Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 599

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх    хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга В.Бадмаагарав,

Улсын яллагч Д.Мөнхтогоо /томилолтоор/,  

Шүүгдэгч Б.Баттөмөр /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батсамбуугийн Баттөмөрт холбогдох эрүүгийн 1809028290649 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу гудамж 46 дугаар байрны 0 тоотод оршин суудаг, /иргэний үнэмлэхний хаяг. Сонгинохайрхан дүүрэг 16 дугаар хороо, Өнөр хороолол 29 байр 31 тоот/ ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Батсамбуугийн Баттөмөр, /РД: ХД84031817/,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Баттөмөр нь 2018 оны 4 сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Үндэсний биеийн тамирын их сургуулийн хашаанд "хүү Түшигийг зодлоо" гэх шалтгаанаар Д.Мөнхбаярыг зодож эрүүл мэндэд нь баруун шилбэний урд дунд хэсэгт сорви бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Баттөмөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Хэрэг болохын өмнөх орой манай хүүхэд “ааваа би зодуулчихлаа” гээд утсаар ярьсан. “Хэн зодсон юм бэ?” гэхэд “хамт бэлтгэл хийдэг Д.Мөнхбаяр ах” гэсэн. Тэгээд би Баярмагнай багштай манай хүүхэд зодуулсан байна гээд утсаар ярьсан. Өглөө нь 09 цагийн үед эхнэр хүүхдийн хамт Үндэсний биеийн тамирын их сургууль дээр очиж Д.Мөнхбаяр гэдэг залуутай уулзсан. Чи яагаад манай хүүхдийг зодсон юм бэ?” гэж асуусан. Д.Мөнхбаяр би танай хүүхдийг зодсон. Миний буруу гэсэн. Би чамаас эмчилгээний зардал нэхэхгүй. Харин манай хүүхдийн толгойг эмнэлэгт үзүүлж өг гэж хэлсэн.  Тэгээд манай хүүхдийг үзүүлэхээр миний машинд суугаад бид 3 гэмтлийн эмнэлэг явсан. Д.Мөнхбаярын эгч нь гэмтлийн эмнэлэгт ажилладаг гээд түүнд  үзүүлэх гэтэл би өнөөдөр ээлжнээсээ буусан маргааш үзэж өгье гэж хэлсэн. Тэгээд Гранд Мед эмнэлэгт манай хүүхдийг үзүүлэхээр тохирсон. Гэхдээ манай хүүхдийг шинжилгээнд оруулж, эмчид үзүүлж өгөөгүй. Би Д.Мөнхбаярын ээжид манай хүүхдийг эмнэлэгт үзүүлж өгөхгүй бол би явдаг газраар нь явна гэж хэлсэн. Би хүүхдийнхээ эмчилгээний зардлын төлбөр болох 105.000 төгрөгийг нэхэмжилхэд намайг цагдаад өгсөн байсан…” гэв.

Эрүүгийн 1809028290649 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Б.Баттөмөр нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Үндэсний биеийн тамирын дээд сургууль дээр Мөнхбаяр гэгчтэй уулзах гэсэн боловч байгаагүй. Тэгэхээр нь багш болох Баярмагнайтай утсаар ярьсан чинь “одоо очлоо очиж байна” гэхээр нь 30 минут хүлээгээд ирэхгүй болохоор нь сургууль руу ороход байхгүй байсан. Тэгээд буцаад гараад иртэл Мөнхбаяр гэгч нь зогсоол дээр зогсож байсан, багш Баярмагнай 30-40 метрийн зайд зогсож байсан. Манай эхнэр хүү хоёр машинд сууж байсан. Тэгээд Мөнхбаяр дээр явж очоод өчигдөр болсон явдлын талаар хэлэхэд “танай хүүхэд өөрөө эхэлсэн шүү дээ” гэхээр нь “чи өөрөөсөө жоохон хүүхдийг 2-3 удаа зодох хэрэг байсан юм уу” гээд ярилцсан. Чиний дуудсанаар би ирлээ, зодсон чинь үнэн биз дээ гэсэн чинь үнэн, би хариуцлагаа хүлээнэ гээд хойшоо ухраад байсан. Тэгэхээр нь би чи тэгвэл машинд суу гээд машиндаа суулгаад ярилцсан. Маргааш нь Гранд мед эмнэлэг дээр уулзахад Мөнхбаяр миний хөлийг та өчигдөр өшиглөөд шалбарсан гээд үзүүлж байсан, тав болсон байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн  27 дугаар хуудас/,

Хохирогч Д.Мөнхбаяр нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр 11 цагийн хичээл дээрээ байж байтал Түшиг гэх хүүхдийн аав нь дуудахаар нь сургуулийн гадаа гараад очсон чинь “Манай хүүхдийг яахаараа зоддог юм, би аав нь байна” гээд намайг алгадаад нэг удаа өшиглөсөн, ээж нь миний толгой руу цохисон, шилбэ зулгарсан толгой манараад байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хуудас/,

 

Гэрч Н.Баярмагнай нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…хичээл орж байхад бөхийн бэлтгэлд явдаг Түшиг гэх хүүхэд аав Гантөмөр ээж хоёроо дагуулаад ирсэн, аав нь Мөнхбаярыг дуудаад өг гэхээр  нь яах гэж байгаа юм гэсэн чинь уулзах гэсэн юм гэхээр нь Мөнхбаярыг хичээл дээрээс нь дуудаад сургуулийн хашаанд гартал Түшигийн аав ээж 2 нь Мөнхбаяр дээр очоод аав нь миний нүдэн дээр Мөнхбаярыг шанаа руу нь гараараа тас хийтэл цохиод шилбэ рүү нь нэг удаа өшиглөсөн, ээж нь толгой руу нь цохих шиг болсон, тэгээд Түшигийн аав нь дахиад Мөнхбаярыг зодох гээд байхаар нь Мөнхбаяр ухраад цааш яваад байсан, тэгэхээр нь Түшиг-д дахиж миний бэлтгэлд битгий ирээрэй гэж хэлсэн, ээж нь хашгираад дайраад байсан. Түшиг гэх хүүхэд 2017 оны 11 сараас бэлтгэлд явсан, их хэгжүүн зантай, хэг ёг гэсэн зантай, хүнтэй ер нь их муудалцдаг хүүхэд байгаа юм…” /хх-ийн 6 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹ 6341 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Д.Мөнхбаярын биед баруун шилбэний урд дунд хэсэгт сорви бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 11 дүгээр хуудас/,

 

     Гэрч Ч.Уранбаярын мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/, Б.Баттөмөрийн оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-ийн 17 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 18 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 19 дүгээр хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 20 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Баттөмөр нь 2018 оны 04 сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Үндэсний биеийн тамирын их сургуулийн хашаанд "хүү Түшигийг зодлоо" гэх шалтгаанаар Д.Мөнхбаярын биед хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь “баруун шилбэний урд дунд хэсэгт сорви бүхий” хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Д.Мөнхбаярын   мэдүүлэг, гэрч Н.Баярмагнайн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6341 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч нь “өөрийн хүүг зодлоо” гэж Д.Мөнхбаяртай маргаан үүсгэсэн талаар мэдүүлж, хохирогч гэрч Н.Баярмагнай нараас  Б.Баттөмөрийг хохирогчийн биед хүч хэрэглэн зодсон үйлдлийг, гэмт хэрэг гарах болсон шалтгаан зэргийг тодорхой мэдүүлж, хохирогчийн биед хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Баттөмөрийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Баттөмөр нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, зүй зохистой харьцах талаар зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

Шүүгдэгч Б.Баттөмөрт ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Баттөмөрийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

Хохирогч Д.Мөнхбаярт учирсан эмчилгээний зардал болох 80500 төгрөгийг шүүгдэгч Б.Баттөмөрөөс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.