Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2017/00340

 

“Тэгш уран санаа” Хадгаламж зээлийн хоршооны

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2016/01075 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 28 дугаар магадлалтай,

         “Тэгш уран санаа” Хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй,

         Л.Байгал, З.Оюун, Б.Бадрах-Ерөөл, Б.Бат-Ерөөл нарт холбогдох     

   Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 10.000.000 төгрөг, зээлийн хүүнд 7.661.657 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1.532.333 төгрөг, нийт 19.205.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

         Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Хүрэлбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тогоохүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Батхүү, хариуцагч Б.Бат-Ерөөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Л.Байгал, З.Оюун, Б.Бадрах-Ерөөл, Б.Бат-Ерөөл нар нь "Тэгш уран санаа" Хадгаламж зээлийн хоршооноос 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулан 10 000 000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор зээлж авсан. Гэвч зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтөө тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй гэрээнд заасан үүргээ зөрчиж эхэлсэн. Нэхэмжлэгч Хадгаламж зээлийн хоршооноос зээл төлөх мэдэгдлийг хариуцагч нарт 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр, 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр, 3 дугаар сарын 27-ны өдөр өгч мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл хугацаа хэтэрсэн зээлээ төлөөгүй болно. Ингээд зээлдэгч нартай дахин уулзалт хийж зээл болон барьцааны гэрээг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл сунгасан боловч зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй тул зээл болон барьцааны гэрээг цуцалсан болно. Хариуцагч нар нь зээлийн хүүд нийт 3 605 000 төгрөг төлсөн ба хамгийн сүүлд 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 500 000 төгрөг төлснийг нэмэгдүүлсэн хүүгээс хасч тооцсон. Иймд хариуцагч нараас үндсэн зээл 10 000 000 төгрөг, зээлийн хүү 7 661 667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 032 333 төгрөг, нотариатын зардал 11 500 төгрөг, нийт 18 705 500 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулж өгнө үү.” гэжээ.

        Хариуцагч З.Оюуны гаргасан хариу тайлбарт: “Миний бие нь “Тэгш уран санаа” Хадгаламж зээлийн хоршооноос 10 000 000 төгрөг 5 хувийн хүүтэй зээлж авсан, хүүд 3 000 000 төгрөг төлсөн, одоо 16 000 000 төгрөгөөс 13 000 000 төгрөгийг төлүүлж өгнө үү гэжээ.

         Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандахын гаргасан хариу тайлбарт: “Хариуцагч нар нь нэхэмжлэгч "Тэгш уран санаа" Хадгаламж зээлийн хоршооны гишүүн биш, тус хадгаламж зээлийн хоршоонд гишүүнээр элсээгүй бөгөөд бүртгэлгүй юм. Тухайн хадгаламж зээлийн хоршоонд гишүүнээр элсэх тухай хүсэлт, өргөдлийг огт гаргаж байгаагүй бөгөөд гишүүний хувь хөрөнгө, хураамж төлж байгаагүй. Хуульд зааснаар Хадгаламж зээлийн хоршоо нь зөвхөн гишүүддээ зээл олгох ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.” гэжээ.

         Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2016/01075 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Байгал, З.Оюун, Б.Бадрах-Ерөөл, Б.Бат-Ерөөл нараас үндсэн зээл 10 000 000 төгрөг, зээлийн хүү 7 161 667 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1 432 333 төгрөг, нотариатын зардал 11 500 төгрөг нийт 18 605 500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч "Тэгш уран санаа" Хадгаламж зээлийн хоршоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 600 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Байгал, З.Оюун, Б.Бадрах-Ерөөл, Б.Бат-Ерөөл нар нь төлбөрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Их наран 14 дүгээр гудамж, 3 тоот, 42 м.кв, №000095460 дугаар гэрчилгээтэй, Ү-2201013185 улсын бүртгэлийн дугаартай амины орон сууц, мөн хаягт орших 534 м.кв №000075031, Г-2201003888 улсын бүртгэлийн болон гэрчилгээний дугаартай гэр бүлийн хэрэгцээний газрын үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Тэгш уран санаа" Хадгаламж зээлийн хоршоо нь тэмдэгтийн хураамжид нийт 294 008 төгрөг төлснийг дурдаж, илүү төлсөн 40 031 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгож, хариуцагч Л.Байгал, З.Оюун, Б.Бадрах-Ерөөл, Б.Бат-Ерөөл нараас тэмдэгтийн хураамж 250 977 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "Тэгш уран санаа" Хадгаламж зээлийн хоршоонд олгож шийдвэрлэжээ.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 28 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2016/01075 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

          Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Хүрэлбаатарын хяналтын журмаар гаргасан гомдолд: “Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны12 дугаар сарын 22-ны өдрийн 28 дугаар магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд: 1. Хариуцагч Б.Бадрах-Ерөөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ нь давж заалдах гомдолдоо “нэхэмжлэгчийн зүгээс Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын газраас авсан 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн лавлагааг шүүхэд гаргаж өгсөн. Уг лавлагаагаар хариуцагч нар нь тухайн хадгаламж зээлийн хоршооны гишүүн мөн тухай мэдээлэл харагдаж байсан.” гэжээ. Эндээс харахад хариуцагч тал уг нотлох баримттай ИХШХШ тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 /хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох/ дахь хэсэгт зааснаар танилцсан болох нь нотлогдож байхад давж заалдах шатны шүүхийн магадлалдаа “...эдгээр баримтыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулсан эсэх нь тодорхой бус..." /магадлалын 5 дугаар талын 12, 13, 14 дүгээр мөрөнд/ гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үеэр хариуцагч нар нь нэхэмжлэгч “Тэгш уран санаа" хадгаламж зээлийн хоршооны гишүүн мөн эсэх талаар талуудын хооронд маргаан үүссэн бөгөөд энэхүү маргаантай асуудлыг нотлох Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын газрын лавлагаагаар "Л.Байгал. З.Оюун. Б.Бадрах-Ерөөл, Б.Бат-Ерөөл нар нь "Тэгш уран санаа" ХЗХ-ны гишүүнээр бүртгэлтэй байна" гэсэн хуульд заасан журмыг хангасан баримтыг /лавлагаа/ үндэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм. Өөрөөр хэлбэл уг лавлагаа нь хуульд заасан журмаар бүрдүүлж өгсөн баримтыг үндэслэн улсын бүртгэлд бүртгэсэн болохыг давхар нотолж байна. Анхан шатны шүүх хуралдаанд /тэмдэглэлийн 2 дахь тал, 6-7 дугаар мөр/ хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч даргалагчийн шинээр гаргаж өгөх бичгийн нотлох баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой санал хүсэлт байна уу? гэсэн асуултанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой санал хүсэлт байхгүй гэж хариулсан нь хариуцагч тал Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын газрын “гишүүнээр бүртгэлтэй байна" гэсэн утга бүхий лавлагаатай танилцсан гэдэг нь нотлогдож байна. Магадлалын 5 дугаар талын 13, 14 дүгээр мөрөнд “...энэ талаарх баримтанд гарын үсэг зуруулсан байдал тогтоогдоогүй тул…” гэж давж заалдах шатны шүүх үзсэн нь үндэслэлгүй юм. Учир нь ИХШХШТХуульд нотлох баримттай танилцуулчихаад, заавал гарын үсэг зуруулна гэсэн хуулийн заалт байдаггүй. 2. Магадлалын хянавал хэсэгт “Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө хариуцагч тал хүсэлтээ гаргаагүй боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагч нэмэлт тайлбараа ярихдаа “хуулийн шаардлага хангасан байдлаар Улсын бүртгэлийн газраас баримт бичиг бүртгэгдсэн эсэхийг тогтоох шаардлагатай" гэсэн хүсэлтийг гаргасан." гэж дүгнэжээ. Хариуцагч Б.Бадрах-Ерөөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үеэр хариуцагч нар нь хоршооны гишүүн мөн эсэх талаар талуудын хооронд маргаан үүссэн...” гэснээс харахад иргэний хэрэг үүссэнээс хойш яригдсан маргаантай асуудал байх бөгөөд Иргэний хэрэг хянан шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна. Тухайлбал, уг маргаантай асуудлын талаар лавлагаа гаргуулах хүсэлтээ иргэний хэрэг үүсгэснээс хойш шүүхэд гаргаж шийдвэрлүүлж, нотлох баримт бүрдүүлэх боломжтой байсан боловч энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбар гаргаж, татгалзлаа нотлоогүй байна. Ингээд уг татгалзлалаа шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэмэлт тайлбартаа ярьсан явдал нь хүсэлт гэж үзэх үндэслэлгүй юм. Хэрэв хүсэлт байсан бол хариуцагч тал тухайлан хандаж, шийдвэрлэж өгөхийг хүссэн идэвхтэй үйлдлээр харагдах байтал яриад /дурдаад/ өнгөрсөн болгоныг хүсэлт мөн эсэх талаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй юм. Түүнчлэн давж заалдах шатны шүүх хуралдаанд /тэмдэглэлийн 5 дугаар хуудасны 12 дахь мөр/ “анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс харвал хариуцагчаас "танай талаас хүсэлт байна уу” гэж асуухад хүсэлт байхгүй гээд хурлыг үргэлжлүүлсэн байна. Тайлбараа дууссаны дараа Улсын бүртгэлийн газраас лавлах боломжтой, бүртгэсэн эсэхийг тогтоох шаардлагатай гэсэн байна. Тэрнээс биш албан ёсоор хүсэлт гаргасан зүйл харагдахгүй байна гэхэд" хариуцагч Б.Бадрах-Ерөөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариулсангүй гэжээ. Үүнээс үзэхэд хариуцагч тал анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хүсэлт гаргаагүй гэдэг нь дахин нотлогдож байна. Тус шүүх хуралдааны үед хариуцагч талд нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулж гаргаж өгөх үүрэгтэйг тайлбарлаж хэлж байсан. Мөн анхан шатны шүүх хуралдаанд /тэмдэглэлийн 2 дахь тал, 6-7 мөр/ хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч даргалагчийн шинээр гаргаж өгөх бичгийн нотлох баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой санал хүсэлт байна уу? гэсэн асуултанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой санал хүсэлт байхгүй гэж хариулсан нь “анхан шатны шүүх хуралдаан дээр хүсэлт гаргаагүй” гэдгийг нотолж байна. Давж заалдах шатны шүүх хуралдаан 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр болсон байтал давж заалдах шатны шүүх манай нэхэмжлэгч талд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр бүхий магадлалыг гардуулсан байгаа нь хууль бус үйлдэл гэж үзэж байна. Уул шугамандаа манай нэхэмжлэгч талд өгсөн магадлалын огноо, хавтаст хэрэгт байгаа магадлалын огноо 2 ижил байх ёстой байсан. Манай нэхэмжлэгч талд өгсөн магадлалын хувийг нотариатаар гэрчлүүлж гомдолд хавсаргасан болно. Иймд дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн ИХШХШТХуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн, мөн ИХШХШТХуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгож шийдвэрлэсэн магадлалыг ИХШХШТХуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт зааснаар бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч "Тэгш уран санаа" Хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч Л.Байгал, З.Оюун, Б.Бадрах-Ерөөл, Б.Бат-Ерөөл нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10 000 000 төгрөг, зээлийн хүү 7 661 667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 532 333 төгрөг, нийт 19 205 500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 18 705 500 төгрөг болгосныг хариуцагч нар эс зөвшөөрч, "Тэгш уран санаа" Хадгаламж зээлийн хоршоонд гишүүнээр элсэх тухай хүсэлт, өргөдлийг хариуцагч нар нь огт гаргаж байгаагүй бөгөөд гишүүний хувь хөрөнгө, хураамж төлж байгаагүй тул хариуцагч нар нь тус хадгаламж зээлийн хоршоонд элсээгүй, бүртгэлгүй, хуульд зааснаар хадгаламж зээлийн хоршоо нь зөвхөн гишүүддээ зээл олгох ёстой гэж маргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө хариуцагч тал хүсэлтээ гаргаагүй боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагч нэмэлт тайлбараа ярихдаа “хуулийн шаардлага хангасан байдлаар Улсын бүртгэлийн газраас баримт бичиг бүртгэгдсэн эсэхийг тогтоох шаардлагатай” гэсэн хүсэлтийг гаргасан байхад шүүх энэхүү хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу гэж үзсэн  давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлийг буруутгах боломжгүй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт “шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэх”-ээр зааснаар дээрх хүсэлтийг шийдвэрлэсэн эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

Хэргийн 48 дугаар талд авагдсан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын газрын лавлагааг нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн болох нь хэргийн 52-53 дугаар тал дахь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогджээ. Эдгээр баримтыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулсан эсэх нь тодорхой бус, энэ талаарх баримтад гарын үсэг зуруулсан байдал тогтоогдоогүй тул талуудын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх эрх бүрэн хангагдсан гэж үзэх боломжгүй гэж анхан шатны шүүхийг буруутгасан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэлээ “...хоршооны гишүүн бус” гэж тайлбарлаж байгаа нөхцөлд хэрэгт авагдсан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын газрын лавлагаанаас  хариуцагч нарыг уг хоршоонд хэзээнээс гишүүнээр элссэнийг тогтоох боломжгүй байна.  

Иймээс давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 105 дугаар зүйлийн 105.1 дэх заалтыг зөрчсөн” гэж дүгнээд, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ зөв хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Хүрэлбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 28 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Хүрэлбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.          

  2. Нэхэмжлэгч “Тэгш уран санаа” Хадгаламж зээлийн хоршоо хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 252.440 /хоёр зуун тавин хоёр мянга дөрвөн зуун дөчин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.АМАРСАЙХАН

                                                ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН