Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 30

 

 

  2025       06        17                                               2025/ДШМ/0030

 

Э.эд  холбогдох эрүүгийн хэргийн тухай

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Отгонхишиг даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Д.Дуламжав, шүүгдэгч Э., түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Ж.Жаргалбаяр, нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нарыг оролцуулан,

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 24ий өдрийн 2025/ШЦТ/77 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Э.эд холбогдох эрүүгийн 2336003290362 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 05ы өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* *******од оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн эрүүгийн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй 1 жилийг нэмж нэгтгэн 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж  байсан, ******* ******* ******* *******

2. Шүүгдэгч Э. нь 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* ******* хашаанд хохирогч тай "хутгаар гар зүссэн" гэх шалтгаанаар түүний толгойн тус газар 2-3 удаа цохиж биед тархины баруун тал бөмбөлгийн суурийн хэсэг болон хоёр хажуугийн ховдлын гүндэх тархины эдийн үхжил, цус харвалт, баруун чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, зүүн чамархайд зулгаралт, цус хуралт бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас Б.Батчулууны амь хохирч, хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

3.Ховд аймгийн прокурорын газраас Э.ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

4.1  Шүүгдэгч ******* овогт ******* ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.ийг таван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.эд оногдуулсан таван жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

4.4 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.ийн цагдан хоригдсон 203 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

4.5 Эрүүгийн 2336003290362 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э. нь бусдад төлөх хохирол, төлбөргүйг дурдаж,

4.6 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн цэнхэр өнгийн иштэй хутга 1 ширхэг, саарал өнгийн өмд-1 ш, хөх өнгийн өмд-1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Ховд аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

4.7 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.эд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

4.8 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Э.ээс барьцаанд авсан 5000000 /таван сая/ төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц буцаан олгож,

4.9 Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

5.Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/77 дугаартай шийтгэх тогтоолыг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч танилцахад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр эс зөвшөөрч эсэргүүцэл гаргаж байна.

Шүүх "Хүнийг санаатай алах" гэмт хэрэг нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр байж, бусдын амь насыг хохирооход шууд чиглэсэн, хохирогчийн үхлийг хүссэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бол "хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах" гэмт хэрэг нь бусдад хүнд гэмтэл учруулах үйлдлийг барахыг тооцоолоогүй, хохирогчийн үхлийг шууд хүсээгүй байдгаараа ялгагддаг. Уг хоёр гэмт хэргийг ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн хохирогчийн амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан арга, ашигласан зэвсэг хэрэгслийн онцлог, учруулсан шарх гэмтлийн тоо, гэмт үйлдэл нь илэрсэн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, шүүгдэгч, хохирогч нарын хоорондын харилцааны шинж чанар, түүний агуулга, гэмт хэрэг үйлдэж байх үеийн гэмт хоорондын харилцааны шинж чанар, түүний агуулга, гэмт хэрэг үйлдэж байх үеийн гэмт этгээдийн зан үйл зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзээд гэмт этгээдийн үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, үүний улмаас учирсан гэмтэл зэргийг нэгдмэл байдлаар дүгнэсний эцэст ялган зүйлчлэх учиртай.

Энэ гэмт хэргийн тухайд шүүгдэгч нь амь хохирогчийг толгой руу нь мөргөж, 2 удаа цохисон шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулж байх боловч харин талийгаачийг үхлийг хүссэн, түүнийг амиа алдахад зориуд хүргэх зорилгоор хийсэн гэж дүгнэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан "хүний эрүүл мэндэд хүн хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн" гэмт буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв хэмээн дүгнэсэн хууль зүйн үндэслэлгүй байна.

Амь хохирогч Б.Батчулуун нь шүүгдэгч Э.эд зодуулсны улмаас "тархины баруун тал бөмбөлгийн суурийн хэсэг болон хоёр хажуугийн ховдлын гүн дэх тархины эдийн үхжил, цус харвалт, баруун чамархайн доорх цусан хураа, гэмтлийн улмаас цус эргэлтийн алдагдал үүсэж уушгины хагалгаа, амьсгалын гачаат хам шинжээр хүндэрч улмаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан болох нь прокурорын яллах дүгнэлтэд дурдсан болон хэрэгт авагдсан бичгийн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэндсүрэнгийн "... ы биеийн байдал хүнд байна. Эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлснээс хойш хүнтэй харьцаж ярилцаж үзээгүй. Ухаан санаа ороогүй. Зөвхөн нүдээ нээсэн..." гэсэн мэдүүлэг,

Гэрч ны  мэдүүлэг, Шинжээч эмч Б.Цэндхүүгийн "... амь хохирогч Б.Батчулууны тархины баруун тал бөмбөлгийн суурин хэсэг болон хоёр хажуугийн ховдлын гүн дах тархины эдийн үхжил, цус харвалт гэмтлүүд нь хүнд гэмтэл ба мэс засал эмчилгээ хийгдэх боломжгүй гэмтлүүд тул амь нас аврагдах боломжгүй..." гэх мэдүүлэг,

Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 74 дугаартай "амь хохирогч Б.Батчулуун нь дээрх тархины эдийн гэмтлийн улмаас уушгины хатгалгаа авч, цээжний хөндийн идээт үрэвслээр хүндэрч, олон эрхтний тэжээл хувирал, дутагдалд орж нас барсан гэх дүгнэлт,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Ганзориг, С.Эрдэнэцэцэг, Б.Баяртогтох нарын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 412 дугаартай "баруун чамархайн хатуу хальсан доорх цусан хурааг авах мэс засал эмчилгээ хийгдсэн бөгөөд тархины баруун тал бөмбөлгийн суурийн хэсэг болон хоёр хажуугийн ховдлын гүн дэх тархины эдийн үхжил, цус харвалт гэмтэлд мэс засал эмчилгээ хийх боломжгүй..." гэх дүгнэлт,

Мэс заслын "... Гавал тархины баруун тал бөмбөлгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хурааг авч тархи дарагдлыг чөлөөлөх мэс засал хийсэн..." тэмдэглэл,

Баруун бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн өвчний түүхийн хуулбарт бичигдсэн клиникийн оношны үндэслэлийн бодит үзлэг үзлэгийн тэмдэглэлийн зэргээр хөтөлбөргүй нотлогдон тогтоогдсон.

Түүнчлэн шүүх хэрэг учралын газарт үзлэг хийсэн "...13х7 хэмжээтэй улаан хүрэн өнгийн цус мэт зүйл байсныг 3 тоогоор тэмдэглэж........ тухайн газарт ноцолдсон ул мөр байсны 4 тоогоор тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэв. Тухайн ноцолдсон газраас ******* ******* хашаа руу чирсэн, зурагдсан мөрийг 4-5-ын тоо хүртэл байсныг тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэв........ үзлэгээр 3 тоогоор тэмдэглэсэн цус мэт зүйлийн хураан авах" гэсэн тэмдэглэл,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Э.Чингүүний 2023 оны 11 дүгээр 03-ны өдрийн 4841 дугаартай "... Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын хөрсөн дээрээс бэхжүүлэн авсан гэх дээж дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь Б.Батчулууны гэж хаягласан хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирсон..." гэх дүгнэлт,

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Я.Мөнхнасангийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1038 дугаартай " Э.ийн биед баруун шуунд шарх, нурууны доод хэсэгт болон зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо..." гэх нотлох баримтуудыг цогц байдлаар харьцуулан үнэлээгүй байна.

Өөрөөр хэлбэл дээрх баримтуудаас үзэхэд амь хохирогч Б.Батчулуун нь шүүгдэгч Э.эд зодуулсан, зодуулах явцдаа өөрийгөө хамгаалах зорилгоор шүүгдэгчтэй ноцолдож түүний биед зулгаралт үүсгэсэн, улмаар шүүгдэгч нь амь хохирогчийг мөргөж газар унагаах явцад хохирогчийн чихнээс цус гарч хэргийн газарт цусны ул мөр үлдсэн нөхцөл байдлуудыг харгалзан, бодитой дүгнэлт хийж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсон гэж дүгнэхэд хүргэж байна.

Энэхүү үйл явдал нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.ийн өгсөн ...ыг мөргөөд газарт унгаагаад толгой хэсэг рүү нь 2-3 удаа алгадсан...", гэх мэдүүлэг,

Гэрч гийн "... Б.Батчулуун нь дээшээ харсан байдалтай бөөлжсөн байдалтай байхаар нь нөхрөө дуудаад бөөлжсөн бөөлжсийг нь цэвэрлээд гадна өмсөж байсан өмдийг нь тайлсан. Өмсөж байсан өмд нь шороо болчихсон байсан. Духны зүүн дээд хэсэг, баруун чихнээс нь цус гарчихсан байхаар нь нойтон салфеткаар цусыг нь арчиж цэвэрлээд эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн..." гэсэн мэдүүлэг,

Шинжээч эмч Б.Цэндхүүгийн "...амь хохирогч Б.Батчулууны тархины баруун тал бөмбөлгийн суурин хэсэг болон хоёр хажуугийн ховдлын гүндэх тархины эдийн үхжил цус харвалт, баруун чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн хацар ясны цөмөрсөн, хугарал, зүүн чамархайн зулгаралт цус хуралт гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр Үүсгэгдэнэ. Гараар цохих гэмтлүүд үүсэх боломжтой..." гэсэн мэдүүлэг, болон бичгийн бусад баримтуудаар тогтоогдож байгаа болно.

Эцэст нь нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч Э.ийн амь хохирогчийг мөргөх үед хохирогч газар унаж тархины ховдлын цус хуралт гэмтэл авч, уг гэмтлийн улмаас нас барсан үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдэл нь хохирогч нас барсан үр дагавартай шууд шалтгаант холбоотой байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэн гэж үздэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д "урьд сонсгосон ялыг шүүхээс хөнгөрүүлэн өөрчилсөн бол түүний үндэслэл, тэдгээрийн нотлох баримтын агуулгыг" эрүүгийн хариуцлага хэсэгт тусгана гэж заасан. Гэтэл шүүх шүүгдэгч Э.эд урьд сонсгосон ялыг хөнгөрүүлэн өөрчилсөн үндэслэл, тэдгээрийн нотлох баримтыг агуулгыг шийтгэх тогтоолд дурдаагүйгээс гадна яллах үндэслэл болж байсан нотлох баримтуудыг ямар учраас үгүйсгэсэн, үгүйсгэсэн талаарх баримтууд нь хэрэгт авагдсан бичгийн ямар нотлох баримтуудаар тогтоогдож байгаа талаар шийтгэх тогтоолд дурдаагүй байна. Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой байх тул Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/77 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

6. Шүүгдэгч Э. түүний өмгөөлөгч Ж.Жаргалбаяр нар нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Шүүгдэгчээр Э.ийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон тул ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглэх боломжгүй болно.

 Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээг хэрэглэж болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 12 жил, эсхүл 15 жил хүртэл хугацаагаар тогтоосон. Гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах гэж заасан байна. Анхан шатны шүүх нь шүүгдэгч Э.ийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон тул ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглэх боломжгүй гэж үзсэн байна. Гэтэл шүүгдэгч Э. нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хохирлоо бүрэн төлсөн байна. Иймд Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн хоёрт өөрчлөлт оруулж 3 жилийн хорих ял оноож өгнө үү гэв.

8. Шүүгдэгч Э.ийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх хохирогчийг гэмтэж амьд сэрүүн эмнэлгийн байгууллагад очих үед буюу 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шинжээчийн 1081 дугаартай дүгнэлт гаргасан. Уг дүгнэлт дээр Б.Батчулууны биед тархины баруун тал бөмбөлгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа гэдэг гэмтэл тогтоогдсон. Энэ нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Б.Батчулууны биед учирсан дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалт хамаарах нь Б.Батчулууны эмчилгээ, эдгэрэлтээс шалтгаална гэх дүгнэлт гарсан байдаг. Гэтэл 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр цогцост задлан шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргасан. Шинжээчийн 74 дугаартай дүгнэлт дээр хүнд гэмтэл учирсан байна. Амь хохирогчийн нас барсан шалтгаан нь амь хохирогч Б.Батчулуун дээрх тархины эдийн гэмтлийн улмаас уушгины хатгалгаа авч, цээжний хөндийн идээт үрэвслээр хүндэрч, олон эрхтний тэжээл хувирал дутагдалд орж нас барсан гэх дүгнэлт гарсан байдаг. Ингээд үзэхээр хохирогч нь тархиндаа авсан гэмтлийн улмаас нас бараагүй, хэвтрийн хатгаагаар хүндэрч уушгины идээт үрэвсэл буюу уушгины идээт үрэвслээр хохирогч нас барсан нөхцөл байдал тогтоогдсон. Э.ийн зүйлчлэлийг анхан шатны шүүх хөнгөрүүлэн шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолдоо хөнгөрүүлэн зүйлчилсэн талаараа заагаагүй гэх үндэслэлээр эсэргүүцэл бичсэн байна. 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоол дээр шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар гэж бичээд, ямар үндэслэлээр зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн талаараа хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж тайлбарласан байдаг.

 Шүүгдэгчийн хувьд амь хохирогч Б.Батчулуун гэх хүнийг алах санаа, зорилго байгаагүй. Шүүгдэгч Э.ийн үйлдлийн улмаас амь хохирогчийн амь нас хохироогүй гэх дүгнэлт хийсэн. Иймд прокурорын эсэргүүцэл нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, тогтоолыг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул “хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй” байна.

3. Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

4. Шүүгдэгч Э. нь Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* ******* хашаанд хохирогч Б.Батчулуунтай маргалдаж, “хутгаар гар зүссэн” гэх шалтгаанаар, түүний толгой руу мөргөөд 2-3 удаа цохиж биед нь тархины баруун тал бөмбөлгийн суурийн хэсэг болон хоёр хажуугийн ховдлын гүн дэх тархины эдийн үхжил, цус харвалт, баруун чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, зүүн чамархайд зулгаралт, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас Б.Батчулууны амь нас хохирч, “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

5. Анхан шатны шүүх “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Э.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн байна.

6. Прокурор эсэргүүцэлдээ “анхан шатны шүүх шүүгдэгч Э.эд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь үндэслэлгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

            6.1 Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Э. нь 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* ******* хашаанд хохирогч Б.Батчулуунтай маргалдаж, “хутгаар гар зүссэн” гэх шалтгаанаар, түүний толгой руу мөргөөд 2-3 удаа цохиж биед нь тархины баруун тал бөмбөлгийн суурийн хэсэг болон хоёр хажуугийн ховдлын гүн дэх тархины эдийн үхжил, цус харвалт, баруун чамархайн доорх цусан хураа, зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, зүүн чамархайд зулгаралт, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас эмчлүүлж байгаад 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нас барсан үйл баримт тогтоогдсон байна.

            6.2 Ховд аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Б.Цэндхүүгийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 74 дугаартай “цогцост хийсэн шүүх анагаах ухааны шинжилгээ”-ний дүгнэлтээр “Амь хохирогч Б.Батчулууны цогцост тархины баруун тал бөмбөлгийн суурийн хэсэг болон хоёр хажуугийн ховдлын гүн дэх тархины эдийн үхжил, цус харвалт, баруун чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, зүүн чамархайд зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо”. “Амь хохирогч Б.Батчулуун нь дээрх тархины гэмтлийн улмаас уушгины хатгалгаа авч, цээжний хөндийн идээт үрэвслээр хүндэрч, олон эрхтний тэжээл хувирал, дутагдалд орж нас барсан” гэжээ.

            Гэрч н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ “Б.Батчулууны тархиндаа авсан гэмтэл нь ямар нэгэн зүйлд цохигдсоны улмаас үүссэн гэмтэл байсан. Тархинд үүсэн гэмтэлд 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хагалгаа орж хатуу хальсан доорх цус хуралтыг авч тархи даралт чөлөөлөх мэс засал хийгдсэн. Тархины ховдол хамарсан цусыг авах боломжгүй, хагалгааны дараа Б.Батчулуун нүдээ нээдэг болсон. Өөр ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй, ямар нэгэн зүйл ярьж хэлж чаддаггүй байсан. Хагалгааны шарх хэвийн эдгэсэн боловч тархины эсийн гэмтэл эргэж сэргээгүйн улмаас тархины үйл ажиллагаа сэргээгүй. Б.Батчулуун нь тархиндаа гэмтэл аваагүй байсан бол нас барахгүй байсан. Б.Батчулуун нь ухаангүй удаан хэвтсэний улмаас уушгинд цэр хуримтлагдаж, уушгины хэвтрийн хатгаа болсноор, уушгины хатгаагаар хүндэрч, тэжээлийн доройтол болж нас барсан” гэжээ.

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Ганзориг, С.Эрдэнэцэцэг, Б.Баяртогтох нарын 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 412 дугаартай “хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ны дүгнэлт нь  дээр дурдсан шинжээч эмч       Б.Цэндхүүгийн 74 дугаартай шинжилгээний дүгнэлт болон гэрч н эмчийн дээрх мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй гарчээ.

            6.3 Дээр дурдсан шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт болон амь хохирогч Б.Батчулууны эмчлэгч эмч ны мэдүүлэг зэргийг харьцуулан дүгнэхэд “амь хохирогч Б.Батчулуун нь 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр шүүгдэгч Э.эд зодуулан тархиндаа хүнд гэмтэл авч, эмчлүүлж байгаад, уг гэмтлээс буюу ухаангүй удаан хэвтсэний улмаас уушгинд цэр хуримтлагдаж, уушгины хэвтрийн хатгаа болсноор, уушгины хатгаагаар хүндэрч, тэжээлийн доройтол болж нас барсан” үйл баримт тогтоогдсон байна.

            Иймд прокуророос шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийг 1-д заасан “Хүнийг алах” гэмт хэргээр зүйлчлэн ирүүлснийг шүүх  хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан” гэж өөрчилсөн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан дээр дурдсан баримтуудаар шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч нь тархиндаа хүнд гэмтэл авч, уг гэмтлийг эмчлэх явцад уушгины хэвтрийн хатгаа болсноор хүндэрч,  тэжээлийн доройтол болж нас барсан байх тул Э.ийн үйлдлийг “Хүнийг алах” гэмт хэргээр зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

6.4 Мөн шүүгдэгч Э. нь “хутгаар гар зүссэн” гэх шалтгаанаар хохирогч Б.Батчулуунтай маргаж, түүний толгой руу нь мөргөж газар унагаасан, улмаар 2-3 удаа гараараа цохисон “үйлдлийг зориуд хийсэн” нь өөрийн гэмт үйлдэлдээ шууд бус санаатай хандсан гэж үзнэ.  Харин шүүгдэгч нь тухайн үед өөрийн гэмт үйлдэлдээ шууд санаатай хандсан буюу хохирогчийн үхлийг хүсэж байсан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Иймд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7. Шүүгдэгч Э.ийн өмгөөлөгч Ж.Жаргалбаяр нь “анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглэх боломжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм” гэх агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.

            7.1 Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.эд 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь “эрүүгийн хариуцлагын зорилго, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тус тус нийцсэн байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн тул өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8. Дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24ий өдрийн 2025/ШЦТ/77 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүртэл шүүгдэгч Э.ийн цагдан хоригдсон 85 /наян тав/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                         

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ж.ОТГОНХИШИГ

 

                                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Н.ТУЯА

 

                         ШҮҮГЧ                                              М.НЯМБАЯР