| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2025/01050/И |
| Дугаар | 305/ШШ2026/00047 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 305/ШШ2026/00047
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***** аймгийн ***** сумын ***** дугаар баг, ***** оршин суух, ***** овгийн *****-гийн *****-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***** аймгийн ***** сумын *****т багийн ********** тоотод оршин суух, ***** овгийн *****-ын *****, ***** овгийн *****-н ***** нарт холбогдох,
Мал худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 4,940,000 төгрөг, хариуцагч нарыг эрэн сурвалжлахтай холбоотой гарсан зардал 70,200 төгрөг, нийт 5,010,200 (таван сая арван мянга хоёр зуу) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****/цахимаар/, хариуцагч нарын өмгөөлөгч *****, гэрч *****/цахимаар/, *****/цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр нар оролцов.
Хариуцагч *****, ***** нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна.
Шүүх хуралдаанд оролцогчийн ирцтэй холбогдуулан нэхэмжлэгч болоод хариуцагч нарын өмгөөлөгч ***** нь шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч *****, ***** нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
2. Нэхэмжлэгч ***** нь *****, ***** нарт холбогдуулан мал худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 4,940,000 төгрөг, хариуцагч нарыг эрэн сурвалжлахтай холбоотой гарсан зардал 70,200 төгрөг, нийт 5,010,200 (таван сая арван мянга хоёр зуу) төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагыг ...2024 оны 11 сард ***** аймгийн ***** сумын ***** дугаар багт байрлах гэрээсээ 40 хонь нэг бүрийг нь 130,000 төгрөгөөр, 24 төлгийг нэг бүрийг нь 100,000 төгрөгөөр, 3 ямааг нэг бүрийг нь 80,000 төгрөгөөр худалдахаар тохирсон. Нийт 7,940,000 төгрөгөөр худалдахаар өгсөн юм байна лээ. Тэгээд малынхаа үнийг хэзээ өгнө гэсэн гэхээр нядалж зарчхаад 1-2 сарын дотор ямар ч байсан таны төлбөрийг төлье гэсэн боловч ерөөсөө төлөхгүй байсан. Ингээд араас нэхэл дагуул болсоор байгаад 2025 оны 7 сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөг өгсөн. Сүүлд шүүхэд өгөхөөсөө өмнө би хариуцагч нартай холбогдоод энэ хүний малыг авчхаад мөнгө төгрөгийг нь өгөхгүй байгаа юм байна. Энэ мөнгийг нь өгөөч өгөхгүй бол би шүүхэд өгөх асуудал ярих гээд байна гэхэд 2,000,000 төгрөг 2025 оны 10 сарын 10-ны өдөр өгөөд нийт 7,940,000 төгрөгөөс нийт 3,000,000 төгрөг л төлсөн байгаад байгаа юм. Хэрэгт холбогдох дансны хуулга, баримтыг нэхэмжлэгч талаас шүүхэд өгчихсөн байгаа. Тэгээд үлдэгдэл төлбөрөө хэзээ төлөх юм бэ гэдгийг ярихаар хэзээ төлөх нь тодорхойгүй. Дээрээс нь хариуцагч нарыг хаягаа өгөөч, хэзээ төлөхөө тодорхой хэлээд өгөөч гэхээр ерөөсөө тодорхой юм ярихгүй, мал ахуй нь туранхай эцэнхий байсан гэдэг юм яриад шүүхдээ хандаа л гэдэг асуудал ярьсан. Тэгээд шүүхэд өгсөн байгаад байгаа. Ер нь бол хариуцагч нарын хаягийг тодруулахын тулд эрэн сурвалжлах ажиллагаа хийлгээд 70,200 төгрөгийн зардал гарсан. Тэрийгээ нэмээд 5,010,200 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилсэн байгаа... гэж тайлбарлаж байна.
4. Хариуцагч *****, ***** нарын тайлбарын агуулга ...Миний бие ***** би 2024 оны 11 дүгээр сарын 20-нд ***** сумын ***** багийн нэр бүхий 4 хүнээс мал худалдан авахаар тохиролцож малаа аваад ***** сумын төв руу тууж явахад замд ***** сумын ***** багийн иргэн мал өгч авалцах талаар тохироогүй байхад орой 19 цагийн үед зам дээр малаа ээрчихсэн маш их даарсан байдалтай байсан. Би ***** гуайгаас 67 толгой төлөг 1 толгойг нь 75.000 төгрөг, 3 толгой ямаа, 1 толгойг нь 80,000 төгрөгөөр тохиролцож малыг нь тоолж авсан. Ингээд бойнд өгсөн малын дундаж нь 12,8 кг байсан манай эхнэр ийм муу мал авахгүй малын дундаж жин бага байна. Жижиг малын мах зархад хэцүү бүгдийг шулхад зарлага их гарна 4,000,000 төгрөг-д авья гэсэн. тухайн үед ***** даарсан байдалтай байхаар нь за настай хүн байна даа гээд сайхан сэтгэл гаргаад 5,000,000 төгрөгөнд авья гэхдээ энэ мах чинь зарагдсаны дараа мөнгийг нь өгч тооцоо хийе гэхэд за гээд тохирсон. Тухайн үед 265000 төгрөгийг бэлэнээр ***** гуайд өгсөн, /нутгийн ард иргэд наад хөгшин чинь их зальтай шүү/ гээд байхаар нь бүх тооцоог нь бичээд 1 хувийг нь өөрт нь сайн хадгалаарай гээд гардуулж өгсөн. Өгөх ёстой мөнгөнөөс нийт 3,000,000 төгрөгийг өгсөн. Учир нь маш муу жин багатай мал өгөөд махыг шулаанд өгөөд ч үнэ хүрэхгүй малын мах байсан. Хэрэв өгвөл бид 1,000,000 төгрөг л өгөх боломжтой бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэсэн агуулгатай тайлбарыг шүүхэд гаргажээ.
5. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагч нарын татгалзал, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Үйл баримтын хувьд нэхэмжлэгч ***** нь хариуцагч *****, ***** нарт Говь-Алтай аймгийн 2024 оны 11 дүгээр сарын 20-нд ***** сумын ***** багт 40 хонь, 25 төлөг, 3 ямаа, нийт 68 толгой малыг аман хэлцэл хийж худалдсан байх бөгөөд уг мал дээр 2 толгой хонийг бэлэг болгон өгсөн болох нь зохигчдийн тайлбар, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ***** хаан банкны ***** дугаартай харилцах дансны харилцагчийн хуулгаар хариуцагч *****т, ***** нараас 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн харилцах дансны харилцагчийн хуулгаар болон зохигчдийн тайлбараар тогтоогдож, зохигчид маргахгүй байна.
6. Харин хариуцагч *****, ***** нар нь татгалзалаа ...67 толгой төлөг 1 толгойг нь 75,000 төгрөг, 3 толгой ямаа, 1 толгойг нь 80,000 төгрөгөөр тохиролцож... гэж тайлбарлаж, нэхэмжлэгч ***** нь ...40 хонь нэг бүрийг нь 130,000 төгрөгөөр, 24 төлгийг нэг бүрийг нь 100,000 төгрөгөөр, 3 ямааг нэг бүрийг нь 80,000 төгрөгөөр... гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж, малын тоо бус үнэ өөрөөр тайлбарлаж байгаа нь зохигчийн маргааны зүйл болжээ.
Дээрх үйл баримтаас үзэхэд худалдах, худалдан авах гэрээг аман хэлбэрээр байгуулагдсан байх ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт ...худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ... гэж заажээ.
Зохигчийн хооронд хийсэн аман гэрээний дагуу нэхэмжлэгч ***** нь худалдах, худалдан авах гэрээний үүргийг хангуулахаар хариуцагч *****, ***** нараас шаардах эрхтэй байна.
7. Хариуцагч *****, ***** нар нэхэмжлэгч *****-ээс бог мал худалдан авсан талаар маргаагүй бөгөөд төлөг 67, ямаа 3, нийт 70 бог малаас 2 төлөгийг бэлгэнд авсан гэж тайлбарласан ба нэхэмжлэгч ***** нь 40 эм хонь, төлөг 25, эм ямаа 3 гэж худалдсан гэх тайлбартай буюу малын тоо толгойтой зохигчид маргаагүй байна.
Харин худалдан авсан бог мал тарга хүч муу, жин багатай муу мал байсан гэж тайлбарлаж байгаа ч уг үйл баримт хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ гэж зааснаар худалдан авсан бог малын үр шим эрсдэлийг хариуцагч нар хариуцахаар байна.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хариуцагч тал биелүүлсэнгүй.
Шүүхээс хэргийн талаар хийсэн дүгнэлт нь зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн, хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурласан байх учиртай бөгөөд нотлох баримтаар тогтоогдоогүй үйл баримтыг шүүх тогтоогдсон гэж үзэх боломжгүй.
Өөрөөр хэлбэл зохигчдын зүгээс малын үнэ дээр харилцан маргах бөгөөд хэн алиных нь зүгээс тухайн үеийн малын үнэ ханшийн байдлыг бусад баримтаар тогтоолгох талаар ямар нэгэн санаачлагыг гаргаагүй бөгөөд шүүх хөндлөнгийн байх зарчмын хүрээнд хэрэгт цугларсан баримтад тулгуурлан талуудын маргааныг шийдвэрлэх нь зүйд нийцнэ гэж үзлээ.
9. Хэрэгт авагдсан хариуцагч талаас гаргаж өгсөн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тэмдэглэлийн дэвтэртээ бусад айлуудаас авсан малын үнийг тухайлан бичсэн байх бөгөөд эдгээр үнийн дүнг харьцуулан үзэхэд эм хонийг 105,000-130,000 төгрөгөөр, төлөгийг 100,000-110,000 төгрөгөөр, эм ямааг 50,000-85,000 төгрөгөөр тус тус худалдан авч байсан болох нь тогтоогдож байна.
Ингэснээр тухайн үед нэхэмжлэгч *****-ийн малыг бусад айлын малын үнээс доогуур авсан гэх хариуцагч нарын тайлбар нь гэрч *****-гийн ...Төлөг 100,000 төгрөг, эм хонь 130,000 төгрөг, ямаа 80,000 төгрөгөөр өгсөн. Манай нутгийн мал туранхай мал байгаагүй. Тарган мал байсан. Туранхай юм байгаагүй, намрын мал сайн л юм очсон.. гэх мэдүүлэг, *****-ийн ...10-11 сар гэдэг чинь мал тарган байдаг үе байгаа. Хүн болгон идэш ууш хийдэг үе. Хаврын туранхай малтай зүйрлэхээргүй... гэх мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэн няцаагдаж байна.
Мөн хариуцагч нарын зүгээс ямааны мөнгийг бэлнээр нь авсан, аваагүй гэж маргадаг бөгөөд 3 ямааны мөнгийг авсан болох нь гэрч *****-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...Би хажууд нь яг байсан. Ямааг нь ***** гэдэг хүн бэлэн мөнгөөр авсан. Ямааныхаа мөнгийг авлаа гэж хэлж байсан. Хонины мөнгийг борлуулж байж өгнө гэж хэлж байсан... гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул уг мөнгийг хариуцагч нараас дахин гаргуулах үндэслэлгүй байна.
Тиймээс хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үндэслэн 40 эм хонь*130,000=5,200,000 төгрөг, 25 төлөг*100,000=2,500,000 төгрөг, 3 эм ямаа*80,000=240,000 төгрөгөөр тус тус тооцож, нийт 7,940,000 төгрөгнөөс, нэхэмжлэгчид өгсөн 3,000,000 төгрөгийг, бэлнээр авсан 3 ямааны үнэ 240,000 төгрөгийг тус тус хасч тооцохоор байна.
Иймд хариуцагч *****, ***** нараас мал худалдах, худалдан авах гэрээний үүргийн дагуу 4,700,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *****-т олгох нь зүйтэй байна.
10. Харин нэхэмжлэлийн шаардлагаас бэлнээр авсан 3 эм ямааны үнэ 240,000 төгрөгийг, хариуцагч нарыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 310,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-т Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нарыг эрэн сурвалжлах нэхэмжлэлийг шүүхэд гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг нэхэмжилжээ.
Тэмдэгтийн хураамж гэж шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг хэлэх бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгодог.
Гэвч хариуцагчийн эрэн сурвалжуулах нэхэмжлэлийн шаардлага нь шүүхийн онцгой ажиллагааны журмаар хянан хэлэлцэгддэг бөгөөд тус хэрэгт хариуцагчаар ямар нэгэн этгээд оролцдоггүй ганц оролцогчтой онцгой ажиллагааны хэрэг байдаг. Тухайн нэхэмжлэлийг хангагдсан, хангагдаагүй гэдгээг үл шалтгаалж урьдчилсан төлсөн тэмдэгтийн хураамж нь улсын орлогод ордог учир тус мөнгийг гэм хор, гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас хангагдсан 4,700,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 90,150 төгрөгийг хариуцагч *****, ***** нараас гаргуулан нэхэмжлэгч *****г-т олгох нь зүйтэй байна.
1. Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1, 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ***** овгийн *****-ын *****, ***** овгийн *****-н ***** нараас 4,700,000(дөрвөн сая долоон зуун мянга) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ***** овгийн *****-гийн *****-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 310,200(гурван зуун арван мянга хоёр зуу) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,200(ерэн таван мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас хангагдсан 4,700,000(дөрвөн мянга долоон зуу мянга) төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 90,150(ерөн мянга нэг зуун тавь) төгрөгийг хариуцагч *****, ***** нараас гаргуулан нэхэмжлэгч *****-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3, 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7(долоо) хоногийн дотор Говь-Алтай аймгийн аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР