Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 112

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж

Улсын яллагч В.Дэлгэрмаа

Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа

Шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн

Шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Л.Золжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Э, Г.Д холбогдох эрүүгийн 1714001030061 дугаар хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.               

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1.Монгол улсын иргэн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 8 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан, Боржигин овогт Н.Э

2.Монгол улсын иргэн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Сартуул овогт Г.Д,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Н.Э, Г.Д нар 2017 оны 07 дугаар сарын 02- ноос 2017 оны 07 дугаар сарын 03-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Заг сумын 4 дүгээр багт байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох П.Лийн эзэмшлийн “Дөрвөн бэрх” хүнсний дэлгүүрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага хэмжээний буюу 1672000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Г.Ды мөрдөн байцаалтад өгсөн

...2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр адуу хайхаар явах гэтэл мотоцикль эвдэрчихсэн. Тэгээд Н.Эийн мустанг-5 маркийн мотоцикльтой 22 цагийн орчимд яваад Баянхонгор аймгийн Заг сумын төв рүү 23 цагийн орчимд ирсэн. Заг орох гэж байхад мотоцикль унтарчихсан. Н.Э бид хоёр Заг сумын төв орж тамхи олж татахаар явган явж байх замдаа би Н.Эөд хулгай хийх үү гэхэд зөвшөөрсөн. Н.Э нь ямар дэлгүүр рүү орохыг хэлнэ гээд “Дөрвөн бэрх” нэртэй дэлгүүрийг зааж өгсөн. Бид хоёр шөнө 00 цаг өнгөрч байхад дэлгүүрийн хаалганы хажуу талын вакум цонхны шил цуурсан байсан ба гараараа цааш түлхтэл шил нь унасан. Тэгээд уг цонхоор дотогш ороод гар утаснууд, мотоциклийн хамгаалалтын малгай, пүүз, гутал, мотоциклийн хөгжим гэх мэт зүйлүүдийг авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 /

Шүүгдэгч Н.Эийн мөрдөн байцаалтад өгсөн

...Дэлгүүрийг би зааж өгсөн. Тэгээд дэлгүүрийн гадаа очиход хаалганы хажуу талын салхивч хэсгийн цонхны шил цуурсан байхаар нь цохиход хагараад унасан цонхоор бид хоёр хоёулаа ороод лангуун дээрээс гар утаснууд, саравчтай мапгай, пүүз гэх мэт зүйлүүд авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 /

Хохирогч П.Лийн мөрдөн байцаалтад өгсөн

... 2017 оны 08 сарын 03-ны өглөө 10 цаг өнгөрч байхад хүн дэлгүүрээс юм авъя гээд дуудахаар нь манай эхнэр Нарангэрэл гарснаа дэлгүүрийн цонхны хаалт байхгүй, цонх нь хагарсан байна хулгай орчихсон байна гэхээр нь би очтол цонх нь хагараад, цонхны хаалт нь урд хашааны ёроолд нь хэвтэж байсан. Тэгээд дэлгүүрлүү ороод бараагаа бүртгэхэд 6 гар утас, 2 мотоциклийн хөгжим, задгай 120000 төгрөг, мотоциклийн ацан гол, урд хар баг гэх мэт зүйлүүд алдагдсан байсан. Би Г.Даас бэлнээр 800000 төгрөг хүлээн авсан. Өөр хохирол аваагүй Н.Э нь надад хохирол гэж ямар нэгэн мөнгө өгөөгүй.... гэх мэдүүлэг /хх-н 14-19/

Гэрч Д.Нарангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн

...тэгээд алдагдсан зүйлүүдээ худалдаалж байсан зардлаар тооцоод уг зардал гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 /,

Баянхонгор  аймгийн засаг даргын Тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “... эд зүйлсийг 1672000 төгрөгөөр...” үнэлсэн үнэлгээ /хх-ийн 37-38/,

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 1-2/, алдагдсан эд зүйлсийн жагсаалт /хх-ийн 7/ хэрэг газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 8-11/, шүүгдэгч нарын хувийн байдлын талаар шүүгдэгч Н.Эийн иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 175/, Баянхонгор аймгийн Жаргалант сумын 2 дугаар багийн засаг даргын 2017.09.19-ний өдрийн 235 тоот тодорхойлолт / хх-ийн 153/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 77/, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 79-81/, шүүгдэгч Г.Ды иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 76, Баянхонгор аймгийн Жаргалант сумын 02 дугаар багийн засаг даргын 2017.10.03-ны өдрийн 203 тоот тодорхойлолт / хх-ийн 55/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 73зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

Хохирогч, гэрч, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн ЗДТГ-ийн дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэв.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц , хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцдог.

Шүүгдэгч Н.Э, Г.Д нар 2017 оны 07 дугаар сарын 02- ноос 2017 оны 07 дугаар сарын 03-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Заг сумын 4 дүгээр багт байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох П.Лийн эзэмшлийн “Дөрвөн бэрх” хүнсний дэлгүүрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага хэмжээний буюу 1672000 төгрөгийн хохирол гэмт хэргийг үйлдсэн болох нь

шүүгдэгч Г.Ды ...бид хоёр шөнө 00 цаг өнгөрч байхад дэлгүүрийн хаалганы хажуу талын вакум цонхны шил цуурсан байхаар гараараа цааш түлхтэл шил нь унасан, цонхоор дотогш ороод гар утаснууд, мотоциклийн хамгаалалтын малгай, пүүз, гутал, мотоциклийн хөгжим гэх мэт зүйлүүдийг авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 /

шүүгдэгч Н.Эийн...дэлгүүрийг би зааж өгсөн, дэлгүүрийн гадаа очиход хаалганы хажуу талын салхивч хэсгийн цонхны шил цуурсан байхаар нь цохитол хагараад унасан, цонхоор бид хоёр хоёулаа ороод лангуун дээрээс гар утаснууд, саравчтай мапгай, пүүз гэх мэт зүйлүүд авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 /

хохирогч П.Лийн ... цонх нь хагараад, цонхны хаалт нь урд хашааны ёроолд нь хэвтэж байсан, дэлгүүрийн бараагаа бүртгэхэд 6 гар утас, 2 мотоциклийн хөгжим, задгай 120000 төгрөг, мотоциклийн ацан гол, урд хар баг гэх мэт зүйлүүд алдагдсан байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 14-19/

гэрч  Д.Нарангэрэлийн...алдагдсан зүйлүүдээ худалдаалж байсан зардлаар тооцсон...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 /

Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай тайлан / хх-ийн 37-38/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Э, Г.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Н.Эрдэнэмөнөх, Г.Д нарыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Н.Э нь Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 8 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төлгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч Н.Эрдэнмөнхийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.Ды ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

Хохирогч П.Л нь шүүгдэгч Н.Э, Г.Д нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухайгаа илэрхийлсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч Н.Э, Г.Д нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч Г.Д, Н.Э нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал болон ар гэрийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хүндрүүлэх нөхцөлд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэснийг үндэслэл болгов.

Шүүгдэгч Г.Д нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Н.Э, Сартуул овогт Г.Д нарыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Н.Эийг нэг жил нэг сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Дыг нэг жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т зааснаар шүүгдэгч Н.Эийг нэг жил нэг сарын хугацаагаар, шүүгдэгч Г.Дыг нэг жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг энгийн зэрэглэлтэй нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Г.Д нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч Н.Эийн цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Дд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, шүүгдэгч Н.Эөд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдгээрийн эдлэх ялыг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тооцсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Э, Г.Д нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА