| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 191/2025/06158/И |
| Дугаар | 191/ШШ2025/08037 |
| Огноо | 2025-09-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 191/ШШ2025/08037
2025 09 26 191/ШШ2025/08037
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ............. тоот хаягт оршин суух, М овогт Ц.Г /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ц.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Г ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1....Миний бие 1988 оны 08 дугаар сараас Барилгын машин механизмын засварын заводод ерөнхий механикийн хэлтэст сантехникийн слесерээр орж ажиллаж байгаад 1991 оноос Б компани болоход 1995 он хүртэл ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон тушаал байгаа боловч ажлаас халагдсан тушаал байхгүй байгаа болно.
Иймд намайг 1988.08 дугаар сараас 1991.03.12-ны өдөр хүртэл Барилгын машин механизмын засварын заводод сантехникийн слесер, 1991.03.12-ны өдрөөс 1995.01.01-ний өдрийг хүртэл Б ХК-д сантехникийн слесер, гагнуурчингаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү... гэв.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 2 х/,
-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 3 х/,
-2025.06.13-ны өдрийн 689 тоот Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын ам бүлийн болон оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 4 х/,
-1984.06.28-ны өдөр Улаанбаатар хотын ............... сургуулиас олгосон №087110 дугаартай хөдөлмөрийн дэвтэр /хх-ийн 5 х/,
-Гэрч Р.Б, Ц.Э нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 6-9 х/ зэрэг баримтуудыг,
3.Тус шүүхийн 2025.08.04-ний өдрийн 191/ШЗ2025/32605 дугаартай Нотлох баримт гаргуулах тухай шүүгчийн захирамжаар Үндэсний төв архив, Нийслэлийн Архивын газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газраас тус тус холбогдох лавлагаа, гэрчийн мэдүүлгийг шүүхийн журмаар бүрдүүлсэн /хх-ийн 24-76, 81-82 х/.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс Ц.Г-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн ... өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.1.14-т тус тус зааснаар хорооны Засаг дарга нь хууль тогтоомжид заасны дагуу иргэний бүртгэл, мэдээллийн ажлыг зохион байгуулах эрхтэй гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд хандсан болох нь Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын 2025.06.13-ны өдрийн 689 тоот Ц.Г нь тус хорооны сурагчийн 69-р гудамж, 782 тоотод оршин суудаг гэх тодорхойлолтоор тогтоогдож байна.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо буюу хүний ажиллаж байсан байдлыг нэхэмжлэгчийн хүсэлт /нэхэмжлэл/-ийг үндэслэдэг.
3.Нэхэмжлэгч Ц.Г нь 1888.08.30-ны өдрөөс 1991.03.12-ны өдрийг хүртэл Барилгын машин, механизмын засварын хэлтэст сантехникийн слесарь, 1991.03.12-ны өдрөөс 1991.10.31-ний өдрийг хүртэл Бармаш пүүсэд сантехникийн слесарь, 1991.10.31-ний өдрөөс 1993.03.31-ний өдөр хүртэл Б ХК-д сантехникийн слесараар тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах үйл баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
3.1.Нэхэмжлэгчид 1984.06.28-ны өдөр Улаанбаатар хотын ............ сургуулиас олгосон 087110 дугаартай хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилт, 1988.09.01-ний өдрийн 196 дугаартай Барилгын машин механизмын засварын заводын даргын Ажилд авах, өөр ажилд шилжүүлэх тухай тушаал, 1989.12.27-ны өдрийн 317 дугаартай Улсын барилгын хорооны харьяа Барилгын машин механизмын засварын заводын даргын Хариуцлагатай жижүүр ажиллуулах тухай тушаал, түүний хавсралт, 1989.05.13-ны өдрийн 109 дугаартай Улсын барилгын хорооны харьяа Барилгын машин механизмын засварын заводын даргын Арвилан хэмнэлтийн шагнал олгох тухай тушаал, түүний хавсралт, 1990.01.29-ний өдрийн 19 дугаартай Улсын барилгын хорооны харьяа Барилгын машин механизмын засварын заводын даргын Томилолтоор ажиллуулах тухай тушаал, түүний хавсралт, 1990.01.31-ний өдрийн 25 дугаартай Улсын барилгын хорооны харьяа Барилгын машин механизмын засварын заводын даргын Цаг зэргээр цалинждаг ажилчдын орон тооны тухай тушаал, түүний хавсралт, 1990.04.28-ны өдрийн 98 дугаартай Улсын барилгын хорооны харьяа Барилгын машин механизмын засварын заводын даргын Шагнал олгох тухай тушаал, түүний хавсралт, 1992.06.27-ны өдрийн 88 дугаартай Шинжлэх Ухаан-үйлдвэрлэлийн ............ компанийн ерөнхий захирлын Өвөлд бэлтгэж сантехникийн засварын ажлыг эрчимжүүлэх тухай тушаал, 1992.08.01-ний өдрийн 110 дугаартай Шинжлэх Ухаан-үйлдвэрлэлийн .......... компанийн ерөнхий захирлын Ээлжийн амралт олгох, ажлаас чөлөөлөх тухай тушаалууд,
гэрч Р.Б-ийн ...1986-1989 онд СОТ-2-т токарьчин хийж байгаад, 1989 оны дугаар сард Барилгын машин механизмын завод токарьчинаар ажилд орсон. Намайг ажилд ороход Ц.Г сантехникийн слесерээр ажилладаг байсан. Би 1993 оны 03 дугаар сард ажлаасаа гарсан. Ц.Г ажлаад үлдсэн, хамт ажиллаж байсан нь үнэн... гэх мэдүүлэг,
гэрч Ц.Э-ын ...:Би 1989 оны намар Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяа улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын 0230 дугаар Тусгай батальонд хугацаад цэргийн алба хаагаад халагдсан. Цэргээс халагдаж нэг сар ажилгүй байж байгаад Барилгын машин механизмын заводод ачигчаар ажилд орсон. Намайг ороход Ц.Г сантехникч, слесариар ажиллаж байсан. Би 1991 оны сүүл хүртэл ажилласан. Намайг ажлаас гарахад Ц.Г ажлаад үлдсэн, хамт ажиллаж байсан нь үнэн... гэх мэдүүлэг,
мөн гэрч Р.Б, Ц. нарын хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилт, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг болно.
Харин хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь 1993.03.31-ний өдрөөс 1995.01.01-ний өдрийг хүртэл Б ХХК-д ажиллаж байсан үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ц.Г-ийг 1888.08.30-ны өдрөөс 1991.03.12-ны өдрийг хүртэл Барилгын машин, механизмын засварын хэлтэст сантехникийн слесарь, 1991.03.12-ны өдрөөс 1991.10.31-ний өдрийг хүртэл Б пүүсэд сантехникийн слесарь, 1991.10.31-ний өдрөөс 1993.03.31-ний өдөр хүртэл Б ХК-д сантехникийн слесараар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн болно.
5.Шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан М овогт Ц.Г /РД:00000000/-ийг 1888.08.30-ны өдрөөс 1991.03.12-ны өдрийг хүртэл Барилгын машин, механизмын засварын хэлтэст сантехникийн слесарь, 1991.03.12-ны өдрөөс 1991.10.31-ний өдрийг хүртэл Б пүүсэд сантехникийн слесарь, 1991.10.31-ний өдрөөс 1993.03.31-ний өдөр хүртэл Б ХК-д сантехникийн слесараар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож,
1993.03.31-ний өдрөөс 1995.01.01-ний өдрийг хүртэл Б ХК-д сантехникийн слесараар ажиллаж байсан болохыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА