| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2018/0089/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/117 |
| Огноо | 2018-05-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Цогжавхлан |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 2018/ШЦТ/117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ
Улсын яллагч: Д.Цогжавхлан
Шүүгдэгч О.Д нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Дт холбогдох эрүүгийн 1714000000179 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Номгон овогт О.Д
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч О.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “New star” зочид буудалд иргэн Т.Дг зодож эрүүл мэндэд учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд
Шүүгдэгч О.Дын мөрдөн байцаалтад өгсөн
....би 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “New star” зочид буудлын өрөөнд хэдэн найзуудын хамт орсон . Бид архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан ба Т.Д бид хоёроос бусад нь унтчихсан. Бид хоёрын хооронд тийм сүртэй муухай авир гараагүй, сайн найзуудын хувьд хоорондоо бага зэрэг маргаад бие биедээ үг хаяаад түүнээсээ болж цохисон. Бид хоёр нэг нэгээсээ уучлалт гуйсан гомдол санал байхгүй. Би буруу зүйл хийсэндээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/
Хохирогч Т.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн
... би 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 21 цаийн үед “New star “ буудалд ороод найз Баярбат, Мягмарсүрэн, О. Д нартай хамт 3 шил архи хувааж уугаад нилээн согтоод 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө үүрээр 05 цагийн үед О.Д бид хоёр хоорондоо маргалдаад бие биенийгээ барьж авч зуураад орон дээр ноцолдсон. О.Д миний нүд орчим гараараа алгадсан. Би болохоор О.Дын хацар орчим нь гараараа алгадсан. Тэрнээс бусдыг нь юу болсоноо санахгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/
Гэрч Ч.Отгоны мөрдөн байцаалтад өгсөн
...2017 оны 11 дүгээр сарын 16-ны 05 цагийн үед гэртээ хүүхдүүдтэйгээ амарч байхад манай хамаатны дүү О.Д миний утас руу залгаснаа эгчээ би хүнд зодуулчихлаа та хүрээд ирээч гэхээр нь би утсаа салгачихсан. Тэгтэл 2-3 удаа над руу залгасан тэгээд би санаа зовоод цагдаад дуудлага өгсөн. Зодоон болсныг бол би хараагүй мэдэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн №624 дугаар
1.Т.Дгийн биед баруун, зүүн нүдэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт... гэх дүгнэлт /хх-ийн 30-31/
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 1-2/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 14-18/, шүүгдэгч О.Дын хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2017.11.28-ны өдрийн 1/2020 тоот тодорхойлолт / хх-ийн 42/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 43/, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 47/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 90/, шүүгдэгч О.Дын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Хохирогч, гэрч, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч О.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өглөөний 05 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “New star” зочид буудалд иргэн Т.Дг зодож эрүүл мэндэд хөнгөн учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
шүүгдэгч О.Дын... Бид хоёр хоорондоо бага зэрэг маргаад бие биедээ үг хаяаад түүнээсээ болж цохисон....гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/
хохирогчТ.Дгийн...бие биенийгээ барьж авч зуураад орон дээр ноцолдсон. О.Д миний нүд орчим гараараа алгадсан. Би болохоор О.Дын хацар орчим нь гараараа алгадсан. Тэрнээс бусдыг нь юу болсоноо санахгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/
гэрч Ч.Отгоны ...О.Д миний утас руу залгаснаа эгчээ би хүнд зодуулчихлаа та хүрээд ирээч гэхээр нь би утсаа салгачихсан, санаа зовоод цагдаад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн №624 дугаар “...Т.Дгийн биед баруун, зүүн нүдэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 30-31/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч О.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч О.Д нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч О.Дт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч О.Дт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч О.Дын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж заасныг үндэслэл болгов.
Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч О.Д нь Өмнөговь аймгийн Энержи ресурс ХХКомпанид жолоочоор ажилладаг ба 2018.12.31-ний өдрийг дуустал хүчинтэй Энержи ресурс ХХК-ийн үнэмлэхийн хуулбар, сард 1300000 төгрөгийн цалин авдаг талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувьд ногдох хөрөнгө / хх-ийн 47-48/, хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжтой зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулж, шүүгдэгч О.Д нь 600000 төгрөгийг торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч О.Дын эзэмшлийн “... IPhone 6 маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу дээрхи зүйлсийг эзэмшигч О.Дт буцаан олгож, уг хэргийн улмаас шүүгдэгч О.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Хохирогч Т.Д нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч О.Доос гэмт хэргийн улмаас хохирол нэхэмжлээгүй, хохирол нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч О.Д нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгч О.Д нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Номгон овогт О.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О.Дыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч О.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжэээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч О.Дт зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Дт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч О.Д нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч О.Дын эзэмшлийн “... IPhone 6 маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу дээрхи зүйлсийг эзэмшигч О.Дт буцаан олгосугай
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Дт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА