2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 191/ШШ2025/08247

 

 

 

 

 

 

 

 

2025 10 02 191/ШШ2025/08247

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ................-ийн өөрийн байранд байрлах, Т ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ............ тоот хаягт байрлах, А ХХК /РД:000000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 150,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С

Хариуцагчийн өмгөөлөгч Л.О

Гэрч Ц.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч А ХХК-д холбогдуулан 150,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Т ХХК нь Улаанбаатар хотын Ардын Их Хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1993.05.24-ний өдрийн 48 дугаар Т-г хувьчлах тухай тогтоолоор хувьчлагдсан.

Улмаар дээрх тогтоол, түүний хавсралтаар Т-ийн үндсэн хөрөнгийн үнэлгээг нийт 26,972,200 төгрөг /тухайн үеийн ханшаар/-өөр тогтоосныг баталж, үндсэн хөрөнгийн жагсаалт, үнэлгээг гаргасан байдаг. Хувьчлагдсанаас хойш энэхүү жагсаалтад дурдсан үндсэн хөрөнгөд багтах үл хөдлөх хөрөнгө, барилгын өртгийг нэмэх буюу засан сайжруулан эзэмшиж ашигласаар ирсэн.

Дээрх үндсэн хөрөнгийн үнэлгээ, жагсаалтын № 24-т павильоны зориулалттай барилгыг дурдсан байх ба үүнийг манай компани агуулахын зориулалтаар эд зүйлсээ хадгалах, компанийн ажилтнаа амьдран суулгуулах зэргээр ашиглаж байсан санхүүгийн балансад бүртгэлтэй үндсэн хөрөнгө байсан...

2022.10.04-ний өдөр манай гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.Н-тай А ХХК-ийн захирал А.А нь уулзаад Т-ийн зүүн хойно барилга барих зөвшөөрөл авсан. Гэтэл уг газар дээр танай нэг барилга байгаа юм байна. Энэ барилгыг нураах нөхөн төлбөрт 150,000,000 төгрөг өгье гэж тохиролцсон байдаг. Энэхүү хоорондын харилцан тохиролцооны хүрээнд А ХХК нь манай компанийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг нурааж, чөлөөлсөн хэдий ч тохиролцсон нөхөн төлбөрөө өгөхгүй байсаар 2022.10.11-ний орой тухайн 2 павильоныг нураасан үүнтэй холбоотойгоор бид Хан-Уул цагдаагийн хэлтэст гомдол гаргаж байсан энэ баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа.

Манай компанийн павильон буюу 2 хэсэг барилгын үнэ болох 150,000,000 төгрөгийг хариуцагч А ХХК-иас гаргуулж өгнө үү... гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компани нь ............-д байрлах 00000000 дугаар бүхий нэгж талбарын дугаартай 3,697 м.кв газарт сургалт, үйлчилгээний барилгын ажил явуулж байгаа. Тус төслийг хэрэгжүүлж буй газрыг анх Нийслэлийн Засаг даргын 2005 оны 399 дүгээр захирамжаар иргэний эзэмшилд шилжүүлсэн бөгөөд манай компани нь тус газрыг худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр 2021.05.21-ний өдөр шилжүүлэн авсан. Улмаар 2021.07.23-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын А/572 тоот тушаалыг үндэслэн 00000000 дугаар бүхий нэгж талбарын дугаартай 3,697 м.кв газрыг Амины орон сууц, Орон сууц, Үйлчилгээ, Зочид буудал, Контор-ын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшихээр газар эзэмших гэрчилгээг авсан. Бидний зүгээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эсэргүүцэж байна.

Газар эзэмших хүсэлт гарган кадастрын тэмдэглэгээ хийлгэх үед улсын бүртгэлийн мэдээллийн санд тухайн газар дээр ямар ч хөрөнгийн бүртгэл байгаагүй. Гэвч газар дээр нь яваад очиход манай нэгж талбарын дугаартай газар дээр социализмын үеийн бололтой хүн ашигладаггүй, хог хаягдлаар дүүрсэн, нурсан байдалтай 2 ширхэг эзэнгүй балгас байсан. Бид тухайн 2 балгас эзэнтэй эсэх, эзэнтэй бол тухайн эзнийг нь тодруулах зорилгоор тухайн орчны хүмүүсээс тодруулсан бөгөөд ямар нэгэн тодорхой мэдээлэл авч чадаагүй. Бид барилга угсралтын ажил эхлэхээр тухайн газраа хашаалж хэн нэгэн хүн, хуулийн этгээд манай барилгыг хашаалсан тухай ямар нэгэн гомдол санал гаргах эсэхийг нэлээд хүлээсэн боловч хэн нэгэн хүн, хуулийн этгээд гарч ирээгүй тул тухайн газрыг хэн нэгэн иргэн, аж ахуйн нэгжийн өмч биш гэж үзсэн. Иймд Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн гэж заасан байдаг тул тухайн балгас төрийн өмч байж магадгүй гэж үзсэний үндсэн дээр Нийслэлийн Өмчийн Харилцааны газар руу 2022.09.21-ний өдрийн 006/22 дугаартай Тодруулга хүсэх тухай албан бичгийг хүргүүлсэн. Уг албан бичгийн хариу 2022.09.30-ны өдөр Өмчийн харилцааны .....................-ны нутаг дэвсгэр дэх 00000000 нэгж талбарын дугаар бүхий эзэмших эрхтэй газар дээр байрлах объектууд нь нийслэлийн өмчид бүртгэлгүй болно гэсэн агуулга бүхий хариу албан бичиг ирсэн. Манай компанийн зүгээс тухайн 2 балгасын өмчлөгч, эзэмшигчийг тогтоохын тулд боломжит бүхий л арга хэмжээг авсан.

Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.А тухайн үед Т ХХК-тай холбоотой байж магадгүй гэдэг үндэслэлээр тус компанийн гүйцэтгэх захирал Т.Н-тай уулзсан байдаг. Т.Н захирлаас тухайн 2 балгасын талаар тодруулахад өөрийн буюу Т ХХК-ийн өмч гэсэн. Өөрийн өмч болох тухайгаа нотлох бичиг баримт байна уу гэж асуухад амаар манай компанийн өмч гэснээс өөрөөр үндэслэлтэй нотлох баримт гаргаж өгч чадаагүй. Хэрвээ тус 2 балгас нь Т ХХК-ийн өмч гэдэг нь үнэн бол үүнийг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэсэн байдлаар нотлох боломжтой байсан. Гэвч манай эзэмшлийн газар дээрх тухайн 2 балгас нь улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлгүй, Т.Н нь өөрийн компанийн өмч гэдгээ нотолж чадаагүй. Хэрвээ уг 2 балгас үнэхээр нэхэмжлэгч талын өмч бөгөөд үүнийгээ нотолж чадах бол хариуцагч нь манай компани биш харин манай компанид бусдын эзэмшил бүхий газрыг олгосон эрх бүхий Захиргааны байгууллага байна. Үүнээс үзэхэд хэрвээ нэхэмжлэгч тал тухайн балгасын эзэн гэдгээ нотолж чадвал тухайн маргааны хариуцагч нь манай компанид газар эзэмших эрх олгосон эрх бүхий Захиргааны байгууллага байх юм.

Нэхэмжлэгч тал тухайн балгасыг өөрсдийн үндсэн хөрөнгийн үнэлгээ, жагсаалтын №24-д Павилионы зориулалттай барилга гэсэн байх боловч тухайн барилгыг агуулахын зориулалтаар эд зүйлээ хадгалах, компанийн ажилтнаа амьдран суулгуулах зэргээр ашигласаар ирсэн гэж дурдсан. Павилион гэдэгт жижиглэн худалдаа хийх байр, саравч, үзэсгэлэнгийн байр-ыг ойлгох ба павилион гэх объект нь үл хөдлөх гэхээс илүү хөдлөх хөрөнгө байхаар байна. Түүнчлэн тухайн павилионыг агуулахын зориулалтаар эд зүйлээ хадгалах, компанийн ажилтнаа амьдран суулгуулах зэргээр ашигласаар ирсэн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй, худал мэдээлэл бөгөөд бодит байдал дээр тус балгас нь хог хаягдлаар дүүрсэн, ойр орчмын иргэдийн хогийн цэг болсон, ойролцоох орон сууцны иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ эдлэхэд саад болж байсан бөгөөд хүн амьдрах нөхцөл боломжгүй байсан. Энэхүү нөхцөл байдлыг хариу тайлбарт хавсаргасан тус балгасны зураг нотолно. Бидний зүгээс тухайн 2 балгасны төлөв байдлыг тогтоолгохоор Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн хяналтын газарт Дүгнэлт гаргуулах тухай албан бичгийг хүргүүлсэн ба 2022.10.10-ны 02-07-395/972 дугаар хариу албан бичгийг Мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн. Энэхүү албан бичигт уг байрууд нь 1982 онд ашиглалтад орсон гэх 1 давхар даацын тоосгон хана, хавтан хучилттай, холбогдох баримт бичиг бүртгэл байхгүй ба даацын тоосгон хана өгөршиж үүрч бутарч унасан, хөндлөн, босоо ташуу хагарал ихтэй, хавтан хучилтад хөндлөн цууралт үүссэн, үүрч бутарч унасан, олон жил ашиглаагүй, ойр орчимд хог ихээр хуримтлагдсан бөгөөд зэргэлдээ орших иргэдийн эрүүл аюулгүй амьдрах нөхцөлд сөргөөр нөлөөлж байна гэж үзэн тухайн нутаг дэвсгэрт байрлах 2 үйлчилгээний гэх барилгын ашиглалтын төлөв байдал нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5, 11.1.3-уудын хэрэгжилтийг хангахгүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Иймд манай компани тухайн газрыг эзэмших эрхтэйн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд болоод барилгын ажил эхлүүлэхийн тулд уг балгасыг нураах хэрэгцээ, шаардлага үүссэн.

Нэхэмжлэгч тал 2022 оны 11 дүгээр сард Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст балгасыг нураасантай холбоотойгоор гомдол гаргасан боловч тус цагдаагийн газар хэрэг үүсгэхээс татгалзсан. Нэхэмжлэгч тал өөрсдийн эзэмшил, ашиглалтад байгаагүй, улсын бүртгэлгүй объекттой холбогдуулан маргаж буй нь үндэслэлгүй байна.

Манай компани 00000000 нэгж талбарын дугаартай газрыг хуульд заасан шаардлагын дагуу эзэмших эрхийг олж авсан. Аливаа газар дээрх газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын бүрдэл хэсэг болох ба газрын бүрдэл хэсэг нь тухайн эзэмшил газрыг эзэмшиж буй этгээдийн өмч болдог. Учир нь дан ганц барилга байшингийн өмчлөх эрх гэж байхгүй бөгөөд гагцхүү газрын эзэмшигч, өмчлөгч гэсэн ойлголт л байх боломжтой. Энэ эрх нь өөртөө байшинг үндсэн бүрдэл хэсгийн хувиар өмчлөх эрхийг хамарна. Ингэснээр манай эзэмшил бүхий газар дахь улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлгүй 2 балгас нь манай газрын бүрдэл хэсэг болох ба манай компани уг 2 балгасыг эзэмших, өмчлөх эрх бүхий этгээд юм.

Тухайн 2 балгас нь үнэхээр нэхэмжлэгч талын өмч бол Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэж заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн бүртгэлээр нотлох боломжтой байсан. Гэвч нэхэмжлэгч тал нотолж чадахгүй, улсын бүртгэлд бүртгэлгүй байгаа тул тухайн эзэнгүй 2 балгасыг манай компани бодитоор өөрсдийн эрх мэдэл, нөлөөллийн хүрээнд оруулж эзэмшилдээ байлгаж байгаа болохоор тухайн балгасын өмчлөгч болно. Мөн түүнчлэн дээр заасны дагуу манай компани тухайн балгасын эзэмшигч, өмчлөгчийг тогтоохын тулд боломжит бүхий л арга хэмжээг авсан ба эзэмшигч, өмчлөгч нь тогтоогдоогүй тул манай компани тус газрыг хуульд заасан шаардлагыг биелүүлэн эзэмших эрхийг шударгаар, хууль ёсны дагуу олж авсан тул шударга эзэмшигч болох ба уг 2 балгасыг өмчлөх эрхтэй эрх бүхий этгээд юм. Манай компани өөрсдийн эзэмшил газар дээр барилга, байгууламж барихад уг 2 балгас саад учруулж байсан, мөн түүнчлэн тухайн ойр орчмын эрүүл, аюулгүй орчинд саад учруулж байсан тул шударга эзэмшигч болохынхоо хувьд эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байсан саадыг өмчлөгчийн нэгэн адил нурааж, арилгасан.

Хэрвээ уг 2 балгас нэхэмжлэгч талын өмч гэдэг нь үндэслэл бүхий тохиолдолд тухайн балгаснуудаа нэхэмжлэгч тал бусдын эзэмшил бүхий газраас гаргах, нураах, чөлөөлөх үүрэгтэй байсан. Т.Н нь тухайн үед гүйцэтгэх захирал байсан А.А-тэй уулзсан нь үнэн бөгөөд А.А нь 150,000,000 төгрөгийг газар чөлөөлүүлэхэд төсөвлөсөн байгаа гэж хэлсэн. Энэ нь тухайн 2 балгасыг нураахтай холбоотой ажлын нийт зардлыг 150,000,000 төгрөгөөр төсөвлөсөн гэсэн үг. Гэвч нэхэмжлэгч тал бусдын эзэмшил газар дээр байгаа өөрсдийн өмчлөлийн барилгыг чөлөөлөөгүйгээс үүдэж тус 2 балгасыг нураах, чөлөөлөхтэй холбогдуулан манай компанид 150,000,000 төгрөгийн хохирол учирсан тул манай компани энэхүү хохирлоо нэхэмжлэгч талаас шаардах үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан 2023.07.05-ны өдрийн 23/23 дугаартай Б.Н-т олгосон итгэмжлэл /хх-ийн 3 х/,

-Улсын тэмдэгтийн хураамжид 2023.07.17-ны өдрийн 907,950 төгрөг төлсөн баримт /хх-ийн 4-7 х/

-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 00000000 дугаартай гэрчилгээ /хх-ийн 8, 102, 181 х/,

-2005.08.16-ны өдрийн 03 дугаартай Т ХХК-ийн ТУЗ-ийн хурлын тогтоол /хх-ийн 9 х/,

-Т ХХК-ийн дүрэм /хх-ийн 10-15 х/,

-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /хх-ийн 16 х/,

-1993.05.24-ний өдрийн 48 дугаартай Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын Т-г хувьчлах тухай тогтоол /хх-ийн 17 х/,

-Улаанбаатар хотын Т-г хувьчлах төсөл /хх-ийн 18-20 х/

-Т-ийн эд хөрөнгийн тооцоо /хх-ийн 21 х/,

-Т-ийн 1993.05.01-ний үлдэгдэл тэнцэл /хх-ийн 22-25 х/,

-Гэрэл зураг /хх-ийн 26 х/,

-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /хх-ийн 27 х/,

-Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.06.23-ны өдрийн 101/ШЗ2023/16063 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж /хх-ийн 28 х/,

-Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.07.24-ний өдрийн 101/ШЗ2023/17864 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж /хх-ийн 29-30 х/,

-Татвар төлсөн баримт /хх-ийн 42 х/,

-2019 онд авсан нэхэмжлэгчийн өмчлөлийн павильоны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрэл зураг /хх-ийн 76-77 х/,

-2023.12.06-ны өдрийн Google earth-ээс татаж авсан гэрэл зураг /хх-ийн 78-79 х/,

-2022.12.08-ны өдрийн 4272 дугаартай Прокурорын тогтоол /хх-ийн 87-88 х/,

-2023.03.17-ны өдрийн 1/634 тоот Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас /хх-ийн 89 х/,

-2025.05.15-ны өдрийн 01/78 дугаартай Э.С-т олгосон итгэмжлэл /хх-ийн 103 х/,

-2025.09.12-ны өдрийн 01/177 дугаартай И.Э-т олгосон итгэмжлэл /хх-ийн 180 х/ зэрэг баримтуудыг,

 

4.Хариуцагч нь тайлбар татгалзалтайгаа холбогдуулан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 00000000 дугаартай гэрчилгээ /хх-ийн 35, 46, 110 х/,

-2023.08.22-ны өдрийн 03 дугаартай А ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн Ажилд томилох тухай шийдвэр /хх-ийн 36 х/,

-2023.08.28-ны өдрийн 34/23 дугаартай О.С-т олгосон итгэмжлэл /хх-ийн 37 х/,

-Хариу тайлбар /хх-ийн 43-45 х/,

-2021.07.23-ны өдрийн 00000000 дугаартай аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-ийн 47 х/,

-2022.09.30-ны өдрийн 2/1165 дугаартай Өмчийн харилцааны газрын албан бичиг /хх-ийн 48 х/,

-2022.10.10-ны өдрийн 02-07-395/972 дугаартай Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт /хх-ийн 49 х/,

-Нэгж талбарын 00000000 дугаартай кадастрын зураг /хх-ийн 50 х/,

-2021.06.29-ний өдрийн МЗХ2021/11-020 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар /хх-ийн 51-52 х/,

-Гэрэл зураг /хх-ийн 53-62 х/,

-2025.05.15-ны өдрийн 040/25 дугаартай Ж.Ц-д олгосон итгэмжлэл /хх-ийн 111 х/,

-2025.09.16-ны өдрийн 084-25 дугаартай О.С-т олгосон итгэмжлэл /хх-ийн 188 х/ зэрэг баримтуудыг,

 

5.Шүүхийн журмаар тус шүүхийн 2025.06.17-ны өдрийн 191/ШЗ2025/26530 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамжаар хариуцагчаас Маргаан бүхий газрын эзэмших эрхийг худалдан авсан талаарх худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 142-148 х/,

-Нийслэлийн архивын газраас Т-г хувьчлах төсөл гэсэн баримт дээр 1991 оны хотын захиргааны шийдвэрээр худалдаа үйлчилгээний зориулалттай 4 объектыг Хөдөө аж ахуйн биржид шилжүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэр /хх-ийн 149-150 х/,

-Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК-иас Т-г хувьчлах төсөл гэсэн баримт дээр дурдагдсан ...............-д байрлах нэгж талбарын 00000000 дугаартай, 3,697 м.кв газарт байрлаж байсан худалдаа үйлчилгээний зориулалттай 4 объектыг өмчлөлдөө шилжүүлж авсан эсэх лавлагаа /хх-ийн 151-152, 186-187 х/,

-Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас ...............-д байрлах нэгж талбарын 00000000 дугаартай, 3,697 м.кв газарт худалдаа үйлчилгээний зориулалттай 4 объект Т-ийн нэр дээр бүртгэгдэж байсан эсэх, мөн бүртгэлээс хасагдсан эсэх лавлагаа /хх-ийн 160-179 х/-г тус тус бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч А ХХК-д холбогдуулан гаргасан 150,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

2.1. Хариуцагч А ХХК нь барилга барихдаа Т ХХК-ийн үндсэн хөрөнгө болох агуулахын зориулалтаар эд зүйлсээ хадгалах, компанийн ажилтнаа амьдран суулгуулах зэргээр ашиглаж байсан павильоныг нурааж газраа чөлөөлөхдөө 150,000,000 төгрөгийн нөхөн төлбөрийг өгөхөөр тохиролцсон...

2022.10.11-ний орой манай компанийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг нурааж, газраа чөлөөлсөн хэдий ч тухайн 2 павильоны үнэ болох 150,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй учраас Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 229 дүгээр зүйлийн 229.1-т заасны дагуу шаардах эрхтэй гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч А ХХК нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна. Үүнд:

3.1. Манай компани нь ................-д байрлах нэгж талбарын 00000000 дугаартай 3,697 м.кв газарт сургалт, үйлчилгээний барилгын ажил явуулж байгаа. Тус төслийг хэрэгжүүлж буй газрыг анх Нийслэлийн Засаг даргын 2005 оны 399 дүгээр захирамжаар иргэний эзэмшилд шилжүүлсэн бөгөөд манай компани нь тус газрыг худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр 2021.05.21-ний өдөр шилжүүлэн авсан. Газар эзэмших хүсэлт гарган кадастрын тэмдэглэгээ хийлгэх үед улсын бүртгэлийн мэдээллийн санд тухайн газар дээр ямар ч хөрөнгийн бүртгэл байгаагүй.

Гэвч газар дээр нь яваад очиход манай нэгж талбарын дугаартай газар дээр социализмын үеийн бололтой хүн ашигладаггүй, хог хаягдлаар дүүрсэн, нурсан байдалтай 2 ширхэг эзэнгүй балгас байсан учраас тухайн павильоныг агуулахын зориулалтаар эд зүйлээ хадгалах, компанийн ажилтнаа амьдран суулгуулах зэргээр ашигласаар ирсэн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн хяналтын газрын 2022.10.10-ны өдрийн 02-07-395/972 дугаар албан бичгээр үгүйсгэгдэнэ. Энэхүү албан бичигт уг байрууд нь 1982 онд ашиглалтад орсон гэх 1 давхар даацын тоосгон хана, хавтан хучилттай, холбогдох баримт бичиг бүртгэл байхгүй ба даацын тоосгон хана өгөршиж үүрч бутарч унасан, хөндлөн, босоо ташуу хагарал ихтэй, хавтан хучилтад хөндлөн цууралт үүссэн, үүрч бутарч унасан, олон жил ашиглаагүй, ойр орчимд хог ихээр хуримтлагдсан бөгөөд зэргэлдээ орших иргэдийн эрүүл аюулгүй амьдрах нөхцөлд сөргөөр нөлөөлж байна гээд 2 үйлчилгээний гэх барилгын ашиглалтын төлөв байдал нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5, 11.1.3 дахь заалтуудын хэрэгжилтийг хангахгүй байна гэсэн дүгнэлт гаргасан учраас манай компани тухайн газрыг эзэмших эрхтэйн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд болоод барилгын ажил эхлүүлэхийн тулд уг балгасыг нураах хэрэгцээ, шаардлага үүссэн.

Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн гэж заасан байдаг тул тухайн балгас төрийн өмч байж магадгүй гэж үзсэний үндсэн дээр Нийслэлийн Өмчийн Харилцааны газар руу 2022.09.21-ний өдрийн 006/22 дугаартай Тодруулга хүсэх тухай албан бичгийг хүргүүлэхэд 2022.09.30-ны өдөр .............-ны нутаг дэвсгэр дэх 00000000 нэгж талбарын дугаар бүхий эзэмших эрхтэй газар дээр байрлах объектууд нь нийслэлийн өмчид бүртгэлгүй болно гэсэн хариу албан бичиг ирсэн...

Мөн аливаа газар дээрх газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга нь, байгууламж болон бусад зүйл нь газрын бүрдэл хэсэг болох ба газрын бүрдэл хэсэг нь тухайн эзэмшил газрыг эзэмшиж буй этгээдийн өмч болдог. Ийм учраас манайх хууль ёсны дагуу газрын эрхийг шилжүүлж авсан энэ бүртгэлгүй 2 балгас нь манай газрын бүрдэл хэсэг болж байгаа.

Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэж заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн бүртгэлээр нотлох боломжтой байсан. Гэвч нэхэмжлэгч өөрийн өмч гэдгээ нотолж чадаагүй, улсын бүртгэлд бүртгэлгүй, мөн Улаанбаатар хотын гүйцэтгэх захиргааны тогтоолоор Т-ийн мэдэлд байсан худалдаа үйлчилгээний байруудыг Хөдөө аж ахуйн биржид шилжүүлж балансаас хассан байдаг учраас шаардах эрхгүй гэж маргасан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон тохиолдолд амаар хийх хэлцлийг хийсэн гэж үздэг бөгөөд мөн хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т ...нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь Т-ийн үндсэн хөрөнгийг үнэлсэн тухай акт-ын 24-т бичигдсэн Павильон нь тухайн компанийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй агуулахын зориулалтаар эд зүйлсээ хадгалах, компанийн ажилтнаа амьдран суулгуулах зэргээр ашиглаж байсан үл хөдлөх эд хөрөнгө байсан, хариуцагч А ХХК нь барилга барихдаа тухайн эд хөрөнгө буюу павильоныг нурааж газар чөлөөлөхдөө 150,000,000 төгрөгийн нөхөн төлбөрийг өгөхөөр тохиролцсон гэж тайлбарласан.

 

Хариуцагч А ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2021.07.22-ны өдрийн А/572 дугаар захирамжаар ............-ны нутаг дэвсгэрт байрлах нэгж, талбарын 00000000 дугаар бүхий 3,697 м.кв газрыг амины орон сууц, орон сууц, үйлчилгээ, зочид буудал, конторын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшдэг. Тухайн газар дээр байсан 2 ширхэг балгасыг нурааж газраа чөлөөлсөн талаар маргаагүй.

 

Харин талуудын маргааны зүйл нь нураасан 212 м.кв талбай бүхий павильон нь нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө мөн эсэх, хариуцагч нь уг объектын үнэ 150,000,000 төгрөгийн нөхөн төлбөрийг нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон эсэх талаар байх тул тус бүрд нь дүгнэлт өгөх нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байдаг бол 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэг хүлээдэг.

 

Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны Өмч хувьчлалын комиссын 1993.05.24-ний өдрийн 48 дугаар Т-г хувьчлах тухай тогтоол гарч Т-г төрийн өмч давамгайлсан ББХК болгон хувьчлахаар боловсруулсан төслийг баталж, дүрмийн сангийн хэмжээг 29972,2 мянган төгрөгөөр тогтоож, хөрөнгийн 30 хувь буюу 8080,2 мянган төгрөгийн хөрөнгийг ажиллагсдад, 30 хувийг ягаан захаас авахаар, үлдэх 18892,0 төгрөгийн хөрөнгийг төрийн мэдэлд үлдээхээр шийдвэрлэж, Т-ийн үндсэн хөрөнгийг үнэлсэн тухай акт-ыг үйлдсэн байна. /хх-ийн 17, 23-25 х/

 

Энэхүү актаар ..........-ны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 00000000 дугаартай 3,697 м.кв газарт байрлаж байсан Т-ийн үндсэн хөрөнгийг үнэлсэн тухай акт-ын 24-т бичигдсэн Павильон-ыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн гэж үзэх боломжгүй.

 

Учир нь Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1991.08.08-ны өдрийн 247 тоот Ажлын байр олгох тухай тогтоолоор ...Хөдөө аж ахуйн биржийн хотын салбарын үйл ажиллагаанд зориулж Т-ийн үзэсгэлэнгийн 5 байрыг түрээсээр эзэмшүүлэх, уг байрнуудыг балансаасаа хасахыг Т-ийн захиргаанд, түрээсийн гэрээ хийхийг хотын Өмчийн газарт тус тус зөвшөөрсүгэй гэсэн баримтаар маргаж буй хөрөнгө тухайн үед нэхэмжлэгчийн өмчлөл, эзэмшлээс шилжсэн байна. /хх-ийн 150 х/

 

Мөн нэхэмжлэгч нь үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй агуулахын зориулалтаар эд зүйлсээ хадгалах, компанийн ажилтнаа амьдран суулгуулах зэргээр ашиглаж байсан гэх боловч Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2022.10.10-ны өдрийн 02-07-395/972 тоот Барилгын ашиглалтын төлөв байдлын тухай дүгнэлтэд ...............-т байрлах 2 үйлчилгээний гэх барилга нь 1982 онд ашиглалтад орсон гэх 1 давхар даацын тоосгон хана, хавтан хучилттай, холбогдох баримт бичиг бүртгэл байхгүй ба даацын хана өгөршиж үйрч бутарч унасан, хөндлөн босоо ташуу хагарал ихтэй, хавтан хучилтад хөндлөн цууралт үүссэн, үүрч бутарч унасан олон жил ашиглаагүй, ойр орчимд хог ихээр хуримтлагдсан бөгөөд зэргэлдээ орших иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлд сөргөөр нөлөөлж байна... гэж дүгнэсэн, тухайн хөрөнгийн гэрэл зураг, гэрч Ц.Э-ын ...Тухайн үед 4 хавтантай хоосон хашаа л байсан. Хамгийн сүүлд 2 л хавтан байсан бөгөөд хүн амьдрах, эд зүйл хадгалах боломжгүй объект байсан... гэх мэдүүлэг зэргээс үзэхэд тухайн объект нь агуулахын болон хүн амьдрах зориулалтаар ашиглаж байсан гэж үзэх боломжгүй юм. /хх-ийн 49, 55-61, 76-79 х/,

 

Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Иргэний хууль /1994 он/-ийн 77 дугаар зүйлийн 3-т үл хөдлөх эд хөрөнгийг түүний байгаа газарт орших төрийн эрх бүхий байгууллага хуульд заасны дагуу бүртгэнэ гэж, 2002 оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэж тус тус заасан.

 

Дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байхад хариуцагчаас нөхөн төлбөр 150,000,000 төгрөгийг төлөх үүргийн харилцаа үүссэн гэх үндэслэлээр шаардаж байгаа нь ойлгомжгүй байна.

 

Үүргийн эрх зүйн харилцаа нь үүргийн гүйцэтгэлийн явцад маргаан гарвал үүрэг гүйцэтгүүлэгч тал эрхээ хамгаалуулах, үүрэг гүйцэтгэгч нь амласан үүргээ гүйцэтгээгүйнхээ төлөө хариуцлага хүлээх, шаардлагатай бол хохирлыг нөхөн төлөх тухай ойлголт юм.

 

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ. Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь нураагдсан барилга буюу павильон байрлаж байсан газрыг хуульд заасны дагуу эзэмших эрхтэй байсан нь баримтаар тогтоогдсонгүй.

 

Харин Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2021.07.23-ны өдөр А ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2021.07.22-ны өдрийн А/572 дугаар захирамжийг үндэслэн ...............-ны нутаг дэвсгэрт байрлах нэгж, талбарын 00000000 дугаар бүхий 3,697 м.кв газрыг амины орон сууц, орон сууц, үйлчилгээ, зочид буудал, конторын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн ...-00000000 дугаарт бүртгэж Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 00000000 дугаартай гэрчилгээ олгосны дагуу эзэмшиж байгаа нь тогтоогдож байна. /хх-ийн 47 х/

 

Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байна гэж, Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна гэжээ.

 

...............-ны нутаг дэвсгэрт байрлах нэгж, талбарын 00000000 дугаар бүхий 3,697 м.кв газар дээр байрлаж байсан павильон нь хариуцагчийн эзэмшил газрын бүрдэл хэсэг байх тул нэхэмжлэгч нь 150,000,000 төгрөгийн нөхөн төлбөрийг шаардах эрхтэй болох нь тогтоогдсонгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Иймээс хариуцагч А ХХК-иас 150,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т ХХК-ийн тэмдэгтийн хураамжид 2023.07.17-ны өдөр төлсөн 907,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч А ХХК-иас 150,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т ХХК-ийн тэмдэгтийн хураамжид 2023.07.17-ны өдөр төлсөн 907,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА