Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2025/ДШМ/72

 

 

 

  

                              Б.О*******д холбогдох

                                  эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч З.Төмөрхүү, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Тунгалаг хөтөлж,

Прокурор Т.С******* /цахим/

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Б******* нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Б.О*******д холбогдох эрүүгийн 2533000250007 дугаартай, ******* индекстэй, 1 хавтас хэргийг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М******* овогт Б*******ийн О*******, М******* улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн О******* суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн О******* сумын 2-р баг, Б******* оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, (РД: )

Шүүгдэгч Б.О******* нь 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн О******* сумын нутаг Шийрийн бригад гэх газраас иргэн Б.Бын өмчлөлийн 1 тооны тугалыг хулгайлж өөрийн эзэмшлийн улсын дугаартай, БНХАУ-Д үйлдвэрлэсэн Dayun-DY150 мотоциклдоо ачиж авч явж бусдад 350,000 төгрөгийн хохирол учруулсан мал хулгайлах гэмт хэргийг, машин механизм ашиглаж үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас: Б.О*******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д зааснаар прокуророос шүүгдэгч М******* овогт Б*******ийн О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж,

Шүүгдэгч Б.О*******ыг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсны улмаас бага хэмжээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.О*******ыг 05 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Сэлэнгэ аймгийн О******* сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалтыг тогтоон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүгдэгч биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэн,

Шүүгдэгч Б.О******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 01 дугаартай "Эд хөрөнгө битүүмжлэх" тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, улсын дугаартай Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн DAYUN DY150 загварын мотоциклийг шүүгдэгч Б.О*******д буцаан олгон,

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдан,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдан,

Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Бадамын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №03 дугаартай эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

...Шийтгэх тогтоолыг 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч танилцаад шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Анхан шатны шүүхээс “...завшсан гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.О*******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Би 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр үхэртээ явж байтал 2-3 бяруу дутаад, үхэр малаа бөөгнүүлээд явж байтал манай үхрийн захад дагаад тугал явж байсан. Ойр хавьд нь хүн амьтан байхгүй байсан. Тэгэхээр нь тэр тугал манай үхрийг дагаад яваад байхаар нь мотоциклоор ачаад гэртээ ирсэн" гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.О*******ы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн Үхэр тугалснаас хойш 2 хоногийн дараа малаа хайгаад явж байхад манай тэр хавийн айлуудын үхрийг дөнгөж тугалсан тугал дагаад явж байхаар нь өөрийн унаж явж байсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Dayun мотоцикл дээрээ ачаад гэртээ ирж малын хашаандаа оруулаад нөгөө тугалсан хар үнээндээ амлуулаад өнөөдрийг хүртэл маллаж тэжээж байсан.... Би тухайн тугалыг хэнийг тугал гэдгийг мэдээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 89 хуудас/

Хохирогч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Би айлус тугалаа асуутал мэдэхгүй байсан. Би О*******аас асуухад сандраад тугал хараагүй гэж хэлсэн. Манай тэр үнээ ерөнхийдөө хөгшин үнээ байдаг, 6-7 хоногийн дараа одоо өнгөрсөн гэж бодож байтал О*******ы тугал дунд манай тугал байж байсан. Би тугалаа хараад таньсан. Тэгээд О*******тай орж уулзахад тугалыг харангадчихаж магадгүй гэж бодоод тугал нь үхчихсэн үнээндээ авхуулчихсан юм гэж хэлсэн... гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч Б.О******* нь тугалыг хулгайлсан гэх үйлдэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл тэр хавийн айлуудын үхрүүдийн хажууд тугал дагачихсан явахад нь авч алдуул мал завшсан гэх гэмт хэргийн үйлдлийн шинжийг хангаж байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн өмгөөллийн дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэв...” гэж дүгнэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл...”-ийг шийдвэрийн тодорхойлолт хэсэгт тусгахаар хуульчилсан байна.

Гэвч анхан шатны шүүхээс улсын яллагчийн шүүх хуралдаанд хийсэн дүгнэлтийг няцаан үгүйсгээгүй ба өмгөөлөгчийн дүгнэлтийг хэрхэн үндэслэлтэй гэж үзсэн талаар хууль ёсны, үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй, зөвхөн хэргийн оролцогч нарын мэдүүлгийг тусгасан байна.

Мөн шүүхээс шийдвэрийн үндэслэл болгосон шүүгдэгч Б.О******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...манай тэр хавийн айлуудын үхрийг дөнгөж тугалсан тугал дагаад явж байхаар нь...” гэж, шүүхийн хэлэлцүүлэгт “...манай үхрийн захад дагаад тугал явж байсан...” гэж харилцан зөрүүтэй мэдүүлэг өгсөн байхад аль мэдүүлгийг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа талаар дүгнэж бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэснийг зөрчиж байна.

2. Анхан шатны шүүхээс “... Өөрөөр хэлбэл тэр хавийн айлуудын үхрүүдийн хажууд тугал дагачихсан явахад нь авч алдуул мал завшсан гэх гэмт хэргийн үйлдлийн шинжийг хангаж байна...” гэж, мөн “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг завшсан гэмт хэргийн үндсэн шинж нь тухайн малыг буюу тугалыг хэн өмчилж, эзэмших эрхтэй болох нь мэдэгдэхгүй, хэний өмчлөлд байгаа нь мэдэгдээгүй гэсэн үндсэн шинж байдаг...” гэж тус тус дүгнэсэн дүгнэлт нь харилцан өөр хоорондоо зөрүүтэй гэж үзэхээр байна.

Учир нь “...тэр хавийн айлуудын үхрүүдийн хажууд тугал дагачихсан явахад...” гэж дүгнэсэн ба уг дүгнэлт нь “...алдуул малыг завшсан гэмт хэргийн үндсэн шинж нь тухайн малыг буюу тугалыг хэн өмчилж, эзэмших эрхтэй болох нь мэдэгдэхгүй, хэний өмчлөлд байгаа нь мэдэгдээгүй...” гэсэн дүгнэлтийг үгүйсгэж байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.О*******ы авсан гэх тугал нь эзэнгүй хээр, ганцаараа байсан нөхцөл байдал тогтоогдоогүй ба тэр нутаг усны, тэр орчмын айлуудын үхрийн захад бэлчиж явахад мотоциклоор очиж авсан нь хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байх бөгөөд тухайн тугал нь тэр ойр орчмын айлынх буюу тугал дагаж явсан үхэр сүргийн зүс, им, тамгыг харахад хэний өмчлөлийн мал болохыг мэдэх бүрэн боломжтой байхад нууц, далд аргаар үхэр сүргээс авч байгаа нь завших гэмт хэргийг үгүйсгэж байгаа ба дээрх шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэснийг зөрчсөн байна.

3.Анхан шатны шүүхээс “...хэрэгт авагдсан шүүгдэгч Б.О******* нь эхтэйгээ явж байсан тугалыг салгаж, хулгайн замаар, хэний өмчлөлийнх болохыг мэдсээр байж авсан гэх үйл баримт тогтоогдоогүй болно...” гэж дүгнэжээ.

Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд урьдаас идэвхтэй үйлдэл хийгээгүй буюу хохирогчийн эд хөрөнгө гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа уг эд хөрөнгийг завших сэдэл төрж, хууль бусаар захиран зарцуулсан байдлаар илэрнэ.

Алдуул мал завших гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр. шууд санаатайгаар, хууль ёсны эзэмшигчид нь буцааж өгөхгүйгээр бүрмөсөн өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авах гэсэн санаа зорилгоор үйлдэгдэхээс гадна тухайн эд хөрөнгөнөөс өөртөө эдийн ашигтай байдлыг бий болгож, хууль ёсны өмчлөгчид хохирол учруулсан байхаар хуульчилсан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтур дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Б.О******* нь хохирогч Б.Бын өмчлөлийн тугалыг мотоциклоор очиж авсан идэвхтэй үйлдэл хийж өөрийн үнээнд амлуулсан нөхцөл байдал хөдөлбөргүй тогтоогдсон ба хэрэгт авагдсан буюу яллах дүгнэлтэд тусгасан, улсын яллагчийн шүүх хуралдаанд шинжлэн судалсан гэрч нарын мэдүүлгийг шүүхээс няцаан үгүйсгээгүй байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.7 Дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасныг тус тус зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцож байна гэв.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:

...миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзэж байна. Анхан шатны шүүх энэ зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг завшсан гэмт хэргийн үндсэн шинж нь тухайн малыг буюу тугалыг хэн өмчилж, эзэмших эрхтэй болох нь мэдэгдэхгүй байгаа нь үндсэн шинж байдаг. ...Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Б.О*******д холбогдох эрүүгийн 2533000250007 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2.Шүүгдэгч Б.О******* нь 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн О******* сумын нутаг Шийрийн бригад гэх газраас иргэн Б.Бын өмчлөлийн 1 тооны тугалыг хулгайлж өөрийн эзэмшлийн улсын дугаартай, БНХАУ-д үйлдвэрлэсэн Dayun-DY150 мотоциклдоо ачиж авч явж бусдад 350,000 төгрөгийн хохирол учруулсан мал хулгайлах гэмт хэргийг, машин механизм ашиглаж үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

3.Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д зааснаар прокуророос шүүгдэгч М******* овогт Б*******ийн О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, түүнийг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсны улмаас бага хэмжээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн байна. 

4.Прокурорын зүгээс эсэргүүцэлдээ: “....Хэрэгт авагдсан нотлох баримтур алдуул малыг авч завшсан байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Б.О******* нь хохирогч Б.Бын өмчлөлийн тугалыг мотоциклоор очиж авсан идэвхтэй үйлдэл хийж өөрийн үнээнд амлуулсан нөхцөл байдал хөдөлбөргүй тогтоогдсон ба хэрэгт авагдсан буюу яллах дүгнэлтэд тусгасан, улсын яллагчийн шүүх хуралдаанд шинжлэн судалсан гэрч нарын мэдүүлгийг шүүхээс няцаан үгүйсгээгүй байна. Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэжээ.

5.Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянаж үзээд шүүгдэгч Б.О*******ы үйлдлийг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаагүй талаар хийсэн анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт үндэслэлтэй, түүнд Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн зүйлчлэлийг өөрчлөн алдуул малыг авч завших гэмт хэрэгт гэм буруутай тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг буруутгах боломжгүй байна гэж үзсэн.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.О******* хохирогч Б.Бын тугалыг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өөрийн үхрийг дагаж ирсэн нялх тугалыг авч явсан үйлдэл нь сэм далд аргаар үйлдэгдээгүй, уг нялх тугалыг өдрийн цагаар ил аргаар хашаандаа аваачин өөрийн тугалаа алдсан залуу үнээнд амлуулж өсгөж бойжуулж байгаа талаараа хохирогчид мэдэгдсэн, хохирогч уг тугалаа намар орой болохоор авахаар тохиролцсон болох нь хохирогч Б.Бын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Тэгээд О*******тай уулзахад тиймээ танай тугал мөн харангадчихаж магадгүй гэж бодоод тугал нь үхчихсэн үнээндээ авахуулчихсан юм гэж хэлсэн. Уг нь бид хоёр тэгж ярилцаад учраа олчихсон байсан. 05 сарын 07-ны өдрөөс хойш 7-8 хоногийн дараа байх О******* тэр тугалыг үнээндээ авахуулчихсан байсан болохоор манай хөгшин бүдүүн үнээ ширэчихсэн чи наад тугалаа энэ үнээндээ хөхүүлээд саахгүйгээр байж байгаад 11 сарын 20 доор би өвөлжөөндөө буухаар үхрээ авъя гэж хэлсэн.....” гэх, гэрч Л.Гантулгын өгсөн “...харин сүүлд сонсоход нөгөө улаан халзан тугал нь манайхаас урагшаа буюу Шийрийн бригад руу байдаг Бгийн тугал байсныг мэдсэн...” гэх /хх-ийн 22-23 тал/, гэрч Б.Хийн өгсөн “...2024 оны 05 дугаар сарын эхээр манай улаан халзан үнээнээс тугалаад 3 хоногтой байсан тугал бэлчээрээс алга болсон.....” гэх /хх-ийн 26-27 тал/ зэрэг мэдүүлгүүдээр нотлогдсон байна.

Прокурорын газраас шүүгдэгч Б.О*******сайхны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4-д зааснаар зүйлчилж ирүүлснийг анхан шатны шүүхээс мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсэн нь хэрэгт авагдсан баримтур нотлогдсон хэргийн нөхцөл байдалтай тохирсон, хуульд заасан хэмжээ хязгаарын хүрээнд ял шийтгэл оногдуулсан байх тул шийтгэх тогтоолыг прокурорын эсэргүүцлээр хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

                            

         ДАРГАЛАГЧ,

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

 

                            ШҮҮГЧ                                    З.ТӨМӨРХҮҮ

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

                            ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ