Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 305/ШШ2026/00033

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,

Нэхэмжлэгч: ***** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *****-д холбогдох,

Үндсэн зээл 830,000 төгрөг, зээлийн хүү 470,529 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 87,690 төгрөг, нийт 1,388,219 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ***** ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ***** нь ***** ББСБ ХХК-тай 2019.12.02-ны өдөр Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн ***** үүрэн телефоны ***** дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. ***** нь уг гэрээний үндсэн дээр 2023.11.25-ны өдөр 830,000 төгрөгийг 2,5% хүүтэй 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй. ***** ББСБ-ын зүгээс зээлийн гэрээний үүргийг шаардан зээлийн гэрээнд заасан утасны дугаараар холбогдохыг удаа дараа оролдсон боловч хариуцагч нь огт утсаа аваагүй, харилцан зөвшилцөх аргаар маргааныг шийдвэрлэх боломжгүй болсон тул маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлага үүссэн. 2025.10.16-ны өдрийн байдлаар ***** үндсэн зээлийн үлдэгдэл 830,000 төгрөг, 2023.11.25-ны өдрөөс 2025.10.16-ны өдрийг хүртэлх 661 хоногийн зээлийн хүү 470,529 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 87,690 төгрөг, нийт 1,388,219 төгрөг байна. ***** нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул ***** ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 1,388,219 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.

2. Хариуцагч ***** шүүхэд гаргасан тайлбартаа: *****-ын үндсэн зээл, мөнгөн дүнг төлж барагдуулна. 2 хувааж төлнө. 1,388,219 төгрөгийг 2026 оны 01 сард багтааж төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: зээлийн гэрээний үүрэгт нийт 1,388,219 төгрөгийг гаргуулах гэжээ.

3. Хариуцагч ***** нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,388,219 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,162 төгрөгийн тавин хувь болох 18,581 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 18,581 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 18,581 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ***** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 830,000 төгрөг, зээлийн хүү 470,529 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 87,690 төгрөг, нийт 1,388,219 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сард төлж барагдуулахаар хариуцагч ***** нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,162 төгрөгийн тавин хувь болох 18,581 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 18,581 төгрөгийг улсын орлогоос мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 18,581 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ***** ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН