| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 183/2020/00672/И |
| Дугаар | 210/МА2020/01594 |
| Огноо | 2020-07-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2020/01594
| 2020 оны 07 сарын 20 өдөр | Дугаар 210/МА2020/01594 |
М.И -ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/01417 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.И ийн хариуцагч Э.Т ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8 741 622 984 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Одгэрэл, хариуцагчийн төлөөлөгч Б.Сэлэнгэ, хариуцагчийн өмгөөлөгч Э.Уянгасайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Э.Т ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлалтай Алтан богд орон сууцны барилгыг барьж байгаа ба Э.Т ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Б.С барилгын ажилд мөнгө шаардлагатай байгаа учраас мөнгө зээлэх хүсэлт гаргасан.
Уг хүсэлтийг үндэслэн түүний барилгын ажлыг дэмжиж 2016 оны 5 дугаар сараас эхлэн хэд хэдэн удаагийн зээлийн гэрээ байгуулж, талууд хү тохироогүй бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээний дагуу 5 618 500 000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээ гэрээний дагуу 993 560 600 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 963 200 000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 500 000 000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 17-ны зээлийн гэрээний дагуу 249 000 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хугацаанд 115 000 000 төгрөгийг тус тус зээлж, нийт 8 439 260 600 төгрөг болсон.
Дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу хариуцагч зээлсэн мөнгөө 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах үүргийг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар ч төлөлт хийгээгүй. Э.Т ХХК-ийн захирал Б.С болон түүний төлөөлөгчидтэй хэд хэдэн удаа уулзаж ярилцсан боловч ямар ч арга хэмжээ аваагүй. Иймд 8 439 260 600 төгрөгийг хариуцагч Э.Т ХХК-аас гаргуулж өгнө үү.
Түүнчлэн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4, 222.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Т ХХК-ийн зээл төлөх ёстой байсан өдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 31-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хадгаламжийн жигнэсэн дундаж хүү буюу Монгол банкнаас гаргасан хувиар тооцож хүү 239 112 384 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 63 250 төгрөг нийт 8 741 622 984 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.И тэй зээлийн гэрээ байгуулсан нь үнэн бөгөөд зээлийн гэрээний үнийн дүн 8,4 тэрбум төгрөг гэдгийг хүлээн зөвшөөрч, энэ үнийн дүн дээр тооцоо нийлмээр байна. М.И т энэ мөнгийг 2017 оны 06 сараас 2018 оны 6 сар 7 сар цувуулж өгсөн. Манай компанийн нягтлан н.Гүнжээ эгчийн дансаар, н.Должин гэдэг хүнээс мөнгө шилжиж орсныг М.И өөрөө ч мэддэггүй.
М.И ийн нэхээд байгаа зээлийн хүү, өмгөөлөгч нарын зардлыг төлөх ёсгүй. Анх зээлийн хүүгүй гэж тохирсон, гэтэл эцэстээ 3 өмгөөлөгчийнхөө зардлыг төлүүлнэ гэж байна. 10 хоногийн өмнө уулзахдаа 300 000 000 төгрөг нэмж өгье, надад жилийн хугацаа өгөөч гэж ярилцсан. Бид ямар ч гэсэн мөнгийг нь өгнө. Иргэн н.Должин гэдэг хүний данснаас 600 000 000 төгрөг шилжсэнийг М.И өөрөө ч мэдээгүй байгаа учраас хоёр талаасаа тодруулах шаардлагатай 1 сарын хугацаанд 8,7 тэрбум төгрөгийг гаргаж өгч чадахгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 222 дугаар зүйлийн 222.1.1, 222.5, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Э.Т ХХК-аас зээлийн гэрээний үүрэг, хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү 8 678 372 984 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.И т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 63 250 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 866 065 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Т ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 43 549 814 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.И т олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Тус хэрэгт Э.Т ХХК хариуцагчаар татагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг төлөөлөх итгэмжлэлийг компанийн хувьцаа эзэмшигч Б.Сэлэнгэ, өмгөөлөгч Э.Уянгасайхан нэхэмжлэлийн хувийг гардаж аван, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 183/Ш32020/03463 дугаар шүүгчийн захирамжийн 6 дахь заалт бүюу Э.Т ХХК-ний эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн 8 439 260 600 төгрөгийн хэмжээнд битүүмжлэх хэсэгт нь гомдол гаргасан.
Дээрх гомдлыг шүүх бүрэлдэхүүн хянаад "...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Э.Уянгасайханд олгосон итгэмжлэл нь хуулийн шаардлага хангахгүй байна. Э.Т ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Л.Өлзийбатыг гүйцэтгэх захирлаар томилсон байх бөгөөд Э.Уянгасайханд 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр итгэмжлэлийг Б.С олгосон байна. Компанийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1-т ...компанийн гүйцэтгэх удирдлага йь компанийн гүйцэтгэх захирал байна, ...гэж заасан ба компанийн гүйцэтгэх захирлыг өөрчилсөн талаар бүртгэл хийгдээгүй байна" гэж үзээд гомдлыг хүлээн авахаас татгалзаж тогтоол гаргасан.
Тус хүралдаанд миний бие гомдлыг дэмжин өөрөө орсон.
Нэгэнт шүүх хуралдааны явцад шүүх бүрэлдэхүүн өмнө олгосон итгэмжлэлийг хуулийн шаардлага хангахгүй гэж дүгнэсэн болохоор компанийн гүйцэтгэх захирал Л.Өлзийбатыг АНУ рүу богино хугацаанд яваад корона вирусын улмаас тэнд Монгол руу буцаж чадалгүй хөл хорионд орсон тул түүнийг ирэх хүртэл хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй, учир нь зээлийн маргаантай асуудлын талаар компанийн гүйцэтгэх захирал Л. Ө нь ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг мэдэх хүн учраас энэ талаар хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг шүүхэд өгсөн.
Гэтэл шүүгч Д.Мөнхцэцэг нь шүүх хуралдааны үед тогтоогдсон дээрх нөхцөл байдлыг үл ойшоон шүүх хурал зарлаж хүсэлтээ шүүх хуралдаанд орж хэлэлцүүл гэсэн тул арга буюу өмгөөлөгч Э.Уянгасайханы хамт шүүхээс товлосон хуралдаанд орж хүсэлтээ тавихад хүлээж авалгүй шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч талаас Л. Ө гэдэг гүйцэтгэх захирал байхгүй, Б.С намайг компаний өдөр тутмын үйл ажиллагаагаа бодитоор удирддаг тиймээс шүүхэд төлөөлөх эрхтэй гэх зүйлийг ярьсан нь үндэслэлгүй бөгөөд гүйцэтгэх захирал Л. Ө нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирддаг, энэ тухай түүнийг тодорхой хугацаанд ажлаас түр чөлөөлөн буцаан ажилд авсан тухай баримт болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гүйцэтгэх захирлын хувиар төлөөлөн оролцсон тухай баримтыг эх хувиар гаргаж өгсөнөөс гадна Хил хамгаалах ерөнхий газраас болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудыг холбогдох газруудаас гаргуулсан боловч туүний оролцоогүйгээр эзгүйд нь шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж шийдвэр гаргасан нь буруу.
Өөрөөр хэлбэл Э.Т ХХК нь итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн оролцоогүйгээр түүнийг мэтгэлцэх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад эрхээ хэрэгжүүлж чадаагүй гэх үндэслэлээр шүүхээс гарсан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна.
Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх, бүхий гүйцэтгэх захирлын эзгүйд хувьцаа эзэмшигч намайг оролцуулан хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн тохиолдолд миний бие шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө зээлийн маргаантай асуудлаар тооцоо нийлэх шаардлагатай, түүнийг 2 талаас харилцан тохиролцож нэгтгэн гарын үсэг зурж баталгаажуулаагүй тул хууль ёсны нотлох баримтын шаардлага хангахгүй баримт юм.
Тус хэрэгт цагдаагийн байгууллагаас шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн нотлох баримтууд болох М.И ийн өөрийнх нь мэдүүлэг, гэрч Б.Гүнжээгийн мэдүүлэг зэргээс тооцооны хувьд зөрүүтэй гүйлгээнүүд байсан тухайлбал зээлийн гэрээний хавсралт болох баталгаажаагүй гүйлгээний баримт дахь тооцооноос үзвэл техникийн нөхцөл гэх утгатай 150 000 000 төгрөгийн гүйлгээ гэх нэрээр компани М.И ээс зээл авч байгаагүй, мөн н.Должингоос н.Гүнжээгийн данс руу орсон 488 560 600 төгрөгийн гүйлгээг М.И ээс манай компани авсан зээл гэж үзэх үндэсгүй түл нэхэмжлэгч М.И тэй ярилцаж тооцоогоо албан ёсоор баталгаажуулан маргаангүй зээлийн дүнгээр эвлэрэх боломжтой гэдэг байдлаар шүүх хурлыг нэг удаа хойшлуулж эвлэрэн хэлэлцэх боломж олгооч гэдэг хүсэлтийг тавьсан ч хүсэлт хэлэлцэх үе шат өнгөрсөн гэдэг үндэслэл зааж хэлэлцээгүй.
Түүнчлэн мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүүд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хадгаламжийн жигнэсэн дундаж хүү буюу Монгол банкнаас гаргасан хүвиар тооцож 239 112 384 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч дээрх хугацаанд мөнгөө хадгаламжинд зайлшгүй хадгалах байсан гэдэг байдал тогтоогдоогүй нь түүнийг зайлшгүй орох ёстой байсан орлого гэж үзэх үндэслэл биш юм.
Иймд шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэсгээс хохирлын 239 112 384 төгрөг, техникийн нөхцөл 150 000 000 төгрөг, н.Должингийн 488 560 600 төгрөг, бүгд 877 672 984 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч М.И нь хариуцагч Э.Т ХХК-д холбогдуулан үндсэн зээлд 8 439 260 600 төгрөг, зээлийн хүү 239 112 384 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлсөнд төлсөн 63 250 000 төгрөг, нийт 8 741 622 984 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч 8 439 260 600 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
М.И болон Э.Т ХХК-ийн хооронд 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр төлбөр авагч буюу М.И 5 618 500 000 төгрөгийг 3 жил 6 сарын хугацаатай, хүү, алданги тооцохгүйгээр төлбөр төлөгч буюу Э.Т ХХК-д 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр олгож, мөн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээгээр 993 560 600 төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай, 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээгээр 963 200 000 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай, 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээгээр 500 000 000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай, 2018 оны 09 дүгээр сарын 17-ний өдрийн зээлийн гэрээгээр 249 000 000 төгрөг буюу 100 000 ам.долларыг 2019 оны 10 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай тус тус зээлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /1хх 6, 9, 10, 11, 13/
Энэ гэрээний хүчин төгөлдөр байдал, мөн зээлдэгч М.И ээс зээлдэгч Э.Т ХХК нийт 8 439 260 600 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримтын талаар талууд маргаагүй бөгөөд М.И , Э.Т ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь хариуцагчаас зээл буцаан төлөхийг шаардах эрхтэй.
Хариуцагч Э.Т ХХК-ийн захирал Б.С нэхэмжлэгч М.И т 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 19/30 дугаар албан бичгээр 8 439 260 000 төгрөгийн тооцоог хэрхэн төлж барагдуулах талаар санал бүхий эвлэрлийн гэрээ, мөн хэрэгт бичгийн нотлох баримтаар авагдсан Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст Б.Сэлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ... нийт 8 439 600 000 төгрөгийн санхүүжилтийг авч барилгад нийлүүлсэн нь үнэн... гэх мэдүүлэг, 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд ...зээлийн гэрээний үнийн дүн 8,4 тэрбум төгрөгийг М.И гэдэг хүнээс авсан, ...8,4 тэрбум төгрөг дээр нэмээд 300 000 000 төгрөг нэмж өгье тэгээд надад 1 жилийн хугацаа өгчих... гэх тайлбар зэрэг баримтуудад үндэслэн хариуцагч компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болохыг анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцжээ. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргийг гэрээгээр тогтоосон хугацаанд гүйцэтгэх ёстой. Ийнхүү тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй бол 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Иймд анхан шатны шүүх хариуцагч Э.Т ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 8 439 600 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.И т олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
Нэхэмжлэгч Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасныг үндэслэн хохирол нэхэмжилснийг анхан шатны шүүх хангасан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь хариуцагч зээлийг эргэн төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирлыг Монголбанкнаас зарласан төгрөгийн хадгаламжийн бодлогын хүүгийн хэмжээг үндэслэн тооцож, нэхэмжилснийг буруутгах боломжгүй.
Хариуцагч Э.Т ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээдийг шүүх хуралдаанд оролцуулсан, мэтгэлцэх боломжоор хангаагүй гэж давж заалдах гомдлын нэг үндэслэлээ тайлбарлажээ.
Хэрэгт авагдсан Э.Т ХХК-ийн дүрмийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 01 тоот шийдвэрийн 1 дүгээр хавсралтын 1.3.1-д Компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийг Б.С гэж дангаар бүртгүүлсэн байх тул түүнийг тус компанийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд гэж үзэх боломжгүй. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй юм.
Түүнчлэн, хариуцагч 8 439 260 600 төгрөгөөс 500 000 000 төгрөгийг манай ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан н.Гүнжээгийн дансанд шилжүүлсэн уг мөнгөн хөрөнгийг барилгын санхүүжилтэнд зарцуулагдсан эсэх нь тодорхойгүй гэх тайлбар гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/01417 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 546 315 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Ч.ЦЭНД