиг өрөөнүүдийг хуваарилсан бөгөөд өнөөг хүртэл зориулалтын дагуу ашиглаж ирсэн. Ямар нэгэн айл амьдруулж ашиг олоогүй болно.
СӨХ-ноос ямар ч мэдэгдэл ирүүлж байгаагүй атал шүүхээр дуудуулсанд харин ч гомдолтой байна. 23, 24, ...... байрны нийт 18 орцны доор байгаа хонгилд одоо амьдарч байгаа айлуудыг гаргаж, оршин суугчдад нь буцаан өгүүлэх саналтай байна. Одоо хонгилд амьдардаг айлууд нь архи уух, хоорондоо зодолдох эсэн бусын хүн цуглуулах, хоолны үнэр гаргах, зориулалтын бус 00 ашиглаж байгаа нь оршин суугч бидний эрхийг зөрчиж байна. ... гэжээ.
3. Хариуцагч Ц.Б н нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан эсэх талаар хариу тайлбар гаргаагүй.
4. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
4.1. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Ш СӨХ-д олгосон гэрчилгээний хуулбар, хонгилын доторх байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт, өмгөөлөгчтэй байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 3-8, 56, 117/-г гаргаж өгсөн.
4.2. Хариуцагч Л.З гээс: хонгилын доторх байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт, 2023-2024 онуудад хамаарах дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал төлсөн баримтууд /хх 23-35/-ыг гаргаж өгсөн.
4.3. Хариуцагч Л.З гийн өмгөөлөгч Б.Б гийн гаргасан хүсэлтээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШЗ2024/..... дугаартай захирамжийн дагуу:
- Сүхбаатар дүүрэг, ..... хороо, ....... дугаар байр, ......... орцны хонгилд үзлэг хийсэн 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн тэмдэглэл /хх 57-67/-ийг бүрдүүлсэн.
4.4. Хариуцагч Ц.Б , Ц.Б н, Г.Ч, Р.Э , Э.Х нараас нотлох баримт гаргаж өгөөгүй ба бусад оролцогчдын хүсэлтээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.
5. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Ш СӨХ нь хариуцагч Л.З , Ц.Б , Ц.Б н, Г.Ч, Р.Э , Э.Х нарын хууль бус эзэмшлээс Сүхбаатар дүүрэг, ..... хороо, ....... дугаар байр, ......... орцны хонгилыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Ш СӨХ нь 2002 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд хариуцагч нар нь тус СӨХ-ны эрхлэн хариуцах ...... байрны ......... орцны хонгилд өрөө, тасалгаа гарган, СӨХ-той аливаа гэрээ, хэлцэл байгуулаагүй, холбогдох зардлыг төлөөгүй атлаа өнөөг хүртэл хууль бусаар эзэмшин, ашиглаж ирсэн. Цаашид тус хонгил дахь инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний хэвийн байдлыг хангахад хүндрэл учруулж байна. гэжээ.
3. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр татгалзсан. Үүнд:
...анх тухайн байрны нийт оршин суугчдад орцны хонгилыг эзэмшүүлсэн. Бид оршин сууж эхэлсэн үеэс хонгилыг агуулахын зориулалтаар нь эзэмшин, ашиглаж ирсэн бөгөөд уг хонгилыг бусдад хөлслүүлж ашиг олсон зүйл байхгүй. Мөн СӨХ-ны төлбөрийг тогтмол төлдөг боловч цэвэрлэгээ, үйлчилгээ авч байгаагүй, харин өнөөг хүртэл өөрсдөө цэвэрлэж, засварлан, уг хөрөнгийг шударгаар эзэмшиж, ашиглаж байна. ... гэжээ.
4. Нэхэмжлэгч Ш СӨХ нь Сүхбаатар дүүрэг, ..... хорооны 23, 24, ...... байрны оршин суугчдаас байгуулагдсан сууц өмчлөгчдийн холбоо болох нь Сүхбаатар дүүргийн Засаг даргаас олгосон 23/222 дугаар бүхий гэрчилгээгээр нотлогдож байна.
5. Хариуцагч нар нь дээрх сууц өмчлөгчдийн холбооны хариуцсан ...... байрны .....................од тус тус оршин суудаг болох нь тэдгээрийн иргэний үнэмлэх, зохигч талуудын тайлбараар тогтоогдсон.
6. ...... байрны ......... орцны хонгилд хийсэн үзлэгээр нийт 7 тасалгаа бүхий өрөө байгаагаас 6 өрөөг хариуцагч нар тус бүрдээ эзэмшиж байгаа болох нь тогтоогдсон бөгөөд тэдгээрийг удаан хугацаанд тогтмол эзэмшин, хувийн эд зүйлээ хадгалах зориулалтаар ашиглаж ирсэн үйл баримтад маргаагүй. Харин уг хонгилын эзэмшил, өмчлөлийн эрхийн асуудлаар зохигч талуудын хооронд маргаан үүссэн байна.
7. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар орон сууцны байшингийн доод хонгил нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах бөгөөд үүнээс үзвэл ...... байрны ......... орцны хонгил нь аль нэг сууц өмчлөгч дангаар өмчлөх, эзэмших, ашиглах, бусад өмчлөгчдийн тэгш эрхийг хязгаарлах боломжгүй, дундын өмчлөлийн зүйл гэж үзнэ.
8. Нэхэмжлэгч Ш СӨХ нь дээрх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилготой этгээд юм.
9. Иймээс Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2 дахь хэсэгт заасан орон сууцны дангаар өмчлөх хэсэгт хамаарахгүй, сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн зүйлийг мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг зааснаар бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхийг өмчлөгчийн нэгэн адил эдлэх үндэслэлтэй.
10. Хариуцагч нарын ...тухайн байрны нийт оршин суугчдад орцны хонгилыг эзэмшүүлсэн... гэсэн тайлбар, татгалзал нь Иргэний хуулийн 146 дугаар зүйлийн 146.2, мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасан зохицуулалтад нийцэхгүй байна.
11. Учир нь, ...... байрны ......... орцны хонгилыг эзэмших, өмчлөхтэй холбоотойгоор эрх бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр байхгүй, түүнчлэн орон сууцны байшингийн доод хонгил нь хуульд нэрлэн заасан дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах бөгөөд хариуцагч нар уг хонгилд байрлах өрөө тус бүрт цоож суурилуулснаар бусад сууц өмчлөгчдийн чөлөөтэй нэвтрэх, дундын өмчийг тэгш эдлэх эрхийг бодитоор хязгаарласан, мөн инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн үзлэг, засвар үйлчилгээ, арчлалт болон хэвийн ашиглалтыг хангахад саад учруулж байгаа үйлдэл гэж үзэхээр байна.
12. Нөгөөтээгүүр, хариуцагч нар Ш СӨХ-нд ашиглалтын зардал төлж байсан нь хуульд заасан журмын дагуу тухайн эд хөрөнгийг эзэмшиж ашигласан хугацаанд холбогдох төлбөрийг төлсөн үйл баримтыг нотлохоос бус, тэдгээрийн эзэмшлийг хууль ёсны гэж үзэх үндэслэл болохгүй. Түүнчлэн орцны хонгил нь эзэнгүй хөрөнгөд хамаарахгүй тул уг үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшсэн хугацаанаас хамаарч өмчлөх эрх үүсэхгүй.
13. Нэхэмжлэгч Ш СӨХ нь орон сууцны дангаар өмчлөх хэсэгт хамаарахгүй, сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн зүйлийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардахад Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэхгүй болно.
14. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч нарын хууль бус эзэмшлээс Сүхбаатар дүүрэг, ..... хороо, ....... дугаар байр, ......... орцны хонгилыг албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэв.
15. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцууллаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.З , Ц.Б , Ц.Б н, Г.Ч, Р.Э , Э.Х нарын хууль бус эзэмшлээс Сүхбаатар дүүрэг, ..... хороо, ....... дугаар байр, ......... орцны хонгилыг албадан чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН