Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 959

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Т-А” ХХК 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Э, А.Б 

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ***** тоот актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хосжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч Татварын улсын байцаагч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дуламсүрэн нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т-А” ХХК-ийн гүйцэтгэх Л.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Т-А ХХК нь татварын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах хууль зүйн үндэслэлээр уг актыг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. 

“Т-А” ХХК нь бэлтгэн нийлүүлэгч “С-д” ХХК иас худалдан авалт хийж нөгөө талаас борлуулалт хийж НӨАТ ын 00926453, 009264592, 009264596, 009264599, 009264539 , 009264540 , 009264583 , 009264584 дугаар бүхий падаан авч талууд тус бүр тайланд тусгасан.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3 нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдэх үед бараа ажил үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвартай нь хамт худалдан авсан бол үнийн дүнгээс төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцохоор заасны дагуу бүрэн чөлөөлөгдөх үндэслэлтэй юм.

Манай компани нь НӨАТ ын тайлангаа цаг тутам тухай бүр хуулийн дагуу гаргаж тайлагнаж ирсэн. Гэтэл татварын улсын байцаагч дүгнэхдээ 8 ширхэг хуурамч бичилттэй НӨАТ- ын падаан авч НӨАТ ын тайлангийн худалдан авалт хэсэгт тусган татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил гэсэн байна.

“С-д”н ХХК ны падааныг хуурамч гэдгийг урьдчилан мэдэх боломжгүй бөгөөд хууль хяналтын байгууллага хуурамч гэдгийн тогтоосны улмаас хуурамч бичилттэй гэж дүгнэсэн бөгөөд энэ нь худалдан авагчийн буруу биш юм.

Иймд Баянзүрх дүүргийн татварын татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2015 оны 06 сарын 05 ны өдрийн ***** тоот актыгхүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Э, А.Б нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Татварын хэлтэстэй харьцдаг **** тоот татвар төлөгчийн дугаартай Т-А” ХХК-ийн 2011 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлхи хугацааны НӨАТ-ийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн хяналт шалгалтыг Цагдаагийн Ерөнхий Газрын Зохион Байгуулалттай Гэмт Хэрэгтэй тэмцэх Газрын 2015 оны 5 дугаар сарын 01-ны өдрийн 9д/3135, Татварын Ерөнхий Газрын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн **** тоот албан бичиг, тасгийн даргын 24150600387 тоот татварын хяналт шалгалт хийх томилолтын дагуу хийж гүйцэтгэн 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ***** тоот актыг үйлдсэн байна.

Шалгалтаар “Т-А” ХХК нь 2707187 татвар төлөгчийн дугаартай «С-д» ХХК-аас Нэмэгдсэн өртгийн албан татварын 009264534 дугаартай 86,363,636.36 төгрөгийн. 009264592 дугаартай 118,181,818.18 төгрөгийн, 009264596 дугаартай 112,727,272.73 төгрөгийн, 009264599 дугаартай 137,272,727.27 төгрөгийн, 009264539 дугаартай 120,000,000.00 төгрөгийн, 009264540 дугаартай 138,636,363.64 төгрөгийн, 009264583 дугаартай 88,181,818.18 төгрөгийн.

009264584 дугаартай 134,545,454.55 төгрөгийн, нийт 935,909,090,00 төгрөгийн үнийн дүн бүхий 8 ширхэг хуурамч бичилттэй падаан авч 2011 оны 9, 10 дугаар сарын НӨАТ-ын тайлангийн худалдан авалт хэсэгт тусган татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 93,590,909.00 төгрөгийн нөхөн татвар, 28,077,272.00 төгрөгийн торгууль, 46,795,454.00 төгрөгийн алданги, нийт 168,463,635.00 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр акт тогтоосон.

“Т-А” ХХК нь татварын хяналт шалгалт хийгдэх томилолтын хугацаанд тухайн үсийн НӨАТ-ийн тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд, анхан шатны баримтууд ирүүлээгүй.

Татварын улсын байцаагчийн актыг “Т-А” ХХК-ийн захирал Ц.С 2015 оны 06 дугаар сарын 11-нд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “РЕАСЕ” тауэрт байрлах *** тоот ажлын байранд нь очиж гардуулсан болно” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Т-А” ХХК нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Э, А.Б нарт холбогдуулан “Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ***** тоот актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Маргаан бүхий Татварын улсын байцаагч нарын 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ***** тоот актаар “С-д” ХХК-аас 2011 онд нийт 935,909,090.00 төгрөгийн үнийн дүн бүхий 8 ширхэг хуурамч хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаан авч Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалт хэсэгт тусган хяналт шалгалтаар илэрсэн 935,909,090.00 төгрөгийн зөрчилд 93,590,909 төгрөгийн нөхөн татвар, 28,077,272 төгрөгийн торгууль, 46,795,454 төгрөгийн алданги, нийт 168,463,635 төгрөгийг төлбөрийг “Т-А” ХХК-иар төлүүлэхээр акт тогтоосон байна.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасан байна.

Мөн Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Аргачлал батлах тухай” 236 дугаар тушаалын 4.3.2-т “Худалдан авагчийн бэлтгэн нийлүүлэгчид төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар нь бэлтгэн нийлүүлэгчийн бичсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нэхэмжлэлгүй, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол татварыг хасч тооцохгүй” гэж заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд хуурамч, хий бичилттэй падааныг үндэслэн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийх нь хууль зөрчсөн үйлдэл юм.

Нэхэмжлэгч “Т-А” ХХК нь “С-д” ХХК-иас нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудаар тус тус худалдан авалт хийсэн гэж санхүүгийн анхан шатны баримтууд, худалдан авалтын дэвтэр болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусгасан байна.

Гэвч бодит байдал дээр “Т-А” ХХК нь “С-д” ХХК-иас худалдан авалт хийсэн боловч “С-д” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд нь хуурамч хий бичилттэй болох нь Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдчаар байцаасан тэмдэглэл, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас ирүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд нь хий бичилттэй гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн яллагдагчаар татагдсан, яллагдагч Э.У нарын нэр бүхий иргэдэд холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу тус эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь “С-д” ХХК-аас “Т-А” ХХК-нд худалдсан нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд нь хий бичилттэй, хуурамч падаанууд гэдэг нь тогтоогдож байна. 

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно”, 7.6-д “Анхан шатны баримтын бүрдэлт, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна”, 7.7-д “анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд анхан шатны баримтын буюу падааны үнэн зөвийг зөвхөн бэлтгэн нийлүүлэгч буюу худалдагч тал бус шалгаж хүлээн авсан буюу худалдан авагч тал мөн давхар хариуцахаар хуульчилсан байх тул падаан хий бичилттэй эсэхийг мэдэх боломжгүй, буруутай этгээдийг ололгүйгээр “Т-А” ХХК-д акт тогтоосон нь буруу, нэхэмжлэгч буруугүй гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй. 

Мөн Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд татвар төлөгчийн үүргийг хуульчилсан ба 18.1.1-т “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй” гэж, 18.1.3-т “анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах үүрэгтэй” гэж тус тус заасан ба энэхүү хуулийн заалтууд болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “Т” ХХК нь татвар төлөгчийн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.6, 7.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т-А” ХХК-ийн “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ***** тоот актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.БАТЗОРИГ