| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Билгүүн |
| Хэргийн индекс | 191/2025/00473/И |
| Дугаар | 191/ШШ2025/11338 |
| Огноо | 2025-12-05 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 191/ШШ2025/11338
2025 12 05 191/ШШ2025/11338
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: .... дүүрэг, .............хороо, ................. тоотод оршин суух Э овогт Т.Ж /РД:........../-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: .............дүүрэг, ............... хороо, ............................... тоотод оршин байрлахАЖИ ХХК /РД:......./-д холбогдох,
нэхэмжлэлийн шаардлага: 26,655,041 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н, түүний өмгөөлөгч С.Ио, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1. 2025 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн нэхэмжлэлдээ:
...Т.Ж ньАЖИ ХХК-тай 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ...... дугаар бүхий Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр Баянзүрх дүүрэг, ..... хороо, Баянзүрх хороолол, А5 блок, ...тоот хаягт байрлах .......... м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцын 1 м.кв-ын үнийг 1,350,000 төгрөгөөр тооцон нийт 67,189,500 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцсон.
Гүйцэтгэгч нь захиалагчийн захиалгын дагуу орон сууцны зориулалт бүхий байрыг Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомж, барилгын норм, норматив, дүрэм, журамд заасан чанарын дагуу барьж, ашиглалтад хүлээлгэн өгөх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авах, гэрээгээр хэлэлцэж тохирсон төлбөр буюу хөрөнгө оруулалтыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэгч талд төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна. Энэхүү гэрээний хэлбэрийн хувьд барьж дуусаагүй буюу ашиглалтад ороогүй үл хөдлөх хөрөнгө захиалах гэрээг компанитай байгуулснаар хуулийн хувьд хүчин төгөлдөр болсон гэж тооцогдсон.
Тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу нийт төлбөр 67,189,500 төгрөгийг нэхэмжлэгч өөрийн Хаан банк дахь ............. тоот харилцах данснаас нийт 4 удаа /20,000,000 төгрөгөөр 3 удаа, 7,189,500 төгрөгөөр 1 удаа/-ийн гүйлгээгээр 67,189,500 төгрөгийг хариуцагчийн Хаан банк дахь ......... тоот дансанд шилжүүлж төлбөрийг бүрэн төлсөн.
Тус гэрээний 1.3-т Гүйцэтгэгч нь орон сууцын барилгыг 2023 оны 3 дугаар улиралд багтаан барьж, улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болсон байна гэж заасан. Гэтэл хариуцагч нь тус хугацаанд орон сууцны барилгыг ашиглалтад оруулах үүргээ гүйцэтгээгүй бөгөөд тухайн барилга нь 1 давхрын барилгын ажил дэрээ зогссон нөхцөл байдалтай байгаа нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх нөхцөл бүрдсэн байгааг нотолдог.
Нэхэмжлэгчийн зүгээс гэрээнд заасан орон сууц хүлээлгэн өгөх хугацаа буюу 2023 оны 3 дугаар улирлаас хойш өнөөдрийг хүртэл 1 жил 2 сарын хугацаанд хүлээж, нэмэлт хугацаа олгосон боловч хариуцагч нь барилга аль үе шатанд явагдаж байгаа, орон сууц хэзээ баригдаж дуусах болон барилга хэзээ хүлээлгэн өгөх талаар огт мэдээлэл хариу өгдөггүй, уулзахгүй зугатааж нэхэмжлэгчид маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгөөр хохирол учруулсан.
Ийнхүү хариуцагч нь орон сууцыг ашиглалтад оруулах үүргээ гүйцэтгээгүй бөгөөд цаашид ч гүйцэтгэхгүй нь илт байсан. Түүнчлэн, орон сууц ашиглалтад орох боломжгүй болсон, өөр байгууллагад барилгыг худалдсан, гэрээгээ цуцалсан нь дээр гэх мэт тайлбар хэлж, барилгыг огт барихгүй байсан тул нэхэмжлэгчийн зүгээс гэрээнээс татгалзсан. Хариуцагч нь байрны төлбөрт 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 45,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 22,189,500 төгрөгийг тус тус нэхэмжлэгчийн Хаан банкны ............. тоот дансанд шилжүүлснээр гэрээ цуцлагдсан.
Гэвч хариуцагч нь нэхэмжлэгчид учирсан хохирлыг огт төлөөгүй бөгөөд зөвхөн 2 жилийн өмнө төлсөн төлбөрийг л буцаан шилжүүлсэнд гомдолтой байна.
Учир нь, нэхэмжлэгч Австрали Улсад ажиллаж амьдардаг бөгөөд тус улсад байх хугацаандаа хөдөлмөрлөж олсон мөнгөө Commonwealth банкнаас Монгол Улсад оршин суудаг өөрийн өндөр настай эцэг Ц.Т , эх Г.Х нарын нэр дээрх хамтран эзэмшдэг Төрийн банкны ........ тоот иргэдийн хугацаатай хадгаламжийн дансанд хадгалдаг байсан.
Эцэг, эх нь байнгын эмнэлгийн хяналтад байх шаардлагатай байсан тул Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгтэй ойролцоо орон сууц захиалах зорилгоор хадгаламжаа цуцалж, хариуцагч талаас орон сууц захиалсан боловч хариуцагч тал нь гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд одоог хүртэл эцэг, эх нь орон сууцандаа орж чадаагүй байна.
Мөн нэхэмжлэгч нь 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хариуцагчид орон сууцны төлбөрийг хадгаламжаас авч өгсөн бөгөөд тухайн мөнгө хадгаламждаа байсан бол эдийн засгийн үр өгөөжөө өгч хүү авах байсан тул хадгаламжийн хүүгээр тооцоолон надад учирсан хохирлыг барагдуулж өгнө үү гэх хүсэлт гаргасан. Хариуагч нь тухайн хүсэлтийг хүлээн авч хүү өгөх боломжгүй гэх хариуг өгч гарын үсэг он сараа бичсэн.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4 дэх хэсэгт Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна гэж, мөн зүйлийн 222.7 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан.
Хариуцагч нь гэрээнд заасан орон сууцыг барьж ашиглалтад оруулан, хүлээлгэж өгөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан бөгөөд ийнхүү гэрээнээс татгалзсантай холбогдон нэхэмжлэгч нь хариуцагчид төлсөн байрны төлбөр болох 67,189,500 төгрөгийг хэрэв 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Төрийн банк ХК-ийн иргэдийн хугацаатай хадгаламжид хадгалсан хэвээр байсан бол өнөөдрийн байдлаар 19,141,828 төгрөгийн хүүгийн ашиг үүсэх боломжтой байсан. Дараах байдлаар хүснэгтээр дэлгэрэнгүй тооцоолов.
| № | Огноо | Хоног | Хүү | Дүн |
| 1 | 2022.5.08-2024.9.24 | 365 | 10.6 хувь | 7,122,087 төгрөг |
| 2 | 2023.5.08- 2024.5.08 | 365 | 10.6 хувь | 7,122,087 төгрөг |
| 3 | 2024.5.08-2025.1.14 | 251 | жилийн хүүгээс нэг өдөрт ноогдох хэмжээгээр тооцов | 4,897,654 төгрөг |
| Нийт | 981 | - | 19,141,828 төгрөг | |
Иймд талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн ......... дугаар Орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзсантай холбогдон захиалагчид учирсан хохиролд хадгаламж цуцалснаас авч чадаагүй 2022 оны 5 дугаар сарын 08-наас 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хугацааны хадгаламжийн хүү нийт 19,141,828 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. ... гэжээ.
1.2. 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Т.Ж ньАЖИ ХХК-тай 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ...... дугаар бүхий Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Захиалагч тал болох Т.Ж нь тус гэрээний 3.14-т Гэрээнд заасны дагуу хөрөнгө оруулалт буюу төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөх үүрэгтэй гэж заасны дагуу гэрээгээр тохирсон төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн ба үүргээ зохих хэмжээнд биелүүлсэн.
Харин гүйцэтгэгч тал болохАЖИ ХХК нь тус гэрээний 1.3-т Гүйцэтгэгч нь орон сууцны барилгыг 2023 оны 3 дугаар улиралд багтаан барьж, улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болсон байна гэх үүргийг хүлээсэн боловч гэрээнд заасан хуваарийн дагуу барилгын ажил явагдаагүй, барилга хугацаандаа ашиглалтад орохгүй болох нь тодорхой болсон. Иймд захиалагч тал болох Т.Ж нь 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ-г цуцлах, төлсөн мөнгөө буцааж авах, хохирлоо барагдуулах тухай мэдэгдлийг бичгээр хүргүүлсэн.
Хариуцагч нь тус мэдэгдлийг хүлээн авч байрны төлбөр болох 67,189,500 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 45,000,000 төгрөгөөр, 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 22,189,500 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчийн Хаан банкны ............. тоот дансанд шилжүүлснээр гэрээ цуцлагдсан.
Гэвч хариуцагч нь нэхэмжлэгчид учирсан хохирлыг огт төлөөгүй бөгөөд зөвхөн 2 жилийн өмнө төлсөн төлбөрийг л буцаан шилжүүлсэнд гомдолтой байна. Учир нь, нэхэмжлэгч нь Австрали Улсад ажиллаж амьдардаг бөгөөд тус улсад байх хугацаандаа хөдөлмөрлөж олсон мөнгөө Commonwealth банкнаас Монгол Улсад оршин суудаг өөрийн өндөр настай эцэг Ц.Т , эх Г.Х нарын нэр дээрх хамтран эзэмшдэг Төрийн банкны ........ тоот иргэдийн хугацаатай хадгаламжийн дансанд хадгалдаг байсан.
Иргэний хуулийн 9 зүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна гэж, 9.4.4-т учруулсан хохирлыг арилгуулах гэж, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заасан ба олох байсан орлогод ирээдүйд орж ирэх мөнгөн хөрөнгө хамаарна.
Монгол банкнаас 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн .......дугаар албан бичгээр Арилжааны банкнуудын төгрөгийн хадгаламжийн хүүний лавлагаа-г ирүүлсэн бөгөөд 2022 онд төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүү жилийн 9.3 хувь, 2023 онд төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүү жилийн 11.8 хувь, 2024 онд төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүү жилийн 11.6 хувь, 2025 оны 1 сард төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүү сарын 12.8 хувь байсан болох нь тогтоогдож байна. Дээрх онуудын төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүүгээр дараах тооцооллыг гаргав.
| 2022 онд | |||||
| № | Үндсэн хөрөнгө | Огноо | Хоног | Хүү | Дүн |
| 1. | 67,189,500 төгрөг | 2022.5.08-2022.5.31 | 23 | 9.0% | 4,564,6807 төгрөг |
| 2. | 67,189,500 төгрөг | 2022.6.01-2022.6.30 | 30 | 9.1% | 6,029,976 төгрөг |
| 3. | 67,189,500 төгрөг | 2022.7.01-2022.7.31 | 31 | 9.2% | 6,300,695 төгрөг |
| 4. | 67,189,500 төгрөг | 2022.8.01-2022.8.31 | 31 | 9.3% | 6,370,4157 төгрөг |
| 5. | 67,189,500 төгрөг | 2022.9.01-2022.9.30 | 30 | 9.4% | 6,217,872 төгрөг |
| 6. | 67,189,500 төгрөг | 2022.10.01-2022.10.31 | 31 | 10% | 6,847,789 төгрөг |
| 7. | 67,189,500 төгрөг | 2022.11.01-2022.11.30 | 30 | 10.3% | 6,823,155 төгрөг |
| 8. | 67,189,500 төгрөг | 2022.12.01-2022.12.31 | 31 | 10.6% | 7,249,697 төгрөг |
|
| Нийт: 50,404,279 төгрөг | 8 сар | 6,300,534 төгрөг | ||
| 2023 онд | |||||
| № | Үндсэн хөрөнгө | Огноо | Хоног | Хүү | Дүн |
| 1 | 67,189,500 төгрөг | 2023.1.01-2023.1.31 | 31 | 11% | 7,529,426 төгрөг |
| 2 | 67,189,500 төгрөг | 2023.2.01-2023.2.28 | 28 | 11.2% | 6,917,579 төгрөг |
| 3 | 67,189,500 төгрөг | 2023.3.01-2023.3.31 | 31 | 11.4% | 7,796,202 төгрөг |
| 4 | 67,189,500 төгрөг | 2023.4.01-2023.4.30 | 30 | 11.5% | 7,614,699 төгрөг |
| 5 | 67,189,500 төгрөг | 2023.5.01-2023.5.31 | 31 | 11.7% | 7,992,130 төгрөг |
| 6 | 67,189,500 төгрөг | 2023.6.01-2023.6.30 | 30 | 11,9% | 7,885,674 төгрөг |
| 7 | 67,189,500 төгрөг | 2023.7.01-2023.7.31 | 31 | 12.0% | 8,211,268 төгрөг |
| 8 | 67,189,500 төгрөг | 2023.8.01-2023.8.31 | 31 | 12.1% | 8,282,614 төгрөг |
| 9 | 67,189,500 төгрөг | 2023.9.01-2023.9.30 | 30 | 12.2% | 8,081,037 төгрөг |
| 10 | 67,189,500 төгрөг | 2023.10.01-2023.10.31 | 31 | 12.3% | 8,418,177 төгрөг |
| 11 | 67,189,500 төгрөг | 2023.11.01-2023.11 .30 | 30 | 12.3% | 8,146,623 төгрөг |
| 12 | 67,189,500 төгрөг | 2023.12.01-2023.12.31 | 31 | 12.4% | 8,487,171 төгрөг |
|
| Нийт 95,362,600 төгрөг | 12 сар | 7,946,883 төгрөг | ||
| 2024 онд | ||||||
| № | Үндсэн хөрөнгө | Огноо | Хоног | Хүү | Дүн | |
| 1 | 67,189,500 төгрөг | 2024.1.01-2024.1.31 | 31 | 12.5% | 8,556,749 төгрөг | |
| 2 | 67,189,500 төгрөг | 2024.2.01-2024.2.29 | 29 | 12.5% | 7,996,631 төгрөг | |
| 3 | 67,189,500 төгрөг | 2024.3.01-2024.3.31 | 31 | 12.6% | 8,636,928 төгрөг | |
| 4 | 67,189,500 төгрөг | 2024.4.01-2024.4.30 | 30 | 12.7% | 8,406,440 төгрөг | |
| 5 | 67,189,500 төгрөг | 2024.5.01-2024.5.31 | 31 | 12.7% | 8,678,385 төгрөг | |
| 6 | 67,189,500 төгрөг | 2024.6.01-2024.6.30 | 30 | 12.7% | 8,406,440 төгрөг | |
| 7 | 67,189,500 төгрөг | 2024.7.01-2024.7.31 | 31 | 12.7% | 8,678,385 төгрөг | |
| 8 | 67,189,500 төгрөг | 2024.8.01-2024.8.31 | 31 | 12.8% | 8,753,898 төгрөг | |
| 9 | 67,189,500 төгрөг | 2024.09.01-2024.09.30 | 30 | 12.8% | 8,753,898 төгрөг | |
| 10 | 67,189,500 төгрөг | 2024.10.01-2024.10.31 | 31 | 12.8% | 8,753,898 төгрөг | |
| 11 | 67,189,500 төгрөг | 2024.11.01-2024.11.30 | 30 | 12.8% | 8,474,921 төгрөг | |
| 12 | 67,189,500 төгрөг | 2024.12.01-2024.12.31 | 31 | 12.8% | 8,753,898 төгрөг |
|
|
| Нийт: 102,571,494 | 12 сар | 8,547,624 төгрөг |
| ||
| 2025 онд | |||||
| № | Үндсэн хөрөнгө | Огноо | Хоног | Хүү | Дүн |
| 1 | 67,189,500 төгрөг | 2025.1.01-2025.1.14 | 14 | 12.8% | 3,860,000 төгрөг |
Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ба хэрэв нэхэмжлэгч нь тус 67,189,500 төгрөгийг хугацаатай иргэдийн хадгаламжид үргэлжлүүлэн хадгалуулсан бол олж болох байсан орлого буюу хохирол нийт 26,655,041 төгрөг олох боломжтой байсан байна.
Иймд хариуцагчаас гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол буюу Монгол банкаас тогтоосон төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүүгээр тооцсон хохирол буюу нийт 26,655,041 төгрөгийг гаргуулж өгнө үү. ... гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:
2.1. 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн тайлбартаа:
...нэхэмжлэгчтэй 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ......... дугаар Орон сууц захиалгын гэрээг бичгээр байгуулсан. Уг гэрээгээр хариуцагчийн хэрэгжүүлж буй Баянзүрх хороолол төслийн А5 блок, 9 давхар, 90 тоот, .......... м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ын үнийг 1,350,000 төгрөгөөр тооцон нийт 67,189,500 төгрөгөөр худалдаж, нэхэмжлэгч нь орон сууцны үнийг бүрэн төлж, хариуцагч нь орон сууцны барилгыг 2023 оны 3 дугаар улиралд багтаан барьж, улсын комисст хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон.
Хариуцагч нь тус гэрээнд заасан хугацаанд орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэж чадаагүй. Учир нь, нийт 157 айлын хүчин чадал бүхий орон сууцны барилга бөгөөд тус төслийг эхлүүлэхдээ 2022 оны 4 сараас эхлэн урьдчилсан захиалга үүсгэж, 2022 оны 8 сар хүртэл 54 иргэнтэй орон сууц захиалгын гэрээг бичгээр байгуулж, санхүүжилт босгож, энэ хугацаанд барилгын ажлыг эхлүүлж, 2022 онд эхний ээлжийн босгосон санхүүжилтээр барилгын суурь болон зоорийн давхрын ажлыг гүйцэтгэж дуусгасан.
2023 онд 10 иргэнтэй орон сууц захиалгын гэрээг байгуулсан тул барилгыг цааш хэвийн үргэлжлүүлэх санхүүгийн боломжгүй болсон. Энэ тухайгаа тус орон сууцны барилгад захиалга өгсөн иргэдэд мэдээлэл өгч, захиалагч иргэдтэй харилцан тохиролцож, орон сууцны барилгыг 2024 оны 3 дугаар улирал буюу 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор барьж, ашиглалтад оруулах тухай мэдэгдсэний дагуу нэхэмжлэгчтэй 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр .........-01 дугаар Орон сууц захиалгын гэрээний нэмэлт, өөрчлөлтийн гэрээг бичгээр байгуулсан.
Уг гэрээгээр орон сууцыг 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор барьж, ашиглалтад оруулахаар тохиролцсон. Гэвч нэхэмжлэгч нь 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гэрээний дагуу төлсөн 67,189,500 төгрөгийг 7 хоногийн хугацаанд буцаан авсны дараа гэрээгээ цуцлахыг хүсэж, төлбөрийг Хаан банкны ............. тоот дансанд шилжүүлж өгнө үү гэх утга бүхий хүсэлтийг гаргасан. Хариуцагч нь гэрээнд заасан төлбөрийг 7 хоногийн дотор төлбөл гэрээг дуусгавар болгосонд тооцохоор талууд харилцан тохиролцож, 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 45,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 22,189,500 төгрөг, нийт 67,189,500 төгрөгийг шилжүүлж, талуудын хооронд байгуулсан гэрээ дуусгавар болсон.
Гэвч нэхэмжлэгч нь 2025 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрээнээс татгалзсантай холбогдон гарсан хохиролд 19,141,828 төгрөг гаргуулахаар нэхэмжлээд байна. Талуудын хооронд байгуулсан ......... дугаар Орон сууц захиалгын гэрээ, .........-01 дугаар Орон сууц захиалгын гэрээний нэмэлт, өөрчлөлтийн гэрээгээр хариуцагч нь орон сууцны барилгыг 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээлгэн өгөх ёстой байсан боловч нэхэмжлэгч нь 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гэрээг цуцлах хүсэлтийг гаргаж, хариуцагч нь уг хүсэлтийг хүлээн авч, талууд харилцан тохиролцож, ......... дугаар гэрээний 4.4.2 болон 8.5, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т заасны дагуу гэрээ дуусгавар болсон гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй болно. ... гэжээ.
2.2. Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Орон сууц захиалгын гэрээний төлбөрийг хэрхэн бүрдүүлж төлсөн нь ач холбогдолтой биш. Хугацаатай хадгаламж эзэмшигчийн дансанд энэ мөнгө анхнаасаа байсан уу гэвэл үгүй. 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр шилжиж орсон мөнгийг нь 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр энгийн харилцах данснаас гэрээнд заасан хариуцагчийн данс руу шилжүүлсэн байдаг. 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гаргасан хүсэлтийн хариуг өгсний дараа нэхэмжлэгч өөрийн биеэр ирж танилцсан. Улмаар талууд 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр нэмэлт өөрчлөлтийн гэрээг байгуулсан. Уг гэрээгээр орон сууцыг 2024 оны 3 дугаар улиралд багтаан барьж, ашиглалтад оруулахаар хугацааг сунгасан бөгөөд энэ хугацааг хэтрүүлсэн тохиолдолд 0.05 хувиар алданги төлөхөөр хэмжээг нэмэгдүүлж харилцан тохиролцсон. Гэрээний хүчинтэй хугацаанд нэхэмжлэгчид алданги шаардах эрх нь нээлттэй байсан. Тухайн орон сууцны барилга 3 сарын өмнө ашиглалтад орсон. Хэрвээ нэхэмжлэгч гэрээнээс татгалзаагүй бол өнөөдөр илүү их үнэ цэнийг бүтээх байлаа. ... гэв.
3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
3.1. Нэхэмжлэгч талаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд,АЖИ ХХК, Т.Ж нарын хоорондох 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн ......... дугаартай Орон сууц захиалгын гэрээний хуулбар /хавсралтын хамт/, Т.ЖоосАЖИ ХХК-ийн захиргаанд гаргасан 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн хүсэлт /хариу өгсөн бичвэрийн хамт/,АЖИ ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Захиалагчийн төлбөр төлсөн тодорхойлолт /БЗХ А5 блок/, Хаан банкны шилжүүлгийн баримт /хамрах хугацаа: 2022.5.08/, Төрийн банкны ........ дугаартай хугацаатай хадгаламжийн дансны хуулга /хамрах хугацаа: 2019.2.21-2022.11.03/, тодорхойлолт, Төрийн банк болон Ц.Т , Г.Х нарын хоорондох 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн MN760034........ дугаартай Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээний хувь, Хаан банкны ............. дугаартай харилцах дансны хуулга /хамрах хугацаа: 2022.4.21-2022.5.18, 2024.9.23-2024.9.24/, Австрали Улсын Commonwealth банкны ........дугаартай дансны мэдээлэл, тодорхойлолт /орчуулгын хамт/, Монгол шуудан ХК-ийн шуудан хүргэлтийн тодорхойлолтын хуулбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Г.Х ын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай тэмдэглэл, шинжилгээний хариу, эмийн жор олгосон тэмдэглэл, Хадгаламж банк болон Ц.Т , Г.Х нарын хоорондох 2011 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн ........, 2011 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн ............., 2011 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 10110008237, 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ............., 2012 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн ............., 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн ............., 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн ............., 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ............., 2013 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн ............., 2013 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ............., 2013 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн ............., 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ............., 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ........, 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ........ Мөнгөн хадгаламжийн гэрээний хувиуд, данс нээх өргөдөл, Г.Х ын тус шүүхэд гаргасан 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн тайлбар, Монгол банкны 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн .......дугаартай албан бичиг, хавсралтаар 2022-2025 оны төгрөгийн хадгаламжийн дундаж хүүгийн мэдээлэл /хх 5-33, 59-67, 80-98, 111-114/-ийг гаргаж өгсөн.
3.2. Хариуцагч талаас:АЖИ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл,АЖИ ХХК, Т.Ж нарын хоорондох 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн .........-01 дугаартай Орон сууц захиалгын гэрээний нэмэлтт, өөрчлөлийн гэрээний хуулбар, Т.ЖоосАЖИ ХХК-д гаргасан 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн хүсэлтийн хуулбар /хх 37-38, 122-123/-ыг гаргаж өгсөн.
3.3. Зохигч талуудын хүсэлтээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.
4. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Т.Ж нь хариуцагчАЖИ ХХК-иас 26,655,041 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
...хариуцагч 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн ...... дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээнд заасан хугацаанд орон сууцны барилгыг барьж, ашиглалтад оруулах үүргээ зөрчсөн тул уг гэрээнээс татгалзаж, өөрийн төлсөн 67,189,500 төгрөгийг буцаан авсан. Хэрэв дээрх мөнгийг хугацаатай хадгаламжийн дансанд хэвээр байршуулсан бол 2022 оны 5 дугаар сарын 08-наас 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд 26,655,041 төгрөгийн хүүгийн орлого олох боломжтой байсан. ... гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр татгалзсан. Үүнд:
...орон сууц захиалгын гэрээний төлбөрийг хэрхэн бүрдүүлж төлсөн нь ач холбогдолтой биш. Нэхэмжлэгчтэй 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр .........-01 дугаартай Орон сууц захиалгын гэрээний нэмэлт, өөрчлөлтийн гэрээг байгуулж, тухайн орон сууцыг 2024 оны 3 дугаар улиралд багтаан барьж ашиглалтад оруулахаар хугацааг сунгасан бөгөөд энэ хугацааг хэтрүүлсэн тохиолдолд 0.05 хувиар алданги төлөхөөр хэмжээг нь нэмэгдүүлж харилцан тохиролцсон. Гэвч нэхэмжлэгч 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гэрээний төлбөрөө буцаан авах хүсэлт гаргасан тул үүний дагуу 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр нийт 67,189,500 төгрөгийг бүрэн шилжүүлж дууссанаар гэрээ дуусгавар болсон. ... гэжээ.
4. Зохигч талууд 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ......... дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч тал болохАЖИ ХХК нь Баянзүрх дүүрэг, ..... хороо, Баянзүрх хороолол А5 блок, 9 давхрын .......... м.кв талбайтай, хоёр өрөө бүхий 90 тоот орон сууцыг 2023 оны 3 дугаар улиралд багтаан барьж, ашиглалтад оруулахаар, захиалагч тал болох Т.Ж нь гэрээнд заасан нийт үнэ 67,189,500 төгрөг (нэг м.кв-ын үнэ 1,350,000 төгрөг)-ийг төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.
5. Гэрээний дагуу нэхэмжлэгч нь орон сууцны төлбөрт тухайн өдрөө Хаан банкны ............. дугаартай өөрийн харилцах данснаас 4 удаагийн гүйлгээгээр (20,000,000 + 20,000,000 + 20,000,000 + 7,189,500) нийт 67,189,500 төгрөгийг хариуцагчийн ......... дугаартай дансанд шилжүүлэн төлсөн болох нь тогтоогдож байна.
6. Харин хариуцагчийн орон сууц барьж гүйцэтгэх хугацаа удааширсантай холбогдуулан нэхэмжлэгч нь 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гэрээг цуцлах хүсэлт гаргаж, өөрийн төлсөн 67,189,500 төгрөгийг Төрийн банк дахь эцэг, эхийнх нь нэр дээрх хугацаатай хадгаламжид байршуулах тохиолдолд тооцогдох хүү 8,264,308 төгрөгийн хамт буцаан олгохыг шаардсан боловч хариуцагчаас хүү олгох боломжгүй гэсэн хариуг өгсөн байна.
7. Улмаар талууд 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Орон сууц захиалгын гэрээний нэмэлт, өөрчлөлтийн гэрээг байгуулж, уг гэрээгээр орон сууцыг 2024 оны 3 дугаар улиралд багтаан барьж, ашиглалтад оруулахаар, энэхүү хугацааг 90 хоног болон түүнээс дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд 91 дэх хоногоос эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.05 хувиар тооцон алданги төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.
8. Гэвч дээрх хугацаанд нэхэмжлэгч нь 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гэрээг цуцлах тухай хүсэлт дахин гаргаж, өөрийн төлсөн 67,189,500 төгрөгийг буцаан олгохыг шаардсан бөгөөд үүний дагуу хариуцагч нь 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 45,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 22,189,500 төгрөгийг тус тус нэхэмжлэгчийн дансанд шилжүүлснээр төлбөрийг бүрэн буцаан олгосон байна.
9. Талуудын хоорондох гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний агуулгыг өөрсдийн хүсэл зоригоор чөлөөтэй тодорхойлон байгуулах эрхийн хүрээнд байгуулагдсан, мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байх ба тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байдал нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар гэрээ хүчин төгөлдөр болсныг илтгэнэ.
10. Зохигчид дээрх үйл баримтын талаар маргаагүй. Гагцхүү гэрээнээс татгалзсантай холбогдон хохирол учирсан эсэх, уг хохирлыг арилгуулахаар шаардах эрх үүссэн эсэх нь маргааны зүйл болж байна.
11. Гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсан тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд өгсөн авснаа бодитоор харилцан буцаах, анхны байдалд оруулах үр дагавар үүсдэг.
12. Нөгөө талаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн нь гэрээнээс татгалзах үндэслэл болсон тохиолдолд ийнхүү татгалзсантай холбоотой учирсан хохирлыг нөгөө талдаа нөхөн төлөх үүрэг хүлээнэ.
13. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчмыг зөрчсөн нь гэрээний үүргийн зөрчил болно.
14. Улмаар гэрээний үүргийн зөрчил ба хохирлын хооронд шалтгаант холбоотой байж, хариуцагчийн гэм буруу тогтоогдсон нөхцөлд хохирлыг арилгах, нөхөн төлүүлэх учиртай.
15. Энэ талаар Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.2 дахь хэсэгт зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, харин гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэхүү хохирол шаардах үндэслэл хамаарахгүй.
16. Түүнчлэн хохирол гэдэг ойлголтод юу хамаарахыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заахдаа ... үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэжээ.
17. Тухайн тохиолдолд орон сууцыг барьж гүйцэтгэх хугацаанд нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан явдалд хариуцагчийг шууд буруутгах үндэслэл тогтоогдоогүй бөгөөд орон сууцны төлбөрт төлсөн мөнгийг хугацаатай хадгаламжид нь хэвээр байршуулсан тохиолдолд олох байсан хүүгийн орлого гэх 26,655,041 төгрөг нь нэхэмжлэгчийн хувьд бодит алдагдсан ашиг гэж тооцогдох үндэслэлгүй байна.
18. Иймд хариуцагчАЖИ ХХК-иас 26,655,041 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Жийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
19. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцууллаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагчАЖИ ХХК-иас 26,655,041 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Жийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 388,861 төгрөг /253,700+135,161/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 41 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН