| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 320/2025/01547/И |
| Дугаар | 320/ШШ2026/00057 |
| Огноо | 2026-01-08 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 320/ШШ2026/00057
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ......... баг, ...... гудамжны ....... тоотод оршин суух, ........... Ш-н О ,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн .........................
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж бичилт хийхийг Хөвсгөл аймгийн ......................... т даалгах тухай 320/2025/01547/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ш.О , түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр,
Хариуцагчийн төлөөлөгч: С.М , түүний өмгөөлөгч: Д.Буяндалай
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мягмарсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ш.О нь Хөвсгөл аймгийн ......................... үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаа 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 7,194,561 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Тэрээр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ш.О нь Хөвсгөл аймгийн ......................... үйлчлэгчийн ажилд анх 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр томилогдож өдийг хүртэл тус байгууллагад нийт 11 жил тасралтгүй ажилласан. Тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа буюу мэргэжлийн үйл ажиллагаандаа хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам, үйлчилгээний стандарт зэргийг чанд мөрдөж ажиллаж, байгууллагынхаа цэвэрлэгээ, ариун цэврийн үйлчилгээг хурдан шуурхай, чанартай үзүүлэхэд өөрийн чадвар мэдлэг туршлагыг бүрэн зориулж, хүнлэг энэрэнгүй, шударга ёсны зарчмыг баримталж, байгууллагынхаа зорилго зорилтыг тууштай дэмжин, идэвхи санаачлагатай ажилласаар ирсэн, тиймдээ ч сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй.
Түүнчлэн хариуцсан ажилдаа чин сэтгэлээс хандаж, ажлын байр, хамт олон болон үйлчлүүлэгч нартай эелдэг зөв зан харилцааг эрхэмлэж, ажилтны ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, ажил хэрэгч соёлтой хувцаслан, өөрийн хариуцсан ажлаа нэр төртэй гүйцэтгэн ажил үүргээ хангалттай сайн биелүүлж ирсэн. Тиймээс ч ажил үүрэгтээ тохирсон цалингаа авч явсан гэж бодож байна. Хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, төрийн эрх бүхий байгууллагуудаас шагнал урамшуулал ч нэлээдгүй авч байсан болно. Тухайлбал 2025 оны 01 дүгээр улирал болон хагас жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх үнэлгээгээр хангалттай сайн үнэлэгдсэн. Гэтэл байгууллагын удирдлагын зүгээс 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Ш.О намайг гэнэт дуудаж, ажлаас халж байгаа талаар мэдэгдэн Б/62 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг гардуулсныг хүлээн аваад маш ихээр гайхан, гүн цочролд орсон. Тус тушаалд ...Төрийн албаны бүтэц зохион байгуулалтыг сайжруулж, чиг үүргийн давхардлыг бууруулж, чадварлаг, цомхон, бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлэх дээд шатны байгууллагуудын шийдвэрүүдийн дагуу... гэх үндэслэлийг тавьсан байдаг. Гэвч тус тушаалд дурдаад байгаа дээд шатны байгууллагуудын шийдвэрүүд гээд байгаа нь чухам ямар шийдвэрүүд байгаа, тус шийдвэрүүдэд үнэхээр миний эрх зүйн байдлыг дордуулах үүрэг, чиглэл байгаа эсэхийг би үнэхээр мэдэхгүй. Мөн манай байгууллага 3 үйлчлэгчтэй байтал чухам ямар шалтгааны улмаас 10 гаруй жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажиллаж, ажил үүргээ хангалттай сайн биелүүлж ирсэн намайг ялгаварлан гадуурхаж, ийнхүү хохироож байгааг ойлгохгүй байна. надтай цуг ажиллаж байсан 2 үйлчлэгчийг /нэг нь тэтгэвэрт гарсан боловч ажиллаж байгаа/ Ш.О надаас илүүд үзэхдээ ямар шалгуураар илүү чадварлаг, бүтээмжтэй гэж үзээд үлдээгээд байгаа юм. Тэгш эрх, шударга ёс хаана байна вэ, үнэхээр их гомдолтой байна. өөрийн болоод өрөөлийн эрхийн төлөө дуу хоолойгоо өргөж, дарга удирдлагуудад хууль ёсны шаардлага, хүсэлт тавьсныхаа төлөө тэдний хорхойтой шүдэнд зуугдан эрхээ хөндүүлснийг хүлээн зөвшөөрч чадахгүй.
Ажил олгогчийн энэхүү шийдвэр нь Монгол улсын Үндсэн хууль болоод Хөдөлмөрийн тухай хуулиудын холбогдох заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн. Миний бие уг шийдвэрийг эс зөвшөөрч 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан бөгөөд тус хорооноос миний өргөдлийг 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд №14 дугаартай шийдвэрээр ............................ гаргаж буй шийдвэр нь хуульд заасан процесс ажиллагааг зөрчөөгүй. Хөдөлмөрийн тухай хууль болоод холбогдох бусад хуулиудыг зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна... гэж Ш.О миний хуулиар хамгаалагдсан эрх ашгийг үл тоомсорлосон шийдвэр гаргасан учир хуульд заасны дагуу шүүхэд хандахаас өөр аргагүй боллоо. Иймд нэгэнт миний бие үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн учир өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах зорилгоор Хөвсгөл аймгийн ......................... үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай өргөдөл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ш.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ......................... 13 дахь жилдээ ажиллаж, 9 дэх даргатай харьцаж байсан. Ажил дээрээ би зөрчил гаргаагүй. Намайг ээлжийн амралтаа авах гэж байх үед орон тооны цомхотгол гэж Г.Н дарга дуудаж шууд ажлаас гар, чи хамгийн муу нь байсан, чамайг ажлаас чөлөөллөө гэж хэлсэн. Дараа нь ээлжийнхээ амралтыг авсан байна гэхэд Х.Т дарга, нярав Г.Д нар дуудаад та гарын үсэг зур гэж бичлэг хийж намайг дарамталсан. Үүнийг та авахгүй бол болохгүй. Эсхүл би танд шуудангаар явуулна гэж байсан. Х.Т дарга би чамайг Титэм Ерөнхий боловсролын сургуульд оруулна, үргэлжлүүлээд 2 дугаар 10 жилийн сургуульд оруулна гэсэн. 1 дүгээр 10 жилийн сургуульд хүний оронд ажиллаж байхад ээжийн маань бие муудаад чөлөө авч ээжийгээ сахиад одоо болтол ажилгүй байгаа.
Би ямар ч буруу зүйл хийгээгүй. Ажлаа хийгээд л явж байсан. Ажлын байрны дарамт надад аймар хэцүү байсан. Гэр цэвэрлэнэ, машин угаана, дарга нарын гэрийг очиж цэвэрлэж байсан. Би цэвэрлэж орж ирэхэд Тамгын дарга гарын үсэг зурж ажлын тайланг дүгнэж өгдөг би ийм л аймаар айдастай байж ирсэн. Би ажлаасаа гараад энэ бүхнийг мэдсэн. Би эд нар дуугүй болдог, засардаг юм гэж дуугүй явдаг байсан. Цас орсон үед би ......................... цас үлдэхгүй болтол нь жижүүрүүдтэйгээ нийлээд цэвэрлэдэг, иргэдэд намайг ёс зүйгүй ааш гаргалаа гэсэн. Иргэд надаар үйлчлүүлдэггүй. Би иргэдэд үйлчилдэггүй. Би ес зүйгүй ааш гаргаж үзээгүй. Ажлын байрны дарамт Г.Н дарга, Х.Т дарга хоёр маш их гаргасан. 12 дугаар сарын ажлын тайлангийн хурлаар Х.Т дарга намайг чи зайлаарай, шүүх, цагдаа бүгд миний гарт байна гэсэн. Тэгэхээр нь би танаас үнэхээр ичиж байна. Удирдах хүн ийм зүйл ярилаа гэхэд Г.Н дарга Засаг даргыг хэл амаар доромжилсон гэж байсан. Тэр утгаар намайг ажлаас халсан байх. Олон нийтийн хурал дээр хэлж байсан учир гэрчүүд нь байгаа. Иймд би гаргасан нэхэмжлэлээ бүхэлд нь дэмжиж байна гэв.
Хариуцагч Хөвсгөл аймгийн ......................... дарга С.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 74 дүгээр тогтоол, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1/1695 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн А/134 дүгээр захирамжийн хавсралт, сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/14 дүгээр тушаалын хавсралт, Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор ......................... бүтэц, орон тооноос 3 орон тоог хасаж төсвийн тодотгол хийсэн.
......................... бүтэц орон тоог Хөвсгөл аймгийн Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн А/134 дүгээр захирамж (хавсралт), сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/14 дүгээр тушаал (хавсралт) аар баталсан. Дээрх шийдвэрийн хүрээнд Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоонд ажил үүргийн хуваарь, ажлын байрны давхардал, албан тушаалын тодорхойлолтуудад чиг үүргийн шинжилгээг дараах албан тушаалууд дээр хийсэн. Төрийн захиргааны жинхэнэ албан тушаалын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн-2 орон тоо, Нягтлан бодогч-2 орон тоо, Архив, бичиг хэрэг-2 орон тоо, Үйлчлэгч-2 орон тоо гэсэн албан тушаалуудад хийж ажилласан. ......................... бүтэц орон тоонд батлагдсан 2 үйлчлэгч (үндсэн орон тоо)-г 1 орон тоо болгон бууруулах зохицуулалт хийж сумын 3, 4, 7, 9, 10, 11, 12, ,13, 14 дүгээр багийн хөгжлийн төвүүдийн дотор, гадна цэвэрлэгээ үйлчилгээг багийн зохион байгуулагч, хэсгийн ахлагчдаар баталсан хуваарийн дагуу гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж цэвэрлэгээ, үйлчилгээ хийх талбайн хэмжээг багасгаж 1 үйлчлэгчийн цэвэрлэх талбайн хэмжээгээр багасгаж зохицуулалт хийсэн. Тайлан хамгаалалтын хурлын үеэр сумын Засаг даргатай ёс зүйгүй харьцаа хандлага гаргаж, хэл амаар доромжилж захирах, захирагдах ёсыг үл хүндэтгэх үйлдэл гаргасан учир сумын Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/70 дугаартай тушаалаар тухайн ажилтанд сахилгын арга хэмжээ ногдуулсан боловч 2025 оны хагас жилийн үр дүнгийн урамшуулал олгохоос өмнө ......................... удирдлагуудын шийдвэрээр уг шийтгэлийг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Б/53 дугаартай тушаалаар Сахилгын шийтгэлийг хугацаанаас өмнө хүчингүйд тооцсугай... шийдвэрийг гаргасан.
Орон тооны цомхотголыг хийхдээ Засаг даргын Тамгын газрын 2 үйлчлэгчийн ажлын үр дүн, ажилдаа хандах хандлага, цэвэрлэгээ үйлчилгээний чанар, 2024 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн үнэлгээ, 2025 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн үнэлгээ, Засаг даргын тамгын газрын албан хаагчдаас цахимаар авсан сэтгэл ханамжийн судалгааны дүнг (ёс зүй зан харилцаа, багаар ажиллах, санал санаачилга, ажлын цаг ашиглалт, цэвэрлэгээ үйлчилгээний чанар, идэвх оролцоо) нэгтгэн үнэлж үнэлгээг хувиар тооцон гаргасан.
Орон тооны цомхотголоор хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгоход ажлын байрны давхардлыг арилгах зорилгоор ажлын байранд чиг үүргийн шинжилгээ хийх зохицуулалттай ба уг зохицуулалтыг хэрэгжүүлэн шаардлагатай албан тушаалд чиг үүргийн шинжилгээ хийж төрийн үйлчилгээний албан хаагчийн хувьд ажлын үзүүлэлт, хамт олноос ирүүлсэн саналыг харгалзан Засгийн газраас хэрэгжүүлж буй орон тооны цомхотгол хийсэн. Сонсох ажиллагааны тэмдэглэлд ажил олгогч нь хуульд заасны дагуу өөр ажилд зуучлах үүргийн хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр өөр ажилд шилжүүлэн өгөх талаар ярилцаж ажилд зуучилсан ба 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс ангилал зэрэглэл нэгэн адил ажилд орсон байгаа нь сонсох ажиллагаанд дурдагдсан байсан ажил олгогч болон гомдол гаргагчийн тохиролцсон ажил мөн болон сонсох ажиллагааны тэмдэглэлд дурдсан байгаа. Мөн 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ба уг тэтгэмжийг олгохоор шийдвэрлэж түүний хүсэлтийг хүлээн авч хангаж шийдвэрлэсэн байсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Ажил олгогч буюу ......................... нь орон тооны цомхотголыг хийхдээ хуульд заасны дагуу процесс ажиллагаа болох чиг үүргийн шинжилгээ хийж, хамт олны саналыг авч орон тооны цомхотгол орж буй албан хаагчид хуульд заасны дагуу өөр ажилд зуучлах саналыг тавьсан болон давхар гомдол гаргагчийн 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгох саналыг зөвшөөрч шийдвэрлэсэн байна.
......................... гаргаж буй шийдвэр нь хуульд заасан процесс ажиллагааг зөрчөөгүй, Хөдөлмөрийн тухай хууль болоод холбогдох бусад хуулиудыг зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч С.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан. Уг хууль батлагдсаны дагуу Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 74 дүгээр тогтоол гарсан. Үүнийг дагаад 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарсан. Уг тогтоолд давхардсан чиг үүргийг цомхотгох буюу Төрийн албаны бүтэц, зохион байгуулалтыг сайжруулж, бүтэц чиг үүргийн давхардлыг бууруулан чадварлаг, цомхон бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлэх зорилгын хүрээнд хууль, тогтоол гарсан. Тогтоолын дагуу орон тоог цомхотгож шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотой цалингийн сан, орон тоо нь батлагдаад ирсэн учир Төрийн албаны болон бусад хууль, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг холбогдох албан тушаалтнуудад нь дагаж биелүүлж мөрдөж ажиллах чиг үүргийнхээ хүрээнд орон тоог цөөрүүлж ажилласан. Нэхэмжлэгч Ш.О ээс гадна байгаль хамгаалагчийн чиглэлээр ажиллаж байсан н.Анхцэцэг, цахим чиглэлээр ажиллаж байсан орон тоог цөөрүүлэн давхардлыг аргилгаж ажилласан. 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийг тухайн үед ......................... даргаар ажиллаж байсан Г.Н дуудаж уулзаад орон тоо цөөрүүлэх болсон үндэслэл шалтгаанаа танилцуулж санал, хүсэлтийг нь сонссон буюу сонсох ажиллагаа гэж үзэж болох үйл ажиллагааг зохион байгуулсан. Мөн дараах ......................... таа өөр ажилд үргэлжлүүлэн ажиллуулах, хоёрдугаарт 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтыг нь олгож, 4 сарын тэтгэмж олгож, Дэлгэрмөрөн Ерөнхий боловсролын сургуульд үйлчлэгчээр ажиллуулъя, цаашдаа Титэм Ерөнхий боловсролын сургуулийн шинэ байр ашиглалтад орж байгаатай холбогдуулаад үндсэн орон тоогоор зуучлан ажиллуулъя гэсэн саналуудыг тавьсан. Нэхэмжлэгч Ш.О ийн зүгээс Дэлгэрмөрөн Ерөнхий боловсролын сургуульд үйлчлэгчээр ажиллая. Мөн амралтын цалин, тэтгэмж авъя гэсэн санал гаргасныг тухайн үед ажиллаж байсан Г.Н дарга биелүүлсэн. Нэхэмжлэгч Ш.О Дэлгэрмөрөн Ерөнхий боловсролын сургуульд ажилд орсон. Тамгын газраас тавьсан саналуудыг зөвшөөрч байгаа нь сонсох ажиллагааг хүлээн зөвшөөрч байгаа үйлдэл гэж үзэж байна. 2025 оны Төсвийн тухай хуульд төрийн албан хаагчийн орон тоог 9 хувь цөөрүүлэх шийдвэр гаргасныг бүх шатны Засаг дарга, Тамгын газрын дарга нар дагаж биелүүлэх үүрэгтэй. Мөн Ш.О гэх ажилтныг цаашид ажиллуулахад орон тоо болон цалингийн сан байхгүй учир үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн үйл явц болсон. 8 дугаар сарын 20-ны өдрөөс 9 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл ээлжийн амралтын цалинг нь олгосон. 8 дугаар сарын 20-ны хавьцаа Дэлгэрмөрөн Ерөнхий боловсролын сургуульд ажилд ороод хөдөлмөрийн гэрээ байгуулагдаад явж байсан. Мөн ажилгүй байх хугацааны 6 сарын тэтгэмж 5,724,000 төгрөгийг өөрийн дансаар авсан энэ үйлдлүүд нь ажлаас чөлөөлөгдөх үндэслэлээ хүлээн зөвшөөрч байгааг харуулж байна. Энэ хугацаандаа хөдөлмөрийн маргаан таслах комисст өргөдөл гаргаад дараа нь шүүхэд өргөдөл явсан процесс үргэлжилсэн. Ийм учир нэхэмжлэлийн шаардлага хүлээж авахаас татгалзаж байна гэв.
3.Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:
3.1 Нэхэмжлэгчээс Ш.О ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн ......................... даргын 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б-02 дугаартай Ш-н О ийг ажилд томилох тухай тушаалын хуулбар, 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б/62 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал, ЗДТГ-ын үйлчлэгч Ш.О ийн 2025 оны 1 дүгээр улирал, хагас жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх үнэлгээний хуудас, Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 14 дугаартай шийдвэр, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт, нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн нэхэмжлэл, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтад хэвлэгдсэн Шаравдорж овогтой О ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт, нэхэмжлэгч Ш.О ийн шагнагдаж байсан Хөвсгөл аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн Хүндэт тэмдэг ийн үнэмлэхийн хуулбар, 2016 оны Засаг даргын Тамгын газрын Бүтээлч ажилтан-аар шалгарсан өргөмжлөлийн хуулбар, Мөрөн сум 210 жил гэх тэмдгийн хуулбар, 2017 оны шилдэг үйлчилгээний ажилтан үнэмлэхийн хуулбар, Мөрөн сумын Засаг даргын 2021 оны Жуух бичиг-ийн хуулбар, 2017 оны Баярын бичиг-ийн хуулбар, 2023 оны Хөдөлмөрийн тэргүүний ажилтан тэмдгийн хуулбар
3.2 Хариуцагч талаас 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр болон 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ирүүлсэн хариу тайлбар, аймгийн 2025 оны төсвийн тодотголын танилцуулгын хуулбар, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 74 дугаартай аймгийн 2025 оны төсөвт тодотгол хийх тухай тогтоолын хуулбарт Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуулбар тэмдэг дарж баталгаажуулсан баримт, Хөвсгөл аймгийн ......................... 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б/62 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мөн өдрийн А/23 дугаартай Ажлын хэсэг байгуулах тухай тушаалын тус тус нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сонсох ажиллагааны хуудас баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ......................... албан хаагчдаас авсан судалгаа, ......................... үйлчлэгч үнэлгээ, ......................... албан хаагчдын 2024 оны гүйцэтгэл, үр дүн-нэгтгэл гэх баримтуудын тус тус нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн А/134 дугаартай Сумдын Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн батлах тухай захирамж түүний хавсралтын хуулбар, Хөвсгөл аймгийн ......................... даргын 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/14 дугаартай Сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тушаал түүний хавсралтын хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Б/66 дугаартай Захирагчийн ажлын албаны бүтэц, орон шинэчлэн батлах тухай захирамж, түүний хавсралтын хуулбар, мөн сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/141 дугаартай Захирагчийн ажлын алба байгуулах тухай захирамж түүний хавсралтын хуулбарыг тус тус нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Шаравдорж овогтой О д нэг удаагийн тэтгэмж олгосон шилжүүлгийн баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн ......................... даргын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/70 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Б/53 дугаартай Сахилгын шийтгэлийг хугацаанаас өмнө хүчингүйд тооцох тухай тушаал, түүний хавсралтын хуулбарын тус тус нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрийн хуулбар, хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс нотлох баримт гаргуулах тухай хүсэлт, сумын ЗДТГ-т үйлчлэгчээр ажиллаж байсан Ш.О д олгосон цалингийн тооцоолол, Ээлжийн амралтын олговрын цалингийн түүвэр гэх баримтад Хөвсгөл аймгийн ......................... хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан баримт, хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, хариуцагчийн төлөөлөгч С.М ын Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга Х.Т аас чөлөө хүссэн өргөдөл, хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Буяндалайгийн шүүх хуралдаанд гэрч оролцуулах тухай хүсэлт, ......................... 2025 оны 7 дугаар сарын 21, 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдрүүдийн Шуурхай хурлын тэмдэглэл, Хөвсгөл аймгийн ......................... даргын 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/76 дугаартай Б.Анхцэцэгийг албан тушаалаас нь чөлөөлөх тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Шаравдорж овогтой О ийн 2025 оны 05 дугаар сарын 01-нээс 2025 оны 9 сарын 30 хүртэл хугацааны Цалингийн карт гэх баримтад Хөвсгөл аймгийн ......................... санхүүгийн тэмдэг дарж баталгаажуулсан баримт, Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 01 дугаартай Сумын 2025 оны төсөвт тодотгол хийх тухай хурлын тогтоолын хуулбарт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан баримт тус тус шүүхэд ирүүлжээ.
3.2 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд: хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Ерөнхий боловсролын Дэлгэрмөрөн сургуулиас Шаравдорж овогтой О ийн ажилд орохыг хүссэн өргөдөл, ажилд томилсон, чөлөөлсөн тушаал, ажиллаж байсан хугацааны цалингийн түүвэр зэргийг гаргуулж, шүүх хуралдаанд Б.Гантулгаас гэрчийн мэдүүлэг авсан.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
4.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгч Ш.О нь Хөвсгөл аймгийн ......................... үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаа 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 7,194,561 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
6. Нэхэмжлэгч доорх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
6.1. Хөвсгөл аймгийн ......................... т 2014 оны 1 сараас томилогдож тус байгууллагад тасралтгүй 11 жил ажилласан. Хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам, үйлчилгээний стандарт зэргийг чанд мөрдөж ажиллаж ирсэн. Энэ хугацаанд сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй. 2025 оны 1 дүгээр улирал, хагас жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх үнэлгээгээр хангалттай сайн үнэлэгдсэн ба манай байгууллага 3 үйлчлэгчтэй байхад ямар шалтгаан, шалгуураар илүү, чадварлаг, бүтээмжтэй гэж үзэж нөгөө хоёрыг үлдээж байгаа нь ойлгомжгүй.
6.2. Намайг ээлжийн амралтаа авах гэж байхад 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр дарга намайг дуудаж ажлаас чөлөөлөх гэж байгаагаа хэлсэн. Надад өөр ажил санал болгож Ерөнхий боловсролын Дэлгэрмөрөн сургуульд ажилд орсон боловч байнгын биш түр орон тоо байсан. Хоёрдугаар арван жилийн сургуульд ажилд оруулна гэж хэлсэн ч ажил байгаагүй. Баг зохион байгуулагч хий гэж байгаа боловч тэр ажлыг би хийж чадахгүй. Диплом, өндөр боловсролтой, ядаж л компьютэр дээр сууж ажиллах чадвартай хүн хийдэг юм байналээ.
6.3. Хөвсгөл аймгийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан бөгөөд тус хорооноос миний өргөдлийг 2025 оны 9 дүгээр сарын 03-ны хүлээн авч хянан хэлэлцээд ......................... гаргасан шийдвэр нь хуульд заасан процесс ажиллагааг зөрчөөгүй, Хөдөлмөрийн тухай хууль болоод холбогдох бусад хуулиудыг зөрчөөгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна гэж миний хуулиар хамгаалагдсан эрх ашгийг үл тоомсорлосон шийдвэр гаргасан учир нэхэмжлэл гаргасан гэв.
7. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
7.1. Хөвсгөл аймгийн ......................... нь дээд шатны байгууллагын шийдвэрүүдийн дагуу Засаг даргын Тамгын газрын үйлчлэгчийн 2 орон тоог 1 болгон цөөрүүлж ажлын байр хасагдсан учир тухайн хоёр үйлчлэгчийн ажлын үр дүн, ажилдаа хандах хандлага, цэвэрлэгээ үйлчилгээний чанар 2024 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн үнэлгээ, Засаг даргын Тамгын газрын албан хаагчдаас цахимаар авсан сэтгэл ханамжийн судалгааны дүнг нэгтгэн үнэлж үйлчлэгч Ш.О ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн.
8.Хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
8.1 Нэхэмжлэгч нь 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс Хөвсгөл аймгийн ......................... т үйлчлэгчээр томилогдон 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэрэг баримтаар тус тус нотлогдож, зохигч маргаагүй.
8.2 Хөвсгөл аймгийн ......................... даргын 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б/62 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цулах тухай тушаалаар тус байгууллагын үйлчлэгч Ш.О ийг 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж дуусгавар болгосон байна.
8.3 Ажилтан нь ажил олгогчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх журмаар Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хөдөлмөрийн эрхийн маргаанаа шийдвэрлүүлэхээр хандсан ба тус хорооноос Ш.О ийн гомдлыг хэлэлцээд ......................... гаргасан шийдвэр нь хуульд заасан процесс ажиллагааг зөрчөөгүй, Хөдөлмөрийн тухай хууль болоод холбогдох бусад хуулиудыг зөрчөөгүй гэж шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч тэрээр 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасантай нийцсэн. Талууд энэ талаар маргаагүй.
9.Шүүх талуудын мэтгэлцэж буй нэхэмжлэгч Ш.О ийн ажиллаж байсан ажлын байрны орон тоог цөөрүүлсэн эсэх, Хөвсгөл аймгийн ......................... даргын гаргасан шийдвэр нь хуульд нийцсэн эсэх, тушаалын хууль зүйн үндэслэлийг шалгах нь зүйтэй.
9.1 Хариуцагч нь нэхэмжлэгч Ш.О ийг 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б/62 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөхдөө Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4, 67.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 82 дугаар зүйлийн 82.1.3, 83 дугаар зүйлийн 83.2, 83 дугаар зүйлийн 83.3, 83.4, 83.5, 83.6, дахь заалтууд, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.2.1, 40.2.2, 40.2.3, 40.2.4, 40.2.5, Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит YII дугаар хуралдааны 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Аймгийн 2025 оны төсөвт тодотгол хийх тухай 74 дүгээр тогтоол, Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит YI хуралдааны 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Сумын 2025 оны төсөвт тодотгол хийх тухай 01 дүгээр тус тус үндэслэн Хөвсгөл аймгийн ......................... үйлчлэгчийн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Ажил олгогчийн дээрх тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх ёстой атал уг тушаал хуулийн шаардлага хангаагүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д аж ахуйн нэгж байгууллага, түүний салбар нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж болно гэж заасан ба мөн 80.4-т ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж заасан.
Гэтэл нэхэмжлэгч Ш.О д хуулийн хугацаанд буюу 30-аас доошгүй хоногийн өмнө хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах талаар бичгээр мэдэгдээгүй, мэдэгдэх үүргээ хариуцагч тал хэрэгжүүлээгүй байх тул ......................... орон тоо цөөрч, үйлчлэгчийн ажлын байр хасагдсан үндэслэлээр Ш.О ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан Хөвсгөл аймгийн ......................... даргын 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай Б/62 тоот тушаал үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Мөн хариуцагч нь Хөвсгөл аймгийн ......................... 2 орон тооноос Ш.О ийг сонгож ажлаас чөлөөлсөн үндэслэлээ ... тухайн хоёр үйлчлэгчийн ажлын үр дүн, ажилдаа хандах хандлага, цэвэрлэгээ үйлчилгээний чанар 2024 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн үнэлгээ, Засаг даргын Тамгын газрын албан хаагчдаас цахимаар авсан сэтгэл ханамжийн судалгааны дүнг нэгтгэн үнэлж гэж тайлбарлаж байх боловч энэ талаар нэхэмжлэгч Ш.О тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмаар хэрхэн зохицуулагдсан эсэх нь тодорхойгүй, хариуцагч энэ талаараа баримтыг гаргаж ирүүлээгүй.
Хэлбэрийн төдийн үйлдэл хийсэн нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлйн 7.1.4-т заасан Монгол улсын иргэн Төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах эрхтэй гэх зарчмыг хэрэгжүүлээгүй, Хөвсгөл аймгийн ......................... нь төрийн байгууллага болохын хувьд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцалж байгаа тохиолдолд дээрх зарчмыг хэлбэрэлтгүй баримтлах үүрэгтэй. Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа дээрх зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
8.10 Ажил олгогч гаргасан шийдвэрийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд нотлох үүрэг хүлээдэг бөгөөд хариуцагчийн татгалзал хэргийн баримтаар хангалттай тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ш.О ийг урьд эрхэлж байсан Хөвсгөл аймгийн ......................... үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй нь гэж дүгнэлээ.
9. Нэхэмжлэгч 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 7,194,561 төгрөгийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж бичилт хийхийг Хөвсгөл аймгийн ......................... т даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
9.1 Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан журмын 2.3, 2.3.5-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацааны олговрыг тодорхойлохдоо ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж заасан байна.
Дээрх журамд зааснаар нэхэмжлэгч Ш.О ийн ажилласан сүүлийн 3 сар буюу 2025 оны 5 дугаар сард 2,213,860 төгрөг, 6 дугаар сард 2,623,160 төгрөг, 7 дугаар сард 2,136,160 төгрөг, 6,973,180 төгрөг, дээрх хугацаанд ажлын нийт 61 хоног байх ба нэг өдөрт ногдох цалин хөлс нь 114,314.42 төгрөг байна.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг энэ хугацаанаас тооцож гаргуулна гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан ба 2025 оны 8 дугаар сард сард ажлын 8 хоног, 9 дүгээр сард ажлын 22 хоног, 10 дугаар сард ажлын 23 хоног, 11 дүгээр сард ажлын 8 хоног, нийт 61 хоног буюу 114,314.42х61=6,973,180 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан олгох нь зүйтэй гэж дүгнэв.
9.2 Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 130,063 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 126,520 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.О д олгож хуваарилахаар тус тус тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.О ийг Хөвсгөл аймгийн ......................... үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн ............... 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6,973,180 (зургаан сая есөн зуун далан гурван мянга нэг зуун ная) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.О д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 221,381 (хоёр зуун хорин нэгэн мянга гурван зуун наян нэг) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.О ийн 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч Хөвсгөл аймгийн ......................... т даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын Тамгын 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод, 126,520 (нэг зуун хорин зургаан мянга таван зуун хорь) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.О д тус тус олгосугай.
5. Иргэний хэрэг үүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН