Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 305/ШШ2026/00048

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,

Нэхэмжлэгч: ***** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *****-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 590,172 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ***** ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "***** ББСБ" XXК нь хэрэглэгчид худалдан авч буй бараа, бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрийг ***** аппликейшнээр дамжуулан үйлчилгээний нөхцөл заасан хуваарийн дагуу хуваан төлөх үйлчилгээг санал болгодог. Хэрэглэгч ***** нь 8/20/2022 -ний өдөр ***** аппликейшнээр дамжуулан худалдан авалтын төлбөрийг хуваан төлөх үйлчилгээ авах хүсэл зоригоор үйлчилгээний нөхцөлтэй бүрэн танилцаж, хүлээн зөвшөөрч бүртгүүлсэн. Үйлчилгээний нөхцөлд заасны дагуу Хэрэглэгч нь өөрийн эрхийн хэмжээнд 100,000 төгрөгөөс 10 000,000 төгрөг хүртэл үнийн дүнтэй бараа, бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрийг 4 хувааж 15 хоногийн зайтайгаар 45 хоногийн хугацаанд хуваан төлөх; 3 хувааж, 30 хоногийн заитаигаар 60 хоногийн хугацаанд хуваан төлөх боломжтой. Мөн Хэрэглэгч нь хуваарьт төлөлтийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсний төлбөр /торгууль/ болон алданги нэмэгдэж бодогддог. Хугацаа хэтрүүлсний төлбөр нь хуваарьт төлөлтөө төлөөгүй тохиолдолд худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч тооцогддог ба уг хуваарьт төлбөрийг 7 хоног хэтрүүлсэн тохиолдолд дахин 1 удаа нэмж бодогддог. Тухайлбал 100,000 төгрөгөөс 500,000 төгрөг бүхий үнийн дүнтэй худалдан авалтад 5,000 төгрөг, 500,001 төгрөгөөс 1,000,000 төгрөг бүхий үнийн дүнтэй худалдан авалтад 10,000 төгрөг; 1,000,001 төгрөгөөс 2,000,000 төгрөг бүхий үнийн дүнтэй худалдан авалтад 30,000 төгрөг зэргээр бодогддог. Харин сүүлийн төлөлт хийх хугацаанаас 14 хоног хэтрүүлсэн бол дараагийн өдрөөс хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0,5 хувь тэнцэх алданги нэмж тооцогдоно. ***** нь ***** аппликейшнээр дамжуулан дараах худалдан авалтыг хийсэн. 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 523,802 төгрөгий 551837 дугаартай худалдан авалтыг хийж төлбөрөө 45 хоногт 4 хуваах хоногийн хугацаанд төлөхөөр, эхний төлөлт 130,950 төгрөгийг төлсөн. Төлөх эцсийн хугацаа 2023 оны 06 дугаар сарын 15-н өдөр байсан боловч гэрээний үүргээ зөрчиж, худалдан авалтын төлбөрөө эргэн төлөөгүй байна. нэхэмжлэл гаргах үеийн байдлаар худалдан авалтын төлөлт, үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд:

551837

Авсан/бодогдсон

Төлсөн

Үлдэгдэл

Худалдан авалт

523,802

130,950

392,852

Торгууль

50,000

 

50,000

Алданги

147,319.5

 

147,319.50

Нийт

721,121.50

130,950

590,171.50

*****-гээс ***** аппликейшнээр дамжуулан хийсэн худалдан авалтын төлбөрт 590,172 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч ***** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ***** компаниас гоо сайхны бүтээгдэхүүн авсан төлбөрөө хугацаандаа төлж чадаагүй учраас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны дотор төлж дуусгахыг минь харгалзан үзнэ үү. 590,172 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: *****-ээс стор пэй аппликейшнээр дамжуулан хийсэн худалдан авалтын төлбөрт 590,172 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч ***** нь нэхэмжлэлийн шаардлага болох 590,172 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,355 төгрөгийн тавин хувь болох 9,177.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 9,177.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 9,177.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ***** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 590,172 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хариуцагч ***** нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,355 төгрөгийн тавин хувь болох 9,177.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 9,177.5 төгрөгийг улсын орлогоос мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 9,177.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ***** ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН