Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 213/МА2018/00035

 

Б.*******гийн нэхэмжлэлтэй ******* сумын ИТХуралд

 холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 131/ШШ2018/00701 дүгээр шийдвэртэй

 Нэхэмжлэгч *******гийн *******гийн нэхэмжлэлтэй

 Хариуцагч Баянхонгор аймгийн ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох

 Ажилгүй байлгасны цалингийн нөхөх олговор 5.508.624 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлыг төлөөлж дарга Г.*******ын давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлыг төлөөлж Г.******* , нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нар оролцов.

Нэхэмжлэгч *******гийн *******гээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би Баянхонгор аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 16 тоот тогтоолоор томилогдон ажилласан. 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр жирэмсэний амралтаа авч улмаар 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ажилдаа орох гэтэл Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.******* нь төрийн албаны шалгалтанд ороогүй гэх шалтгаанаар ажилд оруулаагүй. Уг ажилд орсноос хойш тухайн ажлын байрыг зарлуулахаар Төрийн албанд 2 удаа албан тоот хүргүүлсэн боловч зарлагдаагүй өнгөрсөн байсан. Иймд 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртлэх ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх, ажилгүй хугацааны цалин болох 5.508.624 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие нь 2017 оны 5 дугаар сарын 30-нд жирэмсэний амралтаа аваад 2017 оны 6 дугаар сарын 23-нд төрсөн байдаг. Төрөөд 10 хоноод биеийн байдал муудаад хотод эмчилгээ хийлгээд 20 гаруй хоног болоод ирсэн. Мөн Баянхонгор аймагт ирээд эмчилгээ хийлгээд сумандаа сарын сүүлээр очсон. Тиймээс ажилд орох боломжгүй болоод эмчилгээний зардал шийдүүлэхээр Э.******* дарга дээр орсон. Тэгэхэд боломж байхгүй Ж.Хатанбаатар дарга дээр өргөдөл бичээд ор гээд хэлсэн тэгээд ороход шийдэж өгөөгүй. Тухайн үед ажилдаа орох юм уу гэж байсан би орох ямарч боломжгүй нойргүй болоод эмчилгээнд яваад ирсэн байсан учраас тэгээд шийдэж өгнө гэж хэлээд шийдэж өгөөгүй. Дараа нь чиний оронд хүн орох гэж байгаа гэж хүнээс сонсоод очсон. Би ажилдаа оръё цалингийн зээлтэй нялх биетэй мөнгө хэрэгтэй ажлаа хийе гэсэн. Тэгэхэд би өөр хүн авч байна ямар ч арга байхгүй гэж надад хэлсэн. Чи явдаг газраараа яв гэж хэлсэн гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Б.******* нь намайг ажилд орохоос өмнө жирэмсэний амралтаа авсан байсан, төрийн албаны шалгалтад ороогүй, түр томилгоотой ажиллаж байсан. Манай хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Х.Эрдэнэбат 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөөд Б.Мөнхзулыг ажиллуулсан. Б.******* нь өрөөнд орж ирээд би ажилдаа ормоор байна. Өөр шигээ мал авчихсан байна гэх мэтээр доромжилсон. Хариуд нь би чамайг ажилдаа ор гэхэд чи өөрөө янз янзын шалтгаан хэлээд ороогүй, Б.Мөнхзул нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Б.*******г жирэмсэний амралттай байх хугацааны НДШ,ЭМД шимтгэлийг 2017 оны 12 дугаар сар дуустал төлж байсан болно гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Манaй сумын Засаг даргаар нөхөр нь тухай үед ажиллаж байгаад ажлаа өгч байсан. Өөрийг нь ажилд авсан хүн бол ******* сумын Засаг даргаар ажиллаж байгаа юм. Тухайн үед ажилд авъя чи хүрээд гэж хэлсэн. Тэгэхэд би ажилд орохгүй бие муу хөхөнд сүү орохгүй бие муу байна гэсэн мөн цалингийн зээлнээс төлөлцөөд өгөх туслалцаа байна уу гэхэд нь би яг хэдэн төгрөг юм хоёулаа ярилцъя гэж хэлсэн тэгсэн чинь 8.000.000 төгрөг гэж хэлсэн тэгэхэд нь тийм их мөнгө төлж чадахгүй гэсэн. Мөн Х.Эрдэнэбат гэдэг хүн Б.*******гийн оронд ажиллаж байсан. Х.Эрдэнэбат өөрийн хүсэлтээрээ ажлаасаа гараад дараа нь Б.Мөнхзул гэдэг хүн орсон байж байгаад гараад дараа нь Б.******* орж ирсэн. Тэгээд би 2 ууланд нь Авлигатай тэмцэх газраас Зөрчлийн тухай хуулиар томилгоо хийхийг хориглосон байгаа учраас та хоёр төрийн албан хаагчийн шалгалтанд аль тэнцсэн нь ажлаа үргэжлүүлээд яв гэж хэлсэн боловч Б.******* нь над руу дайрсан. Тэгээд хурлын нарийн бичгийн даргын ажлын сонгон шалгаруулалт явуулах захиалга явуулсан боловч тухайн шалгалт зарлагдаагүй учраас Д.Эрдэнэбулган гэдэг хүн хурлын нарийн бичгийн дарга болсон. Тухайн үед Б.******* нь ХААН банканд ажиллаж байсан гэв.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.*******г 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажилгүй байлгасантай тэнцэх цалингийн нөхөх олговрын 5.000.000 төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн ******* сумын ИТХ-аас гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Б.*******гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт төлөгдөөгүй байгаа хэмжээгээр нөхөн бичилт хийхийг тухайн холбогдох байгууллагын санхүүд үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103.088 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн ******* сумын ИТХ-аас 103.088 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгч Б.*******гийн жирэмсэний амралттай байх хугацаа болон хүүхдээ төрүүлсэний дараах хугацаанд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг 2017 оны 12 дугаар сарын 31-ныг дуустал хугацаанд төлж Нийгмийн даатгалын мэдээнд мэдээлсэн байдаг. Иймд энэ хугацаанд ажилтай байсан гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн шүүх хуралд оролцоод Б.******* нь өөрөө ажилдаа орох боломжгүй гэдгээ ИТХ-ын даргад хэлсэнээ хүлээн зөвшөөрсөн байдаг.

2018 оны 1 дүгээр сард сумын ХААН банкны теллерээр ажилд орсон учир ИТХ-аас төлж байсан ЭМД, НДШ-ийг төлөөгүй зогсоосон.

Б.******* ажилд орохдоо тухайн үеийн ИТХ-ын даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасан байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан байна гэж үзэх үндэслэл болохгүй.

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11 дахь хэсэгт заасны дагуу сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга нь Төрийн захиргааны албан тушаалтан байна гэж заасныг зөрчсөн байна.

Иймд Б.*******гийн гаргасан нэхэмжлэлтэй холбоотой 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хурлын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.******* давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа:

******* сумын ИТХ-ын дарга Г.*******ын гомдолтой танилцлаа. 2017 оны 10 дугаар сард ажилдаа орох гэтэл оруулаагүй, өөр хүн авна боломжгүй гэсэн. Дараа нь би Хаан банкинд хүний оронд түр ажилласан. ИТХ-ын нягтлан бодогч Б.Үлэмжсонингоос Хаан банкнаас гарсан даруйдаа миний нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэлийг үргэлжлүүлээд төлж болох уу, албан ёсоор халсан тушаал байхгүй юм чинь гэж асуусан. Гэтэл дээрээс асууж өгье гэсэн. Харин эмчилгээний зардал шийдэж өгөөч гэсэн боловч боломжгүй гэсэн гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******гийн *******гээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргаагүй зөвхөн ажилгүй байлгасны цалингийн нөхөх олговор 5.508.624 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Б.******* нь Баянхонгор аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдын хурлын нарийн бичгийн даргаар 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр түр хугацаагаар томилогдож улмаар 2017 оны 5 дугаар сарын 30-ний өдөр жирэмсэний амралтаа аваад дараа нь 2017 оны 10 дугаар сарын 01-нд ажилдаа орох гэтэл ажил олгогчоос төрийн албаны шалгалтанд тэнцээгүй гэдэг шалтгаанаар ажилд нь оруулаагүй болох нь хэрэгт авагдсан талуудын тайлбар, бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Б.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаар ямар нэг шийдвэр гаргаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д зааснаар түүний ажил албан тушаал хэвээр хадгалагдаж байхад ажилтан Б.******* нь жирэмсэний болон амаржсаны амралттай, мөн хүүхдээ асарч байгаад ажилдаа эргэж орох хүсэлтээ ажил олгогч байгууллагадаа илэрхийлсэн байхад ажилд нь эгүүлэн оруулаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Б.*******г хүүхдээ төрүүлсэнээс хойш өдий хүртэл ажил олгогч байгууллага ажилтныг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй атлаа ажилтныг ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй, цалин хөлс олгоогүй байгаа үйлдлийг ажил олгогч захиргааны санаачлагаар ажилтныг ажлаас халсантай адилтган үзэх үндэслэл болно.

Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар ажилтан Б.******* нь ажилдаа эргэж орох хүсэлтээ илэрхийлсэн хугацаа нь 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр болох нь тогтоогдож байхад анхан шатны шүүх 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс цалин нөхөх олговорыг бодож олгосон, нэхэмжлэлээс 508.624 төгрөгийн цалинг хасаж шийдвэрлэсэн мөртлөө шийдвэрийнхээ тогтоох хэсэгт заалгүй орхигдуулсан нь зөрчилтэй болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Баянхонгор аймгийн ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралын төлөөлөгч Г.*******ын давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.*******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 94.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэстэй гэж үзнэ.   

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 131/ШШ2018/00701 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын

“…Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.*******г 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажилгүй байлгасантай тэнцэх цалингийн нөхөх олговрын 5.000.000 төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн ******* сумын ИТХ-аас гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай...” гэснийг

“…Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.*******г 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажилгүй байлгасантай тэнцэх цалингийн нөхөх олговрын 5.000.000 төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 508.624 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай…” гэж,

3 дугаар заалтын “…хариуцагч Баянхонгор аймгийн ******* сумын ИТХ-аас 103.088 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай..” гэснийг “…хариуцагч Баянхонгор аймгийн ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 94.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай..” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.*******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 94.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

 

 ШҮҮГЧИД Н.ЭНХМАА

 

 Г.УЛАМБАЯР