Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2018/0304

 

 

 

 

Н.Ө нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Халиунбаяр, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 06 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Н.Ө давж заалдах гомдлоор, Н.Ө нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Цагаан хайрхан сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Н.Ө 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 31 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, төрийн албан хаагчид олгосон 1 удаагийн 300.000 төгрөгийн нөхөн олговор гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх”-ийг хүсчээ.

Хоёр. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 06 дугаар шийдвэрээр:

“Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 26 дугаар зүйлийн 26.1, 26.13 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Ө Завхан аймгийн Цагаан хайрхан сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 31 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, тус Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, төрийн албан хаагчид олгосон 1 удаагийн 300.000 төгрөгийн нөхөн олговор гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгч А.Ө, түүний өмгөөлөгч В.С нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдол, гомдлын нэмэлт тайлбартаа:

“...Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үнэлэхдээ бодит байдалд тохирсон дүгнэлт хийгээгүй. Би анх Засаг даргын Тамгын газрын дарга Б.Э 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 138 тушаалыг хүлээн авсан. Гэтэл шүүх үзлэг хийж бичиг хэргийн ажилтны алдаа хайхрамжгүйгээс үүссэн дугаарлалтын алдаа байсан тул зөвтгөж “31” гэж тайлбарласан.

Мөн тушаалын дугаарыг өөрчилж гаргаагүй харин дугаарыг засварласан байгаа. Засаг даргын орлогчийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 3/259 дүгээр албан бичгийг 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн үдээс хойш хүлээн авсан. Уг үүрэг даалгаврын дагуу цагдаагийн байгууллагын ажилтнуудтай уулзахад өөрсдийн хэрэглээндээ галын мод бэлдэх журмын дагуу мод бэлтгэх газраа очиход тухайн газар хууль бусаар бэлтгэсэн мод байхаар нь хураан авч журмын хашаанд буулгасан байсан. Цагдаа нарт “...Би амарна. Та нар мод хийсэн эзэн холбогдогчийг тогтоогоорой” гэсэн. Нэгэнт хууль сахиулах байгууллагын ажилчид тухайн үйлдлийг илрүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааг хийх эрх бүхий албан тушаалтан байсан учир миний хувьд тухайн Засаг даргын Тамгын газрын даргын орлогчийн үүрэг даалгаврыг биелүүлэх боломжгүй байсан. Мөн ажлын хэсэгт (нойтон мод шалгах) намайг томилсон боловч урд өдөр нь Засаг даргын орлогчийн хамт очиж шалгасан учир би очоогүй.

Иймд орлогчийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж үзэхгүй байна. Маргаан бүхий 31 дүгээр тушаалын хууль бусаар мод бэлтгэн цагдаагийн байранд авчирсан зөрчлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлээгүй гэх үндэслэлийн тухайд би цагдаагийн байгууллагын ажилтантай уулзаж зөрчлийн талаар ярилцаад эзэн холбогдогчийг нь олж тогтоох ба 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрөөс ээлжийн амралтаа авч 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр ажилдаа орсон. Би 10 дугаар сарын 5-ны өдөр амарч эхэлсэн нь тогтоогдож байхад дээрх хугацаанд уг үүрэг даалгаврыг биелүүлэх, гүйцэтгэх, хэрэгжүүлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэжээ.

Миний хувьд 10 дугаар сарын 2-ны өдрөөс амарсан болох нь амралтын мэдэгдэх хуудсаар нотлогдож байгаа. Иймд хуурамч цагийн бүртгэл гаргасан нь цалингийн цэсээр нотлогдоно. Хэрэв 10 дугаар сарын 5-ны өдрөөс амарсан гэж үзэж байгаа бол цалин буруу бодогдсон байна. Амарсан хугацааны талаархи маргааныг нотлуулахаар идэвхтэн байгаль хамгаалагч н.С гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч шүүх хэрэгсэхгүй болгосон нь ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй.

Анхан шатны шүүхэд өгсөн нотлох баримтыг үндэслэн бичиг хэргийн материалд үзлэг хийсний дараа нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх талаар шаардлага тавьж өөрчлүүлсэн.

- Би хураасан модыг ачиж Тамгын газрын хашаанд буулгах унаа байна уу гэхэд өөрөө унаа ол гэсэн. Би жолооч н.М гуйхад хураалгын мод ачихгүй гэсэн. Тамгын газар бензин унаагаа гаргаж өгөөгүй тул байгаль хамгаалагчид Тамгын газраас унаа бензин гаргаж өгвөл модыг ачиж Тамгын газрын хашаанд буулгаарай гэж хэлээд амарсан.

Намайг 10 дугаар сарын 2-ны өдрөөс 11 дүгээр сарын 3-ны өдөр хүртэл ажилдаа очоогүй байхад 10 дугаар сарын 9-ний өдөр хүртэл ажилласан гэж цаг бүртгэлтэй хамтран худлаа цагийн бүртгэл гаргасан. Шүүгч Цагаанхайрхан суманд очиж тушаалын дугаарын өөрчлөлтийг шалгаж явна гэхээр нь би очиж гэрчүүдээ уулзуулдаг юм уу гэж бодоод очиход танаас асуух юм байхгүй гээд явсан.

Хоёр талаас ямар ч гэрч хэрэггүй гэсэн мөртлөө шүүх хуралдааныг оруулж хариуцагч талд илүү үйлчилсэн гэж бодож байна. Би сахилгын арга хэмжээ авагдах зөрчил гаргаагүй. Гоожингүй мод явуулсан уу үгүй юу гэдгийг Тамгын газрын дарга судлах буюу надаас ч асуугаагүй Хурлын дарга ийм мод явсан өөрт чинь арга хэмжээ ав гэж байна гээд л тушаал гаргасан байсан.

Би модтой явсан гэх жолооч нараас асуухад миний ээлжин дээр яваагүй байсан нь тогтоогдсон. Ингэж хүний үгээр үг хийж худлаа тушаал гаргадаг Тамгын газрын дарга гэж байх уу энэ хүн төрийн албан хаагч байж намын үзэл бодол маш их гаргаж байна. Ардчилсан намын хүний ам хэлээр ажлаа хийж байна. Эдгээр нөхцөлүүдийг харгалзан үзэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

- Анхан шатны шүүх хэргийн бодит үйл явдлыг бүрэн тогтоогоогүй мөн маргаан бүхий тушаалын дугаар гардуулалт, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэсэн үндэслэл, хууль бусаар нойтон мод зөвшөөрөлгүй бэлтгэж сумын төв, цагдаагийн байрны хашаанд авч ирсэн зөрчлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлээгүй, Н.Ө хэзээ амарсан тогтоосон зэрэг үндэслэлүүдийг эс зөвшөөрч байна.

Иймд Н.Ө хуучин ажиллаж байсан ажилд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, төрийн албан хаагчид олгосон 1 удаагийн 300.000 төгрөгийн нөхөн олговор гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан болон байгаль орчны улсын байцаагчийн ажлын байрны тодорхойлолтод зааснаар эрх бүхий албан тушаалтнаас үүрэг, даалгавар өгсөн эсэхээс үл хамааран хариуцсан нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах ажлыг мэргэжлийн үндсэн дээр зохион байгуулж ажиллах, байгаль орчинд халдсан зөрчлийг хянан илрүүлэх, таслан зогсоох, хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд зөрчил гаргасан этгээдэд шийтгэл ногдуулах зэрэг чиг үүрэгтэй атал нэхэмжлэгч Н.Ө тухайд энэхүү хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Учир нь 2017 оны 9 дүгээр сарын 20-ноос 22-ны өдрүүдэд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Онц багийн нутаг дэвсгэр, Хуримтын Ар цуврайгаас 27 ширхэг нойтон модыг /16 м.куб орчим/ зөвшөөрөлгүй бэлтгэн сумын төвд цагдаагийн байрны хашаанд хураасан зөрчлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх, зөрчил гаргасан этгээдийг олж тогтоох, цаашлаад байгаль орчинд учруулсан хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх талаар ямар ч ажиллагаа явуулаагүй, түүнчлэн энэ талаар удирдлагын зүгээс өгсөн тодорхой үүрэг, даалгаврыг хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэгчийг ажлын хариуцлага алдаагүй гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.

Хэдийгээр Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 21 дүгээр тушаалаар томилогдсон ажлын хэсгийнхэнтэй хамтдаа нойтон мод бэлтгэсэн газарт нэхэмжлэгчийн очоогүйг нь өмнө Сумын Засаг даргын орлогч Г.Э нэгэнт очиж нөхцөл байдалтай танилцсан тул дахин очих шаардлага байгаагүй, мөн тухайн үед өөр ажилтай байсан гэх тайлбартай нь холбогдуулан зөвтгөж болох ч харин тухайн зөрчил гаргасан этгээдийг олж тогтоох талаар ямар ч үйл ажиллагаа явуулаагүй үйлдлийг зөвтгөх үндэслэл тогтоогдсонгүй.

Н.Ө 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн дүгнэлтээрээ хууль бусаар бэлтгэсэн 16 м3 шинэс модыг хураан авч улсын орлого болгох, мөн ойн санд учруулсан хохирлын хэмжээг 1.5366.000 төгрөгөөр тогтоон, нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн, мөн Цагаанхайрхан сумын Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 3/259 дүгээр албан бичгээр хууль бусаар бэлтгэсэн модыг хураан авч байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах, буруутай этгээдэд хариуцлага тооцох үүрэг, даалгавар өгсөн ч нэхэмжлэгч огт хэрэгжүүлээгүй байна.

Тухайлбал нэхэмжлэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн бичгийн тайлбар, мөн өдрийн Сумын удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэл зэргээс үзэхэд гарсан зөрчилтэй холбогдуулан “…аймгийн мэргэжлийн хяналтын газраас зөвлөгөө авсны дагуу албан бичиг хүргүүлсэн, шийдэгдэх байхаа…” гэсэн тайлбар нь худал болох нь тус газрын 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 07/82 дугаар лавлагаагаар;

-мөн аймгийн цагдаагийн болон прокурорын газарт зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн зөрчлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгаж шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч бус хариуцагч Засаг даргын Тамгын газрын дарга гаргасан болох нь тус газруудын 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 45/379, 3 дугаар сарын 1-ний өдрийн 1/178 дугаар тодорхойлолтоор тус тус батлагддаг. 

Гэтэл нэхэмжлэгчээс өмнө өгсөн тайлбараа үгүйсгэж, “…аймгийн мэргэжлийн хяналтын газарт албан бичиг өгөөгүй, тухайн үед прокурорын утсыг л авсан…” гэж анхан шатны шүүх хуралдаанд мэтгэлцэх боловч удирдлагын зөвлөлийн хуралд тэрбээр биечлэн оролцсон төдийгүй хурлын тэмдэглэлд гарын үсэг зурж баталгаажуулсан байгаагаас үзэхэд энэ нь үндэслэлгүй, харин ч албан тушаалын чиг үүрэгтэйгээ шууд холбоотой болоод удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврын биелүүлэх талаар огт ажиллагаа хийгээгүй болохоо хайцаалан дээрх байдлаар худал тайлбарыг амаар болон бичгээр гаргажээ гэж дүгнэв.

Засаг даргын орлогчийн зүгээс хууль бусаар нойтон мод бэлтгэсэн зөрчилд сумын хэсгийн цагдаа Г.Д, хэсгийн төлөөлөгч Д.А нарт арга хэмжээ авах үүрэг даалгавар өгөөгүй, харин тухайн зөрчил гаргасан этгээдийг илрүүлэх талаар эрх хэмжээний хүрээнд арга хэмжээ авах, бэлтгэсэн модыг улсын орлого болгох үүрэг өгсөн байхад “…цагдаа нарыг шалгах хүндрэлтэй байна, нэр бүхий цагдаа нар сумын удирдлагатай уулзаж асуудлыг нэг мөр шийдвэрлэнэ гэсэн, амралтаа авсан учраас зөрчлийг шалгах боломжит хугацаа байгаагүй…” гэсэн байдлаар албан үүргээ биелүүлээгүй байх тул Төрийн албаны тухай хуулийн дагуу сахилгын шийтгэл ногдуулсан нь нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн шинж байдалтай нийцсэн төдийгүй түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулах тухай нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Маргааны бүхий актын дугаарыг анх 138 гэж гаргасан нь техникийн алдаатай байсан учраас 31 гэж өөрчилсөн гэж хариуцагчаас тайлбарласан, нэхэмжлэгчийн хувьд ч үүнтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр өөрчилсөн байх тул тушаалын дугаар завсарласан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.  

Мөн хэн нэгний хууль бусаар бэлтгэсэн модыг өөрсдийн албан хэрэгцээнд мод бэлтгэхээр явсан сумын хэсгийн цагдаа, төлөөлөгч нар олж, улмаар алга болж магадгүй гэсэн үндэслэлээр тээвэрлэн байгууллагын хашаандаа буулгасан байхыг үгүйсгэхгүй ч, нэр бүхий цагдаа нараас энэхүү зөрчилтэй холбогдуулж зөрчлийн хэрэг нээн, эзэн холбогдогчийг олж тогтоох талаар ямар нэгэн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн зүйл үгүй болох нь тэдгээрийн шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгээр тогтоогдох тул “…мөрдөн шалгах чиг үүрэг бүхий цагдаа нар нэгэнт модыг олж илрүүлсэн учраас миний зүгээс Засаг даргын орлогчийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх боломжгүй байсан…” гэх давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Өөрөөр хэлбэл цагдаа нарт зөрчил гаргасан этгээдийг олж тогтоогоорой гэх байдлаар өөрийн хуулиар болон ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэхээс татгалзсан, тэр тусмаа удирдлагаас хугацаатай буюу 10 дугаар сарын 5-ны дотор эргэж танилцуул гэсэн үүргийг огт биелүүлээгүй байгаа нэхэмжлэгчийг үүрэгт ажлаа хангалттай биелүүлсэн, ямар ч зөрчил дутагдал гаргаагүй гэж үзэхгүй.

Хууль бусаар мод бэлтгэсэн этгээдийг тогтоож, хурааж авах, акт үйлдэх, дүгнэлт гаргах чиг үүрэгтэй болохоо нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн болох нь хавтаст хэргийн 166-р талд авагдсан анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.

Түүнчлэн маргаан бүхий акт гарахаас өмнө 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 23 дугаар тушаалаар ажилдаа хариуцлагагүй хандаж мөн оны 9 дүгээр сарын 25-наас 27-ны хооронд Хуримтаас нэр бүхий иргэд зөвшөөрөлгүй аймгийн төв рүү мод тээвэрлэсэнд хяналт тавьж хариуцлага тооцоогүй нэвтрүүлсэн гэсэн үндэслэлээр 1 сарын үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын арга хэмжээ авагдсан байх бөгөөд энэхүү тушаалтай маргаагүй, магадгүй уг тушаалыг тухайн үед мэдээгүй гэж үзвэл одоогийн хэрэгт хамтад нь хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаагүй байгаагаас үзэхэд эхний сахилгын арга хэмжээ авагдсанаас хойш 1 сар орчмын дараа дахин зөрчил гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 06 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Ө, түүний өмгөөлөгч В.С нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН